Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00582

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын .... багийн ..........тоотод оршин суух, Б овогт Х.М /Р...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.... сумын ....дугаар багийн .......... тоотод оршин суух, Х овогт А.А/........./-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2021/00078/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч А.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.М нь эхнэр А.А-тай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2012 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Хүү М.Т 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн одоо 10 настай, удаах охин М.Э 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн 8 настай, бага хүү М.И 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн одоо 3 настай юм. Эхнэр А.А нь 2013 оноос хойш цахимаар бусдыг залилж мөнгө авдаг болсон ба ингэж бусдаас мөнгө авсан асуудлаараа хууль хяналтын байгууллагад шалгагдахаараа эхнэр миний гар утас руу мессэж бичээд үхнэ хүүхдүүдээ сайн харж байгаарай гээд олон хоногоор яваад алга болдог. Хаагуур юу хийгээд яваад байдгийг нь би мэддэггүй юм. Өдрийн цагаар ээжээрээ хүүхдээ харуулан би ажлаа хийдэг. Оройн цагаар хүүхдүүдээ хараад надад цаг зав муутай. Эхнэр намайг үргэлж өрөнд оруулж, мөнгөө алдсан хүмүүс нь над руу байнга залгаж, дарамталж гэрт ирж намайг болон хүүхдүүдийг минь амгалан тайван байлгахаа байлаа. Миний бие эхнэртэйгээ 10 жил амьдрахдаа 3 хүүхэдтэй болсон. Би тэднийхээ төлөө л ажиллаж амьдардаг. Эхнэр А.А нь надад мэдэгдэлгүйгээр бусдаас удаа дараа мөнгө авч яг юунд зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй өдий хүрсэн. Би хүлээцтэй хандсан бас мөнгөнөөс нь төлөлцөж байсан. Одоо бол бусдыг хууран мэхлэж мөнгө аваад байгаа үйлдэлтэй нь эвлэрч чадахгүй боллоо. Манайх гэдэг айл эдийн засгийн хувьд хүндрэлтэй болсон. Би ажил хийж авсан цалин хөлс минь амьдралд хүрэлцэхгүй болсон. Дээр нь тайван байх боломжгүй байна. ...А.А-н өр төлбөрийн асуудлыг аав ээж нь дандаа өмнүүр нь орж төлдөг ба яагаад хүний эцэг эх мөнгө өгөхийнхөө оронд өөрт нь ухааруулж болдоггүйг нь гайхдаг. Одоо ч цагдаагийн байгууллагад өр зээлийнхээ асуудлаар шалгагдаж байгаа ба цаашид энэ хүнийг засраад энэ алдаагаа давтахгүй байна гэдэгт итгэхгүй байна. ...Хамтдаа амьдарсан 10 жилийн сүүлийн 5 жилийн хугацаанд хэрүүл маргаантай амьдрахдаа эвлэрч чадаагүй хүмүүс 3 сарын хугацаанд эвлэрнэ гэж юу байхав. Гэрлэлтээ цуцлуулна. Гурван хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. А.А нь одоо үрчилж авсан эцэг, эхтэйгээ амьдардаг. Өөрийн гэсэн ажилгүй. Хөвсгөл Титаник ХХК-д түр орон тоон дээр ажилладаг тул хүүхдүүдээ наад захын хэрэгцээгээр нь хангаад авч явах чадваргүй. Тийм учраас хүүхдүүдээ өөр дээрээ авах саналтай байна. Одоо хүүхдүүдийн мөнгийг өөрөө ашигладаг, хүүхдэд зориулдаггүй. Тиймээс 3 хүүхдийнхээ ирээдүйг бодоод өөр дээрээ авах хүсэлтэй байна. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаан байхгүй гэв.

Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А овогтой А миний бие Хөвсгөл аймгийн М....сумын ...... хорооллын .....-р байрны .... тоотод нөхөр М, том хүү Т, охин Э, бага хүү И нарын хамт амьдарч байна. Намайг 2013 оноос хойш залилан хийсэн мөн гэрээсээ гадуур хоноод ирдэггүй гэж дурдсан нь худал юм. Би М-г байнга өрөнд оруулж төлбөр төлүүлж байсан удаагүй. Миний хувьд мөнгө санхүүгийн асуудалд ороод шүүхээр шийдвэрлүүлсэн нь үнэн. Гэхдээ М-р төлбөрөө төлүүлж байгаагүй. Би М-тай 2008 оноос үерхэж 2010 оноос хамт амьдарсан. 2010 онд анхны хүүгээ, 2012 онд охин Э-г, 2017 онд бага хүү И-г тус тус төрүүлсэн. Ингэж 3 хүүхдээ төрүүлэхдээ эрүүл мэндийн багагүй хохирол үзэж төрүүлсэн. Анхны хүүхдээ төрүүлэхдээ уургийн дутагдалд орж эмнэлэгт ухаангүй очиж Улаанбаатар хотын Эх нялхаст яаралтай хагалгаанд орж хийвэрээр төрсөн. Дараагийн 2 хүүхдээ Хөвсгөл аймгийн төрөх эмнэлэгт мөн хийсвэр хагалгаанд орж төрүүлсэн. Бага хүүгээ төрүүлэхдээ хүндрэлтэй амь насаа золиослон байж төрүүлсэн. Тэр хүндрэлийн дараа би дахин хүүхэд төрүүлэх боломжгүй гээд саваа авахуулсан. М-н нэхэмжлэлд өдрийн цагаар хүүхдүүдээ ээжээрээ харуулдаг гэж бичсэн нь бодитой биш. 3 хүүхэд маань гэртээ цоожтой байдаг. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажилд орох хүртлээ би хүүхдүүдээ өөрөө харж байсан. Бид хоёрыг ажилтай байгаа үед хадам ээж заваараа эргэж тойрдог нь үнэн. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс Хөвсгөл Титаник ХХК-д савлагчаар ажилд орсон ба ажлын цаг маань өглөө 9 цагаас орой 22-24 цагийн хооронд тардаг. Зарим үед ажил ихтэй байхдаа шөнийн 01-02 цаг хүргэх ч үе байдаг. М надад юу хийж , яаж байгаа талаараа ярьдаггүй. Болж өнгөрсөн зүйлийг маань сөхөж намайг сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгснийг би мэдээгүй байхад хугацаа нь болж өнгөрсөн байсан. Надад мэдэгдэл ирээгүй. Миний бие 3 хүүхдээ элэг бүтэн өсгөх хүсэлтэй байна. ...Бид хоёрын хувьд өнгөрсөн 3 сарын хугацаанд эвлэрч чадаагүй, тус тусдаа амьдарч хүүхдүүдээ долоо долоо хоногоор ээлжилж хардаг байсан. Би Хөвсгөл Титаник ХХК-ийн үндсэн ажилтан болоод 4 сарын хугацаа өнгөрч байна. Үрчилж авсан эцэг, эх дээрээ амьдардаг нь үнэн. Үрчилж авсан байхаараа яг яадаг юм бэ? Миний ээж намайг 2 настай байхад үрчилж авсан. Үрчилж авсан ээж чинь хүүхэд гаргаж үзээгүй, хүүхэд өсгөж үзээгүй болохоор миний хүүхдүүдийг өсгөж чадахгүй гэдэг. Миний хувьд эх хүний хувьд хүүхдүүдээсээ татгалзахгүй. Эхийн хайр, халамж гэдгийг юу ч орлохгүй. Би хүүхдүүдээ аваад явах чадвартай. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин би 3 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна. Холбогдох материалаа бүрдүүлсний дараа хүүхдүүддээ эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах бодолтой байгаа гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч А.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2012 оны 10 дугаар 26-ны өдөр гэр бүл болсноо 2017 оны 8 дугаар сарын 08-ны бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү М.Т төрснийг 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн 6... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр охин М.Э төрснийг 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн 0........ дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүү М.И төрснийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн 6...... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч А.А нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй гэж үзэн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар 3 сарын хугацаа олгосон ба энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Т, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин М.Э, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.И нарыг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг ба хариуцагч нь хүү М.Т, М.И, охин М.Э нарыг өөрийн асрамжинд авах талаараа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.

Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Т, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин М.Э, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.И нарыг эх А.А-н асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү М.Т, М.И, охин М.Э нарыг эх А.А-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Х.М-г хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.М-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Б овогт Х.М, Хар сүрэгтэн овогт А.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Т, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин М.Э, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.И нарыг эх А.А-н асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН