| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/05068/И |
| Дугаар | 101/ШШ2021/00621 |
| Огноо | 2021-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/00621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ВСТФ ББСБ ХХК
Хариуцагч: Р.Н
Хариуцагч: Б.Т
Зээлийн гэрээний үүрэгт 19,203,093.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нар цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ВСТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ВСТ” ХХК нь Р.Н тэй 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ЗГ******* дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Р.Н нь зээлийн эргэн төлөлтийн явцад удаа дараа хугацаа хэтрүүлэн зээлээ тасалдуулж төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 2,731,000 төгрөгийг төлсөн. Мөн манай байгууллага хариуцагч Р.Н тэй нь дахин 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ******* дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 14,442,626.76 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээлүүлсэн ба Toyota prius маркийн ******* УНУ улсын дугаартай, NHW207890182 арлын дугаартай автомашиныг барьцаалсан, ЗГ******* дугаартай зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр Р.Н ийн хүү Б******* овогтой Т орсон. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. ЗГ******* дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлж тасалдуулан 2020 оны 1 сар хүртэл 6,314,200 төгрөгийг төлсөн. ЗГ******* дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,059,699.59 төгрөг, түүний хүү болох 1,983,464.66 төгрөг, нийт 6,043,164.25 төгрөгийг төлөөгүй, мөн ЗГ******* дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 13,131,653,88 төгрөг, түүний хүү болох 7,028,275,36 төгрөг, нийт 20,159,929,24 төгрөгийг төлөөгүй Д.Н нь 2 зээлийн гэрээг удаа дараа хугацаа хэтрүүлсэн болохоор бид зээлийн гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Toyota prius маркийн ******* УНУ улсын дугаартай машиныг хураан авч хөндлөнгийн үнэлгээ хийлгэж тухайн үнэлгээг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч тооцохоор шийдсэн. Хөндлөнгийн үнэлгээг “Тэнцвэр эстимэйт”ХХК (Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх 'үйлчилгээ, зөвлөгөө)-иар 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хийлгэхэд зах зээлийн дундаж ханш нь 7,000,000 төгрөг болсон.
Хариуцагч Р.Н тэй байгуулсан ЗГ******* болон ЗГ******* зээлийн гэрээнүүдийн манай байгууллагад төлөх дүнгээс машины үнэлгээг хасч тооцон нийт 19,203,093.49 төгрөгийг хариуцагч Р******* овогтой Н болон хамтран зээлдэгч Б******* овогтой Т нараас гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуульд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй. Хэрэгт авагдсан компанийн гэрчилгээ дээр барьцаалан зээлдүүлэх, машин түрээс, худалдаа, бизнесийн зөвлөгөө явуулах үйл ажиллагаатай байна. Иргэний хуулийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээн дээр 14,442,262.76 төгрөг, 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн боловч Р.Н ийн данс руу 9,950,000 төгрөг, 4,975,000 төгрөг шилжиж орсон байдаг. Нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу машиныг хурааж авсан, мөн Р.Н ийн нэхэмжлэгчид төлсөн мөнгө хасагдаад одоо хариуцагч нар нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэгч байгууллага банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй байж Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг үндэслэж зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ВСТ” ХХК нь хариуцагч Ц.Н , Б.Т нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг 19,203,093.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“ВСТ” ХХК болон зээлдэгч Р.Н , хамтран зээлдэгч Д.С нар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ******* дугаартай Зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч “ВСТ” ХХК нь зээлдэгч Р.Н д 5,000,000 төгрөгийг мөн өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд, жил 38,40 хувь, сард 3,20 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 46,08 хувь, сард 3.84 хувь (хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 43,20хувь=үндсэн жилийн хүү 36 хувь+нэмэгдүүлсэн жилийн хүү 7,20), зээлийн үндсэн төлбөр, хүүг буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралт 1-д зааснаар төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлдүүлсэн байна.
Мөн “ВСТ” ХХК болон зээлдэгч Р.Н , хамтран зээлдэгч Б.Т нар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №ЗГ******* дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 14,442,626.76 төгрөгийг мөн өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд, жилийн 42 хувь, сарын 3,50 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 50,40 хувь, сарын 4,20 хувь, (хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 50,40хувь=үндсэн жилийн хүү 42 хувь+нэмэгдүүлсэн жилийн хүү 8,40хувь), зээлийн үндсэн төлбөр, хүүг буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралт 1-д зааснаар төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлдүүлжээ.
Дээрх 14,442,626.76 төгрөгийн дүнтэй, №ЗГ******* дугаартай зээлийн гэрээ нь “ВСТ” ХХК болон зээлдэгч Р.Н нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан №ЗГ дугаартай, 5,000,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл болох 4,442,626.76 төгрөгийг шилжүүлэн тооцож, нэмж 10,000,000 төгрөгийн зээлийг олгосон байна.
Талууд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №ФГ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ байгуулж, фидуцийн зүйл болох Тоёота приус маркийн, УНУ улсын дугаартай, арлын ******* дугаартай автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан байна.
Нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох Тоёота приус маркийн, УНУ улсын дугаартай автомашиныг хураан авч хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, тухайн үнэлгээг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч тооцсоноо нэхэмжлэлд тодорхой дурдсан буюу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан фидуцийн зүйлийг хураан авснаар өөрийн өмчлөлд бодитоор эзэмдэн авсан үйл баримт тогтоогдов.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж тухайлан зааснаар, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №ФГ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч нь фидуцийн зүйл автомашиныг хураан авч, үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнг зээлийн гэрээний үлдэгдэл дүнгээс хасч тооцон үлдэх хэсгийг зээлдэгчээс гаргуулахаар шаардсан нь дээр дурьдсан Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан зохицуулалттай харшлах тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
“ВСТ” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх, автомашины түрээсийн үйлчилгээ, автомашины худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэл бүхий компани бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ******* дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ******* дугаартай Зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасныг баримтлахаар гэрээнд зааж, улмаар гэрээнд зааснаар хүү тооцсон нь үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ, Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулаагүй, нэмэгдүүлсэн хүү шаардаагүй гэх боловч хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ******* дугаартай зээлийн гэрээ, гэрээний хавсралт-1, үүрэг гүйцэтгэгчийн төлсөн сар бүрийн төлбөрийн дүнгээс үзэхэд, хугацаа хэтэрсэн хүү тооцох замаар үндсэн зээлийн төлбөрийн дүн хасагдсаар, нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн төлбөр гэх 4,059,699.59 төгрөг гэх дүн гарч, улмаар хуримтлагдсан хүү 1,983,464.66 төгрөгийн дүнг тооцож, нийт 6,043,164.25 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ******* дугаартай гэрээний үндсэн дээр шаарджээ.
Дээр дурьдсанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдийн хийсэн хэлцэл нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ******* дугаартай гэрээгээр авсан 5,000,000 төгрөгөөс 2,731,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээл эргэн төлөлтийн хүснэгт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул үлдэх 2,269,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 235 дугаар зүйлийн 235.4-т тус тус заасныг баримтлан, “ВСТ” ХХК болон зээлдэгч Р.Н , хамтран зээлдэгч Д.С нар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ******* дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Т.Н ээс 2,269,000 төгрөгийг гаргуулж, “ВСТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,934,093.49 төгрөгт холбогдох хэсэг, Б.Т д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,965.46 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н ээс улсын тэмдэгтийн хураамж 51,254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ВСТ” ХХК олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА