Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2020/01859

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... баг .... тоотод оршин суух, Х.... овогт Ц.Б /РД....../ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Б.Б /Р......../ -д холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 155/2020/11599/ и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-тай 2016 онд танилцаж үерхэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.А төрж бид охинтой болсон. Бид гэрлэлтээ батлуулаагүй, нэг гэрт орж хамт амьдраагүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл болоогүй. Охин маань надаар овоглоогүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш охин маань ээжийнхээ асрамжинд байгаа бөгөөд ээж нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хүүхдийг харж хандахдаа хайнга хандаж байгаа байдалд эцэг хүний зүгээс эмзэглэж охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Тухайлбал 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт Л гэж хүн ээж нь хүүхдээ гэртээ орхиод согтуу гарч яваад ирэхгүй байна гэх мэдээлэл ирж манай төрсөн дүү Ц.Т очиж хүүхдийг Цагдаагийн газраас авсан. Бид мэдэж байгаа нь л энэ болохоос биш иймэрхүү байдалтай хүүхдээ орхиж, үл хайхарч, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй байгаа нь охины маань амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдал бий болоод байна. Иймд Б.А-н асрамжийг өөрчлөн, төрсөн эцэг болох Ц.Б миний асрамжинд тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Ц.Б-с гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.Б нь охиноо төрснөөс хойш нэг ч удаа асарч өсгөлцөж үзээгүй, охин дээрээ ирдэггүй, бид хоёрт ямар нэгэн байдлаар тусалдаггүй байсан. Намайг жирэмсэн болгоод хаяад явсан. Тийм учраас би охины эцгийг тогтоолгох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байж шүүх үнэн зөвөөр хуулийн дагуу миний талд шийдвэрлэж өгсөн. Миний охин биш гэж шинжилгээ хүртэл хийлгэж байсан хүн охиноо гараас гараад том болоод ирэхээр нь гэнэт би асрамжиндаа авна гэж хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж ийм үйлдэл гаргаж байгаа гэж бодож байна. Намайг охиноо хайхардаггүй, архи хэрэглэдэг гэх мэтээр худал бичсэн байна. Нэг өдөр эгчийн 5 дугаар ангийн хүүхдэд охиноо орхиод би өөрөө гуанзанд зах дээр ажиллаж байгаад дэлгүүр рүү явсан хойгуур охиныг минь согтуу хүн аваад явсан байсан. Тэгээд цагдаад баригдсан байсан. Эгчийн хүүхэд охиныг минь хайхрамжгүй харж байсан байна лээ. Б нь манай эгчийнд очиж архи уусан байсан. Үүнээс хойш би ажлаасаа гарч хүүхдээ харж байгаа. Иймд би охин А-г эцэгт нь өгөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.Б нар нь 2016 онд танилцаж үерхэж байгаад албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.А төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/00433 дугаартай шийдвэр зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь охин Б.А-г ... эх Б.Б нь архи ууж хаяж яваад хүүхдээ хайхрахгүй асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа учир охины минь асрамжийг өөрчлөн тогтоож өгнө үү.... гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар нотолж ирүүлээгүй, хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоох ноцтой шалтгаан байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Мөн хүүхдийн нас, хүүхдэд тавих эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан бага насны хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Б-ы хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар Х овогт Ц.Б-ы нэхэмжлэлтэй, Х овогт Б.Б-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН