| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/01199/И |
| Дугаар | 101/ШШ2021/01634 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, Залуус гудамж, 10 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух Шарнууд овогт Отгонбаатарын Ц******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Элизабет хороолол, Хүннү гудамж 214 дүгээр байр, 225 тоот хаягт оршин суух Хан хөгшин овогт Ганхуягийн Б******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц*******, өмгөөлөгч Л.Энх-А*******, хариуцагч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ц*******, түүний өмгөөлөгч Л.Энх-А******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний нөхөр байсан Г.Б*******гийн төрсөн ах Г.Б******* нь 10,000,000 төгрөгийн өрөнд орлоо, хурдан төлж өгөхгүй бол ажилгүй болох гээд байна гээд нөхөр гуйгаад байхаар нь би 2019 оны 7 сарын 23-ны өдөр Голомт банк дахь өөрийн данснаас ах Г.Б*******ийн дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоог хүртэл зээлж авсан 10,000,000 төгрөгөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн хүү, алданги тооцох талаар зээлийн гэрээ байгуулаагүй. Нөхөрийнхөө ах болохоор нь аман зээлээр өгсөн. Гэрээ хэлцэл байгуулаагүй. Энэ мөнгө нь миний ээжийн хашаа байшинг зарсан мөнгө бөгөөд энэ мөнгөө нөхөрийнхөө гуйсны дагуу ахад нь зээлүүлсэн. Мөнгө зээлж авч байгаа болон зээлүүлж байгаа талаар ах Г.Б*******тай өөртэй нь нэг ч удаа яриагүй хэдий ч нөхөр маань ах зээлүүлээч гэсэн гэхээр нь би зээлүүлсэн.
Манай нөхөр гэрээсээ яваад холбогдохгүй байгаа. Ах Г.Б*******ийг миний нөхөрт ийм их хэмжээний мөнгө шилжүүлж байсныг мэдээгүй. Хамаагүй их мөнгө шилжүүлснээс болоод нөхөрийн ааш зан эвдэрч хэрэгт холбогдсон. Гэрчээр энэ хуралд оролцуулах гэсэн боловч хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байгаа болохоор түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд өгсөн байгаа.
Иймд Г.Б*******т зээлдүүлсэн 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Миний дүү Б******* гэр бүлээ аваад л явдаг. Эхнэр хүүхдүүдтэй нь бид сайхан харилцаатай байсан. Дүү маань мөнгө төгрөг хэрэгтэй боллоо гэхээр нь би удаа дараа түүний данс руу мөнгө шилжүүлээд буцаагаад л авдаг байсан. Нийт 6 удаагийн шилжүүлгээр 38 сая орчим төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл 28 сая орчим төгрөгийг би дүүгээсээ аваагүй, нэхээгүй байгаа. Энэ 10 сая төгрөгийн тухайд А******* гээд дүүгийн нэрээр 2019 оны 7 сарын 23-ны өдөр дүү авсан мөнгөнөөсөө шилжүүлсэн байсан. Эхнэрийх нь данс гэдгийг шүүх дээр ирээд л мэдсэн.
Би ах хүний хувьд эхнэрт нь нөхөр чинь надаас мөнгө зээлсэн, буцаагаад өгсөн өгөөгүй гэж огт ярьж байгаагүй. Манай дүү нэг өдөр хувцасаа аваад манайд хүрээд ирсэн. Одоо бол манайхаас явсан би хаана байгааг нь мэдэхгүй байна. Утсаар ярихад нь эхнэр чинь надаас 10 сая төгрөг зээлүүлсэн гээд нэхсэн байна юу болоод байгаа юм бэ гэхэд би түүнд утсаар яриад ойлгуулчихна гээд утсаа тасалсан. Би дүүгээ эхнэртэйгээ байнга холбоотой байдаг гэж бодож байна. Энэ хоёр гэр бүлийн маргаанаасаа болоод надад 10 сая төгрөг зээлүүлсэн гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ц******* нь хариуцагч Г.Б*******т “холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 7-р сарын 23-ны өдөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн энэ өдөр 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон О.Ц*******ийн эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/
Хариуцагчаас 10,000,000 төгрөг түүний эзэмшлийн дансанд орж ирсэн талаар маргаагүй бөгөөд энэ мөнгө нь дүү “А*******” гэх нэрээр орж ирсэн. Энэ нь дүү Г.Б******* нь зээлж авсан мөнгөө эхнэрийнхээ дансаар буцаан шилжүүлсэн гэж тайлбарлаж байх тул харилцааг зохицуулах Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсан.
Хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэлт зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай.
Тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай бөгөөд гэрээ бичгээр бус амаар байгуулагдсан эсэхийг тодорхойлоход нотолгооны хэрэгслийн эрэмбэлэлтийн хувьд хүсэл зориг илэрхийлэгдсэн, хүлээн авсан талаарх зохигчдын тайлбар чухалд тооцогдохоор байна.
Нэхэмжлэгчээс хариуцагч Г.Б*******тай мөнгө зээлдүүлэх талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Нөхөр Г.Б*******гийн хэлсний дагуу түүнд зээлдүүлж байна гэж ойлгож, 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэж, хариуцагчаас дүү Г.Б*******д мөнгө зээлж, эргүүлэн авдаг байсан. Үүний дагуу зээлсэн мөнгөө буцаан шилжүүлж байна гэж ойлгосон. Бэр дүү болох О.Ц*******тэй мөнгө зээлэх талаар огт ярилцаж байгаагүй гэх тайлбарыг тус тус гаргасан.
Зохигчид хэн алиных нь тайлбараар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдэж, нэгдээгүй үйл баримт тогтоогдож байна.
Нотолгооны хэрэгслийн эрэмбэлэлтийн хувьд хавтаст хэрэгт авагдсан 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх хэдий ч энэ үйл баримтыг талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн буюу хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, харилцан тохиролцож үүрэг хүлээснийг нотлохгүй юм.
Гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийн хувьд маргаж байгаа үед нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр тал харилцан тохиролцоонд хүрсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлнэ гэж шаардлагаа тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай болохыг дурдах нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь зээлдүүлэгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй, хариуцагч зээлдэгчийн хувиар буцаан төлөх үүрэггүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ц*******ийн, хариуцагч Г.Б*******аас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б*******аас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Ц*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА