Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т.С***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н***,

Хариуцагч: Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны дарга Д.С***, Нийгмийн халамжийн албаны дарга Ж.Б***,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А*** нарын хоорондын ажлаас халсантай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.С***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н***, хариуцагчийн өмгөөлөгч Б.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Т.С*** нь Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдуулан “Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Т.С*** Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/10 дугаар тушаалаар тус хэлтсийн “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн.

           3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/1817 дугаар албан бичгээр “... хууль, журамд заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул ...шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулга бүхий татгалзсан хариуг өгсөн.

                 Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны “Нэхэмжлэл гаргах хугацааг сэргээх тухай” 9836 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэнтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

.           4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“...Т.С*** нь Багануур дүүргийн Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2009-2012 оны хооронд Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, 2012-2016 оны хооронд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан 1 дүгээр хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан. Хэдийгээр 1 дүгээр хороог хариуцаж ажиллаж байсан боловч тушаалд тусгагдаагүй 2 болон 4 дүгээр хороонуудыг мөн хариуцан ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь тус хэлтэст 10 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, 2016 онд Тэргүүний төрийн жинхэнэ албан хаагч, 2017 онд Хүндэт өргөмжлөл, 2018 онд Хөдөлмөр халамж, үйлчилгээний хүндэт өргөмжлөлөөр шагнуулж байсан. Нэхэмжлэгчийн төрсөн хүү нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр н.Г гэх этгээдэд хүчирхийлүүлсэн. Тус этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдээд, тус этгээдэд 16 жилийн хорих ял оноосон, Давж заалдах шатны шүүхээс тухайн шийдвэрийг хэвээр нь үлдээж, харин Улсын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Өнөөдрийн байдлаар Анхны шатны шүүхэд хэргийг хэлэлцэхээр нь шүүх хуралдаан нь товлогдсон байдалтай байна. Энэ хэргээс үүдэн Т.С***-ийн хүүхэд Улаанбаатар хотод Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байнгын хяналтад байж, эмчлүүлэх болсон. Тухайн үед, хүүхэд нь өвдсөний улмаас 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн хэвтэн эмчлүүлж байсан. Үүний дараа дахин хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл дахин хэвтэн эмчлүүлсэн. Эмч нарын зүгээс хүүхдийг “удаан хугацаанд Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай” гэсэн тул цаашид Багануур дүүрэгт ажиллаж, амьдрах боломжгүй болсон. Мөн хүүхдийн хувьд тус дүүрэгт амьдрахад сэтгэл санааны айдастай байдаг учраас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “...2 сарын хугацаанд чөлөө олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар цалингүй чөлөө олгосон байдаг. Ингэж чөлөө авч явсаар байгаад 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандан  “...хүү М.М нь Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас тус хэлтэст үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул шилжүүлэн ажиллуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бол Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын Б/40 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн мэтээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн намайг ажилд томилохдоо зөвхөн 1 дүгээр хороог хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч нотлох баримтаар 2 болон 4 дүгээр хороог мөн хариуцуулж ажиллуулж байсан зөрчил илэрсэн.

Т.С*** нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өөр дүүрэгт шилжин ажиллах тухай хүсэлтээ гаргасан. Гэтэл тус газраас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1469 тоот албан бичгээр тухайн хүсэлтийг судалж байна, 5 хоногийн дотор хариу өгнө гэсэн агуулгатай хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч Т.С*** ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй, зөвхөн шилжүүлж өгөөч гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Иймд Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

              5. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт болон хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн ар гэрт харамсалтай зүйл тохиолдсон. Үүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д-д уламжлан, Хан-Уул болон Баянгол дүүргийн хороо хариуцсан мэргэжилтний аль нэг албан тушаалд томилж, эвлэрэх саналыг нэхэмжлэгчид тавьж оронд нь ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаач гэсэн саналыг тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй гэсэн учраас эвлэрч чадаагүй.

              Тухайн үед нэхэмжлэгчид нийт 4 сарын хугацаатай цалинтай болон цалингүй чөлөө олгосон байдаг. Дүүргийн хороо хариуцсан мэргэжилтний ажлын ачаалал их байдаг. Тус 4 сарын хугацаанд Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Т.С***-ийн ажлыг хувааж аваад л ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгчээс эрүүгийн хэргийн холбогдох нотлох баримтуудаа Хэлтсийн дарга болон Ерөнхий газрын даргад гаргаж өгч байгаагүй. Хүүхдийн бие муудсан гэсэн агуулгаар чөлөө авах хүсэлт л гаргасан байдаг. Тухайн үед эдгээр нөхцөл байдлынхаа талаар өргөдөлдөө дурдаад явсан бол тус асуудлыг хурдан шийдвэрлэх боломжтой байсан гэж харж байна. Нэхэмжлэгчийн өргөдлийн хувьд “...Хүүхдийн эрүүл мэнд муу байгаа учраас тус хэлтэст чөлөө авч ажиллах боломжгүй байна, цаашид Улаанбаатар хотод ажиллаж, хүүхдээ харах хэрэгтэй байна” гэсэн агуулгатай өргөдөл гаргасан. Тус өргөдлийг үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан ажлаас нь чөлөөлсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт мөн өргөдөл гаргасан боловч тус өргөдлийг нь шийдвэрлээгүй байсан. Төрийн жинхэнэ албан хаагч шилжин ажиллаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын удирдлагууд хоорондоо тохиролцсон байх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга шийдвэрлээгүй, шилжин ажиллах нөхцөл нь бүрдээгүй байхад өөрөө хүсэлт гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг авсан атлаа тус тушаалтай холбогдуулж, гомдол гаргаагүй. Гэхдээ шүүхээс гомдол гаргах хугацааг сэргээсэн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тухайн үед сул орон тоо байгаа эсэх талаар харьяа хэлтсүүдэд хандсан боловч сул орон байгаагүй учраас нэхэмжлэгчийг ажлын байраар хангаж чадаагүй. Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд сул орон тоо гаргах боломжгүй мөн шинээр ажлын байр гаргах боломжгүй байсан учраас нэхэмжлэгчид энэ талаарх хариуг өгсөн боловч нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй. Эдгээр шалтгаанаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч Д.С***-ээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дүгээр “Т.С***-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг “өөрийн хүсэлтийг үндэслэн” гэсэн байдлаар гаргасан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн арван долоо дугаар зүйлийн хоёрт үндсэн эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн хууль тогтоомжид заасан нийгмийн баталгааг зөрчсөн,

2.  Монгол Улсын Үндсэн Хуулийн арван долоо дугаар зүйлийн хоёрт заасан “Хөдөлмөрлөх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэг”-ийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон,

3. Уг тушаалыг гаргахын өмнө мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Т.С*** нь Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/10 тоот тушаалаар тус хэлтэст “Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад хандан “... цаашид салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тул ар гэрийн гачигдлыг маань харгалзан үзэж Улаанбаатар хотод шилжүүлэн ажиллуулж өгнө үү. Шаардлагатай аль ч салбарт ажиллахад бэлэн” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны А/10 дугаар тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад хандан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон холбогдох бусад баримтаар,

                 Хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Т.С***-ийг “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтад заасан журмын дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байгаагүй. Харин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан болох нь Т.С***-ээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт, холбогдох бусад баримтаар,

                 Хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нь маргаан бүхий захиргааны акт болох хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг гаргах хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заагдсан нөхцөл байдлыг тогтоох болон 26 дугаар зүйлд заагдсан оролцогчийг сонсох ажиллагааг хийж гүйцэтгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” хэмээн,

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” хэмээн,

Төрийн албаны тухай /2002/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” хэмээн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох”  хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч Т.С***-ээс гаргасан “ар гэрийн гачигдлыг маань харгалзан үзэж Улаанбаатар хотод шилжүүлэн ажиллуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гэсэн агуулгаар тайлбарлан нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны Б/40 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1-т заасан журмыг болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн хууль бус захиргааны акт хэмээн үзэж хүчингүй болгон, Т.С***аранчимэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацаанд хамаарах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хүрээнд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд Т.С***-ийг  Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 1 дүгээр хорооны мэргэжилтний албан тушаалд томилсон агуулга бүхий Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны А/10 дугаар тушаалыг нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хавсарган өгсөн хэдий ч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Т.С***-ийг Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2, 4 дүгээр хорооны мэргэжилтний албан тушаалд томилсон тухай Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны А/10 дугаар тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчээс хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага тусгайлан гаргаагүй тул шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай /2002/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т  заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.С***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.С***-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2, 4 дүгээр хорооны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА