Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00588

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ....сумын .... дугаар баг Х.....гэх газар оршин суух, Ш овогт Э.Э /Р...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Х....умын ....дугаар баг Х.... гэх газар оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ......тоотод түр оршин суух, Т овогт А.О /Р..../-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 155/2021/00374/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Э нь А.О-тай 2009 онд танилцаж үерхэж байаад 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү О.Ч 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, 2014 оны 12 дугаар сарын дундуур гэрээсээ яваад одоог болтол бид нартай ирж уулздаггүй, гэртээ ирдэггүй. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй юм. ...А.О-н ээж нь Хөвсгөлд байдаг хэдий ч 2014 онд биднээс салж явснаасаа хойш огт уулзаагүй, ээж дээрээ мөн ирээгүй гэдэг. Хариуцагчийн уг байдал нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг бөгөөд бидний ахуй амьдралд туслалцаа дэмжлэг огт үзүүлж байгаагүй. Мөн миний бие Буриад улсын иргэнтэй хамтын амьдралтай. Мөн дундаасаа 8 сартай хүүхэдтэй. Хамтран амьдрагчтайгаа Буриад улсад гэрлэлтээ бүртгүүлэх, мөн тухайн улсын нийгмийн халамжинд хамрагдъя гэхээр боломжгүй байдаг. Ийм учраас шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг гаргасан. Иймд 2013 оны 0127494 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү О.Ч-г өөрийн асрамжинд авна. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.О нь Э.Э-тай 2009 онд танилцаж гэр бүл болоод 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бидний дундаас хүү Ч төрсөн. Бид 2014 оноос тусдаа амьдарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, мөн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон болно гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч А.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсноо 2013 оны 6 дугаар сарын 10-ны бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүү О.Ч төрснийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн 6.... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Ч-г өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг ба хариуцагч нь хүү О.Ч-г эхийнх нь асрамжинд үлдээхийг шүүхэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа гаргадаг.

Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Ч-г эх Э.Э-н асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү О.Ч-г эх Э.Э-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг А.О-г хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Хариуцагч А.О-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Т овогт А.О, Ш  овогт Э.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Ч-г эх Э.Э-н асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхжаргалд олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг А.О-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Э-д тус тус даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН