Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2021/00566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М  сумын ...дугаар багийн ....тоотод оршин суух, Т овогт Н.Г /РВ......../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б сумын ...дугаар багт оршин суух, Ц овогт Ц.Х /РВ......../-т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч 155/2021/00124/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Г нь Б... сумын иргэн Ц.Х-тай 2007 онд үерхэж байгаад дотносож 2008 онд охин Г.Б-г төрүүлсэн. Охин Г.Б одоо 13 настай дунд сургуулийн сурагч болсон. Төрснөөс хойш би өөрөө охиноо өсгөн хүмүүжүүлж өдийг хүргэж байна. Ц.Х-н аав, ээж болон Ц.Х өөрөө охиноо туслаж дэмжиж байна гэсэн боловч одоог хүртэл охин Г.Б-г өсгөн хүмүүжүүлэхэд тусалж дэмжсэн зүйл байхгүй байна.

Иймд охин Г.Б-н төрсөн эцэг нь Ц.Х мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н.Г нь 2007 онд Ц.Х-тай үерхэж байгаад 2008 онд буюу 18 настайдаа охин н.Б-г төрүүлсэн. Үүнээс хойш охин н.Б-г өөрөө болон эцэг эхийн хамтаар өсгөн хүмүүжүүлсэн. Н.Г нь Ц.Х-тай болон түүний эцэг, эхтэй нь холбогдож тусалж дэмжихийг хүсэж байсан бөгөөд бага хэмжээгээр тусалдаг хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргахад өөрийн хүүхэд биш гэж марган Ц.Х нь хүсэлт гаргаж ДНХ-ийн шинжилгээ хийгдсэн. Уг шинжилгээгээр 99.99 хувиар Г.Б нь Ц.Х, Н.Г нарын хүүхэд байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Иймд охин Г.Б-н төрсөн эцэг нь Ц.Х болохыг тогтоож өгч, хүүхдийн тэтгэлгийг хульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Н.Г-н гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Охин Г.Б-г миний охин мөн гэдэгт эргэлзэж байна. Иймд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Анх 18 настай, 20 настай хүүхдүүд ахынхаа гэрийг сахиж байхдаа үүссэн асуудал. Тухайн үед нэхэмжлэгчийг жирэмсэн болсон гэдгийг бага залуу хүмүүсийн хувьд мэдээгүй. Хүүхэд төрөөд 5 нас хүртэл нь бас энэ талаараа хэн хэндээ хэлж чадаагүй. Мөн Ц.Х нь гэр бүл зохиосон. Н.Г ч гэр бүл зохиосон тус тусын амьдралтай. Ингээд 5 настайгаас нь мэдэлцэж мөнгө, санхүү болон ахуйн хэрэглээний зүйлийг авч өгөн бололцоогоороо тусалж, дэмнэдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Ц.Х-ын төрсөн ах Ц.Ш-ын эхнэр Н.Г-г нь Н.Г-н төрсөн эгч юм. Тохиолдлын шинжтэй зүйл болсон хэдий ч тэтгэвэр тэтгэмжээ төлнө гэдгээ зөвшөөрч байгаа. Хүүхдийн эрх, ашгийн талаарх асуудал тул цаашид ч мөн амьдрал, ахуйд нь тусалж, дэм тус болно гэдгээ илэрхийлж байгаа. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад Н.Г сарын 2.100.000 төгрөгийн цалинтай юм байна. Ц.Х-н хувьд 8-13 насны хүүхдүүдтэй, эхнэр нь ажилгүй, тэтгэмж авагчаасаа бага орлоготой зэрэг байдлыг нь харгалзан үзэж тэтгэмжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэсний дагуу Үндэсний статистикийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар баталсан Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны түвшингийн доод хэмжээнээс багасгаж тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ц.Х-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Ц.Х нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2008 оны 3 дугаар сарын 13ы өдөр охин Г.Б төрсөн болох нь 2008 оны 04 дүгээр сарын 01ий өдрийн 0105074-26 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1465 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.Х-г 8-13 насны хүүхдүүдтэй, эхнэр нь ажилгүй, тэтгэмж авагчаасаа бага орлоготой тул тэтгэлгийн хэмжээгч багасгаж тогтоож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, охин Г.Б нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ц.Х-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2008 оны 3 дугаар сарын 13ы өдөр төрсөн охин Г.Б-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х-с хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2008 оны 3 дугаар сарын 13ы өдөр төрсөн охин Г.Б нь 13 настай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийг сар бүр хариуцагч Ц.Х төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Г.Б-д сар бүр төлөх 213.800 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 213.800х12=2.565.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, нийт 70.200+56.000=126.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Б-н төрсөн эцэг Ц овогт Ц.Х /РВ86101211/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Б-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Х-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124.702 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х-с 124.702 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН