Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Э.Болор,

Гэрч Д.Гандаваа, Ц.Бат-Ерөөлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа,

Шүүгдэгч Н.Равдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхнууд овогт Нохойжавын Равданд холбогдох эрүүгийн 201710010022 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Борхойн бумбат ХХК-д гэрээт ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Нефтийн 2-8 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнссэн, 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 04-Б шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хорих ялаар, 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 94/А дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн Олхнууд овогт Нохойжавын Равдан /ЦЕ75082973/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.Равдан нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хяналтын бүсэд 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин буюу агуулах саванд нэвтэрч иргэн П.Баасанбатын 80 ширхэг даавуун өмдийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1,206,240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Равдан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Ариунболд 94826769 гэсэн дугаараас миний 99218061 гэсэн дугаар руу залгаж БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд суман дээр ороод ирсэн байна гаалиас гарсан эхний 3 УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл дотор хөөс хийдэг материал 2 ширхэг нийт 3 машинд 6 ширхэг хар цаасан хайрцагтай ачаа гаргалаа гэхээр нь би тосож авах гэж монгол улсын хил дээр очиход гаалиас УАЗ-21512 маркийн 3 автомашин гарч ирсэн зорчигчдоо хүлээгээд зогсож байхаар нь би эхний машиныг онгойлгож үзэхэд дан цаасан хайрцагтай зүйл ачсан байсан. 2 дахь машин буюу бардаактай саарал өнгийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь би буруу талын хойд талын хаалгыг онгойлгож үзэхэд хайрцагтай зүйлүүдийн хажуу талд хар цаасан хайрцагтай зүйл байхаар нь би уг тээврийн хэрэгслээс аваад буулгахад хүнд санагдаад байхаар нь буцаагаад машинд нь хийх гэж байхад тухайн машины эсрэг талд зогсож байсан хэдэн залуучууд хүрч ирээд намайг хулгай хийлээ гэхээр нь би хулгай хийгээгүй андуураад буулгасан байна гэж хэлсэн чинь 2 залуу намайг өшиглөхөөр нь би цагдаа дууд цагдаагаар шалгуулая гээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/,

- Шүүгдэгч Н.Равдан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн орчим би гэртээ байж байхад Ариунболд гэх залуу над руу утсаар ярьсан. Цонхны хөөсний материал ороод ирлээ. Гаалийн 100,000 төгрөгийг нь хувааж авъя хөгшөөн хил дээр хүрээд ир гааль дээр гарч байгаа эхний 2, 3 машинд нэг нэгээр нь хийгээд явуулчихлаа чи тосоод авч бай би одоо хорио цээр лүү орж байна гэж утсаар ярихаар нь би хил рүү очсон. Намайг хил дээр очиход 16 цаг 30 минут болж байсан байх. Намайг хил дээр очиход хорио цээр дээр хэдэн машин байсан. Гааль дээр цөөхөн машин байсан. Тэгээд би гаалиас гарсан эхний 2 саарал 469 маркийн машин дээр очиход хажуу талд нь 4 залуу тамхи татаад зогсож байсан. Тэр 4 залуугаас энэ 2 машины жолооч нь байна уу гэж асуухад хэн нь ч дуугараагүй. Тамхи татаад мэдэхгүй гээд зогсож байсан. Эхний 469 маркийн машиныг онгойлгоод үзэхэд дандаа цаасан хайрцагтай зүйл ачсан байсан. Дараагийн 469 маркийн машиныг онгойлгоод үзэхэд бас цаасан хайрцагтай зүйл ачсан хэрнээ яг миний тосч авах ачаатай төстэй хар ууттай зүйл байхаар нь машины ар талын хаалгыг онгойлгоод буулгасан. Буулгахад арай хүнд санагдахаар нь буцаагаад хийх гээд байж байхад өнөө тамхи татаж байсан 4 залуу чи хулгай хийх гэж байна уу гээд хүрээд ирсэн. Үгүй ээ би хулгай хийх гэсэн зүйл байхгүй ээ ачаа андуураад буулгасан байна. Ариунболд гээд залуу намайг тосоод авчих гэж хэлсэн юм утсаар нь залгаад асуу эсвэл хорио цээр дээр зогсож байгаа очоод асуу гэж хэлсэн. Гэтэл тэр 4 залуу намайг зодоод эхэлсэн. Тэгвэл цагдаа дуудаад шалгуул гэж хэлсэн. Цагдаа дуудах талаар би өөрөө санал тавьсан. Түүнээс биш би зугтаад 3 метр чирсэн зүйл байхгүй. Миний тосч авах ёстой байсан ачаа нэг нь 20 кг байдаг. Нийлээд 40 кг байдаг. Тэр залуучууд намайг хөөсөн зүйл байхгүй. Нэг нь намайг цагдаа иртэл барьж байя гээд цамцнаас барихаар нь өө би зугтсан зүйл байхгүй, би хөл гар муутай гүйж чадах ч үгүй, хорио цээр дээр миний 26-08 гээд машин байх ёстой гэж хэлсэн. Одоо 26-08 дугаартай машин зарагдсан боловч надад хэдэн төгрөг дутуу өгсөн болохоор өдөрт хэдэн төгрөг өгдөг байсан. Ариунболд тухайн өдөр 26-08 дугаартай машиныг тэр залуугаас гуйж барьж явсан. Ариунболдыг би таних болсон учир нь миний машиныг түрээсээр барьдаг байсан юм. Ариунболд машины мотор боодог болохоор нь би гэмгүй наана цаана гээд манайхаар орж гараад явдаг, Замын-Үүдэд нийтийн байр түрээслээд явдаг залуу байсан. Гаалийн 100,000 төгрөгийг 50,000 төгрөгөөр нь хуваагаад авъя гэж бодсны үндсэн дээр ийм асуудал болсон. Түүнээс биш би тэр ачааг чирээд хорио цээр лүү зугтаасан асуудал үнэндээ байхгүй. Намайг тэр залуучууд хэдэн талаас өшиглөөд зодсон тэгээд би жаахан балмагдаад буруу зөрүү зүйл ярьсан байж магадгүй, хамарнаас маань хүртэл цус гарчихсан би цусаа арчаад машинд суусан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч П.Баасанбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын захын С63 дугаар лангууг ажиллуулдаг хятад залуутай утсаар холбогдож нэг төрлийн 80 ширхэг өмдийг захиалгаар авахаар харилцан тохиролцож тэр өдрөө yr залуугийн данс руу 1 өмдийг 45 юаниар бодож нийт 3600 юанийг шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед Алтантулга миний гар утас руу залгаад “гааль дээр барааг чинь алдчихаад хулгайчийг нь бариад авсан. Цагдаад мэдэгдсэн чинь чиний барааг задалж тоолж шалгана гэсэн. Би маргааш барааг чинь явуулчихъя” гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахиж Алтантулга миний гар утас руу залгаад барааг чинь явуулсан гэж хэлээд маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бараагаа бүрэн бүтэн тоогоор нь хүлээж авсан" гэсэн мэдүүлэг /хx-ийн 16-17/,

- Гэрч Б.Энхсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 сарын 04-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын машины зогсоол дээр ачаа олох гээд зогсож байхад Гантулга миний ачаа илүү гарчихлаа үлдсэн ачааг маань аваад яваач гэхээр нь би өөрийн эзэмшлийн 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ачсан. Тэгээд 17:00 цагийн орчимд Монгол Улсын хил дээр орж ирээд гааль хяналтын талбай дээр машинаа үлдээчихээд байцаагчийг хүлээх зуур тамхины цэг дээр очиж Ганзориг, Бат-Ерөөл, Батсайхан бид нар тамхи татаад зогсож байсан Ганзориг надад хандаж 80-91 ДГО улсын дугаартай машинаас чинь хүн юм аваад байна шүү дээ гэхээр нь би машин руугаа харахад нэг өндөр залуу миний машинаас буулгасан ачаагаа 3 метр гаран хол чирээд явж байхаар нь би хойноос нь гүйсэн чинь нөгөө залуу чирч явж байсан бараагаа үлдээчихээд цааш зугтаж яваад хорио цээрийн үүдэн дээрээс баригдсан. Тухайн үед би уг залуугаас яагаад хүний машинаас зөвшөөрөлгүй бараа авч байгаа юм гэхэд уг залуу би БНХАУ-ын Эрээн хотоос цэнхэр өнгийн УАЗ-469 автомашинд тахианы мах тавьж Монголын хил рүү оруулах гэж байсан юм, тэр тахианы махаа авч байна гэсэн. Тэгэхээр нь би миний машин саарал өнгөтэй гэсэн чинь уг залуу би машинаа андуурсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хx-ийн 19-20/,

- Гэрч Г.Батсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... гаалийн талбай дээр машинаа тавьчихсан Ганзориг, Бат-Ерөөлт, Энхсайхан нартай тамхины цэг дээр нь очиж тамхи татаад зогсож байхад Ганзориг Энхсайханд хандаж машинаас чинь хүн ачаа буулгаад байна гэхэд бид нар бүгд машины доогуур харахад нэг хөл харагдсан Энхсайхан хөөё гээд орилсон чинь уг залуу чирч явсан хар гялгар ууттай, скочоор битүү ороосон бараагаа үлдээчихээд машинуудын голоор ороод зугтаасан. Энхсайхан уг залуугийн араас гүйж очоод мэргэжлийн хяналтын талбай буюу хорио цээрийн үүднээс барьж авсан. Би хөл муутай болохоор араас нь гүйж чадаагүй. Энхсайханы машин дээр алхаж очоод байж байтал Энхсайхан уг залууг барьж байсан. Тэр үед машинаас буулгасан гэх хар гялгар ууттай, скочоор битүү ороосон бараа нь Энхсайханы машинаас 3м зайд холдуулан тавьсан байсан. Тэгээд уг залууд Энхсайхан хандаж чи яагаад хүний машинаас зөвшөөрөлгүй ачаа авч байгаа юм гэхэд би машинаа өөрийнхөө машинаас тахианы мах авах гэж байгаад машинаа андуурсан гэж хэлээд худлаа юм яриад байхаар нь тэнд байсан жолооч цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хx-ийн 21/,

- Гэрч Н.Алтантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 10 минутын орчимд Энхсайхан найзынхаа эзэмшлийн 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сум руу ачаа ачуулсан. ... 80-91 ДГО улсын дугаартай саарал өнгийн бардактай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээс хүн ачаа хулгайлаад сая баригдлаа гээд 172 см-ийн өндөртэй саравчтай малгайтай тухайн үед гадаа бүрэнхий болсон байсан учир хувцасыг нь сайн санахгүй байна нэг залууг барьчихсан байсан. Тэгээд би уурлаад уг залууд хандаж чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд уг залуу би машинаасаа бараагаа авч байна, чиний машин биш, тухайн үед уг залуу миний сууж яваа машин, миний өөрийн машин гэх мэтийг 2, 3 янзын шалтгаан хэлж байсан. Анх манай хоёр найзыг очиход уг залуу машинаас авсан барааг 3 метр гаран газар чирч хоёр машины голд нуусан байсан гэж хэлж байсан. Тухайн үед хулгайд алдагдсан гэх бараа нь 80 ширхэг брюкен өмд байсан, хар гялгар ууттай гадуураа скочоор ороосон дээд тал хэсэгтээ ногоон өнгийн скочоор 1 удаа ороосон байсан. Уг барааг тухайн залуу чирсэн бололтой доод талын ёроол хэсэг нь урагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хx-ийн 22- 23/,

- Гэрч У.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 01 сарын 04-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сум руу найз Энхсайханы эзэмшлийн 80-91 ДΓΑ улсын дугаартай УАЗ-31215 маркийн саарал өнгийн бардактай  машинтай нь орж ирсэн. ... гаалийн талбай дээр машинаа тавьчихаад Батсайхан, Бат-Ерөөлт, Энхсайхан нартай тамхины цэг дээр нь очиж тамхи татаад зогсож байхад Энхсайхан машины буруу талын хойд талын хаалгыг нь нэг хүн онгойлгон хар гялгар ууттай, скочоор битүү ороосон барааг аваад машинаас цааш ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү чирч байсан. Тэгэхээр нь би Энхсайханд хандаж машинаас чинь хүн юм бараа буулгаад чирээд авч явж байна ачааны чинь хүн юм уу гэсэн чинь Энхсайхан үгүй биш байна гээд бараа аваад явж байсан залууг хөөe гэж дуудаад араас нь гүйсэн чинь уг залуу авч явж байсан бараагаа хаячихаад цааш гүйгээд яваад өгсөн. Энхсайхан уг залуугийн араас гүйж яваад мэргэжлийн хяналтын талбай буюу хорио цээрийн үүднээс барьж авч цагдаад хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хx-ийн 24/,

- Гэрч Ц.Бат-Ерөөлт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... уг машины цаад талд байсан хүн машинаас хар гялгар ууттай гадна хэсгээрээ битүү скочоор ороосон барааг авч цааш чирч байсан. Тэгээд Энхсайхан хөөё юун хүн бэ гэсэн чинь уг залуу чирч явсан бараагаа үлдээгээд зугтаж явсан” гэсэн мэдүүлэг /хx-ийн 25–26/,

- Гэрч Ц.Бат-Ерөөлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Энэ хүн мөн. Бид нар хорио цээр дээр машинаа үзүүлчихээд гаалийн хяналтаар орох гээд зогсож байсан. Алтантулга гаалийн байцаагчаар ачаагаа үзүүлэх гээд явсан байхад бид 4 тамхи татдаг цэг дээр тамхи татаад зогсож байсан. Тэгээд зогсож байхад Ганзориг машины тэнд нэг хүн яваад байна гэж хэлсэн. Тэр үед Алтантулгийг ачаагаа үзүүлэх гээд яваад байна гэж бодож байсан. Гэтэл нэг ачаа танихгүй хүн аваад явж байхыг хараад хөөе гээд араас нь гүйсэн. Ачааг буулгаад нилээд хэдэн метр чирсэн байсан.Хөөе гээд дуудахад шууд гүйгээд явсан. Би баруун талаар нь Энхсайхан зүүн талаар нь гүйж байгаад Энхсайхан энэ хүнийг барьж авсан. Зөндөө машин тухайн үед байсан. 80-91 улсын дугаартай машин 4 дэхь эгнээний захад буюу ерөнцийн зүгээр зүүн талд хамгийн эхний эгнээнд зогсож байсан. Гаалийн хяналтын бүсэд 10-аад машин байсан. Мэргэжлийн хяналтан дээр зөндөө машин байсан. Гаалийн хяналтаар ороогүй, зогсоол олдохгүй гаалийн хяналтын бүсээс жаахан хэтрээд зогссон байсан. Гаалийн хяналтаас бүр гарсан нилээд хэдэн машин цаана зогсож байсан. Манай машин гаалийн хяналтын бүсээс гараагүй байсан. Бид энэ хүнийг зодож нүдсэн зүйл байхгүй, энэ хүн халамцуу байсан. Энхсайханы машинаас юмыг нь авсан болохоор Энхсайхан уурлаад нэг алгадсан өөр зодож нүдсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Гандаваа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд тэнд байсан жолооч нараас асуухад Алтантулга гэх жолооч 80-91 ДГО улсын дугаартай машинаас энэ хүн гэж Н.Равданг зааж машинд байсан эд зүйлийг хулгайлан авч машинуудын голоор явж зугтаад байхаар нь бид нар барьсан, энд байгаа жолооч нар гэрчилнэ гэж хэлж байсан. Тухайн үед байсан жолооч нар наад хүн чинь машинаас эд зүйл хулгайлж байхыг бид нар харсан, ер нь хил дээрээс ачаа бараа, эд зүйл их алдагддаг наад хүн чинь урагшаа гардаг гэж өөрийгөө хэлсэн бид энэ хүнийг урагшаа 69 барьж гарч байхыг ердөө харж байгаагүй дараа нь хүний машин андуурч юм авсан гэж ярьсан ба тэр нь худлаа байсан гэж ярьсан. Тэгээд би “За тэгвэл хамт явсан эсхүл ачаа тосох гэж байсан машин, машиныхаа жолоочийг заа” гэхэд Ариука гэх жолооч цэнхэр өнгийн машинтай байсан гэхээр нь Эрээн хотоос Замын-Үүд сумын гаалийн талбай дээр тээврийн хэрэгсэл жолоодон ирсэн жолооч нар дунд Ариука гэх жолооч байгаагүй ба өөрийг нь дагуулан машиныг нь заа гэхэд ямар ч машин зааж чадахгүй байхаар нь хулгайлан авсан барааных нь хамт цагдаагийн хэлтэс дээр авч ирэн барааг нь шалгахад 1 боодол дан эрэгтэй хүний брюкен өмд байсан. Тухайн үед Н.Равдан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тэр үед надаас та намайг яах гэсэн юм бэ би авсан нь үнэн эндээ аргалаад зохицуулаад өгөөч гэхээр нь тийм асуудал байхгүй суллагдаад удаагүй, үйлдэлээ ухамсарлаж чадахгүй байгаа хүнийг яаж ойлгох вэ дээ гэж хэлсэн. Тухайн үед ямар дугаараас ярьсан юм бэ гэхэд мэдэхгүй байсан маргааш нь нэг дугаар хэлээд энэ дугаараас залгасан гэхээр нь би өөрөөр нь утасныхаа дууг спикер дээр нь тавьж байгаад залгуулахад утас нь холбогдохгүй байсан. Нарангэрэл байцаагч бас залгахаар холбогдохгүй байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

- Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтээр 80 ширхэг өмдийг 1,206,240 төгрөгөөр үнэлсэн хохирлын үнэлгээ /хx-ийн 29/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн /, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хяналтын бүсэд шүүгдэгч Н.Равдан нь 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан бараанаас хар ууттай нэг барааг авч байхад нь У.Ганзориг, Ц.Бат-Ерөөлт, Г.Батсайхан, Б.Энхсайхан нар нь тамхи татаад зогсож байсан ба У.Ганзориг харж, хөөе гэхэд авсан бараагаа хаяад зугтахад нь Ц.Бат-Ерөөлт, Б.Энхсайхан хоёр араас нь гүйж барьсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Равданг давтан үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх бооомтын гаалийн хяналтын бүсэд 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин буюу агуулах саванд нэвтэрч иргэн П.Баасанбатын 80 ширхэг даавуун өмдийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1,206,240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Н.Равдан шүүхийн хэлэлцүүлэгт “... яг миний тосч авах ачаатай төстэй хар ууттай зүйл байхаар нь машины ар талын хаалгыг онгойлгоод буулгасан. Буулгахад арай хүнд санагдахаар нь буцаагаад хийх гээд байж байхад 4 залуу ирээд намайг чи хулгай хийх гэж байна уу тал талаас өшиглөж зодсон, барааг чирсэн зугтсан зүйл байхгүй” гэх, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөлөлийн үгэндээ: “...ЭБШХ-ийн 92, 93 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа дутуу хийгдсэн... шүүгдэгч Н.Равдангийн гэм буруугийн сэдэлт тогтоогдоогүй... хулгай хийх зорилгоор ачааг авч байсан юм уу, аль эсвэл ачааг андуураад буулгасан гэдэг нь эргэлзээтэй...” гэх боловч гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Бат-Ерөөлт, Ц.Гандаваа нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа болно.

Шүүгдэгч Н.Равдан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, давтан үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх бооомтын гаалийн хяналтын бүсэд 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин буюу агуулах саванд нэвтэрч иргэн П.Баасанбатын 80 ширхэг даавуун өмдийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1,206,240 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Б.Энхсайханы “...би машин руугаа харахад нэг өндөр залуу миний машинаас буулгасан ачаагаа 3 метр гаран хол чирээд явж байхаар би хойноос нь гүйсэн чинь нөгөө залуу чирч явж байсан бараагаа үлдээчихээд цааш зугтаж яваад хорио цээрийн үүдэн дээрээс баригдсан. Тухайн үед би уг залуугаас яагаад хүний машинаас зөвшөөрөлгүй бараа авч байгаа юм гэхэд уг залуу би БНХАУ-ын Эрээн хотоос цэнхэр өнгийн УАЗ-469 автомашинд тахианы мах тавьж Монголын хил рүү оруулах гэж байсан юм, тэр тахианы махаа авч байна гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Батсайханы “...тамхи татаад зогсож байхад Ганзориг Энхсайханд хандаж машинаас чинь хүн ачаа буулгаад байна гэхэд бид нар бүгд машины доогуур харахад нэг хөл харагдсан Энхсайхан хөөё гээд орилсон чинь уг залуу чирч явсан хар гялгар ууттай, скочоор битүү ороосон бараагаа үлдээчихээд машинуудын голоор ороод зугтаасан. Энхсайхан уг залуугийн араас гүйж очоод мэргэжлийн хяналтын талбай буюу хорио цээрийн үүднээс барьж авсан... Тэр үед машинаас буулгасан гэх хар гялгар ууттай, скочоор битүү ороосон бараа нь Энхсайханы машинаас 3м зайд холдуулан тавьсан байсан” гэх мэдүүлэг, гэрч У.Ганзоригийн “...Тэгэхээр нь би Энхсайханд хандаж машинаас чинь хүн юм бараа буулгаад чирээд авч явж байна ачааны чинь хүн юм уу гэсэн чинь Энхсайхан үгүй биш байна гээд бараа аваад явж байсан залууг хөөe гэж дуудаад араас нь гүйсэн чинь уг залуу авч явж байсан бараагаа хаячихаад цааш гүйгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бат-Ерөөлтийн “...Ачааг буулгаад нилээд хэдэн метр чирсэн байсан. Хөөе гээд дуудахад шууд гүйгээд явсан. Би баруун талаар нь Энхсайхан зүүн талаар нь гүйж байгаад Энхсайхан энэ хүнийг барьж авсан...энэ хүн халамцуу байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Гандаваагийн “...Тэгээд тэр үед надаас та намайг яах гэсэн юм бэ би авсан нь үнэн эндээ аргалаад зохицуулаад өгөөч гэхээр нь тийм асуудал байхгүй суллагдаад удаагүй, үйлдэлээ ухамсарлаж чадахгүй байгаа хүнийг яаж ойлгох вэ дээ гэж хэлсэн... Тухайн үед Н.Равдан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 94А дугаартай шийтгэх тогтоол зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Равдан нь давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Равданд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд, хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.Равдан нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Шүүгдэгч Н.Равдангийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Олхнууд овогт Нохойжавын Равданг давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Олхнууд овогт Нохойжавын Равданг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Нохойжавын Равданд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Равдангийн цагдан хоригдсон 6 /зургаан/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Н.Равдан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Равданд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ