| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00248/И |
| Дугаар | 155/ШШ2021/00572 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2021/00572
| 2021 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2021/00572 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Дорноговь аймгийн .... сумын С багийн Т-ийн ...... тоотод оршин суух, И овогт Д О-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын ...... дүгээр багт оршин суух, Б овогт Хийн М-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 155/2021/00446/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.О (онлайн), хариуцагч Х.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 1996 онд танилцаж 1997 оны 10 дугаар сард албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Том охин М.Э 1997 онд төрсөн. Хүү М.Т нь 2001 онд төрсөн. Бага охин М.Б нь 2007 онд төрсөн. Бидний дунд архи согтууруулах ундааны хэрэглээ болон үзэл бодол таарахгүйгээс болж хэрүүл маргаан үүсэж байсан. Би 2013 онд анх шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж эвлэрүүлэн зуучлахаар орж байсан. Тухайн үед шүүхээс дуудахад Улаанбаатар хотод ажилтай явж байсан учир ирж чадалгүй цуцлагдсан байгаа. 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарч байх хугацаанд гурван хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Сэтгэл санаа нийлэхгүй, хамтарч амьдрахыг хүсэхгүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа....Бидний дундаас 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.Э гэж том охин төрсөн. 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү М.Т төрсөн. 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бага охин М.Б төрсөн...Охин М.Бг би өөрийн асрамжид авна....Би эхний дуудаад гэрлэлтээ цуцлуулчхаад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх талаар хариуцагчтай ярилцаж байж болъё гэж бодож байсан боловч Х.М өөрийн санал бодлыг хэлэх шиг боллоо. Үүрэг хариуцлагыг нь үүрүүлмээр байна. Гэрлэлт цуцлуулсны дараа хүүхдийн тэтгэлэгтэй гаргуулах нэхэмжлэл гаргана....Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй....М.Б Дорноговь аймгийн З сумын 1 дүгээр сургуулийн 8в ангид сурдаг....гэв.
Хариуцагч Х.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 1997 онд гэр бүл болсон. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж 1997 оны 12 дугаар сард том охин төрсөн. Би Д.Оыг аамт амьдарч байх хугацаандаа 4.5 жил эчнээгээр цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшүүлсэн. Сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн З суманд очиж мэргэжлээрээ багшилсан. Тэр цагаас эхлэн бидний харилцаа хөндийрч салах дээрээ хүрсэн. Том охин М.Эийгээ хуульч мэргэжлээр сургаж төгсгөсөн. Сургалтын төлбөрийг нь хийлцэж өгсөн. М.Т гэх хүү минь Солонгос улс руу гараад хоёр жил болж байна. Явахад нь өөрт байгаа бүх малаа зараад явуулсан. Д.О надад хэлэхдээ өөр хүнд сэтгэлтэй болсон гэж хэлсэн. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж тэр хүнтэйгээ амар тайван байсан нь дээр юм болов уу гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна....Би охин М.Бг ээжийнхэн асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Харин хүүхэд над дээр ирж, нааш цааш явж байж болно гэж бодож байна....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Бид хоёр өөр газар тус тусдаа амьдардаг байсан. Хэн хэн нь салъя гэж утсаар ярьдаг түүнийгээ үйлдэл болгож байгаагүй. Би зодож байсан удаа байхгүй. Энэ тал дээр худлаа хэлж байна. Салах өргөдөл өгөхдөө надад буу тулгаж байсан гэж бичсэн байсан. Надад тэгж байсан удаа байхгүй....гэв.
Бие дааасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...М овогтой Т миний бие нь миний ээж болох Д.Оын тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай хүсэлттэй танилцлаа. Энэхүү хүсэлт нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй тул гэрлэлт цуцлуулах тухай шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие дааасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Э тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...М овогтой Э миний бие миний ээж Дорждагва овогтой Оын тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай хүсэлтийг уншиж танилцлаа. Уг хүсэлт нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй тул гэрлэлт цуцлуулах тухай шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь Х.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 1996 онд танилцаж, 1997 оны 10 дугаар сарын 29-ний гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин М.Э, 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү М.Т, 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр охин М.Б нар төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 7 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Х.М нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин М.Э, хүү М.Т нар нь насанд хүрсэн байх ба 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин М.Бгийн нас болон хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан хүүхдийг эх Д.Оын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин М.Бг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Х.Мын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Х.Маас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Д.О нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулсны дараа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргана гэх тайлбар гаргасныг, зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дунд эд хөрөнгийн талаар маргаагүй гэсэн болохыг тус тус дурдав.
Нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 30,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 40,200 төгрөг, нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгохоор тогтлоо.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Хийн М, И овогт Д О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин М.Б -г эх Д.Оын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Х.Мд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.От тус тус даалгасугай.
4.Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулсны дараа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргана гэх тайлбар гаргасныг, зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дунд эд хөрөнгийн талаар маргаагүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ