Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ц.Б***

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.М***

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Т***,

Гуравдагч этгээд: "Ш***" СӨХ-ны төлөөлөгч Р.Э

Гуравдагч этгээд: "Ш***" СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ба**, С.Х**, Т.Б**,

Гуравдагч этгээд: “А***” СӨХ-ны төлөөлөгч Я.О***,

Гуравдагч этгээд: “Х***” СӨХ-ны төлөөлөгч О.О***,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т**, гуравдагч этгээд "Ш***" СӨХ-ны төлөөлөгч Р.Э***, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***, “Х***” СӨХ-ны төлөөлөгч О.О***, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.М*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ц.Б***-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Ц.Б*** нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 203 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.А***-аас шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газрын зориулалтыг “цэцэрлэг, үйлчилгээ” болгон өөрчилж, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон.

                 Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 01-06/3554 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...тухайн газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон”-ыг мэдэгдэж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2701 дугаар “Шаардах хуудас”-аар газраа чөлөөлөхийг шаардсаныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч “хариу өгөөгүй” гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

                 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг гарган, “...нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан тул нэхэмжлэгч Ц.Б*** нь  2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” хэмээн нэмэгдүүлсэн.

                 Улмаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-06/3554 дүгээр албан бичиг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2701 дугаар “Шаардах хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх хүлээн авч, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

            3. Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газрын зориулалтыг “цэцэрлэг, үйлчилгээ” болгон өөрчилж, 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байтал Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01-06/3554 тоот мэдэгдэлд “...таны газрыг иргэд хэл ам хийж гомдол гаргасан, мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй...” удсан учир газрыг цуцлахаар боллоо” гэж бичгээр мэдэгдсэн төдийгүй тайлбарлаж байсан.

            Үүнтэй холбогдуулан холбогдох тайлбар баримтуудаа гаргаж гомдол гаргасан. Гэтэл мэдэгдэлд бичсэн үндэслэлээ өөрчлөн “Нийтийн эдэлбэрийн зориулалтын газартай давхцсан, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн үндэслэлээр газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус.

            Ийм үндэслэлийн талаар энэ олон жил нэг ч удаа яригдаж байгаагүй, нөхцөл байдлыг бүх талаас нь шалгаж байна гэж л тайлбарлаж байсан. Орон нутгийн сонгуулийн танилцуулгадаа энэ газрыг цуцлах шийдвэр гаргана гэж ярилцлага өгч байсан нь олон нийтэд цацагдсан зэргээс үзвэл ард иргэд, оршин суугчдын саналыг авахын тулд МАН болон түүний гишүүд сонгуулийн сурталчилгаа болгохдоо ашиглаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж иргэний хувьд гомдолтой байна.

            Энэ газрыг зориулалтын дагуу ашиглах зорилгод их хэмжээний хөрөнгө мөнгөө зарцуулсан, олон байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр дүгнэлт гарсан, гэрээ хэлцэл хийгдсэн зэрэг иргэний эрх зүйн бодит байдал, төрийн шийдвэр, үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, тушаал шийдвэр нь үндэслэлтэй байх гэсэн нөхцөл байдлыг бус сонгуулийн саналын эрх ашгийг илүүд үзэж, миний хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрхийг хөндсөн учир шүүхээр хянуулахаар шаардлага гарган хандаж байна.

            Иймээс миний бие төрийн үйл ажиллагаа, шийдвэрт итгэж, их хэмжээний хөрөнгө мөнгөө зарцуулан захиргааны олон байгууллагад хандаж, холбогдох эрхээ авч, үйлчилгээ эрхлэх нөхцөл байдлаа бүрэн хангаад ирэх үед надад танилцуулаагүй үндэслэлээр төр, захиргааны байгууллага, агентлагаараа бүхэлдээ буруу шийдвэр гаргасан байна гэсэн агуулгаар газрын эрхийг цуцалж байгааг шударга бус, хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна.

            Иймд энэхүү шаардлагаар Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгааг хянан шалгаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамж байдаг. Энэ захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэн Ц.Б***-ын 203 м.кв талбай газрыг “нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гэсэн байдаг.            Дээрх хоёр үндэслэлийн нэг нь Ц.Б***-ын газрыг “нийтийн эдэлбэр газартай давхцаж байгаа” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт “нийтийн эдэлбэр газар” гэдгийг “зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно” гэж тодорхойлсон байдаг. Хариуцагчаас Ц.Б***-ын газрыг нийтийн эдэлбэр газартай давхацсан эсэх талаарх тайлбар, баримтыг шүүхээс шаардсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03-06/1222 дугаар албан бичиг шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнд “Ц.Б***-ын газрыг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д зааснаар хүчингүй болгосны дараа тухайн газрыг нийтийн эдэлбэрийн газарт авахаар санал хүргэсэн” гэсэн тайлбарыг ирүүлдэг.

            Хариуцагч Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасны дагуу Ц.Б***-ын газрыг нийтийн эдэлбэр газарт тогтоож аваагүй. Эрх бүхий байгууллага маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газар болохыг тогтоож аваагүй байж маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь “нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Шүүхэд ирүүлсэн тайлбартаа “нийтийн эдэлбэр газарт аваагүй байгаа, гэхдээ авах гэж байгаа, авах саналаа хүргүүлж байгаа” гэсэн байдаг. Нийтийн эдэлбэр газарт аваагүй байж бусдын газрыг нийтийн эдэлбэр газартай давхацсан гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь илэрхий хууль бус үндэслэлгүй тайлбар юм. Нотлох баримтад авагдсан албан бичигт нийтийн эдэлбэр газраар аваагүй байгаа гэдгээ илэрхийлж, авах саналаа хүргүүлсэн гэх тайлбарыг ирээдүй цаг дээр хэлсэн байдаг. Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тодорхой дүгнэлт байдаг. Нийтийн эдэлбэр газарт авах саналаа хүргүүлж байгаа нь шүүхэд 2021 оны 3 дугаар сарын байдлаар мэдэгдэж байгаа. 6 сарын өмнө буюу 2020 оны 9 дүгээр сард нийтийн эдэлбэр газартай давхцаж байгаа гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь илэрхий ойлгомжгүй, хууль бус шийдвэр юм. Хариуцагч өмнө нь энэ талаар огт маргаагүй. Зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж маргасаар ирсэн бүх тайлбар, баримтууд байдаг. Маргаан бүхий захиргааны актын дараагийн үндэслэл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг.

            Анх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 203 м.кв газрыг иргэн Д.А***-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатайгаар цэцэрлэг, орон сууцны зориулалтаар 0.02 га газрыг олгосон. Газрыг авахдаа Д.А*** хуульд заасан журмын дагуу төсөл шалгаруулалтад орж, улсад 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийг тушааж авсан байдаг. 2012 оноос хойш одоог хүртэл жижиг ТҮЦ дээр гар урлалын дэлгүүр ажиллуулсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Хот байгуулалт, хөгжлийн газраас Ц.Б***-ын эзэмшлийн газар орчимд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтаар шүүхийн албан бичгээр шаардсаны дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/359 дугаартай албан бичиг ирсэн ба үүнд “Улсын Их хурал 2013 оны 23 дугаар тогтоолоор 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийг баталсан. Дээрх байршилд одоогоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байхгүй болно” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн. Захиргааны акт гарах дараагийн үндэслэл хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй байх нөхцөлийг хангаагүй. Дээрх байршилд одоогоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байхгүй. Улсын Их хурлаас 2013 онд батлагдсан байдаг. 2012 оны 01 дүгээр сард хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа 2013 онд энэ тогтоол гарсан. Цаг хугацааны хувьд иргэн Д.А***-д огт төлөвлөгөө батлагдаагүй байхад газар олгож байсан. Ц.Б***-ын маргаан бүхий газрыг Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх байршилд одоогоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байхгүй болно гэсэн хариуг шүүхэд хариу тайлбар ирүүлсэн. Маргаан бүхий захиргааны акт нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй гэсэн байдаг. Энэ төлөвлөгөөнд газрыг аваагүй байж ямар учраас нийцээгүй гээд байгаа нь тодорхойгүй. 2013 оны тогтоолоор маргаан бүхий газрыг анх Д.А***-д олгосноос жилийн дараа гарсан акт байгаа.

            2013, 2019 онд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүй, нийцээгүй гэж хариуцагч бусдын газрыг хүчингүй болгох нь илэрхий үндэслэлгүй юм. Хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, процессын ноцтой зөрчлийг гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар хоёр үндэслэлээр газрыг цуцалсан. Гэхдээ 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буюу 2 сарын өмнө сонсох ажиллагаа хийсэн. Энэ сонсох ажиллагаанд газрыг цуцалсан хоёр үндэслэлийг огт дурдаагүй. Харин 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр 2013 оны захирамжаар Д.А***-аас эрх шилжүүлж шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж иргэн Ц.Б*** танаа гэрчилгээ олгосон байна. Гэвч та тухайн газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдье гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хийсэн. 2 сарын дараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан бус дээрх хоёр үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг захиргааны байгууллага өөрөө зөрчсөн.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, 26 дугаар зүйл дээр ямар үндэслэлээр цуцлах гэж байгаа бол үндэслэлээ урьдчилан мэдэгдээд тэр талаарх баримт, тайлбар гаргах боломжийг хангана. Тухайн үед энэ мэдэгдэл ирээд манайх 55 хуудас баримт гаргаж өгсөн нь хэргийн материалд байдаг. Маргаан бүхий газар нь 2012 оноос хойш үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаад одоог хүртэл тууштай ашиглаж ирсэн. Газрын зориулалтаа өөрчилсөн. Анх барилга барих, үйлчилгээ эрхлэх байж байгаад барилга барих боломжгүй тул цэцэрлэг үйлчилгээний зориулалт болгоод Д.А***-ы хувьд орон байраа зараад 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд зөөврийн сууц барьсан. Тухайн зөөврийн сууцыг шаардлагатай гэж үзвэл хэдийд ч зөөгөөд явах боломжтой. Зөөврийн сууцанд хүнсний ногооны дэлгүүр барих гэж байсан. Энэ талаарх бүх баримтуудаа гаргаж өгөхөд захиргаа газраа ашиглаж байсан гэж үзээд дээрх хоёр үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад энэ шийдвэр нь ноцтой процессын алдаатай шийдвэр байна гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг судлаад 2013 онд олгосон захирамжийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай газрыг олгосон байдаг. Засаг дарга нь солигдоод ажлаа өгөхөд нь өмнөх Засаг дарга нь гэнэт ийм шийдвэр гаргасан. Ц.Б***-ын газрыг хүчингүй болговол бодит нөхцөл байдал дээр ямар их хөрөнгө оруулалт хийсэн болох захиргааны хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн. 60 гаруй сая төгрөгийн зардал гаргаж зөөврийн байшин байрлуулж, хүнсний дэлгүүр ажиллуулахаар бүхий л бичиг баримтыг бүрдүүлж, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Гуравдагч этгээд, оршин суугчдын эрх ашиг хөндөгдөхөөр бол тийм дүгнэлт гарахгүй. Энэ нь хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Бүх зөвшөөрлийг авсны дараа судалгаа хийлгүйгээр гэнэт ийм шийдвэр гаргасан. Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн. Гуравдагч этгээд шинээр илэрсэн нөхцөл байдлын үүднээс шүүхийн шийдвэрт дахин гомдлыг өгсөн байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгсөн гомдол дээр “...бид нар дүүргийн Засаг дарга, холбогдох захиргааны байгууллагад Ц.Б***-ын газрын талаар удаа дараа гомдол, саналыг өгч байсан” гэж хүчингүй болгуулсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...оршин суугчдын үгийг сонсъё, гомдол санал гаргасан байна” гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.5-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан. Дахин хэлэлцүүлээд гуравдагч этгээд гомдол, санал гаргасан эсэхийг тодруулахаар шүүх нотлох баримт цуглуулсан. Гуравдагч этгээдийг оролцуулаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан, эдгээрийн тайлбаруудыг харахад гурван СӨХ нь иргэн Ц.Б***-ын газрын талаар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад удаа дараа гомдол, санал гаргасан гэсэн боловч энэ талаар нэг ч гомдол, санал гаргаагүй нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар хуудас дээр шүүхээс шаардсан байдаг. Гурван СӨХ-ны иргэн Ц.Б***-ын газрын талаар ямар гомдол, санал өгч байсан талаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүх 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн албан бичгээр шаардсан. Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр “Ш”, “А”, “Х” гэсэн СӨХ-нууд Ц.Б***-ын газрын талаар гомдол өгч байгаагүй гэсэн баримтууд гарч ирсэн. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс Давж заалдах шатны шүүх дээр гомдол, санал гаргасан түүнийг харгалзаагүй гэж тайлбар хэлсэн боловч нотлох баримтаар гарч ирээгүй. Гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй байна, гуравдагч этгээд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн үедээ  гомдол саналаа гаргах, эсвэл Ц.Б*** бус гуравдагч этгээдүүд нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч тэгээгүй. Маргаан бүхий газар гэр байхад нь Д.А***, Ц.Б*** нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад гэрийг албадан буулгах маргаан үүсэж байсан. Нэхэмжлэл буцаасан захирамж нь нотлох баримтаар авагдсан байдаг. Хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн иргэн Ц.Б***-аас энэ газрыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүссэн байгаа гээд захиргааны хэрэг үүссэн захирамжаа хүртэл өгч байсан. Тухайн үед гуравдагч этгээд байсан. Хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа гэнэт хүсэлтээ өгсөн. Хүсэлт өгсөнд нь гуравдагч этгээдийг буруутгаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ийм шийдвэр гаргасанд нэхэмжлэгч тал гомдолтой байгаа. Үнэхээр эрх нь хөндөгдсөн бол хөөцөлдөх боломжтой байсан боловч тэгээгүй. Үүнээс үзэхэд хэн нэгэн этгээдийн явцуу эрх, ашиг сонирхол байна эсвэл эдгээр иргэдэд 10 давхар байшин барих гэж байна гэсэн буруу ойлголт өгч байна гэж ойлгож байна. Маргаан бүхий газарт барилга барих боломжгүй, газрын зориулалтыг нь өөрчилсөн, хүнсний ногооны дэлгүүр ажиллуулъя гэсэн. Ц.Б***-ын газар нь оршин суугчдын машины зогсоол байдаггүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, хүүхэд, хөгшид, иргэд амрах ногоон байгууламж бүхий газар биш юм. Ц.Б*** нь нэг давхар зөөврийн байшин байрлуулснаараа хөрш залгаа айл өрхийн нар салхины цонхийг огт хаахгүй, оршин суугчдын эрх ашиг сонирхлыг хөндөхгүй юм. Иймд захиргааны акт нь алдаатай хууль бус, шийдвэр тул хүчингүй болгож, иргэн Ц.Б***-ын эрхийг шүүхээс хамгаалж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Д.А***-нд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.02 га газрыг 5 жилийн хугацаатай цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлснийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 захирамжаар газар эзэмших эрхийг Ц.Б***-д шилжүүлж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэг, үйлчилгээ болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгосон байна.

Гэвч иргэн Ц.Б***-ын цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 203 м2 газар нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй байх тул Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Ц.Б*** нь газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 онд шилжүүлж авснаас хойш газрын зориулалтын бусаар ашиглаж байсан. Мөн тухайн газар дээр барилга барьсан тохиолдолд нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учраас уг захирамжийг гаргасан.

Газар эзэмших гэрчилгээний хугацаа 2018 онд хугацаа дуусаад, тухайн үед зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг мэдэгдэл нэхэмжлэгчид өгсөн, хугацаа сунгах боломжгүй гэсэн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлт гарч, хугацааг сунгахаас татгалзсан боловч Газар барилгажилтын зөвлөлийн гишүүд нь тухайн үед солигдсоноор сунгагдсан байдаг.

Газрын тухай хуулийн 6.2.2, 12.2-т зааснаар Ц.Б***-д эзэмшүүлсэн байсан газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж байгаа газар гэж үзсэн. Ц.Б*** маргаан бүхий газрыг өмчилж аваагүй учраас уг газар нь төрийн өмч. Маргаан бүхий газар нь орон сууцны дунд байрладаг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашигладаг газар гэсэн үндэслэлээр захирамжаа тайлбарлаж байна.

Маргаан бүхий газрыг иргэнд ийм зориулалтаар эзэмшүүлсэн нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүй, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй Ц.Б***-д эзэмшүүлсэн учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг хүчингүй болгосон үндэслэлээ болгосон. 2020 оны газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзсэн. 2012 онд Д.А*** нь архитектор төлөвлөлтийн А даалгавраа Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулсан. Маргаан бүхий газар зургаан давхар орон сууц барина гэж А даалгавар батлагдсан. Ц.Б*** нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар Газар зохион байгуулалтын албанд хандсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй” гэсэн хариуг өгсөн. Энэ хариуг өгсний дараагаар иргэн Ц.Б***-аас дахин хүсэлт гаргаж, дахин хурлаар оруулахад Ц.Б***-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Нийслэл дээр бямба, ням гарагуудаар хариуцлагатай жижүүр ажиллуулдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дараагаар хариуцлагатай жижүүр ажиллаж байх хугацаанд гуравдагч этгээд болон СӨХ-нуудын зүгээс утсаар дуудлага өгсөн байдаг. Энэ дуудлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны н.Ж очиж, маргаан бүхий газар дээр чөлөөлөх шаардах хуудас өгсөн үйл баримт байдаг. Үүний дараагаар захиргааны акт гарсан. Захиргааны акт гарахдаа Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг үндэслэж гарсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийг баримтална. Ц.Б***-т анх газар эзэмшүүлсэн шийдвэр нь олон нийтийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг үндэслэсэн. Яагаад хууль бус захиргааны акт гэвэл үүнтэй холбоотойгоор олон нийтийн ашиг сонирхол маргаан бүхий газар дээр хөндөгдөж байна. Маргаан бүхий газар нь хэд хэдэн орон сууцны голд байрлалтай газар юм. А даалгавар батлагдаад А даалгавраар зургаан давхар орон сууц баригдана гэж батлагдсан газар байдаг. Иймд захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61.1-т заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мэдэгдэх, сонсох ажиллагаатай холбоотой тайлбар хэлэхэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-тай холбогдуулан мэдэгдэл хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөлийг хуульчилж өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг, сонирхол хөндөгдөхөөр бол захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж хуульчилж өгсний дагуу маргаан бүхий захиргааны акт гарсан.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Гуравдагч этгээд “Ш”, “А”, “Хо” Сууц өмчлөгчдийн холбоодоос шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ц.Б***-ын эзэмшиж байгаа тус газар нь анхнаасаа ямар ч цэцэрлэг бүхий орон сууц барих боломжгүй бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол барьсан газрыг тасдан авч “цэцэрлэг, орон сууц” зориулалтаар олгосон бөгөөд эзэмших эрхийн хугацаа 2018 онд дууссан байхад л дуудлага худалдаанд оруулахгүйгээр, оршин суугчдийн саналыг тусгахгүйгээр үйлчилгээний чиглэлийг нь өөрчлөн дахин газар олгосон байна. Газар эзэмших эрхийг цуцлуулах доорх үндэслэлүүд байна гэж үзэж байна. Үүнд:

  1. Оршин суугчдийн 70-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авалгүйгээр газрыг иргэний нэр дээр гаргуулсан,
  2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчин газар олгосон. Газарт дуудлага худалдаа зохион байгуулаагүй,
  3. Цэцэрлэг байгуулахад нэн тохиромжгүй бөгөөд автомашины зам, авто зогсоолд тулсан, өөрийн эдэлбэр газаргүй,
  4. Барилга барихад заавал тавигдах шаардлага болох 30-аас доошгүй хувьд нь ногоон байгууламж үүсгэх боломжгүй,
  5. Явган хүний зам, орц, гарцыг хааснаар иргэд, оршин суугчид автомашины замаар явж автомашинд мөргүүлэх, шүргүүлэх, улмаар амь насаа алдах аюул үүсч байна,
  6. 25 дугаар байрны хүүхдүүд тоглоомын талбай руугаа очиход эрсдэлтэй болж байна. Хүүхдийн тоглоомын талбай харагдахгүй болж, хүүхдээ хянах, хараандаа байлгахад хүндрэлтэй болсон,
  7. Дулааны шугам дээр байрласнаар ямар нэгэн осол гарах, дулааны шугамд ямар нэгэн засвар үйлчилгээ хийхэд саад учруулахаар байна,
  8. Энэ барилгын ар талд ил задгай бие засах, архидан согтуурах, хог хаях, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байна,
  9. Тус барилга нь оршин суугчдын орчинг хязгаарласан, өөрсдийн автозогсоолыг шийдэх боломжгүй тул үйлчилгээ явуулсан тохиолдолд одоо хүрэлцэхгүй байгаа иргэдийн автомашины зогсооолд нэмэлт ачаалал үүсгэнэ. Хогийн цэг байрлуулах хамгийн тохиромжтой газар байсан боловч хогийн цэг нь одоо автомашины хөдөлгөөнд саад учруулахаар болсон. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүйгээр олон жилийн турш үйл ажиллагаа явуулдаггүй ТҮЦ байрлаж байсан,
  10. Барилга барих зөвшөөрөлгүй, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, оршин суугчдын саналыг үл хүндэтгэн зөвшөөрөлгүй барьсан,
  11. Зөрчлийн тухай хуулийн 5.2, 8.8 дугаар заалтуудыг зөрчин хүч түрэмгийлэн байрлуулсан.
  12. Мөн уг барилга нь хогийн цэгийн газрыг хүртэл хамарснаар хогийн цэг нь цэцэрлэг явах явган хүний зам дээр байрлахаас өөр аргагүйд хүрч улмаар түүгээр цэцэрлэгтээ явдаг хүүхэд халдварт өвчин авч, ам нь гэмтсэн тохиолдол хүртэл гарч олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг хүргэж байна.

                 Иймд дээрх бүх үндэслэл байгаа учраас иргэн Ц.Б***-ын газар эзэмших эрхийг цуцалсан нь зөв зүйтэй шийдвэр байсан юм” гэжээ.

Гуравдагч этгээд "Ш***" СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 44 дүгээр байранд 2009 оны 10 дугаар сараас хойш оршин сууж байгаа. 13 жил маргаан бүхий газрын явган хүний замаар ажилдаа явдаг. 6 метрийн өргөнтэй орон нутгийн сангаар тавьсан явган хүний замаар өдөр болгон ажилдаа явдаг байсан. Тэр үед хүний нүдэнд өртдөггүй жижиг ТҮЦ байдаг байсныг би анзаардаггүй байсан. 2020 онд 6 метр зам дээр 80 сантиметрийн зай үлдээгээд түр барилга байдаг болсон. Өглөө болгон ажилдаа явдаг байсан тул “check my service” гэдэг утасны аппликейшнээр таван удаа гомдол гаргаж байсан. Энэ талаар нэхэмжлэл явж байгаа талаар мэдээгүй. Сүхбаатар дүүргийн 1 болон 2 дугаар хороо нь 10,000 иргэнтэй, 143 дугаар цэцэрлэгт 500 хүүхэд хүмүүждэг. Эцэг эхчүүд нь машины замаар хүүхдүүдээ хүргэж өгдөг. Хөгшин, хөл гар муутай хүмүүс машины замаар зорчдог болсон. Явган хүний зам байсан ба гэнэт 2020 онд том барилга тавиад бидний амьд явах эрхэд халдсан. Би өдөр болгон машины замаар алхаж зорчдог, хойноос машин дуут дохиогоор дохио өгдөг, залуу хүн тул гүйгээд явчихдаг. Хоёр хүүхдээ дагуулсан иргэн, хөл гар муутай хөгшин настай хүмүүс зорчдог. Таван удаа гомдол гаргахад ямар байгууллага руу шилжсэн нь миний “e-mongolia” дээр байдаг. Түүнийг дараа нь нэмэлт материалаар хавсаргаад өгнө. Нэхэмжлэгч тал оршин суугчид юу ч илэрхийлээгүй гэж байна. Гэвч илэрхийлсэн байдаг. 2020 оноос хойш таван удаа зөвхөн би илэрхийлсэн байдаг. Дараа нь олон нийтийн сүлжээгээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны иргэд гэсэн 500 гишүүнтэй группээр санал солилцоход эдгээр хүмүүсийн олж нэгдээд явж байна. 10,000 иргэний хамгийн ойрхон автобусны буудал байдаг. Манай гэрээс “Google map”-аар хэмжихэд Баянгол зочид буудлын хойд талын автобусны буудал 900 метр, хойд талын Их дэлгүүрийн буудал 1.3км зайтай байдаг. Нийслэлээс явганы хүний зам чөлөөлөх талаар би олон арга хэмжээнд орж, олон удаа гомдол мэдүүлсэн. Надтай адилхан 200 гаруй иргэн гомдол мэдүүлж байсан, бүх сувгаар явж байсан. Хамгийн сүүлд 143 дугаар цэцэрлэгийн урд талын барилгыг чөлөөлөх 40 гишүүнтэй фэйсбүүк групп нээгээд арга хэмжээнүүдийг авч байсан. Энэ орчинд 80 сантиметрийн зайд маш их хүмүүсийн ялгадас их болоод, өвлийн цагт хөлдөөд машин замаар явахаас зайлсхийж 80 см-ийн зайгаар алхаж байгаад халтирч унаад гэмтэл авсан тохиолдол 30 дугаар байрны иргэн Т.Б-ийн хүүхэд гэмтэж байсан, надтай хамт шүүх хуралдаанд оролцох байсан н.Х-ын хүүхэд нь бохирдолтой орчинд гараараа тулж унаад, гараа амандаа хийснээс болоод амны гэмтэл бүхий вирусийн халдвараар өвчилж таталт өгч байсан. Бидний эрүүл мэнд, амь настай холбоотой маш олон эрсдэлүүд байгааг мэдэж авсан. Нэмэлт нотлох баримт гэж CD өгсөн байгаа ба ямар орчинд байгаа талаар танилцуулга бэлдсэн. Хамгийн ойр байдаг ганц автобусны буудал руу очих замыг хаасан. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минутаас 9 цагийн хооронд маргаан бүхий газарт явган хүний зорчих хөдөлгөөнийг харуулсан видео бичлэгүүдийг тавьсан байгаа. Түүн дээр хоёр хүүхдээ хөтөлсөн эцэг эх, хөгшин хүмүүс хэд явж байна вэ, хэрхэн машинтай зэрэгцээд явж байгаа тухай бичлэгүүд байгаа. Бохирдолтой орчныг зам хааж барьснаас болоод 143 дугаар цэцэрлэгийн тоглоомын талбай болон 2 дугаар хорооны тоглоомын талбайгаас тав таван метрийн зайтай байдаг. Энэ хооронд түр барилга тавьсан учраас бороо ороход маш их хэмжээний борооны ус тунадаг, бохир ялгадастай нийлж тэр хэсэг маш их бохирдолтой болдог. Өнөөдөр цар тахлын улбар түвшинд байж байхад 2020 онд явган хүний замгүй болсон. 2020 онд таван удаа гомдол гаргасан. Надтай хамт 2 дугаар хорооны 500 иргэд нийлж нийслэлийн байгууллагууд руу гомдлоо өгсөн, 143 дугаар цэцэрлэгийн 200 эцэг эхчүүд, 1 болон 2 дугаар хорооны 200 иргэн нийт 400 иргэний гарын үсэг бүхий гомдлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хот төлөвлөлтийн газар руу явуулж байсан. Түүний дараагаар хүчээ нэгтгэхээр хоёр СӨХ-той хамтран гуравдагч этгээдээр оролцож байна” гэв.     

Гуравдагч этгээд “Х***” СӨХ-ны төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2012 онд зөвшөөрлийг авч байсан гэж байна. 2012 онд авчихаад түүнээс хойш бид хөөцөлдөөгүй гэж хэлж байна. 2013 оноос эхлэн Сүхбаатар дүүргээс сонгогдсон А гишүүнд таван СӨХ-ны даргаас бичиг өгч байсан. Түүний дараа 2104 онд Улаанбаатар хотын дарга Э.Б-д таван СӨХ-ны дарга албан бичиг өгч байсан. Албан бичгийн хариу “...нягтлан шалгаж өгнө” гэсэн бичгийг Э.Б-д өгчихлөө гэсэн байдаг. Э.Б нь “А***” СӨХ-нд “шалгаж байна, удахгүй арга хэмжээ авна” гэж утсаар мэдэгдсэн. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны орлогч н.Б-д таван СӨХ-ны дарга бичиг өгч байсан. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нарийвчилсан судалгаанд иргэн Ц.Б***-д олгосон газар хамрагдсан тул удахгүй шийдвэрлэх болно гэж хариу ирсэн. 2015 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад гурван СӨХ-ны дарга хэлэхэд “утсаар холбогдож хүмүүст дамжууллаа, удахгүй шийдвэрлэнэ” гэсэн хариуг өгсөн. 2017 онд Улаанбаатар хотын захирагч С.Б-д гурван СӨХ-ны дарга бичиг бичихэд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчингүй болгох арга хэмжээ авахаар бэлтгэл ажил хангаж байна гэсэн. Сураггүй болохоор нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд манай хоёр СӨХ-ны дарга очиход н.В гэдэг залуу байсан. н.В нь “Та нар нэмэргүй дээ, энэ хүний ард маш том хүн байгаа” гэж хэлсэн байдаг. “2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хугацаа нь дуусна, түүний дараа холдуулна” гэсэн хариу ирсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1 дүгээр хорооны Засаг дарга н.М, 2 дугаар хорооны Засаг дарга н.Э, гурван СӨХ-ны дарга бичиг явуулахад “...хүчингүй болгох гэж байгаа санаа зоволтгүй” гэсэн хариуг өгсөн. 1 дүгээр хорооны Засаг дарга н.М руу манай хажуугийн байрны хоёр гурван хүн нийлж яагаад энэ асуудлаа шийдэхгүй байгаа талаар тодруулахаар ороход “...н.М-ыг ажлаас чинь халуулна гэж айлгаж дарамталсан гээд дахиж гарын үсэг зурж чадахгүй” гэж уйлсан байдаг. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн шөнө 02 цагт тухайн зөөврийн сууцыг авчирч тавьсан. Наадмын урд өдөр бүгд зусланд гарсан үед нууцаар тавьсан. Тухайн асуудлын нэхэмжлэгчийн өмгөөлөгч сайн мэдэхгүй. 2012 оноос тасралтгүй ашиглаж байсан гэж байна. 2018 онд ТҮЦ тавьсан ба зундаа оёдолчин суудаг байсан. Бусад үед нь халаалтгүй чингэлэг байдаг байсан. Эргэн тойронд нь хүмүүс албаар шээж, баагаад явдаг байсан. Ц.Б*** нь 203 м.кв газар барилга барина гэж анх авсан. Хүүхдийн цэцэрлэгийг нэг давхарт нь хийнэ гэж арав гаран давхар барилга барина гэж зөвшөөрөл аваад Ц.Б***-д зарсан байдаг. Ц.Б*** нь газар ухна гээд баахан бөхчүүдтэй ирэхэд нь хүмүүс хараад орилоход би энэ газрыг худалдаж авсан гэж байсан. Д.А***-аас мөнгөөр худалдаж авсан бол тайвшрах хэрэгтэй. Оршин суугчид, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байхад шүүхэд нэхэмжлэл гаргаад яваад байдаг. н.В нь тайлбар хэлснийхээ дараагаар ажлаасаа халагдсан. Түүний дараа хоёр охин ээлжилж гарч ирээд мэдэхгүй байгаа талаар тайлбар хэлдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар маргаан бүхий газар дээр нь очлоо, барилга барих ямар ч боломжгүй, доод талд нь цэвэр, бохир усны шугам явж байгаа тул барилга барих боломжгүй гэсэн хариу өгсөн. 203 м.кв талбайн 100 м.кв талбай дээр тавьсан зөөврийн сууц нь хүн явахад хүндрэлтэй байна. 103 м.кв талбай нь цэцэрлэг дотроос орсон. 143 дугаар цэцэрлэгийн багш хэлэхдээ “...цэцэрлэгийн талбай руу түрж орж барилга барина гэсэн, бид нар хөөцөлдсөөр байгаад тэнд 2 давхар шинэ барилга бариулсан, наад талд нь тоглоомын талбай тавьж хааж, хамгаалж байгаа” гэсэн. Яагаад энэ газрыг өгсөн бэ гэтэл “...манай цэцэрлэгийн эрхлэгч Ц.Э-н эхнэрийн дүү байсан. Тэр хүн энэ газраас цэцэрлэгийн барилга барина гээд газраас салгаж өгсөн. Маргаан бүхий газрын дундуур архичид эсвэл хүмүүс санаатайгаар бааж, шээдгийг мэдэхгүй. Манай байрны хүн түүгээр алхаад явж байхад нь нэг хүн бааж байхаар нь балиар заваан новш гэхэд нь араас нь чулуу шидээд, мөрөнд нь цохисон байдаг. Тийм хүнд нөхцөлд бид амьдрахад хүндрэлтэй байна. Одоогийн Засаг дарга “Дүүрэг болон барилгын хашааг журамд нийцүүлэн шаардлага тавин ажиллахыг сануулжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөхийг есөн дүүргийн Засаг дарга нарт даалгасан” гэх Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүтэй байгууллагуудад үүрэг болгожээ” гэсэн 2021 оны 11 дүгээр сарын баримт байдаг. Машины гарааш байсныг бүгдийг нь буулгасан. Түүнийг ч мөнгөөр худалдаж авсан байгаа боловч бүгдийг нь буулгаж одоо цэгцэрч байхад нэхэмжлэгч дураараа бүтэн арван жил маргаан бүхий газартай ойролцоо байгаа хүмүүсийг тамлаж байна. Энэ асуудлаар та нар яагаад өргөдөл өгсөн бэ, хахууль авсан юм уу гэж доромжилж байна. Дахиад үйл ажиллагаа эхэлбэл бид орохгүй, орохыг хориглоно гэсэн юм ярьдаг. Та нар ажлаа хийхгүй байна гэсэн байдаг” гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан бүхий газар нь “А***” СӨХ-нд байдаг. 203 м.кв газар дээр маргаан үүсдэг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчиж, тухайн дүүргийн Засаг даргын санал авагдаагүй байхад газар олгосон байдаг. 2 үйлдлээр газар олгосон байдаг. 2012 оны 01 дүгээр сард газар олгосон гэдэг боловч 2018 онд газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. 2018 онд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан цуцалсан. Гэтэл тус захирамж дээр гомдол гаргаж 2019 онд дахин сэргээж авсан. 2019 онд сэргээж авснаас хойш дахин 2020 онд цуцалсан байдаг. 2020 онд цуцлахдаа иргэдийн санаа бодол, хүсэл зориг дээр тулгуурлан тухайн Нийслэлийн Засаг дарга цуцалсан байдаг. Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд цуцалсан байдаг. Гэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар буюу бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар давхцалтай байна гэх үндэслэлээр цуцалсан байдаг. “А***” СӨХ-ны нэр дээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ашиглах эрхээр байдаг. Дуудлага худалдаагаар авсан гэсэн тайлбарыг хэлдэг. Дуудлага худалдаанд 3 сая гаруй төгрөг тушаасан байдаг боловч дуудлага худалдаа явагдсан, Засгийн газраас тогтоосон журмын дагуу дуудлага худалдаа явагдахад байгуулагддаг ажлын хэсэг, дүгнэлт, үнэлгээ өгөх хороо эдгээр бүх нөхцөл байдлууд байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнээс үзэхэд дуудлага худалдаа явагдаагүй гэж ойлгож байна. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаас бусад газрыг тухайн дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр Иргэдийн хурлын тухайн жилийн ерөнхий болон тусгай төлөвлөгөөнд заасны дагуу газрыг олгодог. Гэхдээ олгохдоо дуудлага худалдаа явагдсан бол дуудлага худалдаа явагдах журмаа барих хэрэгтэй. Дуудлага худалдаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар явагдана. Гэтэл энэ зүйл байхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан археологи, палентлоги, угсаатны мэргэжлийн хяналтын дүгнэлтийг гаргана. Энэ нь 2014 оны 10 дугаар сараас эхэлж яригдсан хууль юм. Үүнийг яагаад 2011 онд авсан газар дээр яригдаж байна вэ гэдгийг ярих гэдэг боловч 2019 онд дахин олгогдсон. Дахин олгогдохдоо ямар нэгэн дуудлага худалдаа явагдаагүй, Засаг дарга дахин зүгээр олгосон. Дахиж олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасан төсөл сонгон шалгаруулалт явагдсан бол олон улсын ямар нэгэн байгууллагаар, гадаадын зээл тусламжаар баригдсан гэх нөхцөл байдлууд үүснэ. Газрын дуудлага худалдаа явагдсан гэж байгаа бол тухайн 2012 оны 01 дүгээр сард олгосон захирамжийн дахин сэргээж байгаа эсэх талаар тодорхой зүйл байхгүй. Бусдын эзэмшиж байгаа газар буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заагдсан орчны газар, нийтийн эдэлбэр газар. Орчны газар гэдэг нь хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, ногоон зүлэгжүүлэлт зэрэг агаарлах орчныг хэлнэ. Энэ нь өөрөө тухайн байран доторх цорын ганц хүүхдийн тоглоомын талбай юм. Өөр тоглоомын талбай байхгүй тул хоёр мянгаас гурван мянган айлын оршин суугчдын эрх ашиг яригдана. Эдгээр айлуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар хуулийн этгээдийн эрхгүй СӨХ тухайн орчны газрыг ашиглах эрхээр байдаг тул шүүхэд нэхэмжлэл гаргаж оролцож байна. Захиргааны актын маргахад 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захиргааны актаар маргаж байна. Маргахдаа хөөн хэлэлцэх хугацаа буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал ажиглагддаг. Илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар гаргасан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д заасныг хэрэглэхийг ойлгож байна. Энэ өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг баримталж гаргасан нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг шаардана. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлээс 94 дүгээр зүйлд заагдсан ажиллагааг хийгээгүй шүүхэд хандсан. Ямар учраас шууд шүүхэд хандах зохицуулалт гэж ойлгосон нэхэмжлэгчийн зоригийг ойлгоогүй. 2 дох газар олголт дээр маргалдаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд хүчингүй болгосон. 2012 оноос 2019 он хүртэл маргалдаж байгаа нөхцөл байдлуудаа нэхэмжлэгч тал хэлсэн. 2012 оноос 2019 он хүртэл ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна гэж хэлдэг боловч 2019 онд дахин газар олгосон үйлдэл дээр нь мөн маргаж байсан. Тийм учраас 2019 онд газар олгосон үйлдлүүдийн баримтуудыг шаардах боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцож байгаа. Иргэний маргаан дээр маргалдаж байсан болох нь шүүгчийн захирамжаар нотлогдож байна. Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамж гарснаар энэ маргаан зогссон. Маргаан зогсож байгаад хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацааны дотроо мэдээд мэдсэнээс хойш хүсэлтээ гаргаж хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацааны тасалдал, ямар нэг байдлаар чимээгүй байж байгаад гэнэт цорын ганц шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хүсэлт гаргасан гэсэн нь няцаагдана. Энэ маргааны онцлог нь Д.А***-ны нэр дээр байж байгаад Ц.Б*** руу шилжсэн үйлдэл байдаг. Буцаад сэргэхдээ Ц.Б***-ын нэр дээр сэргэсэн байдаг. Эдгээрийг харгалзан үзэж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Яагаад бие даасан шаардлага гаргаагүй гэвэл гуравдагч этгээд нь нэхэмжлэгч тал эсвэл хариуцагч талын аль нэгийг хамгаалж, шүүх хуралдаанд дэмжиж оролцож байдаг. Нэхэмжлэгч, хариуцагчаас хоёулаас эсрэг байгаа тохиолдолд бие даасан шаардлага гаргадаг. Тус маргаанд хариуцагч нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан маргалдаж байгаа тул хариуцагчийг дэмжиж оролцож байгааг харгалзан үзнэ үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч Ц.Б***-аас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

     1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-06/3554 дүгээр албан бичигт дурдсанаас өөр үндэслэлээр буюу “Нийтийн эдэлбэрийн зориулалтын газартай давхцсан, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус буюу хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй,

     2. газрыг зориулалтын дагуу ашиглахаар их хэмжээний хөрөнгө зарцуулж,  олон байгууллагаас зөвшөөрөл дүгнэлт гаргуулан гэрээ хэлцэл хийсэн байхад бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүй, сонгуулиар санал авах зорилгоор газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Маргаан бүхий газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 203 м.кв талбай бүхий, нэгж талбарын 148002/0121 дугаартай газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 тоот захирамжаар иргэн Д.А***-д 5 жилийн хугацаагаар “цэцэрлэг, орон сууц”-ны зориулалтаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг иргэн Ц.Б***-д шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар тухайн газрын зориулалтыг “цэцэрлэг, үйлчилгээ” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунган, нэгж талбарын дугаарыг 1460500020 болгож шийдвэрлэсэн болох нь,

            Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01-06/3554 дугаартай албан бичгээр “... тухайн газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс жилийн хугацаанд ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон”-ыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр холбогдох тайлбарыг гаргаж өгсөн. Улмаар, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2701 дугаартай “газар чөлөөлөх” шаардах хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь,

            Маргаан бүхий газар 203 м.кв газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 143 дугаар цэцэрлэгийн баруун урд талд байрлах бөгөөд тухайн газарт 1 давхар сэндвичин объект баригдсан болох нь,

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар “...нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөөтэй нийцээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх хэдий ч Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баталсан төлөвлөлтийн зурагт маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тухайн байршилд засаг захиргаа, олон нийтийн төв байхаар батлагдсанаас өөр нэмэлт төлөвлөлт хийгдээгүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, тухайн газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар эрх бүхий этгээдээс шийдвэрлэсэн ямар нэг эрх зүйн актыг гаргаж байгаагүй. Мөн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад дурдсан үндэслэлээр Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй болох нь,

Маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд олгосон асуудалтай холбогдуулан гуравдагч этгээд нараас харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болох нь тус тус хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Д.А*** болон Ц.Б*** нарын хооронд байгуулсан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, Д.А***, Ц.Б*** нараас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан гаргасан 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “...уг газрыг Ц.Б***-д шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр,  2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 дугаар болон 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжууд, 0348988, 000479908 болон 000083800 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн болон 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01119-2020/30663 дугаар бүхий Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01-06/3554 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2701 дугаар Шаардах хуудас, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/359 дүгээр албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03-06/1222 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 17/535 дугаар албан бичиг болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн,

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д  “нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна”, 46 дугаар зүйлийн 46.1-д “... нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” хэмээн тус тус хуульчлан заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1138 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “нөхцөл байдлыг тогтоох” болон “оролцогчийг сонсох”-той холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА