Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/00642

 

 

 

 

 

 

 

 2021          03         01                                    101/ШШ2021/00642

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.У  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 хаягт байрлах Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 92 тоот орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хасуу цамхаг” ХХК-д холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4886 дугаар захирамжийг гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм байна. “Хасуу цамхаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Д.У миний хувийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, 92 тоотод орон сууцыг Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Энэ талаар миний бие энэ талаар огт мэдээгүй ба Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас миний хувийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол шийдвэртэй танилцаагүй.

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ажил хөөцөлдөж яваад миний хөрөнгө битүүмжлэгдсэн мөн “Хасуу цамхаг” ХХК-ийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн тогтоолд миний гарын үсгийг дуурайлган зурж, хөрөнгүүдийг дур мэдэн захиран зарцуулсан байсныг мэдсэн.

Ингээд Банк, хадгаламж, зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Уг гомдлын хариуг аваад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид болон Шийдвэр гүйцэтгэх албанд хөрөнгөө чөлөөлүүлэх гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалт, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн гэсэн хариуг ирүүллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т "... ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно" гэж зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариуг хүлээн авч, шүүхэд хандаж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.У миний бие “Хасуу цамхаг” ХХК-ийн үүсгэн байгуулагч н Болдын гуйлтаар тус компанид хөрөнгө оруулж 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Бодит байдал дээр хөрөнгө оруулсан тул компанид нэрээ оруулах ёстой гэсний дагуу гарын үсэг зурсан юм. Гэвч миний бие компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, хувьцаа ззэмшигчийн хувиар компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцаж байгаагүй, одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа, бусдад ямар хэмжээний өр төлбөртэй талаар мэдэхгүй, мөн “Хасуу цамхаг” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрүүдийн талаар огт мэдээгүй болно. Миний бие өнөөдрийг хүртэл тус компаниас нэг ч төгрөгийн ноогдол ашиг аваагүй, оруулсан хөрөнгөө олж авч чадахгүй хохирч яваа хүн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд” гэж тодорхойлсон ба төлбөр төлөгч нь “Хасуу цамхаг”ХХК юм.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш этгээд болох Д.У миний хувийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.\ 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх 4 тохиолдлыг Компанийн тухай хуулийн 84.6, 85.2, 90.1 болон 9.4-т тусгасан байгаа боловч миний бие өөрийн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх энэхүү зохицуулалтын аль ч тохиолдолд хамаарахгүй байгаа юм. Мөн түүнчлэн, миний бие компанийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт дураараа захиран зарцуулж, үрэгдүүлж, хохирол учруулсан зүйл байхгүй атал шийдвэр гүйцэтгэгч миний хувийн эд хөрөнгийг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, эрх мэдлээ хэтрүүлж байгаад туйлын харамсаж байна.

Иймд нэхэмжлэгч Д.У миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206054656 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, 92 тоотод орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4886 дугаар шийдвэрээр “Хасуу цамхаг” ХХК-иас 79,876,713 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч” Хасуу цамхаг” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч төлбөр төлөгч Д.Уийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо зайсан 17025 Ар зайсан гудамж, 92 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/15403 албан бичгээр захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 92 тоот орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4886 дугаар шийдвэрээр “Хасуу цамхаг” ХХК-иас 79,876,713 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны үед 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/9847 дугаартай албан бичгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлж, төлбөр төлөгч  “Хасуу цамхаг” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч төлбөр төлөгч Д.Уийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо зайсан 17025 Ар зайсан гудамж, 92 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.У нь төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохоо үгүйсгээгүй буюу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т тус тус заасныг зөрчиж, хувийн эд хөрөнгийг минь битүүмжилсэн хэмээн маргасан.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4., Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д тус тус заасныг баримтлан “Хасуу цамхаг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.Уийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах арга хэмжээ авсан хэмээн тайлбарлах боловч уг ажиллагаа нь хуульд тухайлан заасан зохицуулалттай нийцээгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч Д.Уийн зүгээс “Хасуу цамхаг” ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “... тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасныг баримтлан ажиллагаа явуулсан нь үндэслэл муутай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны  “эрхийн улсын бүртгэлийн Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 92 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” ажиллагааг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

                                                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА