| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/59 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/59
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Х-ын Ц, Т овгийн Ж-ы Ш нарт холбогдох 2328002260201 тоот эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд иргэн Б.А-ын бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Өмнө өгсөн байгаа. Нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ж.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө мэдүүлгээ өгсөн байгаа учраас нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Гандирс худалдааны төвийн бааранд найз Мийн хамт орж суусан. Бааранд 1, 1 пиво авч уусан. Бааранд орохоос өмнө 1, 1 пиво уусан байсан. Баарны үүдэнд нэг охинтой танилцъя гээд уулзах гэж байсан 2 танихгүй эрэгтэй тамхи татаж байснаа яагаад байна аа ах нар гээд өдөж эхлээд найз Мэтэй нэг нь юм ярьж байсан, хамт байсан танихгүй залуу юугаар цохисныг мэдэхгүй зүүн нүдний доод хэсэгт юмаар цохисон. Яг тэр үед би манараад юу болсныг мэдэхгүй болсон. Би жаахан байж байгаад сэргэсэн дахин зодоон болоогүй. Би цагдаа руу дуудлага өгөөд цагдаа ирээд бид нарыг цагдаа дээр авчраад би эмнэлэг явж үзүүлэхэд нүд хавдсан байна маргааш ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Гэртээ хариад толгой өвдөөд дотор муухайраад 5 хоног хэвтсэн. Аав, ээж 2 ирээд эмнэлэгт үзүүлж гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд зүүн миний хацар зөөлөн эдийн няцралт гэмтэлтэй, нүдний тогооны доод яс хугаралттай, нүдний зөөлөн эд доод ясандаа хавчигдсан гэмтэлтэй байна гэж хэлсэн. Одоо нүдний доорх ясны хугаралд хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Цагдаа дээр ирэхэд миний зүүн шанаанд хавдсан байсан. Цагдаа дээр ирсний дараа цагдаагаас гараад үүдэнд та нар арай ч дээ гэсэн, чи хөгшин банди минь гээд эхлээд намайг зодсон залуугийн найз гээд араас цагдаа дээр ирсэн. Залуу нь миний хамар руу цохиод хамар хавдгасан. Намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нууцалсан дугаараас миний дугаар руу залгаад чи муу юу яриад яваад байна гэхээр нь чи хэн бэ гэсэн утсаа тасалсан, хэн ярьсныг мэдээгүй. Намайг зодсон хүмүүс надтай уулзаагүй. Ээж өргөдөл гаргаснаас хойш би хот руу явж шинжилгээ өгч зураг авхуулж явж байгаад саяхан ирсэн. Хагалгаанд орно гэсэн ор байхгүй байсан болохоор 08 дугаар сарын 22-нд орохоор болоод энд ирээд байна. Би гарсан зардлаа баримттай нь авч ирсэн. Өмнөговь аймгийн гэмтлийн эмнэлэгт хэвтсэн төлбөр 203,100 төгрөг, дусал тариа 34,500, хотод айти лаборатори шинжилгээ өгөхөд 114,200, Интернешнл медикал центр томограф зураг авхуулахад 330,000, шүдний Энхийн мишээл шүдний эмнэлэгт үзлэг эмчилгээ хийлгэсэн төлбөрт 800,000, Өмнөговиос Улаанбаатар хот руу явсан бензиний зардал 497,000, нийт 1,978,800 төгрөг зарцуулсан. Одоо дахин нүдний хагалгаанд орох зардал (1 дүгээр эмнэлэгт) 8 дугаар сарын 22-нд орох нүдний хагалгаанд орох “Implant” нөхөх 2,000,000 төгрөг, өвчин намдаах болон нойрсуулах эм 378,000, 1 дүгээр эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэх болон эмчилгээний зардалд 600,000, нийт 2,978,000 нэхэмжилнэ. Бүгд эмчилгээний зардал 4,956,800 төгрөг нэхэмжилнэ... Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон явдлын талаар мэдүүлсэн. Харин тэр мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл нь мэдүүлэг өгсний дараа миний зүүн нүдний ухархайны доод яс цуурч 7 цагийн хугацаа эмплант суулгах хагалгааг Улаанбаатар хотод Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж хийлгэсэн. Одоо зүүн нүдний хөхөрсөн хавдар буухгүй, зүүн нүдний ухархайны дотор талд янгинаж өвдөж байгаа. Миний нүдний хэсгийг баарны гадаа цохисон. Харин хамрын хэсгийг цагдаа дээр ирчихээд буцаж явж байхад цохисон. Би гомдолтой байна... Миний нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулаагүй. Хохирлын мөнгийг бүрэн барагдуулж авна. Би гомдолтой байна.” /хавтаст хэргийн 22-26, 29-30, 33 дахь тал/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай хүү А 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой шөнө Гандирс буудлын гадаа хүнд зодуулсан, тэгээд цагдаа дуудсан байсан. Цагдаа дээр ирчихээд түргэний эмнэлэгт очиж үзүүлсэн. Энэ талаар би 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү А-тай утсаар ярьж байхдаа мэдсэн. Тэр үед хүү маань түргэний эмнэлэгт очиж үзүүлсэн гэхээр нь асуусаар байгаад мэдсэн. Би хүүгээ зургаа үзүүл гэсэн чинь үзүүлэхгүй байсан. Тэгж явж байгаад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирсэн чинь хүүгийн маань нүүр царай хавдсан аймар болсон байсан. Би хүүгээ дагуулж яваад эмнэлэгт үзүүлэхэд нүүрний зөөлөн эдийн няцрал гэх оноштой, эмнэлэгт хэвт гэхээр нь би хүүгээ хэвтүүлсэн. Эмнэлгээс гарахаараа Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлнэ. Манай хүү А надад хэлэхдээ тэр өдөр найзуудтайгаа уулзаж баяр тэмдэглэсэн гэж хэлсэн. Манай хүү 33 настай, бүрэн дунд боловсролтой, хувийн лого хийдэг газарт ажилладаг. Энэ газар нь Өмнөговь аймагт байдаг. Манай хүү одоогийн байдлаар толгой өвддөг, толгой хавантай, нүүр хөхөрсөн байдалтай байгаа.” /хавтаст хэргийн 34-37 дахь тал/
Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн нислэгээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ирсэн. Нислэгээр ирээд ойролцоогоор 10-15 минутын дараа ZET баар руу ганцаараа орсон. Бааранд 2 ширхэг пиво уугаад сууж байтал Ц гэх залуу хүрч ирээд манай ширээ рүү явъя гэхээр нь очоод ширээн дээр нь сууж байсан. Ш залуутай танилцчихаад буцаад тэкен дээр ирээд 700 mg EDEN аваад сууж байтал таньдаг хүмүүс таараад тухайн шилтэй архинаас 2, 2 50 граммын шоот-р татаж байсан. Ц-ын найз болох Ш 2 татсан. Ш гэх залуу гарч ороод яваад байсан. Нэг мэдсэн бааран дотор буланд нэг залуутай /барьцалдсан/ зууралдаад зогсож байхаар нь очоод салгасан. Баар хаах гээд би баарнаас хөөгдөөд шахуу баарнаас гартал Ш урдаас хүрч ирээд 2 залуу зүгээр зогсож байтал зодчихлоо гэхээр нь цааш хартал 2 залуу тонгойсон зогсож байсан. Удалгүй цагдаа хүрч ирээд Шыг машиндаа суулган авч явсан. Би Ц-ын хамт цагдаагийн газар хүрч очсон... Баарны үүднээс 15-20 метр зайд нэг залуу нь хашаа түшчихсэн нөгөө залуу 2-3 алхмын зайтай байж харагдсан. Харанхуй байсан тул сайн харж чадаагүй. Цын хамт цагдаагийн газар хүрч иртэл цагдаа өөдөөс Ш-ын хамт гарч ирсэн, араас нь А гараад иртэл Ц, А-ыг шууд нүүрэн хэсэгт нь алгадах шиг болсон, согтуу байсан болохоор сайн харж амжаагүй. Хоорондоо барьцалдах шиг болсны дараахан цагдаа, Ш 2 тухайн барьцалдаж байсан хоёрыг салгаж харагдсан.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/
Гэрч Э.Батбэх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед “Z” баарны гадаа хүн зодуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газрын жижүүрийн 7053102 дугаарын утсанд ирсэн. Дуудлагын дагуу би тус зодоон болсон гэх газарт очиж дуудлага өгсөн хохирогчтой уулзахад намайг тэр 2 залуу зодсон гэж гараараа заасан. Тэгэхээр нь би тухайн дуудлага өгсөн хүн болон тухайн хамт явж байсан нэг хүн мөн зодсон гэж заасан 2 хүний нэгийг нь дагуулаад цагдаагийн газарт ирсэн. Тэгэхэд араас нөгөө зодсон гэх хүн нь такси барьж ирсэн. Цагдаагийн газарт ирэхэд хохирогчийн зүүн нүд нь улайлттай байхаар нь бүх хүний согтуурлын зэргийг шалгаж, гомдол мэдээллийг бүртгэж, зодсон гэх хүмүүсийг зөрчлийн холбогдлоор саатуулах гэж байхад зодуулсан буюу хохирогч нь гомдол санал байвал би маргааш өргөдөл бичиж өгнө өнөөдөртөө эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би дараагийн дуудлагандаа явах гэж байхад нөгөө зодуулсан гэж дуудлага өгсөн хохирогч буцаж орж ирээд намайг гадаа байхад дахиад цохичихлоо гээд ороод ирсэн. Би дахиж бүх хүнийг нь саатуулах гэж байхад хохирогч нь дахиад гомдлоо маргааш өгнө, би эмнэлэгт үзүүлнэ гээд явсан, буцаж ирээгүй. Цагдаагийн газарт ирсний дараа хохирогч гарч яваад буцаж орж ирээд намайг дахиад цохичихлоо гэж хэлэх үед хохирогчийн нүүрний зүүн хэсэг хавдсан, улайсан байсан.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Гэрч Ж.Мэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би А-тай гар утсаар холбогдоод уулзсан. Машин дотор уулзаад “Z” баар руу 22-23 цагийн орчимд орсон. Тэгээд байж байтал би баарнаас гараад Дэлгэрэх буудлын арын хашаанд таньдаг хүнтэйгээ тамхи татаад сууж байхад манай найз А зодуулсан байдалтай газарт хэвтэж байсан. Хажууд нь 3-4 хүн зогсож байсан. Тэр дундаас нэг махлаг залуу намайг гүйгээд очиж байхад 1-2 удаа нэмж зохих шиг болсон. Би очоод салгаад найзыгаа босгож аваад цагдаа дуудсан. Дуудлага өгөхөд 2 цагдаа ирэхээр нь машинд нь хамт суугаад цагдаагийн газарт ирэхэд тухайн өдрийн жижүүрийг ахалж байсан цагдаа гээд нэг жижиг, туранхай биетэй, дэслэгч цолтой цагдаа ирсэн. Бид 2 өргөдөл бичиж өгнө гээд жижүүрээс бал цаас аваад намайг өргөдлөө бичээд үүдэнд сууж байхад А гарч яваад цагдаагийн үүдэнд хэрүүл маргаан болоод А-ыг цохидог махлаг залуу, тэрний найз нэг туранхай залуу хамт орж ирээд А орилоод байхаар нь би юу болсон талаар асуухад тэр туранхай залууг нь дахиад цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд үүдэн дээр бөөн шуугилдаан болоод А бид 2 үүдэнд өргөдлөө бичиж өгөөд явсан... Тэр 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хэмжээ ямар байсан талаар би сайн мэдэхгүй байна. А надтай ирээд уулзахад ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй бөгөөд баарны гадаа зодуулсан байдалтай цагдаад дуудлага өгөөд цагдаа дээр ирэхэд Аын нүүрний хэсгийн нэг тал нь хавтгай болсон байдалтай хөхөрсөн байсан. Харин цагдаа дээр ирээд буцаж гараад үүдэнд дахиад зодуулчихлаа гэж орж ирэхдээ нөгөө нүд нь хавдсан орж ирсэн. Өөр бэртэл гэмтэл байсан талаар би мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/
Гэрч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед Ш, Ц бид 3 орой 21 цагийн үед бааранд орсон. Бааранд ороод эхлээд бид гурав хүний нэг нэг пиво авч уусан. Тэрнээс хойш нэмж уусан талаар би мэдэхгүй байна. Би Ц хоёр таньдаг эмэгтэйтэйгээ таарлаа гэж хэлсэн. Тэр үед би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Ц нөгөө 2 таньдаг хүүхэнтэйгээ байж байхад нэг танихгүй залуу ирээд Цг түлхээд маргалдаад салж байсан. Тэгэхээр нь би баарнаас явлаа гээд гарсан. Баарнаас гараад явж байхад Баян төхөм дэлгүүртэй байрны ар талд Ш байх шиг байсан бөгөөд нэг хүнтэй муудалцаад байсан. Би холоос харсан болохоор яг юу болсон талаар сайн хараагүй. Тэр үед Ш-тэй муудалцаж байсан залуу нь түрүүлж Ш-г цохисон. Би яг хаашаа нь цохисон талаар сайн хараагүй. Ш бас буцаагаад цохиж байх шиг байсан бөгөөд тэр 2 хоорондоо бие биенийгээ цохиж харагдсан. Ш доошоо хамраа дараад сууж байх шиг байсан. Баарнаас Ц гарч ирж байх шиг байсан. Тэгээд л би шууд яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Харин дараа нь Ц-гоос тэр асуудал болсон шөнөдөө цагдаагийн газрын гадаа очоод Ц нөгөө Штэй муудалцсан гэх залуутай нь зодолдсон гэж хэлсэн. Энэ талаар би хараагүй, Ц-гоос сонссон... Би 2023 оны 10 сард Ц-аас надад Ш-гийн хамар бэртсэн байна гэж хэлсэн. Гэхдээ хэзээ үүссэн, яаж үүссэн талаар надад тэр 2 хэлээгүй.” /хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Шинжээч эмч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Шинжилгээг өөрийн биеэр үзэж, мөн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан байсан. Ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэг нь хүн өөрөө босож явах, цай, хоол идэх, ямарваа нэгэн хүний тусламжгүйгээр бие засах гэх мэт өдөр тутамдаа хийдэг үйлдлийг хэлнэ. Ш нь өөрийн биеэр ирж үзүүлэхдээ чөлөөтэй алхаж гишгэж явж байсан тул дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2023.07.11-ний өдөр үүссэн эсэх талаар тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэг тогтоогоогүй” /хавтаст хэргийн 76-77 дахь тал/
Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.А-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.А-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт “Ж.Ш-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ж.Ш-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ж.Ш-ын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2023.07.11-ний өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.” /хавтаст хэргийн 69-70 дахь тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 72 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 42в/790 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 138 дахь тал/
Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс албан тоотын хамт өвчний түүхийн хуулбарыг ирүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 139-168 дахь тал/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хавтаст хэргийн 171 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 105, 116 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 106 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 107, 119 дэх тал/
Регистрийн дугаарын лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 108, 118 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 109, 120 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) /хавтаст хэргийн 110 дахь тал/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 111, 117 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112, 120 дахь тал/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 187 дахь тал/
Ж.Ш, Х.Ц нарын ажил эрхлэлтийн талаарх баримт /хавтаст хэргийн 203, 205, 210 дахь тал/
Ж.Ш-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 207 дахь тал/
Ж.Ш-ын гэр бүлийн байдлын талаарх баримт /хавтаст хэргийн 206, 211 дэх тал/
Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хавтаст хэргийн 208-209 дэх тал/
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын шүүхэд гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Шүүгдэгч Х.Ц-ын шүүхэд гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/
Төлбөрийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал/
Шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Ш, Х.Ц нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй гэх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруутай дээр маргаж мэтгэлцэх зүйлгүй, Х.Ц, Ж.Ш нарын зүгээс өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас маргах зүйл алга байна, Ж.Ш-ын зүгээс нийтдээ хохирогчид 3,590,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, Х.Ц-ын тухайд 1,290,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн. Үлдэгдэл 2,300,000 төгрөгийн хохирлыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлсэн байгаа учраас хохирол төлбөр төлөхөө илэрхийлснийг нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд иргэн Б.А-ын бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26, 29-30, 33 дахь тал/, гэрч Б.С /хавтаст хэргийн 34-37 дахь тал/, гэрч Х.А /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Э.Батбэх /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, гэрч Ж.Мэ /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Н-ын гаргасан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэж хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хөдөлбөргүй тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад уг хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Z” баарны бүжгийн талбайд Х.Ц нь хохирогчтой маргалдаж, улмаар тамхилахаар гарах үед шүүгдэгч Ж.Ш хохирогч Б.А-ын бие махбодод халдсанаар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагч нар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар Цагдаагийн газарт авч очсоны дараагаар Х.Ц уг газрын гадна хохирогчийн нүүрэн тус газар алгадсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон ба шүүгдэгч нар хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдсээр байж, энэхүү үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг “бүлэглэн” гэх шинжээр прокуророос хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
Прокурор 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаартай яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан газрыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд гэж тодорхойлсон байх боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын үйлдэл, холбогдол уг газраас гадна Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд бас үргэлжилсэн болох нь тогтоогдсон байх тул гэмт хэрэг гарсан газрыг “Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна талд болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд” гэж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нар нь бүлэглэн Б.А-ын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ш-ын зүгээс хохирол, хор уршгийн төлбөрт нийт 3,590,000 төгрөг, шүүгдэгч Х.Ц нь 1,290,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт / 1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дэх тал/ Голомт банкны төлбөрийн баримт, шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 72-73 дахь тал/, шүүх хуралдааны явцад гаргасан шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Х.Ц нь үлдэгдэл 2,300,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлсэн тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Ат олгохоор шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 141-168 дахь талд авагдсан өвчний түүхээс үзвэл хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр УНТЭ-ийн мэс засал-нүдний эмгэг, судлал, мэс заслын тасагт зүүн нүдний ухархайн дотор хана нөхөх мэс засал хийлгэсэн байх бөгөөд уг эмчилгээний төлбөрөөс 2,819,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас гаргасан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч тус бүрээс 1,409,500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах тухай, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй гэх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.Ц-ын хувьд ажил хөдөлмөр эрхэлж эцэг, эх, хоёр дүүгээ харж ханддаг, шүүгдэгч Ж.Ш нь эхнэр, 4 сартай, 3 настай хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг бөгөөд Номгон сумын ерөнхий боловсролын сургуульд нярвын ажил эрхэлдэг, тогтмол цалин орлоготой, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Ш-ын зүгээс ар гэрийн байдлыг харгалзан үзэж бага мөнгөн дүнгээр торгож өгнө үү гэх, шүүгдэгч Х.Ц-ын зүгээс нөхөн төлбөр, үлдэгдэл төлбөр, ар гэрийн байдлыг харгалзан үзэж бага мөнгөн дүнгээр торгож өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Ш-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Х.Ц-ын хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ш, Х.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар шүүгдэгч Х.Ц-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарын тус бүрд нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Х.Ц-ын хувьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 124-136 дахь тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан байх ба уг тэнссэн хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэгт холбогдсон байх боловч энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн гэж Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/60 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 187 дахь тал/-оор түүнд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул ял нэмж нэгтгэн оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй гэж үзэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Ш нь 3,590,000 /гурван сая таван зуун ерэн мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Ц нь 1,290,000 /нэг сая хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-т тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Х-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овгийн Ж-ы Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарын тус бүрд нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Ц-аас 1,409,500 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Ж.Ш-аас 1,409,500 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-аас 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-т олгосугай.
6. Шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Ш нь 3,590,000 /гурван сая таван зуун ерэн мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Ц нь 1,290,000 /нэг сая хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-т тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Ц, Ж.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ