| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00141/И |
| Дугаар | 155/ШШ2021/00596 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2021/00596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын .... дүгээр багийн .... тоотод оршин суух, Л овогт Б.Ө /Р..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын .... багийн ..... тоотод оршин суух, У овогт Б.Г /Р...../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2021/00141/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Ө /онлайнаар/, хариуцагч Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Б.Г-той 2008 онд танилцаж, 2009 оны 09 дүгээр сард нэг гэрт орон 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан юм. Бидний хамт амьдарсан хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Б, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д нар төрсөн. Миний нөхөр Б.Г нь хамтын амьдралын эхний жилүүдээс эхлэн үл хүндэтгэх байдлаар ханддаг байсан ба сүүлийн үед энэ байдал нь хирээс хэтэрлээ. Сүүлийн жил гаруй хугацаанд Б.Г-н зүгээс гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгал, амьд харилцаатай байх нь битгий хэл дуртай үедээ гэрээсээ гарч яваад дуртай үедээ орж ирдэг болсон. Энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байна. Орж ирсэн үед нь бид зөвхөн утасны мессежээр харилцдаг. Тэрээр ажил хийж орлого олдог хэдий ч сүүлийн 5 жилийн туршид авсан цалингаасаа гэр бүлдээ нэг ч төгрөг зарцуулаагүй. Түүний энэ зохисгүй байдлыг миний хувьд 2 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл тэсч ирсэн. Үүнээс хойш энэ хүнтэй хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Тэр өөрөө ч хамт амьдрахгүй сална гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Миний зүгээс удаан бодож тунгаасны эцэст гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдээ өөрийн асрамжинд өсгөж хүмүүжүүлэн амар тайван дарамтгүй амьдрахаар шийдлээ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний зүгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бид гэр бүл цуцлуулах асуудлаа Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан шийдвэрлүүлсэн болно. ...Шүүхээс эвлэрүүлэх 3 сарын хугацаа олгосон боловч бид эвлэрээгүй тул гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг минь миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Ганцоож миний бие 2008 онд Б.Ө-тай танилцаж 2009 онд нэг гэрт орсон. 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Б, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Д нар төрсөн бөгөөд ам бүл тавуулаа амьдарч ирсэн. Амьдрах хугацаанд бие биеэ үл ойлгох байдалтай байсан ба энэ байдал нь улам лавширч гэр бүл цуцлах хэмжээнд хүрсэн ба уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Шүүхээс эвлэрэх хугацаа олгосон боловч энэ хугацаанд бид эвлэрч чадаагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 0.... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Б төрснийг 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн болох нь .....дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д төрснийг 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн болох нь 000..... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчид нь хамт амьдарч байгаа ч сүүлийн 5 жил таарамжгүй харилцаатай байгаа байдал болон гэрлэгчдэд эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч гэрлэгчид эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Б, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Д нарыг өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг нэхэмжлэгч гаргасан ба хариуцагч энэ талаар маргаагүй, шүүх хүүхдэд тавих эхийн хайр халамж, мөн зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан хүү Г.Б, Г.Д нарыг эх Б.Ө-н асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Б, Г.Д нарыг эх Б.Ө-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Ө-н эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар У овогт Б.Г, Л овогт Б.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Б, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Д нарыг эх Б.Ө-н асрамжинд үлдээсүгэй.
3.Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-т олгосугай
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Г-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Ө-т тус тус даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН