| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч Г.Батдөлгөөн,
хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат,
шүүгдэгч Ш.Очирбат, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Очирбатад холбогдох эрүүгийн 241500270069 дугаартай 163/2024/0090/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Иөншөөбү овогт Шагжаагийн Очирбат, Булган аймгийн Булган суманд 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Булган аймгийн Онцгой байдлын газарт ** ажилтай, ам бүл 5, эмээ, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ** сумын ** дугаар багийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, 31 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГЮ92052935.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Очирбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000270069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Очирбат нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Батдөлгөөнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие эрх чөлөөнд халдаж төмөр аралтай бүсээр толгой, бие хэсэг рүү нь ороолгож зодсоны улмаас Г.Батдөлгөөний эрүүл мэндэд нь зүүн эрүүний хугарал, зулайд, зүүн шанаа, баруун ташаа, баруун хөлийн гуянд шарх, баруун өгзөгний дээр зулгаралт, хүзүүний зүүн тал, цээжний зүүн талд, баруун ташааны дээр, баруун өгзөгний дээр, баруун хөлийн гуяны урд, баруун хөлийн гуяны гадна, зүүн хөлийн гуяны гадна, баруун бөөрний цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Шүүгдэгч Ш.Очирбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих, өөрчлөн мэдүүлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
- Хохирогч Г.Батдөлгөөний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Үлдэгдэл эмчилгээний зардал 2,700,000 төгрөг, нэмээд сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Энэ гэмт хэргээс болоод Булган аймагт ажиллаж амьдрах боломжгүй болсон, өөрөөр хэлбэл эхнэрээсээ салж байгаа. Эхнэрээ дагаад энэ нутагт ирж ажиллаж амьдарч байсан боловч, энэ хүмүүсийн гадуурхалтаас шалтгаалан энэ асуудал үүслээ. Эрүүл мэндэд болон сэтгэл санааны хохирол зэргийг төлчихвөл гомдол, саналгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2415000270069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-11 дэх тал),
- шүүгдэгч Ш.Очирбатын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 181-183 дахь тал),
- хохирогч Г.Батдөлгөөний өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал)
- гэрч С.Сувданчимэгийн өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал),
- гэрч Б.Батбаярын өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал),
- гэрч Г.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дахь тал),
- гэрч Ц.Түмэнхүслэнгийн өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дахь тал),
- гэрч Н.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал),
- Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай: Магадлуулагч Г.Батдөлгөөний биед зүүн талын эрүү ясны хугарал, зулай, зүүн шанаа, хэвлийн баруун талд ташааны дээр, баруун хөлийн гуяны урд шарх, баруун өгзөгний дээд хэсэгт зураасан зулгаралт, хүзүүний зүүн тал, цээжний зүүн талл, хэвлийн баруун тал ташааны дээд хэсэг, баруун өгзөгний дээд хэсэг, баруун гуяны урд, баруун хөлийн гуяны гадна хэсэг, зүүн хөлийн гуяны гадна дээд хэсэг, зүүн талын шанаа, баруун нүдний алимын дотор захад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр 2-оос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн талын эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний зүүн тал, цээжний зүүн тал, хэвлийн баруун тал ташааны дээд хэсэг, баруун өгзөгний дээд хэсэг, баруун гуяны урд, баруун хөлийн гуяны гадна доод хэсэг, зүүн хөлийн гуяны гадна дээд хэсэг, зүүн талын шанаа, баруун нүдний алимын дотор захад цус хуралт гэмтлүүд нь нийлээд биеийн 15 хувиас дээш байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулай, зүүн шанаа, хэвлийн баруун талд ташааны дээр, баруун хөлийн гуяны урд шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өгзөгний дээд хэсэгт зураасан зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гуянд учирсан шарх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Магадлуулагч Г.Батдөлгөөний биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дахь тал),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн: Ганзоригийн Батдөлгөөний сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэмт хэргээс үүдэн гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал нь дунд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал),
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар, хар өнгийн судалтай, 130 см урттай, 7 см өргөнтэй төмөр аралтай бүс нэг ширхэг зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогч, түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгуулах байр сууринаас тус тус оролцов.
Онц харгис хэрцгийгээр гэж “...Олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон. ...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн биед 130 см урттай, 7 см өргөнтэй төмөр аралтай бүсийг ашиглан ороолгож олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж эрүүл мэндийг удаан сарниулах хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг онц харгис хэрцгий арга хэрэгсэл хэрэглэж хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Ш.Очирбатын санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Батдөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 28 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд нь шүүгдэгч Ш.Очирбатын хохирогч Г.Батдөлгөөнийг төмөр аралтай бүсээр ороолгож цохисон үйлдэлтэй буюу мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлийн 2-оос дээш удаагийн үйлдлээр үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш.Очирбатын хохирогч Г.Батдөлгөөний биед халдан зодож төмөр аралтай бүсээр ороолгож биед нь олон тооны шарх, зовиур үүсгэж хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Очирбат нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ш.Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Батдөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Г.Батдөлгөөн нь эм тариа, эмчилгээний төлбөр, ирж буцсан замын зардал болон бусад зардалд 5,935,710 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалд 4.131.600 төгрөгийг тус тус нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн нь хэргийн нэгдүгээр хавтасны 199-200, 203-230 дугаар талд тус тус авагдсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Б.Ариунболдыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн он, сар, өдөртэй 2,307,715 төгрөгийн нийт 48 ширхэг нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд буюу 3,150,000 төгрөгийг төлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага болох 5,935,710 төгрөгөөс 2,785,710 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Г.Батдөлгөөн нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс анхан шатны тусламж үйлчилгээ авсны зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,131,600 төгрөгийг зарцуулсан болох нь Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.04.18-ны өдрийн 15/47 дугаартай албан бичиг, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хэргийн 199-201-р хуудас/ зэргээр нотлогдох бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Ш.Очирбатаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн хохирогчид учирсан эрүүний хугарлын улмаас хохирогчийн нүүрний баруун талд саа үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан олон тооны шарх түүний улмаас тогтоогдсон гэмтлийн зэргийг харгалзан үзэж хохирогч Г.Батдөлгөөн нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон иргэний нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Харин сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд: Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах” тухай тогтоолоор батлагдсан нөхөн төлбөрийн жишиг аргачлал батлагдсан бөгөөд Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ганзоригийн Батдөлгөөний сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тооцохоор гаргасныг хохирогч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байх тул хор уршиг учрах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлэн 7,920,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ш.Очирбатаас 12,051,600 төгрөгийг гаргуулж, үүнээс сэтгэцэд учирсан хор уршигт 7,920,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Батдөлгөөнд, 4,131,600 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдоор дамжуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Очирбатын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.Очирбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ш.Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Очирбатад сануулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн улбар шар, хар өнгийн судалтай, 130 см урттай, 7 см өргөнтэй төмөр аралтай бүс нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Очирбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Очирбатаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Шагжаагийн Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Очирбатыг 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Очирбатад шүүхээс оногдуулсан 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Очирбатад сануулсугай.
5. Шүүгдэгч Ш.Очирбатаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Очирбатаас нийт 12.051.600 төгрөгийг гаргуулж, үүнээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 7,920,000 (долоон сая есөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймаг, Булган сумын ** дугаар багийн *** тоотод оршин суух Боржигон овогт Ганзоригийн Батдөлгөөн /РД:УШ91020350/-д, 4,131,600 (дөрвөн сая нэг зуун гучин нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдоор дамжуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Г.Батдөлгөөний нэхэмжлэлийн шаардлагаас 2,785,710 (хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун арав) төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар, хар өнгийн судалтай, 130 см урттай, 7 см өргөнтэй төмөр аралтай бүс нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг өөрөө гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Очирбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ