| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00016/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00014 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин,
Хохирогч Ш.Бат-эрдэнэ,
Шүүгдэгч Б.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2437000150013 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ПК78101813 регистрийн дугаартай, Гэгээнтэн овогт Бөхчулууны Баярсайхан.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Баярсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”... Би охины сургалтын төлбөр нэхэгдээд Ховд аймаг руу 5 адуу оруулж зарахаар явах гээд унаа хайгаад зогсож байтал Бадамцог, Бат-эрдэнэ 2 пронтер маркийн машинтай ирсэн. Тэгээд найздаа яваад өгье гээд бид хамт явахаар болсон. Тэр үед Ш.Батэрдэнэ хүнээр зодуулсан хавирга өвдөж байна гэж байсан. Замдаа 3 шил архи авсан. 1 шилийг нь уусан. Жолооч Бадамцог, Ш.Бат-эрдэнэ хоёр согтуу архи уугаад хоносон. Би бас уусан. Тухайн үед Ш.Бат-эрдэнэ намайг хулгайч, банзал гэх мэтээр доромжилсон. Тэгээд би согтуу байсан тул дээлийн захнаас татаад унагаасан байсан. Тэгээд Бадамцог, Ш.Бат-эрдэнэ хоёр намайг орхиод явсан. Би Даваажаргал гэх айлд очиж хоноод сумаас машин дуудуулж гэртээ ирсэн. Хохирогчид хохиролд 1.180.000 /нэг сая нэг зуун наян мянган/ төгрөгний хохирол төлсөн. Би Ш.Бат-эрдэнийг танина. Найз нөхдийн холбоотой сайхан найзууд байсан. Би хүн цохисон нь миний буруу, би уучлалт гуйж чадаагүй. Шүдний хохирлыг төлнө. Шүд хийлгэж өгөх боломжтой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Үенч сумаас Бадамцог, Ш.Бат-эрдэнэ нарын хамт Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр Цонж гэх газар луу Н.Бадамцогын машинд зарах адуу ачиж ирэхээр явсан. Замдаа бид гурав Хараа нэртэй архи хувааж уусан бөгөөд Цонжид айлуудаар хэсэж шимийн архи уусан. Маргааш өглөө нь Залуухай буюу Батдорж гэх айлд очиж шимийн архи ууж Ш.Бат-Эрдэнэ намайг чи муу хулгайч, банзал пизда гэж хэл амаар доромжлохоор нь гэрээс чирч гараад дээлний захнаас нь авч дэгээлдэхэд нүүрээрээ газар шургаж унасан. Ш.Бат-эрдэнэ босоод ирэхэд нүүрнээс нь цус гарсан байдалтай бөгөөд ахиад маргалдах үед гэрээс Батдорж гарч ирж бид хоёрыг салгасан. Н.Бадамцог, Ш.Бат-Эрдэнэ хоёр машинаа асаагаад намайг орхиод явсан. Би манай адууг хариулдаг найз болох Тугал буюу Даваажаргал гэх айлд очиж хоноод сумаас машин дуудаж гэртээ ирсэн юм. Ш.Бат-эрдэнэ намайг хулгайч банзал гэж доромжилсноос болсон. Ш.Бат-эрдэний амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Бат-эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай холын хамаатан Б.Баярсайхан таараад Бадамцогийг Алтай сумын Цонж гэх газар руу яваад айлаас 5 адуу ачаад Ховд аймаг оруулчихаад ирье гэж хэлэхээр нь би тэр хоёртой хамт явахаар болсон. Тэгээд бид гурав Үенч сумаас Цонж гэх газар руу гарах үед Б.Баярсайхан дэлгүүр орж 3 шил Хараа нэртэй архи аваад 16 цагийн үед Үенч сумаас гарсан. Бид 3 замд явж байгаад Б.Баярсайхан 1 шил архи задлаад бид хоёр тэр архийг хуваагаад уугаад явж байсан. Тэгээд нөгөө адуу авах айл болох Залуухай гэх айлд очиж байснаа бүдэг санаж байна. Тэгээд би согтсон байсан. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө би гэртээ ирсэн байсан. Тэгээд өглөө босоход миний баруун талын нуд хөхрөөд хавдчихсан, доод уруулын дотор тал язарсан, 2 ясан шүд унгаараа уначихсан байсан. Тухайн үед би архи уугаад тасарчихсан байсан болохоор намайг хэн зодож гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Манай найз болох Мандалжав гэх залуу Н.Бадамцог Б.Баярсайхан хоёртой хамт очдог Залуухай гэдэг айлаас намайг хэн зодсон талаар утсаар асуухад Б.Баярсайхан намайг гадна унагаачихсан дэвсэж байхад салгаж авсан гэж тэр айлын хүмүүс Ц.Мандалжавтай ярьсан байсан. Тэгээд би Булган сумын нэгдсэн эмнэлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-нд ирж үзүүлээд Үенч суманд очиж эмнэлэгт хэвтэх гэтэл намайг Ховд аймаг явж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Би Ховд аймагт очиж хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор санахгүй байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зодуулсны дараа гэртээ ирж хэвтээд зодсон гээд байгаа Б.Баярсайханыг ирж уулзчихвал тэрний дараа болъё гэж бодоод гэртээ өвчин намдаах эм ууж 12 хоног хэвтэж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны Булган сумын эмнэлэгт очиж Ууганбаяр эмчид үзүүлээд хэвтэх гэсэн чинь та аймаг орж хэвт гэж хэлэхээр Ховд аймаг орж Шинэбаяр эмчийн "Ач заяа” эмнэлэгт 2023 онь 11 дүгээр сарын 23-ны өдөр хэвтэж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлгээс гарсан. "Ач заяа" эмнэлэгт 7 хоног хэвтэхэд 70.000 төгрөг, Ховд аймаг явж ирсэн замын зардал, Үенч сумаас Булган сум руу эмнэлэгт үзүүлэх гэж 1 удаа, толгойгоо Амантай гэх эмчээр бариулах гэж 3 удаа ирсэн, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр 2 удаа дуудагдан ирсэн тээврийн зардал, аймгаас буцахдаа эмийн сангаас 40,000 төгрөгний эм авсан. Зардлаа тооцож гаргаагүй, хохирлын баримт гаргаагүй, дараа гаргаж өгнө. Миний 2 шүдийг хийлгэж өгвөл гомдол санал алга, миний нэг шүд намайг Б.Баярсайханд зодуулах үед унасан. Нэг шүд нь хөдөлчихөөд ганхаж явж байгаад Үенч суманд ирээд унасан. Хохирлын баримт одоогоор байхгүй, хохирлын баримтыг бүрдүүлж шүүхийн шатанд гаргаж өгнө. Би 1.180.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Ховд аймаг, Булган сум явсан зардлууд байгаа, хоёр шүд хийлгэхэд ямар үнэтэйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Д.Болорцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Манай нөхөр болох Ш.Бат-эрдэнэ нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймаг нэг хүний адуу ачиж оруулж өгөхөөр Н.Бадамцогийн хамт явж байна гэж утсаар ярьсан. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд архи уучихсан байдалтай, нүд хавдаж хөхөрсөн, уруул нь дотор талдаа язарсан, доод талын 2 шүд нь уначихсан харагдаж байхаар нь Ховд аймаг хамт явсан хүн гэх Н.Бадамцогоос манай хүний нүд нүүр нь яачихсан юм бэ? гэж асуухад Н.Бадамцог хамт явсан Б.Баярсайхан зодсон гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь нөхрөөсөө юу болсон талаар асуухад өөрөө юу ч санахгүй байсан. Тэгээд Б.Баярсайхан гэх хүнтэй би утсаар холбогдоод та энэ хүнийг нүд нүүр, толгой хэсэгт цохисон байна та ирж энэ хүнийг эмчид үзүүлэхгүй юм уу гэж хэлэхэд аан би толгой хэсэгт цохисон нь үнэн удахгүй очиж уулзана гэж хэлээд таг болсон. Тухайн явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа гадуур явж байгаад гэнэт ухаан алдаж унасан. Баруун нүд хавдаж хөхөрсөн доод уруулын дотор тал нь язарсан, доод талын хоёр шүд унасан байсан. Манай нөхөр Ш.Бат-эрдэнэд хиймэл шүд байхгүй, 2 ясан шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг,
Ю.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Манайх Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр Цонж гэх газар байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын эхээр манайд Бадамцог, Б.Баярсайхан, Ш.Бат-Эрдэнэ нар нэг өглөө согтуу ирсэн. Тэгээд манай гэрт байсан 3 литр шимийн архи уугаад сууж байгаад Б.Баярсайхан, Ш.Бат-Эрдэнэ гэрт маргаад эхлэхээр нь гэрээс гарч маргалд гэж хэлэхэд тэр хоёр манай гэрээс гарсан. Би араас нь гарах гэж байтал намайг Бадамцог барьж аваад юм хэлээд байж байтал гаднаас манай хүү орж ирээд гадна хоёр хүн зодолдож байна гэж хэлэхээр нь би гэрээс гарахад Б.Баярсайхан Ш.Бат-Эрдэнийг зодсон байдалтай нүүр амыг нь цус болгочихсон байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад Бадамцог, Ш.Бат-Эрдэнэ нарыг машинд суулгаад машиныг нь барьж Мугаа гэх айлд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
Н.Бадамцогийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Баярсайхан надад Алтай сумын Цонж гэх газраас 5 адуу ачиж аймаг оруулж өг гэхээр нь Ш.Бат-Эрдэнийн хамт гурвуулаа явсан. Ш.Бат-Эрдэнэ Б.Баярсайхан нар нэг шил архи хувааж уусан. Б.Баярсайхан хоёр шил архи сумаас авч гарсан юм. Би машин барьж яваад архи уугаагүй. Бид нар замдаа айл хэсэж архи ууж явж байгаад Залуухай гэх айлд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр очсон. Тэгтэл Б.Баярсайхан Ш.Бат-эрдэний нүүр рүү өшиглөөд чирээд гарсан. Тэр хоёр хэрэлдэж гарахаар араас нь Ю.Батдорж гарах гэхээр би хоёр найзууд гайгүй байх гэж хэлчихсэн. Тэгтэл гаднаас айлын охин хүн зодлоо гэж орилохоор Тугал, Батдорж хоёр гарч салгаад Ш.Бат-эрдэнэ бид хоёрыг манай дүү Мандалбаярын гэрт хүргэж өгсөн. Ш.Бат-Эрдэний шүд Үенч сумаас гарахад бүрэн харагдаж байсан. Зодоон болсны дараа маргааш нь нэг шүд нь унасан, нэг шүд нь ганхсан байсан. Гэртээ ирээд нэг шүд нь унасан гэсэн...” гэх мэдүүлэг,
Ц.Мандалжавын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд Ш.Бат-Эрдэнэ манайд ирсэн хэвтэж байсан ба Ш.Бат-эрдэний нүд хавдсан, уруулын дотор тал язарсан, нэг шүд унасан, нэг шүд ганхсан гэмтэлтэй байсан. Яасан вэ? гэхэд Б.Баярсайханаар зодууллаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,
Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...Ш.Бат-Эрдэнэ хэзээ үзүүлснийг санахгүй байна. 2023 оны 11 сард ирж үзүүлэхэд толгой өвдөж байна, хүнд зодуулсан гэж хэлсэн ба Булган суманд эмчид үзүүлээд Ховд яваад онош тодруулах шаардлагатай гэсэн байсан учир Ховд аймаг явж үзүүлэхийг зөвлөөд амин үзүүлэлт хэвийн байсан учир явуулсан. Ш.Бат-эрдэнийн шүдийг үзээгүй, унасан, хугарсан эсэхийг мэдээгүй. Надад шүд унасан хугарсан талаар ямар нэг зүйл яриагүй, толгой өвдөж байна гэсэн зовиур хэлсэн. Ш.Бат-эрдэний биед ил харагдах шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг,
Д.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18-19 цагийн орчимд манайх Цонж гэх газарт байхад Б.Баярсайхан хажуудаа танихгүй хоёр залуугийн хамт манайд согтуу ирээд хоол хийлгэж идээд нэг шил архи уугаад бид дөрөв айлууд хэсээд шимийн архи ууж яваад үүрээр манайд буцаж ирээд манайд цаг гаруй болоод нар тусаад машинтай Залуухай буюу Ю.Батдорж гэх айл руу явж тэнд очиж цай уугаад 2 литр шимийн архи уугаад сууж байхад Б.Баярсайхан, Ш.Бат-эрдэнэ гэх залуу хоёр хоорондоо маргалдаж, Б.Баярсайхан босоод Ш.Бат-эрдэнэ гэх залуугийн цээж хавьд өшиглөөд барилцаж аваад гарсан. Тэгтэл Батдоржийн охин гадаа хоёр хүн зодолдоод байна гэхээр би гарахад заамдалцсан зогсож байсан. Намайг салгах гэхэд Б.Баярсайхан Ш.Бат-эрдэнийг хойш түлхэж унагаасан. Би Б. Баярсайханыг салгаж аваад цааш авч явсан. Тэд нар машинаа асаагаад явсан. Ш.Бат-эрдэний хамарнаас цус гоожиж байсан. Шүд унасан, хугарсан талаар ямар нэг юм яриагүй. Манайд анх ирэхдээ Ш. Бат-эрдэний шүд бүрэн байсан...” гэх мэдүүлэг,
А.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн орчимд манайд Н.Бадамцог, Ш.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан буюу Шуухаа нар согтуу ирээд үхэр сааж байсан бид нарт танайд очмоор байна гэхээр гэрт оруулахад 1 аяга цай уугаад архи нэхээд байхаар архи хийж өгсөн юм. Тэгтэл Ш.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар хоорондоо хэрэлдэж, Баярсайхан босч ирээд Ш.Бат-Эрдэнийг цохиод хойш унах үөд чирээд гарсан юм. Тэгтэл үхэр усалж явсан манай охин Энхжаргал гадна хоёр хүн нэг нэгнээ цохисон юм шиг байна. Нэгнийх нь нүүр ам цус болчихсон байна гэхээр нь гараад Б.Баярсайханыг Тугал авч яваад нөгөө хоерыг Батдорж айл руу хүргэж өгсөн юм. Ш.Бат-эрдэний нүүр цус болсон байсан. Хамраас нь цус гарсан гэж ойлгосон. Б.Баярсайханд ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг,
Т.Энхбулганы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...Тухайн өдөр өглөөгүүр нэрийг нь мэдэхгүй байна. Хүнээр цохиулж 2 шүд нь унасан гэх хүн ирж үзүүлсэн. Үзлэг хийхэд 31,32 дугаар шүд байхгүй, буйл бүрэн эдгэрсэн, хэзээ унасныг тогтоох боломжгүй, уруул дотор хавдсан байдалтай байсан Тухайн хүн Ховд аймагт эмчилгээ хийлгэх гээд явж байна гэхээр нь өвчний картанд тэмдэглэл хийж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...Би үхэр туугаад гэрийн гадна ирэхэд 2 хүний нэгний хамраас цус гарсан зогсож байхаар би гэрт орж аавд хэлээд салгуулсан. Тухайн хүмүүс согтуу байх шиг байсан. Өглөөний 9-10 цагийн орчимд ирсэн байх, шүд унасан эсэхийг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Бат-эрдэний биед учирсан гэмтлийн талаарх 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн:
Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч нарын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай:
1. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Булган сум дахь хэсгийн шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.
2. Ш.Бат-эрдэний доод эгнээний 1, 2-р шүд /31, 32-р шүд/ булгарч уналт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хуучин байна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Ш.Бат-эрдэний биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.51.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Ш.Бат-эрдэний 2 шүд булгарч унасан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.
6. Тухайн хүний биеийн дархлааны онцлогоос хамаарч шүдний буйл нь эдгэрэх боломжтой... гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- амбулториор эмчлүүлэгсдийн карт,
- хохирлын тооцоо,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Б.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Баярсайхан нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ш.Бат-эрдэний биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Баярсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Баярсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт маргалдах явцдаа хохирогч Ш.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот дүгнэлт, хохирогч Ш.Бат-эрдэний мэдүүлэг, гэрч Д.Болорцэцэг, Ю.Батдорж, Н.Бадамцог, Ц.Мандалжав, Б.Ууганбаяр, Д.Даваажаргал нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Гэгээнтэн овогт Бөхчулууны Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Баярсайхан нь хохирогч Ш.Бат-эрдэнэд хохиролд 1.180.000 /нэг сая нэг зуун наян мянган/ төгрөг өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба хохиролын баримт хэрэгт авагдаагүйг дурдаж, хохирогч Ш.Бат-эрдэний энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Б.Баярсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээнтэн овогт Бөхчулууны Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Баярсайханд сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Баярсайхан хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойн рентген зураг, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ