Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00727

 

 

 

 

 

 

 2021          03           05                                         101/ШШ2021/00727

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.М

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, шинжээч Б.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  3 дугаар сарын 28-ны өдрийн 1071 дүгээр шийдвэрээр Ч.Мгээс 122,077,160 төгрөгийг гаргуулж “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж О.Баяржаргалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043147 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 181 хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд  хөрөнгийг 181,097,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-164/38309 дүгээр мэдэгдлээр мэдсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгоно уу гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Мгээс 122,077,160 төгрөгийг гаргуулж “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  3 дугаар сарын 28-ны өдрийн 1071 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын 18102, Хүнсчдийн гудамж, 29 дүгээр байрны 1 дүгээр давхрын 2 тоот 148,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18260600/1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18260600/02 дугаартай Эд  хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч, авагч нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ч.М 300,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 181,097,000 төгрөгөөр үнэлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-164/38309 дүгээр мэдэгдлийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд гардуулан өгсөн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 126,767,900 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулах 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/02 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-164/37 дугаар мэдэгдлийн төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байрны 1 дүгээр давхрын 2 тоот хаягт байрлах, 148,8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043147 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл  хөдлөх эд хөрөнгийг 181,097,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №01/89 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ч.Мгээс 122,077,160.38  төгрөг гаргуулж, “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/01071 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 13131 дүгээр захирамж, 1335 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 18260600 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, төлбөр төлөгчид өгч, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ч.Мгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043147 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18260600/1 дугаартай тогтоолоор битүүмжилж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгчид дахин өгч, Ү-2201043147 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/18080 дугаартай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин хүргүүлсэн, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18260600/02 дугаартай тогтоолоор Ү-2201043147 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хураажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг талуудаас авахад, төлбөр төлөгч нь 300,000,000 төгрөгөөр үнэлж буй саналаа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, төлбөр авагч нь үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээчээр зах зээлийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/543 дугаартай тогтоолоор “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.

 

Шинжээч “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 181,097,000 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-164/38309 дугаартай мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт гүйцэтгэх хуудаст дурдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хүргүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь шинжээч “Хөрөнгө-эстимэйт” ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нотлох баримтаар нотлоогүй.

 

Иймд шинжээчийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/89 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА