Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 89

 

“Ц С” ТББ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00096/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ц С” ТББ-ийн тэргүүн П.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Э-

Хариуцагч “Д С” ХХК-д  холбогдох

“Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг 380 байрны баруун талд байрлалтай Цайхун сургуулийн эзэмшлийн 415.1 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Ч.Э-ы өмгөөлөгч Ч.Булганы давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагч Я.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Ц С” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 тоот шийдвэрт үндэслэсэн, Цайхун сургуульд 20 жилийн хугацаатай дунд сургуулийн зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, /нэгж талбарын дугаар 080100270/ бөгөөд 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ бүхий газар юм. Гэтэл Рич зочид буудлын эзэн Я.Э- 2007 онд сургууль амралттай байх үеийг ашиглан хүч түрэмгийлэн сургуулийн газрыг авто зогсоол болгон ашиглаж тоосгон суурьтай хашаа 3 авто машины гарааж барьж хууль ёсны эзэмшигч биднийг үл тоомсорлон хэл амаар доромжилсоор ирсэн бөгөөд сурагч хүүхдүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Энэхүү газарт бид сурагчдын завсарлага чөлөөт цагийг өнгөрүүлэх биеийн тамираар хичээллэж тоглож наадах ёслол хүндэтгэлийн зарим арга хэмжээ зохион явуулдаг талбай болгон тохижуулахаар төлөвлөж байсан боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс болж хууль ёсны эзэмших эрхээ хэрэгжүүлж чадалгүй өдийг хүрлээ. Уг газрыг чөлөөлүүлэх талаар манай сургуулийн зүгээс 2007 оноос хойш Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газарт 2-3 удаа албан бичгээр хандаж, дээрх байгууллагуудаас зөвлөмж албан шаардлага гаргасан боловч ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Иймд хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээ бүхий эзэмшигч Цайхун сургуулийн үүсгэн байгуулагч багш ажилчид 200 гаруй сурагч зорилго чиглэл нэгтэй 22 дугаар дунд сургуулийн 200 гаруй сурагч нийт 400 гаруй хүүхдийн эрх ашгийн төлөө бусдын эзэмшил газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулж тоосгон суурьтай хашаа 3 авто гарааж барьж авто зогсоол болгон ашиглаж байгаа Я.Э-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож хашаа ба авто гараажуудыг буулган уг газрыг чөлөөлж хууль ёсны эзэмшигчийн мэдэлд сургуулийн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ч.Э- “Д С” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Уг нэхэмжлэлд дурдсан газар нь 1980-аад онд 380 айлын зориулалттай орон сууцны нийтийн эзэмшлийн газар байсан ба улмаар уг барилга хэсэг хэсгээрээ олон иргэн аж ахуйн нэгжид хувьчлагдаж дамжиж худалдагдсан манай компани 2007 онд 1 ба 2 давхрыг зоорийн давхрын хамт авч зочид буудлын зориулалтаар одоо болтол зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм. Би тухайн үед намар 10 дугаар сард уг гараажийг барихад ямар нэгэн асуудал гаргаагүй. 2015 онд намайг гарааж барьж байхад энэ асуудлаар юм ярьж эхэлсэн. Цайхун сургууль манай давхрыг худалдаж авах уу гэж хэлэхэд худалдаж авахгүй гэдгийг хэлж байсан. 14 жилийн өмнө уг газарт хүмүүс согтууруулах ундаа уучихдаг тийм л талбай байсан. Би уг газрыг өөд татаж тийм хэмжээний үзэмжтэй болгосон. Өөрийн компанийн харалдаа газрыг тохижуулж ашиг олсон. Намайг анх уг гараажийг барьж байхад ямар ч зүйл хэлээгүй. Одоо Цайхун сургууль уг байрнаас гараад явчихсан. Манай ажилчдын 50 гаруй хувь нь гэр хорооллын хүмүүс байдаг. Ар талын зоорины талбай дээр нэлээн үйлдвэр үйлчилгээ явуулдаг. Өөрийнхөө харалдаа газар дээр л гарааж барьсан. Тухайн үед намайг уг газрыг ингэж тохижуулж байхад Эрдэм хөтөч сургууль байсан. 2008 онд Цайхун сургууль орж ирсэн. Тэгээд л ийм асуудлыг гаргаж ирсэн. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар хариуцагч “Д С” ХХК, Я.Э- нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн 10 дугаар баг 5 дугаар хороолол 380 байрны ард байрлах 415,1 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн 080100270 дугаарт бүртгэгдсэн газрыг чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол хэрэгсэхгүй болгохоор заасан байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч уг газрыг Аймгийн засаг дарга илт хууль зөрчиж олгосон гэдэг гомдлоо Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Цайхун  солонго” ТББ-ын Б.Н- нь хариуцагч Я.Э-, “Д С” ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, 380 байрны баруун талын 415,1 м.кв талбай бүхий газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “...уг газрыг би өөд татаж, үзэмжтэй болгосон..., ...өөрийн компанийн харалдаа газрыг тохижуулсан..., ...гарааж барьж байх үед ямар ч зүйл хэлээгүй..., ...Цайхун  сургууль 2008 онд Эрдэм хөтөч сургуулийн оронд орж ирсэн...,  ...Тэгээд ийм асуудлыг гаргаж ирсэн...”  ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  тайлбар гаргажээ.

            Анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь  хангаж шийдвэрлэсэн байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч  дээрх шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  зөрчиж, зохичдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг  шүүх шийдвэрлэж байгаа бол  хэрэгсэхгүй болгохоор заасан байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна, Аймгийн засаг дарга илт хууль зөрчиж газар олгосон гэдэг гомдлоо Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргасны дагуу  захиргааны хэрэг үүсгэсэн гэсэн үндэслэл дурджээ.

            Цайхун хятад дунд сургуульд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 080100270 дугаар  бүхий 415,1 м газрыг 20 жилийн хугацаатай, дунд сургуулийн зориулалтаар  эзэмшүүлэх гэрчилгээг 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгож \хх 6 дугаар тал\, газар эзэмшүүлэх гэрээ  байгуулсан байна.\ хх 9 дүгээр тал\

            Өмнө нь тус газрыг Эрдэм хөтлөгч лицей дунд сургууль эзэмшиж байсан бөгөөд түүний хүсэлтээр Цайхун хятад дунд сургуульд  шилжүүлжээ.

            Цайхун дунд сургууль 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс  эхлэн  маргааны зүйл болсон газрын хууль ёсны эзэмшигч мөн байх тул эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд  саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхийг Иргэний хуулийн  92 дугаар зүйлийн 92.1-дэх хэсгийн зохицуулалтад  тусгасан байна.

            Хариуцагч  “Д С” ХХК 2008 онд тус 380 байрны 1 болон 2 давхрыг зоорийн давхрын хамт “Rich“ зочид буудлын зориулалтаар ашигладаг бөгөөд маргааны  зүйл болох газарт хашаа, 3 машины граж  барьсан болох нь  түүний тайлбар, нотлох баримт, гэрэл зураг, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шаардах хуудас, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн  зөвлөмжөөр тогтоогдсон.

            Хариуцагч нар газар эзэмших эрх нь хуулиар болон хүчин төгөлдөр гэрээгээр  үүссэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн  нь  хуулийн үндэслэлтэй болжээ.

            2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  болсон  шүүх хуралдааны  үеэр  хариуцагч  Я.Э-аас Захиргааны хэргийн шүүхэд Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт амаар гаргасныг, шүүгчийн  1786 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан ба дахин түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байгаагүй учир шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд  заасан журмын дагуу явуулсан байна.

             Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т  зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                         ДАРГАЛСАН ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                          ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                С.ЭНХЖАРГАЛ