Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 844

 

                                                                                      

Л.Т, Б.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Түвшинбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,  

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх,   

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Д.Наран,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Т, Б.Гнарт холбогдох эрүүгийн 1809000000423 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

/;

 

Шүүгдэгч Л.Т нь хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан буюу Хаан банкны хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 201525020779 дугаартай хэргийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолын ТОГТООХ хэсэгт: “Өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хоригийг хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах” талаар тодорхой дурдсан байхад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” буюу прокурорын шийдвэр гарахаас өмнөх хууль бус хэлцлийг гэрчилсэн нотариатчийн шийдвэрийг үндэслэн, ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, мөн төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг зэргийг битүүмжилсэн хоригийг зөрчин Б.Энхтуяад давуу байдал тогтоож, хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Гнь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Батчулууны ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг, орон сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийн №007 дугаартай гэрчилгээгээр Б.Энхтуяад олгож, хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Л.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Шүүгдэгч Л.Тийг “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Гг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Б.Гнарын цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Т, Б.Гнар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Хаан банкнаас 2.061.839.952 /хоёр тэрбум жаран нэгэн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Базармаа /РД: ЦВ74032964/-д олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Хаан банк нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Т, Б.Гнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхнарангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын дагуу иргэн Б.Батчулуун, Б.Энхтуяа нарын эзэмшдэг дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх, чөлөөлөх үйл ажиллагаа нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Хаан Банкны албан бичгийн стандарт тогтоох журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.8, 7.10, 8 дугаар зүйл, 12 дугаар зүйл, Хаан Банкны Харилцагчийн нууцлалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх, данс битүүмжлэх, зарлагын гүйлгээ хийх тухай журмын 2-р зүйлийн 2.1.1.2, 2.1.1.5, 3-р зүйлийн 3.1.3, 4-р зүйлийн 4.1, 4.1.2 Хаан Банкны депозит бүтээгдэхүүний бодлого журмын 5-р зүйлийн 5.3.4 дэх хэсэгт заасан заалтын дагуу хийгдсэн банкны хууль ёсны үйл ажиллагаа болно.  

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан нь Монголын төр өмчийг аливаа гэмт халдлагаас хуулийн хүрээнд хамгаалах үүргээ болгож тодорхойлсон байдаг.                                                                     

Мөн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заагаад энэ зүйлийн 3 дах хэсэгт “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж заасан бол Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” хэмээн маш тодорхой байдлаар тусгасан байдаг.

Иргэн Б.Батчулуун, Б.Энхтуяа нарын эзэмшдэг дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн, чөлөөлсөн үйл ажиллагаа нь харилцагч нэгэнт өмчлөх эрхээ хуулиар хамгаалуулж, өв тогтоолгон өмчлөлийн асуудлаа шийдвэрлэн ирүүлсний дагуу дансыг ахлах хуулийн зөвлөх Л.Тийн хувьд Хаан Банкны албан бичгийн стандарт тогтоох журам, Хаан Банкны Харилцагчийн нууцлалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх, данс битүүмжлэх, зарлагын гүйлгээ хийх тухай журмын дагуу өөрийн албан тушаал, албан тушаалаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд чөлөөлж шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчөөгүй бөгөөд уг данс нь иргэн Б.Батчулуун, Б.Энхтуяа нарын өөрсдийнх нь тус банкинд эзэмшдэг хууль ёсны данс мөн байсан ба банкны хувьд дээрх этгээдүүдийнх бус, эсвэл тэдгээр данс эзэмшигч нарын хууль ёсны эзэмшлийн өмч, өмчлөх эрхэнд халдсан, зөрчсөн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагааг явуулаагүй, энэ асуудлаар уг дансны эзэмшигч нараас ч ямар 1 гомдол, санал Хаан Банк болон хуулийн байгууллагуудад өнөөдрийг хүртэл огт гаргаагүй болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү.

Прокурорын №107 тоот тогтоолд “өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах”-аар заасан байгаагаас үзэхэд уг тогтоолд өмчлөлийн асуудлыг прокурор нээлттэй орхисон, дахин хэзээ, хэрхэн, хэн гэдэг албан тушаалтан уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар тогтоолд тодорхой дурьдаагүй нь тухайн дансны эзэмшигчийн хувьд Өв залгамжлалын гэрчилгээгээр өөрийн өвлөх эрхээ нээлгэсэн, ийнхүү нээлгэсэн өв залгамжлалын дагуу хууль ёсны өмч болох банкин дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж чөлөөлүүлж авч байгаа үйлдэл нь өмчлөлийн эрхээ баталгаажуулсан хувь иргэний хувьд буруутгах хууль зүйн үндэслэлгүй ба уг мөнгөн хөрөнгийг чөлөөлж өгсөн банкны хувьд ч өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах талаарх прокурорын тогтоолд заасан заалтын хүрээнд дансыг чөлөөлсөн нь буруу биш, хуулийн хүрээнд хийгдсэн гэж үзэх бүрэн  үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.           

Хэрэв ахлах хуулийн зөвлөх Л.Тийн данс битүүмжилсэн хоригийг цуцалсан арга хэмжээг шүүх буруу гэж үзэж байгаа бол өмчлөлийн асуудлыг нь шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах шийдвэрийг гаргасан прокурор Н.Мөнхнарангийн үйлдэл ч нэгэн адил буруудах ёстой байтал зөвхөн банкны ажилтныг, банкийг буруутгаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байх тул уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.               Нэгэнт өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд нотариатч нь хууль ёсны дагуу өмчлөгчийн Өвийг тогтоогоод өмчлөлийн асуудлыг шийдвэрлээд ирж байхад банк өвлөгч, өмчлөгч иргэний Монгол улсын Үндсэн хуульд заасан дээрх үндсэн эрхийг нь эдлүүлэхгүй байх, түүний хууль ёсны эрх, эрх ашгийг нь зөрчих, хохироох үйлдэл гаргах, банк харилцагчдаа санхүүгийн үйлчилгээг үзүүлэхгүй байх нь өөрөө хууль бус үйлдэл болно гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхээс эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчим атал Б.Батчулууны гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар түүний эд хөрөнгийг хууль ёсны өвлөгчөөс нь өөр аливаа гуравдагч этгээдэд албадан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Харин Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж, уг хуулийн 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус заасны дагуу талийгаач Б.Батчулууны хөрөнгийг хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан Б.Энхтуяагаас иргэний журмаар нэхэмжлэх, гомдол гаргах эрх хохирогчид нээлттэй хэвээр байгаа.

Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Р.Базармааг хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн эрүүгийн 201525020779 дугаартай хэргийн улмаас хохирсон тул 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Гэтэл энэхүү эрүүгийн хэрэг нь 1809000000423 дугаартай хэрэг бөгөөд Л.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт Р.Базармаа хохирогч биш юм. Мөн хохирогч гэх Р.Базармаа нь “...Талийгаач Батчулуунд байсан мөнгө нь миний мөнгө байсан нь тогтоогдсон” гэж мэдүүлдэг боловч энэ талаарх нэг ч нотлох баримт хавтас хэрэгт огт байхгүй байгааг, мөн хавтас хэрэгт хохирогч гэх Р.Базармаа нь талийгаач Батчулуунтай мөнгө төгрөг өгсөн авсан болон худалдах худалдан авах гэрээ хийсэн талаарх нотлох баримт огт байхгүй байгаагаас үзэхэд тэрээр энэхүү хэргийн улмаас яг хэрхэн, яаж хохирсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдоогүй болохыг ч давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно” гээд мөн зүйлийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, Хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэрэг хэн үйлдсэн”, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг нотолбол зохих байдал гэж хуульчилжээ. 

Гэтэл шүүгдэгч Л.Тийн үйлдэл нь дээрх хуульд заасны дагуу тогтоогдоогүй мөн 3 дугаар хавтас хэргийн 49-51 талд “Монгол банк”-ны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ө.Тайвангийн гаргасан шинжээчийн дүгнэлт, 3 дугаар  хавтас хэргийн 67-72 талд “Монгол банк”-ны хянан шалгагч, улсын байцаагч О.Лхагвадорж, Б.Халиунаа, Э.Гонгор нарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хаан банк болон Л.Т нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь дээрх удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож, Б.Энхтуяад банк ямар нэгэн байдлаар давуу байдал олгоогүй болох нь нотлогдоно.

Иймд Л.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар Л.Тийн үйлдэл болон санаа зорилго нь энэхүү гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгон Л.Тийг цагаатгаж, Иргэний хариуцагчаар Хаан банк ХХК-ийг татсан Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгон, иргэний хариуцагч “Хаан банк”-с 2,061,839,952 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Базармаад олгож шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

  Шүүгдэгч Б.Гдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухайд: Чингэлтэй тойргийн нотариатч Б.Гминий бие иргэн Б. Батчулуун 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэрчилгээг үндэслэн Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг үндэслэн өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч Б.Батчулууны эхнэр Б.Энхтуяад 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.Батчулууны өмчилж байсан буюу эзэмшиж байсан хөрөнгийг өвлөн авах түүний хүсэлтийн дагуу Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан 1 дүгээр шатны өвлөгчид болох өвлүүлэгчийн эх Сэнгэсамбуугийн Бямбанамжил /ЧЗ43051562/, хүү Батчулуун овогтой Ганхуяг /УХ92020671/, хүү Батчулуун овогтой Төмөрхуяг /УЗ89103111/ нар өвлөх эрхээсээ татгалзаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу өвлөгч нар өвлөбөл зохих этгээд болох Б.Батчулууны эхнэр Б.Энхтуяад шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан.

2. Анхан шатны шүүх нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг дүгнэсэн тухайд: 2.1. Анхан шатны шүүх намайг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хориглоно гэж заасныг зөрчиж өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус эрхэд ноцтой, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар миний Б.Энхтуяад олгосон 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээний хавралтад заасан эд хөрөнгийг битүүмжилсэн талаар манай нотариатын танхимд болон миний биед мэдэгдсэнийг нотолсон нэг ч баримт байхгүй. Харин тухайн эд хөрөнгүүдийг битүүмжилснийг нотариатын танхимд мэдэгдээгүй болох нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн №776 тоот Монголын Нотариатчдын Танхимын лавлагааны хариугаар нотлогдсон.

Иймээс намайг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дэх хэсгийн “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хориглоно гэснийг зөрчсөн гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

Хоёрдугаарт: Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн Иргэний хуулийн 39-60 дугаар зүйлд хэлцэл гэж юу болох, хэлцэл ямар байх ёстой, ямар тохиолдолд энэ нь хүчин төгөлдөр хэлцэл гэж болох, хэлцлийн ямар төрөл байх, ямар тохиолдолд энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх талаар тодорхой заасан байдаг.

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсэн бол эрүүгийн хариуцлага тооцохоор заасан.

Гэтэл илт хууль бус хэлцэл гэх зохицуулалт Иргэний хууль тогтоомжид байдаггүй. Иргэний хуулинд зөвхөн хүчин төгөлдөр хэлцэл үү, хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл бол ямар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх юм бэ гэдгийг /Иргэний хуулийн 56, 57, 58, 59, 60-р зүйлд/ тодорхой заасан байхад хэлцлийг тодорхойлж байгаа Иргэний хуульд байхгүй ойлголтыг Эрүүгийн хуульд тусгасан.

Хуулийн зохицуулалтын хувьд энэ нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул хоёр хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн шүүдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимыг баримтлах ёстой байсан.

Миний гэрчилсэн үйлдэл болох өвлүүлэгч Б.Батчулууны өвлөгдөх эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Б.Энхтуяад өвлүүлэх тухай “өв залгамжлах эрхийн гэрчилгээ” олгосон үйлдэл. Гэтэл энэ үйлдлийг маань “илт хууль бус хэлцэл” гэж үзэж намайг буруутгасан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй илт үндэслэлгүй яллах дүгнэлтийг прокурор үйлдсэнийг шүүх бодитоор хянан үзэж чадаагүй.

“Өвлөх эрх”, “хэлцэл” нь хууль зүйн хувьд өөр, өөр үр дагаврыг бий болгодог иргэний эрх зүйн харилцаа болохыг шүүх зөв тогтоож чадаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгч “хэлцэл гэрчилсэн”, “өвлөх эрхийн гэрчилгээ” нь нэг талын хэлцэл гэж тайлбарлаад надаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийг уншуулсан. /шүүх хуралдааны бичлэгт бий/ Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг, хэлцэл хэмээн ойлгож, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэдэг нь тодорхой харагдана. Иргэний хуульд III дэд хэсэг ХЭЛЦЭЛ, V хэсэг ӨВЛӨХ гэж эрх зүйн харилцааны хувьд хоёр өөр харилцаа болохыг хуульчилсан,

2.2. Үүнээс гадна шүүх намайг “...шүүгдэгч Б.Гнь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт ...өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсэн...” гэж буруутгажээ.

Шүүх Б.Энхтуяад өвлүүлсэн хөрөнгө нь хэний өмчлөлд байсан, хэний хөрөнгийг хэнд шилжүүлсэн нь хууль бус болж байгаа талаараа огт дүгнэн үзэлгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судлалгүйгээр шийдвэр гаргасан.

Хавтас хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхтуяад олгосон №007 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ болон түүнд хавсаргасан баримтуудад өвлөгдсөн эд хөрөнгүүд өвлүүлэгч Б.Батчулууны өмчлөл, эзэмшилд байсан нь нотлогдоно. /1 хх 36-38/

Б.Энхтуяагийн өвлөн авсан хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн гэх нөхцөл тухайн үед тогтоогдоогүй тул нотариатчийн хувьд Б.Энхтуяагийн “Б.Батчулууны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ авах тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй. Би Иргэний хууль, Нотариатын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хүрээнд Б.Энхтуяад “ӨВЛӨХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ” олгосон.

        2.3. Нотариатчаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь өвлүүлэгчийн өвлөвөл зохих хөрөнгийг өвлөгч нь өвлөх эрхтэй гэдгийг тогтоосон үйл явдал болохоос битүүмжлэгдсэн байгаа хөрөнгийн битүүмжлэлийг шууд цуцлах, эд хөрөнгийг шилжүүлэх хууль зүйн үр дагаврыг шууд үүсгэсэн баримт бичиг биш.

Харин битүүмжилсэн тогтоол хаана, ямар газарт хүргэгдсэн, мэдэгдсэн тэр л байгууллага мөрдөн байцаагч, прокуророос даалгасан үүргийг биелүүлэх үүрэгтэй.

Хууль ёсны өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээг банкинд аваачсан ч гэсэн битүүмжилсэн хөрөнгийг уг хүнд олгож болох эсэхийг банкны ажилтнууд цагдаа, прокурорын байгууллагаас лавлаж олгох эсэхээ тэд шийдвэрлэх ёстой. Үүнд нотариатчийн ямар нэг үүрэг, оролцоо байхгүй болохыг шүүх бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй.

2.4. Иргэн Р.Базармаад хохирол учруулсан гэх тухайд: Эрүүгийн 1809000000423 дугаартай хэрэгт миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад заасан эд хөрөнгийг хохирогч гэх Р.Базармаагийн эд хөрөнгө болохыг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй.

Харин өвлүүлэгч Б.Батчулуунтай үүссэн гэрээний харилцаатай холбоотой маргаан байсан гэх үйл баримт яригддаг боловч түүнийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй байна. Нөгөө талаар өвлүүлэгчийн амьд байхдаа хийсэн аливаа хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг өв залгамжлагч нь “өвлөсөн хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцах”-аар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “өв хүлээн авсан өвлөгч өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх”-ээр 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт тус тус тодорхой зохицуулсан.

Өөрөөр хэлбэл миний өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл, Р.Базармаад хохирол учирсан гэх үр дагаварын хооронд шууд шалтгаанд холбоо байхгүй байхад намайг гэм буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/288 дугаартай тогтоолын миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Б.Ггийн нотариатчийн хувьд хийсэн буй үйлдлийн талаар: Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Гнь нас барсан Б.Батчулууны эхнэр Б.Энхтуяа болон бусад өв залгамжлагч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд 007 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгох үйлдлийг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомжид нийцжээ.

  1. Б.Батчулуун нь 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Иргэний бүртгэлийн нас барсны гэрчилгээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар түүний өв 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр нээгдсэн гэж үзнэ.

Б.Энхтуяа нь нас барагч Б.Батчулууны эхнэр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон тул түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан нэгдүгээр ээлжийн “хууль ёсны өв залгамжлагч” гэж үзэх үндэслэлтэй байна.

  1. Б.Энхтуяа нь нэгдүгээр ээлжийн өв залгамжлагчийн хувьд Б.Батчулууны нас барах үедээ амьдарч байсан Улаанбатар хотын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Гд хандан “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгох хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.4 дэх хэсэг, 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт зааснаар “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгох хүсэлтийг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор хэдийд ч гаргах эрхтэй бөгөөд Б.Энхтуяа нь өөрийн нөхөрийн өвийг хүлээн авч, өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр харьяалах газрын нотариатчид гаргасан нь хууль зөрчөөгүй.

1.3. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа олгохоор зохицуулсан боловч мөн зүйлийн 531.3 дахь хэсэгт заасан тохиолдолд өв нээгдсэнээс хойш нэг өнгөрөөгүй байхад олгож болохыг зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Батчулууны төрсөн эх С.Бямбанамжил, эхнэр Б.Энхтуяа, хүү Б.Ганхуяг, Б.Төмөрхуяг нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан нэгдүгээр ээжлийн өв залгамжлагчид байсан болох нь тогтоогдож байна. Эдгээр өв залгамжлагдчидаас эх С.Бямбанамжил, хүү Б.Ганхуяг, Б.Төмөрхуяг нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528,5 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд өвлөх эрхээ Б.Энхтуяад шижлүүлэхээр зааж, Б.Батчулууны өвийг хүлээн авахаас татгалзсан байна.

Иймээс нотариатч Б.ГБ.Батчулууны өвийг бүхэлд нь түүний эхнэр Б.Энхтуяад өвлүүлэхээр “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ” олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт нийцсэн тул түүнийг мөн зүйлийн 531.2 дахь хэсгийг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хоёр. Б.Гг “нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэрэгт буруутгасан үндэслэлийн талаар: Анхан шатны шүүх Б.Ггийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхгуяа гэх хүнд “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ” олгосон үйлдлийг “нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэх гэмт хэрэг гэж үзэж, түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

2.1. Түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг тодорхойлох, тогтооход тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт, шийдвэрийг гаргах ёстой.

Тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно...” гэж заасан байдаг.

Б.Гг буруутгаж буй “нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг 2002 оны Эрүүтийн хуулийн 1551 зүйлд “...өмчлөх эрхийг хязгаарлах, шижлүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчилэн баталсаны улмаас бусдад хохирол учирсан байх...”-аар тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга /2015 он/-ын 17.10 дугаар зүйлд энэ төрлийн гэмт хэргийн шинжийг “...өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчилэн баталсаны улмаас бусдын эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан байх...” гэж өмнөх хуулийн зохицуулалтай ижил агуулгаар хуульчилжээ.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд 8.1.1 дэх хэсэгт “хэлцлийн үндсэн дээр”, 8.1.8 дахь хэсэгт “хуульд заасан бусад үндэслэлээр” иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр хуульчилсан.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ байхаар заасан бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар дуусгавар болохоор хуульчилсан.

Иргэний хуулийн эдгээр зохицуулалтын дагуу хэлцэлд нэг этгээд хэлцэх хийх хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал уг хүсэл зоригийг хүлээн авсны үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг.

Тэгвэл хууль ёсны өвлөгч өвийг хүлээн авах харилцаа нь хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр бус харин хуульд заасан эрх, үүргийн үндсэн дээр үүсэх харилцаа болохыг Иргэний хуулийн 520, 527, 528 дугаар зүйлд тодорхой зохицуулсан.

 Нотариатч Б.Гнь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Батчулууны өвийг түүний эхнэр Б.Энхтуяад олгох “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх түүний Иргэний хуулийн дагуу “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон үйлдлийг “илт хууль бус хэлцэлийг гэрчлэн баталсан” гэмт хэргийн шинжид хамааруулан үзсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус нийцээгүй байна.

2.2. Нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэрэгт заавал байх бас нэгэн шинж бол “өмчлөгч этгээдийн эрхийг зөрчсөн байх”-аар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1551 зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн аль, алинд нь хуульчилсан.

Нотариатч Б.Ггийн олгосон “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хавсралтад заасан эд хөрөнгүүд нь бүгд талийгаач Б.Батчулууны хууль ёсны өмчлөлд байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба энэ талаар ямар нэгэн маргаан байгаагүй байна.

Нотариатч “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгох үед өвүүлэгч Б.Батчулууны хууль ёсны өмчлөлд байсан эд хөрөнгүүд өөр хүний өмчлөлд байсан, эсхүл очих ёстой гэх ямар нэгэн баримтыг түүнд танилцуулаагүй, тухайн эд хөрөнгөтэй холбоотой хэрэг маргаан байгаа болохыг тэрээр мэдэх боломжгүй байжээ.

Хэрэгт энэ хэргийн хохирогч гэх Р.Базармаа нь “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хавсралтад заасан эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримт, тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдаагүй байна.

Харин Р.Базармаа нь талийгаач Б.Батчулууны өмчлөлд “Шинэ мандал өргөө” ХХК-ийн хувьцааны төлбөрт 1,400,000 ам.доллар шилжүүлсэн гэх асуудлаар маргаж байсан талаарх баримт байгаа боловч тэдгээр баримт нь түүнийг Б.Ггийн олгосон “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр Б.Энхтуяагийн өвлөн авсан эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээр дурьдсан үйл баримтуудаар нотариатч Б.Гнь Б.Энхтуяад олгосон ‘‘Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон үйлдлийн улмаас Р.Базармаагийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2.3. Улсын яллагч болон анхан шатны шүүх Г.Гийгиймаа нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас хохирогч гэх Р.Базармаагийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Нэгдүгээрт: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Ггийн олгосон “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хавсралтад заасан эд хөрөнгийг битүүмжилсэн талаар Нотариатын танхимд болон нотариатч Б.Гд мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Харин тухайн эд хөрөнгүүдийг битүүмжилснийг Нотариатын танхимд мэдэгдээгүй болох нь Нотариатын танхимын 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн №776 тоот албан бичгээр нотлогдсон.

Иймээс Б.Гг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дэх хэсгийг зөрчсөн гэж буруутгах үндэслэл тогтоодоогүй гэж үзнэ.

Хоёрдугаарт: Эрүүгийн хууль /2002 оны болон 2015 оны/-д заасан “нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийн шинжид “...нотариатч Нотариатын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын өмчлөх эрх зөрчигдөх...” гэсэн шинж тусгагдаагүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заагаагүй үйлдэлд Б.Гг буруутгасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

2.4. Эрүүгийн хууль /2002 оны болон 2015 оны/-д “нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийн шинжийг материаллаг бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон, өөрөөр хэлбэл нотариатчийн үйлдлийн улмаас их, онц их хэмжээний хохирол учирсан байхыг шаардана.

Тиймээс нотариатчийн хийсэн үйлдэл, учирсан хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоог зөв тодорхойлох нь энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

“Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хавсралтад заасан мөнгөн хөрөнгө нь банкны эрх бүхий ажилтан, тушаалтны шийдвэр, үйлдлээр л Б.Энхтуяагийн дансанд шилжинэ.

Өвлөх эрхийн гэрчилгээ нь банк мөнгөн гүйлгээг хийх олон шалгуурын нэг бөгөөд мөнгөн гүйлгээг хийсэн үйлдэл нь Хаан банкинд мөрдөгддөг холбогдох журмын хүрээнд эрх бүхий албан тушаалтны хяналт, зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Б.Гнь Б.Энхтуяад “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон үйлдэл, Хаан банкин дахь өвлүүлэгчийн данснаас, өвлөгч Б.Энхтуяагийн дансанд мөнгөн гүйлгээ хийсэн үйлдлийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй болохыг нотолсон гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон үйлдэл, Р.Базармаад хохирол учирсан гэх үр дагаврын хооронд шууд шалтгаанд холбоо байхгүй байхад Б.Гг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолын Б.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрх мэдлээ урвуулан ашигласан гэх талаар: Хаан банкны ахлах хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдуулан битүүмжлэгдсэн дансыг прокурорын хүчин төгөлдөр тогтоол, холбогдох бусад баримт бичгүүдийн дагуу битүүмжлэлээс чөлөөлөх боломжтой эсэхийг хянаж үзээд эрх зүйн хувьд зөрчилгүй тул чөлөөлөхөд болох юм байна гэж холбогдох ажилтанд амаар зөвлөгөө өгсөн Л.Т миний үйлдэл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл биш болохыг хавтас хэрэгт авагдсан Монгол банкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.Тайвангийн 2018 онд гаргасан шинжээчийн дүгнэлт, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч О.Лхагвадорж, Б.Халиунаа, Э.Гонгор нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийн 2019 онд гаргасан дүгнэлт, Хаан банкны үйл ажиллагааны дотоод журмууд, Хаан банкны ажилтан Г.Алтанхүү, Д.Отгонбаатар, Д.Мөнхчимэг, Ц.Зулбаяр, Э.Хосбаяр нарын гэрчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримт материалыг нэг бүрчлэн шинжлэн судлалгүйгээр миний эсрэг ашиглан шийтгэх тогтоолоо үйлдсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх эдгээр баримтуудын аль хэсэг мөн ямар үйл баримтууд дээр үндэслэн намайг эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн 2020/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 болон 2.3 дахь хэсэгт заасан зүйлүүд бүрэн тусгагдаагүй юм.

 Давуу байдал олгосон талаар:

Ажил үүргийн дагуу талийгаач Б.Батчулууны Хаан банкин дахь данснуудыг битүүмжлэлээс чөлөөлөхөд эрх зүйн хувьд зөрчилгүй байна гэж банкны холбогдох ажилтанд амаар мэдэгдснийг Б.Энхтуяад давуу байдал тогтоох зорилготойгоор түүнтэй хэлэлцэн тохирч, ашиг хонжоо олох, эсхүл хэн нэгнийг хохироохоор хийсэн үйлдэл гэж тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт байхгүй, байх боломж ч үгүй. Учир нь миний бие Б.Батчулуун, Энхтуяа, Базармаа, прокурор Мөнхнаран зэрэг хүмүүсийг огт танихгүй урьд харилцаа холбоо байгаагүй. Хаан банкны ахлах хуулийн зөвлөхийн ажил үүргийн хүрээнд зөвхөн прокурорын хүчин төгөлдөр тогтоолд заасан үйлдлийг хийхэд эрх зүйн хувьд асуудалгүй байх талаар зөвлөгөө өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 1925 дугаартай захирамжаар надад холбогдох хэрэгт “нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотолж ирүүлээгүй байна” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан бөгөөд түүнээс хойш миний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй. Харин ч миний үйлдлийг цагаатгахад хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан нь Монгол банкны шинжээчийн дүгнэлт болон бусад мэдүүлгүүд юм. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй байна.

Хохирогчийн талаар:  

Энхтуяа гэдэг хүний нөхөр Батчулуун нас барснаар түүнд холбогдуулан шалгаж байсан татвар нуун дарагдуулсантай холбоотой 201525020779 дугаартай эрүүгийн хэргийг иргэн Р.Базармаагийн гомдлоор, Базармааг хохирогчоор тогтоон сэргээсэн байдаг. Улмаар тухайн хэрэг дээр Л.Т намайг яллаж миний хэргийг тусгаарлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлээд байна. Талийгаач Батчулууны Хаан банкин дахь дансанд байсан мөнгийг Базармаа авах эрхтэйг нотолсон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шийдвэр өөр ямар нэг баримт хавтас хэрэгт байхгүй, байх ч боломжгүй. Харин шүүх хуралдааны үер Базармаагийн өгсөн “...хуулиараа би хохирогч болсон” гэх, “-Та яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа гэнээ? гэсэн шүүгч Болдбаатарын асуултанд: тооны машин гаргаж ирээд “...долларын ханшаа тооцоод хэлье., ...нийт 2 тэрбум орчим байхад болох юм байна.” гэх, “Та Батчулуун гэдэг хүнтэй гэрээ хэлцэл байгуулсан юм уу? Ямар учраас энэ мөнгө таны мөнгө гэж та үзэж байгаа вэ? - гэсэн өмгөөлөгчийн асуултад “надад алтны лизенц зарсан, ...гэрээ байгаа Төмөрцэцэг гэж манай эгчтэй хийсэн гэрээ” гэх, мөн “Та иргэн хоорондын гэрээ хэлцэл байгуулсан юм байна, энэ талаараа иргэний шүүхэд хандаж, Батчулуун эсхүл түүний өвлөгчөөс нэхэмжлэж байсан уу?” гэсэн өмгөөлөгчийн асуултад Базармаагийн өмгөөлөгчийн өгсөн “боломжгүй байсан, баримт дутуу байсан” гэх хариултыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо огт дурьдаагүй байна. Ийнхүү Базармааг Батчулуунд залилагдаж хохирсон гэдгийг 1809000000423 дугаартай хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн тогтоох боломжгүй нь илэрхий байхад Базармааг хохирогчоор тооцон улмаар намайг гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг үл тоомсорлосон шийдвэр гэж үзэж байна.

 Гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг, түүний дотор гэмт хэргийн сэдэлт, зорилго, нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тодорхойлсон нотлох баримтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор дүгнэн ялласан, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох заалтуудыг хангалгүйгээр 2020/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоол гаргасан нь уг хуулийг зөрчиж байгаа явдал гэж үзэж байна. Миний бие ажил үүргийнхээ хуваарийн дагуу эрх зүйн зөвлөгөө өгч улмаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан битүүмжлэлттэй дансны битүүмжлэл чөлөөлөгдсөн явдал нь миний зүгээс ямар нэг шан харамж, ашиг хонжоо хараагүй, аваагүй, авах зорилгогүй, боломжгүй, хууль, журмын дагуу явагдсан өдөр тутмын ажлын үйл процесс байсан ба үүнийг ч шинжээчийн дүгнэлт, тухайн өдөр миний хийсэн үйлдлүүд, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагын шалгалт, байцаалтуудаар бүрэн нотлогдож байхад шүүх зөвхөн яллах, буруутгах зорилгоор намайг яллаж байгаад гомдолтой байна. Түүнчлэн хохирогч гэх Р.Базармаагийн гомдлоор эрүүгийн 201525020779 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Р.Базармаад Б.Батчулуун агсан бодитой хохирол учруулсан эсэх, хохирол учруулсан бол ямар хэмжээтэй болохыг шүүхээр эцэслэн тогтоож, эдгээр хэргүүдийн хоорондын уялдаа холбоо, хохирогч гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоож Батчулууны өвлөгч Энхтуяа гэдэг хүний гэм буруугийн асуудлыг авч үзээгүй, хэлэлцээгүй тул шүүх хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан. Иргэн Батчулуун нас барж, түүний хууль ёсны өвлөгч Энхтуяа нотариатаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр талийгаачийн дансан дахь эд хөрөнгийг өвлөж авсан байдаг. Иргэний хуульд заасны дагуу өвлөгч Энхтуяа нь талийгаач нөхрийнхөө гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүргийг өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл Базармаа гэдэг хүн хэрэв, талийгаач Батчулуунтай ямар нэг гэрээ хэлцэл хийсэн байгаад тухайн хэлцэл нь маргаантай гэж үзвэл талийгаач Батчулууны өвлөгч Энхтуяагаас өвлөж авсан эд хөрөнгийн хэмжээгээр нь өөрийн хэлцлийн үүргээ нэхэмжлэх бүрэн боломжтой. Гэтэл тухайн хэлцэлд огт хамааралгүй гуравдагч этгээд буюу Хаан банкнаас хохирлоо гаргуулан авч байгаа нь хууль бус юм. Нэгэнт шүүхээс Базармаагийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Батчулууны өвлөгч Энхтуяаг тухайн хэрэгт холбогдуулан оролцуулж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Миний бие Л.Т нь сүүлийн 5 жилийн турш хуулийн байгууллагуудад байцаагдаж, чөлөөтэй зорчих эрх хасагдаж, эрхэлж байсан ажлаасаа халагдаж, эрүүгийн ял шийтгэл эдлэж байгаа гэсэн лавлагаатай болсноор эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил хөдөлмөр эрхлэх талаар ихээхэн хохирч, хууль сахиулагчдын мэдлэг чадвар, ёс суртахуун, шударга байдалд эргэлзсэн үзэл бодол руу туугдсаар явааг та бүхэн анхаарна гэдэгт итгэе.

   Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

   Шүүгдэгч Л.Тийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн шийтгэх тогтоол бодит үндэслэлгүй, нотлох баримтгүй, шүүгдэгч Л.Т гэм буруугүй талаар:

Л.Тд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Л.Тд Эрүүгийн хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчих санаа сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, эс үйлдэл байхгүй бөгөөд хэнийг ч хохироогоогүй учраас хохирогчгүй юм. Өөрөөр хэлбэл Л.Т нь гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн үйлдэл хийгээгүй учраас эрүүгийн хариуцлагад татагдах үндэслэлгүй билээ.

Л.Т, Б.Гнарт үүсгэсэн хэргийн хохирогч гэх Р.Базармаа нь талийгаач Б.Батчулууныг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогдуулан гомдол гаргасныг цагдаагийн байгууллагаас шалгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Б.Батчулууныг сэжигтнээр тооцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Б.Батчулуун нь нас барсан байдаг. Татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Б.Батчулуун сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх үед Р.Базармаа хохирогчоор тогтоогдоогүй байсан бөгөөд татварын хэрэгт Сангийн яам, татварын алба л хохирогчоор тогтоогддог. Ийнхүү Б.Батчулуун нас барсны дараа эхнэр Б.Энхтуяа нь хууль ёсны өв залгамжлагч болохоо гэрчилсэн баримт буюу өвлөх эрхийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Б.Батчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэргийг авч Хаан банк дээр ирснийг банкны ажилтан болох Д.Мөнхчимэг хянан шалгаад дансны барилтыг нээх талаар харьяа нэгжид е-мэйл явуулсан бөгөөд талийгаач Б.Батчулууны дансны барилтыг эрх бүхий этгээд нь хуульд заасан үндэслэл журмаар зогсоосон байдаг. Д.Мөнхчимэг ийнхүү дансны барилтыг зогсоох талаар е-мэйл явуулахдаа ахлах хуулийн зөвлөх Л.Тээс хууль зүйн зөвлөгөө авахад тэрээр ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийнхээ дагуу бүхий л баримтыг нь судлан үзэж зөвлөгөө өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ямар ч хамааралгүй юм.

Нөгөөтээгүүр, талийгаач Б.Батчулууны дансны барилтыг чөлөөлөх талаар е-мэйл явуулсан банкны ажилтан Д.Мөнхчимэг гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тухайн этгээдийн баримтуудыг судлан үзсэний үндсэн дээр дансны барилтыг зогсоох талаар е-мэйл явуулсан гэдгээ мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл дан ганц Л.Т биш хариуцсан ажилтан Д.Мөнхчимэг тухайн асуудлыг судлан үзэж, Л.Т, Д.Мөнхчимэг нар захирал Д.Цолмонтой уулзаж хэрхэх талаар зөвлөгөө авч, мөн хуулийн хэлтсийн захирал Э.Хосбаяртай утсаар холбогдон тухайн асуудлыг тодруулсан байдаг. Хэрэв тухайн этгээдүүд гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан бол ийнхүү асуудлыг дээд шатны дарга нартаа танилцуулан асууж, зөвлөгөө авахгүй.

Гэрч Мөнхчимэгийн мэдүүлэгт “2015 оны 7 дугаар сарын 31-ний баасан гарагт цайны цагаас өмнө ажил дээрээ байж байтал ресепшн утсаар яриад хуулийн хэлтсийнхэнтэй уулзана гээд хүн ирчихсэн байна гэсэн. Түүний дагуу доошоо буугаад очиход Энхтуяа гэдэг хүн, хүү нь гэх залуугийн хамт байсан ба надад танай хуулийн зөвлөх байна уу? Прокурорын тогтоолын дагуу асуудал шийдүүлэх гэсэн юм, хэнтэй уулзах юм бэ? гэснээс харахад Л.Т нь Б.Г, Энхтуяа нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх санаа сэдэлт байхгүй, мөн Энхтуяа нь бусад үйлчлүүлэгчийн нэгэн адил банкнаас үйлчилгээ авах гэж ирсэн харилцаа болох нь илэрхий байна. Л.Т, Б.Энхтуяа, Б.Гнар хоорондоо хувийн журмаар нэг ч уулзаагүй, нэг ч утсаар яриагүй, ямар харилцаа холбоо байхгүй байна. Р.Базармаа нь Б.Батчулуунтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж ярьдаг боловч бодит байдал дээр түүний эгч Төмөрцэцэг гэх хүнтэй талийгаач Б.Батчулуун “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ” байгуулсан нь тодорхой болсон. Р.Базармаа энэ гэрээний аль ч тал биш юм. Иргэн Төмөрцэцэг гэх хүн талийгаач Б.Батчулуунаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компани худалдан авсан бөгөөд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл иргэн Р.Базармаа гэх хүн гарч ирээд тухайн хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн мөнгийг авна хэмээн улайран зүтгэж байгаа нь хүний санаанд оромгүй, утгагүй үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл Р.Базармаа нь нас барсан хүний хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байхад, түүний компанийг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь авсан дээрээ нэмж мөнгө гаргуулан авахаар хөөцөлдөж байна.

Талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч буюу хүчин төгөлдөр өвийн гэрчилгээтэй этгээд нас барсан нөхрийнхөө данс дахь мөнгийг авсан байна. Нас барсан этгээд нь гэмт хэрэг үйлдэх замаар тухайн мөнгийг авсан гэж үзсэн бол шүүхээр талийгаач Б.Батчулууныг гэм буруутайд тооцоогүй. Хэрэв үнэхээр нас барсан хүнээс авлагатай бол хууль ёсны өв залгамжлагчаас нэхэмжилдэг хуультай. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхээс эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчим бөгөөд Б.Батчулууны гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар түүний эд хөрөнгийг хууль ёсны өвлөгчөөс нь өөр аливаа гуравдагч этгээдэд өгөх, албадан гаргуулах үндэслэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл талийгаачийн гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй байхад түүний хөрөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эсхүл гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэж дүгнэх хуулийн болон бодит боломжгүй. Шүүх ямар ч үндэслэлгүйгээр тухайн мөнгийг Р.Базармаад олгохоор шийдвэрлэсэн /хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй/.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлд өвлөгчийн хариуцлагыг тодорхой заасан байдаг. Тухайлбал 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж, 535.2-д “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус заасны дагуу талийгаач Б.Батчулууны хөрөнгийг хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан Б.Энхтуяагаас иргэний журмаар нэхэмжлэх, гомдол гаргах эрх хохирогчид нээлттэй юм. Хохирогч гэж өөрийгөө нэрлээд байгаа этгээд талийгаачаас авах авлагатай бол түүнийгээ хууль ёсны өв залгамжлагчаас нэхэмжлэн авах ёстойг Иргэний хуульд маш тодорхой заасан. Түүнээс биш татварын зүйл ангиар үүсээд хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг ашиглан өр төлбөрөө талийгаачийн битүүмжилсэн хөрөнгөөс шууд гаргуулан авах боломжгүй билээ. Үүнийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль зэргээр маш тодорхой зохицуулсан.

Хэргийн гол маргаан болох данс нээх хугацаа болоогүй байхад дансыг нээснээр Р.Базармаа хохирогч боллоо гэдэг. Гэтэл гомдол гаргах боломжтой этгээдүүд нь Иргэний хуулийн 520.1.1-д заасан этгээдүүдээс гомдол гаргаагүй, эдгээр хүмүүс Б.Батчулууны өвийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн байхад дансыг нээх хугацаа болоогүй байсан гэж маргах этгээд Р.Базармаа мөн байсан уу гэдэгт прокурор болон шүүхээс дүгнээгүй юм.

Л.Тийг гэм буруутай гэх нэг ч баримт хавтас хэрэгт байхгүй. Мөн гэрч нарын мэдүүлгээр Л.Т гэм буруутай үйлдэл хийгээгүй, буруугүй гэдэг нь тогтоогдсон. Л.Т ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргээ зөрчөөгүй, урвуулан ашиглаагүй. Яллагдагч Б.Батчулууны хэрэгт Л.Т ямар хамаатай болох, Р.Базармаа хохирсон гэх баримт огт байхгүй байхад ажлаа хийж байсан ажилтанг таамаглалд үндэслэж ялласан нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “201525020779 дугаартай хэргийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолын ТОГТООХ хэсэгт: “Өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хоригийг хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах” талаар тодорхой дурдсан байхад Чингэлтэй дүүргийн тойргийи нотариатчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” буюу прокурорын шийдвэр гарахаас өмнөх хууль бус хэлцлийг гэрчилсэн нотариатчийн шийдвэрийг үндэслэн, Хаан банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, мөн төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг зэргийг битүүмжилсэн хоригийг зөрчин Б.Энхтуяад давуу байдал тогтоож, хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Р.Базармаа, гэрч Н.Мөнхнаран, Б.Гүнсэл, Г.Алтанхүү, Д.Отгонбаатар, Д.Мөнхчимэг, Ц.Зулбаяр, Э.Хосбаяр нарын мэдүүлгүүд, Хаан банкны хүний нөөц хариуцсан захирал Д.Цолмонгийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03/1066 дугаартай “... Л.Тийг Хуулийн хэлтсийн хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон” тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Хаан банкны гадаад гуйвуулгын даалгавар, гүйлгээний баримт, Хаан банкны хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Баатарсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 03/381 дугаартай “...Л.Тийг хуулийн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд томилсон тухай” тушаал, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Н.Мөнхнарангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Дэндэвдоржийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “...Хаан банкийг иргэний хариуцагчаар татсугай... Иргэний хариуцагч Хаан банкийг төлөөлж Хаан банкны Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Л.Өнөржаргалд хуульд заасан эрх үүргийг тайлбарласугай” гэх тогтоол, Хаан банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 13 тоот тушаалын хавсралт “Депозит бүтээгдэхүүний бодлого, журам”, Монгол банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ө.Тайвангийн гаргасан шинжээчийн дүгнэлт, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч О.Лхагвадорж, Б.Халиунаа, Э.Хонгор нарын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Тийн сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна” гэжээ.

Гэтэл хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь Р.Базармаа, гэрч Н.Мөнхнаран, Б.Гүнсэл, Г.Алтанхүү, Д.Отгонбаатар, Д.Мөнхчимэг, Ц.Зулбаяр, Э.Хосбаяр нарын мэдүүлгийн аль хэсгээр Л.Т гэм буруутай болохыг тодорхойлоогүй. Мөн түүнийг албан тушаалд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргийг үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10-11-р хуудаст бичигдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Тийг шийтгэсэн. Гэвч эдгээр баримтуудад Л.Т нь гэм буруутай гэсэн нэг ч нотлох баримт байхгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. Хавтас хэрэг болон шийтгэх тогтоолд заагдсан баримтууд нь бүхэлдээ яллах биш цагаатгах талын баримтууд байна.

 

2. Р.Базармаад хохирол учраагүй болон хэрэг хянан ншйдвэрлэх ажиллагааны талаар:

Талийгаач Б.Батчулуунд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд хянан шийдвэрлэгдэж байтал Б.Батчулуун нас барснаар 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан” гэж заасны дагуу энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хэрэгсэхгүй болгосон хэргийг тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “энэ хуулийн 24.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх хэрэг хянан ишйдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл энэ үндэслэлээр дээрх этгээдүүдээс хэн ч гомдол гаргаагүй байтал энэ хэргийг хэрхэн сэргээж, хэрэгт огт хамааралгүй банкны ажилтан Л.Тийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан буюу банкийг хохироосон гэх хэрэгт яллагдагчаар татсан нь өмнөх хэрэгсэхгүй болгож, эзэн холбогдогчгүй болсон хэргийг хэн нэгнээр үүрүүлж, гэмгүй хүмүүсээс мөнгө гаргуулж авах гэсэн хохирогч болон бусад албан тушаалтан, этгээдүүдийн бохир санаа юм.

Ийнхүү Б.Батчулууныг нас барсны дараа татвар төлөхөөс зайлсхийх хэргийн хохирогчоор Сангийн яамыг татахгүйгээр Р.Базармааг хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар тухайн хэрэгтээ Л.Т, Б.Гнарыг татан шалгаж байгаад тусгаарласан нэрээр нас барсан хүн, түүний хууль ёсны өв залгамжлагчийн авсан мөнгийг өөр этгээдээс гаргуулахын тулд ийнхүү гэмгүй хүнийг гэмтэн болгох ажиллагаа явагдлаа.

Р.Базармаа хохирсон гэх нэг ч баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэрхэн хохирсон болгож, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч үндэслэлээ шийтгэх тогтоолдоо бичээгүй байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.12 дугаарр зүйл нь хуулийн этгээдийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан байгууллагадаа хохирол учруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийг хэрэглэхээр заасан. Гэтэл энэ зохицуулалтыг үндэслэж Л.Тийг яллагдагчаар татан, иргэн Р.Базармааг хохирогчоор тогтоосон нь ямар ч үндэслэлгүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдэд тодорхойлсон ашиг хонжоо, давуу байдал зэргийг Л.Т хэрхэн, яаж ашигласан нь тодорхойгүй. Хэрэв гэмт хэрэг үйлдэх гэж байсан бол амралтаа аваад явсан захирлаасаа Б.Энхтуяагийн хүсэлтийн талаар асуухгүй.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1053 дугаартай прокурорын тогтоол дээр хохирогч Р.Базармаагийн “...Хаан банкны дансанд битүүмжлэлтэй байсан мөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад олгож зарлагын гүйлгээ хийж олгосон асуудалд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг байна. Эндээс үзэхэд Р.Базармаагийн Хаан банкны данс дахь мөнгийг Л.Т дур мэдэн Энхтуяад аваад өгчихсөн гэж ойлгогдохоор байна.

Харин Хаан банкин дахь талийгаач Б.Батчулууны мөнгийг иргэн Р.Базармаа яагаад өөрийнхөө мөнгө гэж үзээд байна вэ. Дансны барилт зогсоход Р.Базармаа хууль ёсны өв залгамжлагчаас өмнө тэрхүү мөнгийг авах давуу эрхтэй байх эрх зүйн ямар ч зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдаагүй байна.

Ийнхүү талийгаач Батчулууны данс дахь мөнгийг хохирогч гэх Р.Базармаа шууд авах эрх зүйн үндэслэл хаана, ямар хуульд байгааг тогтоогоогүй хэрнэ эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн, нотолбол зохих нөхцөл байдлуудыг огт тогтоогоогүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” Эрүүгийн хэрэг үүхэд Хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Мөн зүйлийн З дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг тус тус зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Хохирогч гэх Р.Базармаа нь Анхан шатны шүүх хурал дээр Батчулуун надад мөнгө өгнө гэж байсан юм аа тиймээс би мөнгөө авна гээд байдаг. Гэвч Батчулуун нь Базармаад мөнгө өгнө гэж илэрхийлж байсан баримт хэрэгт огт байдаггүй. Хүчин төгөлдөр прокурорын тогтоол, хууль ёсны дагуу зохих байгууллагаас авсан өвлөх эрхийн гэрчилгээтэй иргэнд хуулийн дагуу өвийг шилжүүлэх ёстой бөгөөд харин шилжүүлэхгүй бол БЭБХЭМХТТЗҮАТХ-ийн 5.4-д “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй” гэж заасан үүргээ зөрчих юм.

Хохирогч гэх Р.Базармаа нь “2.061.839.952 төгрөгийг Хаан банкаар төлүүлж Б.Энхтуяаг гадаадаас ирсний дараа дахиад ийм мөнгийг түүнээс шаардана” гэж анхан шатны шүүх хурал дээр ярьж байсан. Тэгвэл хуулийн этгээдээс мөнгө гаргуулж дараа нь Б.Энхтуяагаас мөнгө гаргуулснаар Р.Базармаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр байх уу.

Одоо Р.Базармаа, түүний эгч Төмөрцэцэг нар нь Б.Батчулууны ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийг ашиглаж байгаа, Төмөрцэцэг, Б.Батчулуун нарын хооронд хийсэн “Худалдах худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр байгаа, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй тус газар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн энэ тогтоол Р.Базармаа, Төмөрцэцэг нарт үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олголоо.

Б.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхнарангийн гарын үсэг, прокурорын тамгатай, хүчин төгөлдөр 107 тоот тогтоолд “...энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө....зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай...” гэж маш тодорхой заасан. Дээрх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд эд мөрийн баримт, таслан сэргийлэх арга хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгө хэрхэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гарсан бөгөөд прокуророос хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарсны дараа өөр ямар нэгэн тогтоол хүчин төгөлдөр үлдэх үндэслэлгүй бөгөөд тусад нь тогтоол гаргаж таслан сэргийлэх арга хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэдэггүй. 

Тус тогтоолыг гаргасан прокурор Н.Мөнхнаранг гэрчээр байцаасан тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд тэрээр мэдүүлэгтээ “өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай” гэдэг нь өв залгамжлалын асуудал шийдвэрлэсэн тохиолдолд гэсэн утгатай болохыг маш тодорхой мэдүүлсэн. Нас барсан хүний өмчлөлийн асуудлыг өвөөс өөрөөр шийддэг хууль Монгол Улсад байхгүй.

Л.Тийг “...прокурорын тогтоолд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад...” гэх үндэслэлгүй зүйлээр буруутгадаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд прокурорын тогтоол гомдол гартал түдгэлздэггүй, харин гарсан даруй хэрэгжих учиртай гэдгийг бид бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Прокурорын тогтоолд гомдол гаргахыг хүлээгээд хэрэгсэхгүй болсон хэрэг дээр хүн цагдан хориод байдаггүй гэх энгийн жишээ байна.

Өмнө энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1925 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан юм. Ийнхүү буцаахдаа Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэж захирамжийн үндэслэх хэсэгт тусгасан байдаг. Гэтэл өмнөх шинжээчийн дүгнэлтээ бататгасан шинжээчийн дүгнэлтээс өөр ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт шинээр бүрдүүлэхгүйгээр хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг огт тогтоогоогүй атлаа Л.Тийг гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Шүүх өмнө өөрийнхөө гаргасан захирамжийн биелэлтийг хангаагүй байхад буюу өмнө өөрөө тухайн асуудал нотлогдоогүй гэж дүгнэсэн байтлаа шийтгэх тогтоол гаргасан байна.

Ийнхүү шүүгдэгч Л.Тийг гэм буруутай гэх нэг ч нотлох баримт хавтас хэрэгт байхгүй, Л.Т нь Р.Базармаад ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулаагүй, мөрдөн байцаагч, прокурор хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй байхад анхан шатны шүүхээс Л.Тийг гэм буруутайд тооцож, шийтгэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Тд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн зүгээр хохирлын мөнгийг Хаан банкнаас гаргаж Базармаад олгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Батчулууны дансанд орсон. Базармаа хохирсон гэх зүйл нотлогдоогүй. Тухайн мөнгөний эх үүсвэрийг шалгаж тогтоогоогүй. Мөнгөний эх үүсвэр Төмөрцэцэг, Базармаагийн хэн аль нь болохыг тогтоогоогүй хэрнээ Хаан банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Банкны мөнгийг шилжүүлсэн гол үндэслэл нь өвийн асуудал, прокурорын данс битүүмжилсэн тогтоол байсан. Прокурор Н.Мөнхнаран өмчлөлийн асуудлыг нээлттэй орхисон. ...” гэв.

 

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан хууль зөрчсөн гэх асуудал байхгүй учир хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна. Битүүмжилсэн шийдвэр гарсан байхад түүнийг зөрчиж өмчлөх эрхтэй холбоотой хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, прокурорын тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдож байна. Б.Гнь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо дансны лавлагаа авах ажиллагааг огт хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Ггаас асуухад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хариулт өгсөн. Хэрэв лавлагаа мэдээлэл авсан бол өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа. Л.Т нь Энхтуяад давуу байдал тогтоож, хохирогч Базармаад их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Энэ үйлдэл нь хохирогч Базармаагийн мэдүүлэг, гэрч Н.Мөнхнаран, Гүнсэл, Мөнхчимэг, Зулбаяр, Хосбаяр нарын мэдүүлэгүүдээр нотлогдож тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1809000000423 дугаартай хэргийг тухайн шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Т нь хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан буюу Хаан банкны хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 201525020779 дугаартай хэргийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолын ТОГТООХ хэсэгт: “Өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хоригийг хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах” талаар тодорхой дурдсан байхад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” буюу прокурорын шийдвэр гарахаас өмнөх хууль бус хэлцлийг гэрчилсэн нотариатчийн шийдвэрийг үндэслэн, ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, мөн төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг зэргийг битүүмжилсэн хоригийг зөрчин Б.Энхтуяад давуу байдал тогтоож, их хэмжээний хохирол учруулсан болох нь:  

 

            гэрч Н.Мөнхнарангийн “...Сэжигтэн Б.Батчулуун нь 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байсан учир Эрүүнгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгох тогтоолд Б.Батчулууны Хаан банкин дахь ам доллар болон төгрөгийн хувийн данснуудын гүйлгээг хязгаарласан мөрдөн байцаагчийн битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсэн.  ...Дээрх мөнгө, эд хөрөнгийн битүүмжлэлийг хэвээр үлдээж ар гэрээс нь хэн нь өв залгамжилж, өмчлөхөөр болж шүүхээр тогтоогдож ирсэн хойно нь шийдвэрлэнэ гэж үзэж оруулсан юм. ...” /1хх-150-152/,

 

гэрч Г.Алтанхүүгийн “...Тэр гүйлгээнүүдийг би харилцагч Б.Энхтуяагийн хүсэлтээр хийсэн байгаа юм. Мөн Энхтуяагийн төгрөгийн дансан дахь мөнгийг долларын данс руу нь шилжүүлсэн гүйлгээг ч би хийсэн байна. Тэгээд ам.долларын 5014402267 тоот дансан дахь 935.221 ам.долларын гадаад гуйвуулгыг мөн харилцагчийн хүсэлтээр хийсэн. Харилцагч өөрөө бичиг баримттайгаа байж байгаад гүйлгээгээ хийлгэсэн. Харин гүйлгээ хийхэд Батчулууны данснуудад барилт байгаагүй, битүүмжилсэн мэдээлэл байгаагүй. Тийм болоод гүйлгээ хийсэн байж таараа. Хэрэв битүүмжлэлтэй байсан бол би гүйлгээ хийхгүй, хийе гэсэн ч болохгүй. Учир нь анх данс битүүмжилсэн барилт хийсэн салбар л тэр барилтаа чөлөөлөх ёстой, программыг тэгж тохируулсан байдаг юм. ...Б.Батчулуун нь нас барсан байсан бөгөөд түүний Хаан банкин дахь данснуудад байгаа мөнгийг Б.Энхтуяа нь өвлөн авах, өвлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Данс эзэмшигч нь нас барсан тохиолдолд өвлөгчид нь өвлөх эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэргийг үндэслэн гүйлгээг хийж болно гэсэн дотоод журам байдаг...” /1хх-156-157/,

 

гэрч Д.Отгонбаатарын “...2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай салбарын захирал ээлжийн амралтаа авчихсан эзгүй байсан. Захирлыг байхгүйд салбар дээр тухайн өдөр ажиллаж байгаа ахлах теллер нь захирлыг орлоод ажилаа хариуцаад явчихдаг юм. Тэр өдөр би ажиллаж байсан. Өдөр 12 цагийн үед манай банкны “Тэнгис” салбараас яриад “Батчулуун гэдэг хүний нэр дээр байгаа ам.долларын 5007968354, төгрөгийн 5007623466 тоот данснуудын барилтыг тавих талаар хуулийн хэлтсээс мэдэгдсэн үү? манай салбар дээрээс гүйлгээ хийх гээд байгаа юм” гэсэн. Тэгэхэд нь байгууллагынхаа дотоод мэйлийг шалгаж үзээд хуулийн хэлтсээс ямар нэгэн мэйл ирээгүй болохоор нь нөгөө хүнд “мэйл ирээгүй байна, хуулийн хэлтсээс заавал барилт тавих талаар мэйл ирэх ёстой, хэрэв тийм мэйл ирвэл дансны барилтыг хурдан тавих болно” гэсэн. Түүнээс хойш удаагүй 10 орчим минутын дараа манай байгууллагын дотоод мэйлээр хуулийн хэлтсээс мэйл ирсэн. Хуулийн хэлтсийн туслах ажилтан Мөнхчимэг “Сайн байна уу, хавсаргасан мэдэгдлийн дагуу дансны барилтыг чөлөөлж, хариу ирүүлнэ үү? асуух зүйл байвал тодруулна уу?” гэсэн мэйл явуулсан бөгөөд мөн давхар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолыг явуулсан байсан. Тэдгээрийн мэдээллийг хэвлэж гарган аваад тэр доор нь би ам.долларын 5007968354, төгрөгийн 5007623466 данснуудын барилтыг чөлөөлсөн. Тухайн хоёр дансыг өмнө нь манай салбар дээр барьчихсан байсан болохоор заавал манайх руу мэдэгдэж чөлөөлүүлдэг юм. Данс барих, чөлөөлөх тохиолдолд хуулийн хэлтсээс ирүүлсэн холбогдох баримт, мэйлийг үндэслэдэг юм. Түүнээс өөрөөр бусад зүйлсийг нь асуугаад байдаггүй юм. Хуулийн газрынхан бүх зүйлийг шалгачихаад эцсийн байдлаар шийдвэр гаргаад манайд мэдэгдсэн гэсэн үг юм...” /1хх-161/,

 

гэрч Д.Мөнхчимэгийн “...Миний эрхэлж байгаа ажил бол хууль эрх зүйн мэргэжилтнүүдийн доор ажилладаг. Манай хэлтэстэй холбоотой ирсэн бичгүүдийн хариуг мэргэжилтнүүдийн зааврын дагуу бичиж, хянуулан гарын үсэг зуруулж, холбогдох газруудад хүргүүлдэг. 2015 оны 7 дугаар сарын 31-ний баасан гарагт цайны цагаас өмнө ажил дээрээ байж байтал ресепшн утсаар яриад “Хуулийн хэлтсийнхэнтэй уулзана гээд хүн ирчихсэн байна” гэсэн. Түүний дагуу доошоо буугаад очиход тэр Энхтуяа гэдэг хүн, хүү нь гэх залуугийн хамт байсан ба надад “танай хуулийн зөвлөх байна уу? прокурорын тогтоолын дагуу асуудал шийдвэрлүүлэх гэсэн юм, хэнтэй уулзах вэ? гэсэн. Тэр хүн прокурорын тогтоол, өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичиг баримтууд үзүүлж байсан. Тухайн үед манай газрын захирал Хосбаяр, хуулийн мэргэжилтэн Баасаннаран, Энхчимэг, ахлах хуулийн зөвлөх Өнөржаргал нар ээлжийн амралтаа авчихсан байсан ба ахлах хуулийн зөвлөх Тэмүүлэл, хуулийн зөвлөх Мөнхбаатар, Бадамхорол нар гадуур ажилтай явчихсан байсан. Ингээд би нөгөө 2 хүнийг дагуулж 2 давхарт уулзалтын өрөөнд оруулаад прокурорын тогтоолыг авч “ахлах хуулийн зөвлөхөд танилцуулъя” гээд Тэмүүлэл ахад аваачиж өгөөд “энэ талаар хүн ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэр прокурорын тогтоол дээр “хуулбар үнэн” гээд тамга дарчихсан байсан. Доторх агуулгыг би уншаагүй. Харин ахлах хуулийн зөвлөх Тэмүүлэл авч уншаад холбогдох хуулийг нь харж байсан. Дараа нь уулзалтын өрөөнд орж нөгөө хүмүүстэй уулзсан. Тэмүүлэл “хүлээх хоног байна” гэж хэлээд гараад явсан. Тэгтэл нөгөө Энхтуяа гэдэг эмэгтэй “би өмгөөлөгчтэй утсаар яриадахъя, чи саяны хүнд утас аваачиж өгөөд яриулчих” гэсэн. Тэгээд тэр хүний утсыг Тэмүүлэл ахад аваачиж өгсөн ба тэр утсаар ярьчхаад нөгөө хүмүүс дээр эргэн очиж уулзсан. Нилээд удаж байгаад нөгөө хүмүүс явсан байх. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Тэмүүлэл “нөгөө прокурорын тогтоолын дагуу данс нээх талаар тооцооны төв рүү мэйл бичээд явуулчих” гэсэн. Би ч тэр даруй барьчихсан байсан төгрөгийг нэг, ам.долларын нэг данснуудыг нээж чөлөөлөх талаар бичээд, прокурорын тогтоолыг скайнердаж “Ард” салбар руу мэйл явуулсан. Бас “Тэнгис” тооцооны төвийн захирал Зулбаяр руу тэр талаар мэйлээр мэдэгдэж, прокурорын тогтоолын хуулбарыг явуулсан. Учир нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нөгөө Энхтуяа гэдэг эмэгтэйг доор ирчихсэн манай газрынхантай уулзана гэж байхад ажлын утас руу Зулбаяр захирал яриад “настай эмэгтэй хүн бичиг аваад очно, тэр бичгийг нь сайн шалгаад арга хэмжээ авч болох нь уу, ямар арга хэмжээ авсан талаар хариуг нь хэлээрэй” гэсэн юм...” /1хх-164-165/,

 

гэрч Ц.Зулбаярын “...2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай салбар дээр Энхтуяа ирсэн бөгөөд түүнтэй хамт хүү, бэр нь гээд хүүхэн, залуу хоёр хамт явж байсан. Тэгээд манай банкны хуулийн газраас нөхрийнх нь дансны барилтыг чөлөөлөхийг хүлээж нэлээд удсан. Манай хуулийн газраас Ард салбар руу дансны барилтыг чөлөөлөх талаар мэдэгдсэн байх. Мөнгө байршуулсан дансыг анх нээлгэсэн Ард салбарт мэдэгдэж байж дансны барилтыг чөлөөлдөг ёстой юм. Тэгээд данс нь чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө өвлөх эрхийн гэрчилгээ холбогдох бичиг баримтуудаа үзүүлээд нөхрийнхөө дансанд байсан 300 мянга гаруй ам.доллар, 1.4 тэрбум төгрөгийг өөрийнхөө нэр дээр тэр өдөр манайд нээлгэсэн 2 данс руу шилжүүлэх гүйлгээ хийлгэсэн. Дараа нь 1.4 тэрбум төгрөгөө ам.долларын данс руугаа 671,635 ам доллар болгон арилжаа хийж шилжүүлсэн. Түүнийхээ дараа нийт 935,221 ам.доллараа гадаад гуйвуулгаар Цэрэнбаатар Баясгалан гэдэг хүний АНУ-ын Сан франциско хотын Ведс фарго банкны 3599868886 данс руу шилжүүлэг хийлгээд явсан. Гүйлгээний утгаа “Уул уурхайн дрилингийн тоног төхөөрөмж” гэж бичсэн байсан. Дахин тэр хүмүүстэй уулзаагүй байж байтал 2015 оны 9 дүгээр сард манай банкны Комплейнсийн газар буюу асуудал шийдвэрлэх газраас над руу яриад “танай төвөөс 8 дугаар сарын 3-ны өдөр АНУ-руу хийгдсэн гүйлгээний харилцагчийн мэдээлэл хэрэгтэй байна” гэсэн. Тухайн банкнаас нь мөнгөний гарал үүслийг нь тодорхойлох зорилгоор мэдээлэл нэхсэн байсан. Ингээд би Энхтуяагийн мэдээллийг хайсан өөртэй нь холбогдох гэсэн утас нь холбогдоогүй, гэр рүү нь очиход түүний хажуу айл “эднийх нь байхгүй удаж байгаа” гэсэн байсан. Ингээд Комплейнсийн газар руу “харилцагчаа олж чадахгүй байна, гэртээ байхгүй, утас нь холбогдохгүй байна” гэж мэдэгдсэн. Ер нь бол хуулийн газраас дансны барилтыг чөлөөлөх талаар “Ард” салбарт мэдэгдсэний дагуу тухайн салбар нь дансны барилтыг тавьсан байсан. Нотариатаар баталсан өвлөх эрхийн гэрчилгээнийх нь дагуу манайх шилжүүлэг хийсэн юм. Нэмж хэлэхэд 2015 оны 7 дугаар сарын сүүлээр Энхтуяа ярихдаа “танай хуулийн газарт бичиг баримтаа өгчихсөн байгаа, өмнө нь өөрийнхөө дансыг чөлөөлүүлэхэд миний регистрийг буруу биччихээд хоёр хоног чирэгдэл үүсгэсэн, чи хуулийн газрынхан руугаа яриад чирэгдүүлэхгүйгээр хийгээд өгөөрэй” гэж хэлээд өгөх боломжтой юу гэж гуйсан. Ингээд хуулийн газрын захирал Хосбаяр руу ярьж тэр талаар хэлэхэд Хосбаяр “би ээлжийн амралттай байна. Хуульч Тэмүүлэл ажил хийж байгаа, түүнд өгье” гэж байсан...” /1хх 166/,

 

гэрч Э.Хосбаярын “...Хаан банкны эрх зүйн газрын ахлах хуулийн зөвлөх Л.Т нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 107 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын 3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Бямбанамжилын Батчулууны 5007968354 тоот ам.долларын, 5007623466 тоот төгрөгийн данснуудын барилтыг чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Ггийн 007 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх данснууд дахь мөнгийг Батчулууны эхнэр Бямбаагийн Энхтуяагийн хүсэлтээр 5014402262 тоот ам.долларын, 5014402256 тоот төгрөгийн данснууд руу 312,600 ам доллар, 1,440,931,950 төгрөгийг шилжүүлсэн. Ийм тохиолдолд манай банкны албан тушаалтны тушаал шийдвэр гардаггүй. Харин манай банкны мэргэжилтэн хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч, ахлах хуулийн зөвлөхтэй зөвшилцөн шийдвэрлэдэг. Тухайн үед би өөрөө ээлжийн амралттай бусад ахлахууд ч ээлжийн амралттай байсан. Миний ажлыг орлож үлдсэн хүн нь ахлах хуулийн зөвлөх Л.Т байсан. Л.Т, мэргэжилтний туслах ажилтан Мөнхчимэг нар энэ асуудлыг шийдвэрлэсэн байсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын 3 дугаар хэсэгт битүүмжилсэн мөнгө хөрөнгийн өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн хойно хоригийг цуцлах талаар тодорхой заасан байгаа юм. Нас барсан хүний хөрөнгийг өмчлөлийн асуудлыг нотариат шийдвэрлэхээр Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан байдаг. Үүний дагуу нотариатын хийсэн өвлөх эрхийн гэрчилгээний дагуу манай ажилтнууд шийдвэрлэсэн байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр прокурор Мөнхнарангийн 107 дугаар тогтоолд битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан гэж үзсэн байгаа...” /1хх-167-168/ гэх мэдүүлгүүд,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Н.Мөнхнарангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /1хх 158-159/,

 

Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Ггийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхтуяад олгосон №007 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хуулбар /1хх-36-38/,

 

Хаан банкны гадаад гуйвуулгын даалгавар, гүйлгээний баримт /1хх-40-43/,

 

Хаан банкны хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Баатарсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 03/381 дугаартай “...Л.Тийг Хуулийн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд томилсон тухай” тушаал /1хх-138/, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /1хх-123, 125-126, 127-137/,

 

Хаан банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 13 тоот тушаалын хавсралт “ДЕПОЗИТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОДЛОГО, ЖУРАМ” /2хх 24-32/ зэрэг,

 

шүүгдэгч Б.Гнь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Батчулууны ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг, орон сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийн №007 дугаартай гэрчилгээгээр Б.Энхтуяад олгож, их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

гэрч Ц.Зулбаярын “...2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай салбар дээр Энхтуяа ирсэн бөгөөд түүнтэй хамт хүү, бэр нь гээд хүүхэн, залуу хоёр хамт явж байсан. Тэгээд манай банкны хуулийн газраас нөхрийнх нь дансны барилтыг чөлөөлөхийг хүлээж нэлээд удсан. Манай хуулийн газраас Ард салбар руу дансны барилтыг чөлөөлөх талаар мэдэгдсэн байх. Мөнгө байршуулсан дансыг анх нээлгэсэн Ард салбарт мэдэгдэж байж дансны барилтыг чөлөөлдөг ёстой юм. Тэгээд данс нь чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө өвлөх эрхийн гэрчилгээ холбогдох бичиг баримтуудаа үзүүлээд нөхрийнхөө дансанд байсан 300 мянга гаруй ам.доллар, 1.4 тэрбум төгрөгийг өөрийнхөө нэр дээр тэр өдөр манайд нээлгэсэн 2 данс руу шилжүүлэх гүйлгээ хийлгэсэн. ...” /1хх 166/ гэх мэдүүлэг,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Н.Мөнхнарангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /1хх 158-159/,

 

Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Ггийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхтуяад олгосон №007 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хуулбар /1хх-36-38/,

 

Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Ггаас бичиг баримт түр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 52-57/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хаан банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312,600 ам.доллар, мөн төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1,440,931.950 төгрөгийг  иргэн Б.Батчулууны холбогдон шалгагдаж буй 2015250207779 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжилсэн байсан ба дансны эзэмшигч Б.Батчулуун нь  2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан /1хх 211/ байна.

 

Тус дансыг битүүмжилсэн эрх бүхий этгээд болох прокурор нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокруорын газрын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “ТОГТООХ нь: ... энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Б.Батчулууны Хаан банкин дахь валютын 5007968354 тоот дансанд 312,600 ам.доллар, төгрөгийн 5007623466 тоот дансанд 1,440,931.950 төгрөгийн гүйлгээг битүүмжилсэн тогтоол ...зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцласугай...” гэж шийдвэрлэсэн байхад ХААН банкны Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Л.Т нь иргэн Б.Энхтуяагийн ХААН банкид гарган өгсөн “...прокурорын шийдвэр гарсан 2015 оны 7 дугаар сарын 30-ний өдрөөс өмнөх 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн “Өвлөх эрхийн гэрчилгээ”...” -г үндэслэн Хаан банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, мөн төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг зэргийг битүүмжилсэн хоригийг зөрчин Б.Энхтуяад давуу байдал тогтоож, битүүмжилсэн данснуудаас зарлагын гүйлгээ хийлгэж их хэмжээний хохирол учруулсан...” байна.

 

Иймд Л.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хуулийн этгээдийн ...гүйцэтгэх албан тушаалтан ...бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, ...дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан ...” гэсэн шинжтэй.

 

Хавтас хэрэгт авагдсан Монгол банкны хяналт шалгалтын газрын шинжээчийн дүгнэлт, Монгол банкны бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлт /3хх 49-51, 68-71/ зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх заавал баримтлах /үнэлэх/ үүрэггүй бөгөөд тус дүгнэлтэд ХААН банкны хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Л.Тийн тус битүүмжилсэн дансаас гүйлгээ хийх боломжийг бүрдүүлсэн үйлдэл нь Хаан банкны “Харилцагчийн нууцлалтай холбоотой мэдээ, мэдээллийн эрх бүхий байгууллагад гаргаж өгөх, данс битүүмжлэх, зарлагын гүйлгээ хийх тухай журам”-ын “ДӨРӨВ. ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДАНСНЫ ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭГ ХААХ /БИТҮҮМЖЛЭХ/ Харилцагчийн дансанд хаалт хийхдээ Хууль, эрх зүйн газрын (Улаанбаатар хотын хувьд ахлах хуулийн зөвлөх...) зөвшөөрлийг үндэслэнэ. ...4.1.2 Харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолыг прокурор зөвшөөрсөн,...” гэснийг илэрхий зөрчсөнийг дүгнэж чадаагүй байна. Тодруулбал, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн дансыг 2015 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн прокруорын тогтоолоор хэвээр үлдээсэн байхад 2015 оны 6 дугаар сарын 21-ний “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр чөлөөлж байгаа Л.Тийн үйлдэл нь үндэслэлгүй.

 

Мөрдөгчөөс шинжээчид тавьсан “...Л.Т нь ямар хууль тогтоомж, дүрэм журмыг хэрхэн зөрчиж, битүүмжилсэн хоригийг цуцалсан болох?...” гэсэн асуултад шинжээч Ө.Тайван нь “...ХААН банкны хууль журамд дээрх асуудлыг зохицуулах талаар тусгаагүй байна. ...” гэж /3хх 50/, бүрэлдэхүүнтэй шинжээчид “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллгаааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалтад нийцүүлэн гаргасан ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2014 оны 1 дүгээр сарын 7-ний өдрийн 13 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “ХААН банкны депозит бүтээгдэхүүний бодлого, журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8.1b, 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсэгт заасны дагуу ХААН банк битүүмжийг цуцалсан нь хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. ...” /3 хх69/ гэж дүгнээд битүүмжилсэн дансны үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан Хаан банкны “Харилцагчийн нууцлалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх, данс битүүмжлэх, зарлагын гүйлгээ хийх тухай журам”-ыг шинжлэн судлаж, дүгнэлтээ бүрэн хийгээгүй байна. 

 

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Гнь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан “...Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно.” гэж заасныг  биелүүлж өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг хийх ёстой атал зөрчиж, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 007 дугаарын “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн байсан нас барагч Б.Батчулууны эзэмшлийн “...ХААН банкин дахь доллар, төгрөг...”-г өвлөх эрхийн гэрчилгээг олгосон /2хх 65/ байна.

 

Б.Батчулууны эзэмшлийн ХААН банкин дахь “...валютын 5007968354 тоот дансанд 312.600 ам.доллар, төгрөгийн 5007623466 тоот дансанд 1,440,931,950 төгрөг...” байгаа болох нь тус гэрчилгээг олгох үед нотариатч Б.Гд илэрхий байсан нь  2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 007 дугаарын “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хавсралт /2хх 66/, наториатчийн бүртгэлийн дэвтрийн бичилт /2хх 64/ зэргээр нотлогдож байна.

Иймд эрх бүхий байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Б.Энхтуяад өвлөх эрхийн гэрчилгээгээр олгож буй нотариатч Б.Ггийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан “Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсаны ...улмаас бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ...их хэмжээний хохирол учирсан...” гэсэн шинжтэй байна.

 

Анхан шатны шүүхийн тэдний үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас шүүгдэгч Л.Тд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас шүүгдэгч Б.Гд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус  сонгон оногдуулсан болон ялын хэмжээ зэрэг нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд нийцсэн байна.

 

Иймд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Гэвч хэргийг хянаж үзэхэд, ХААН банкин дахь “...валюын 5007968354 тоот дансан дахь 312600 ам.долларын, төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1,440,931,950 төгрөг...”-ийн эзэмшигч Б.Батчулуун нас барсан ба прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн тус мөнгөн хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокруорын газрын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолын  “ТОГТООХ нь: ... энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Б.Батчулууны Хаан банкин дахь валютын 5007968354 тоот дансанд 312,600 ам.доллар, төгрөгийн 5007623466 тоот дансанд 1,440,931.950 төгрөгийн гүйлгээг битүүмжилсэн тогтоол ...зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцласугай...” гэсэн шийдвэр хуулийн хүчинтэй хэвээр байна.

 

Энэхүү битүүмжлэгдсэн нэр бүхий дансанд дахь мөнгөн хөрөнгийн өвлөгч нь, эсхүл өмчлөгч нь хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Базармааг гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт байхгүй, шийдвэрлэгдээгүй байхад шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч “Хаан банк”-наас 2,061,839,952 /хоёр тэрбум жаран нэгэн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан Р.Базармаад олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Л.Тд битүүмжлэгдсэн дансны хөдөлгөөнийг зохицуулах эрхийг олгосон ХААН банкийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй ба Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг сэргэх зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар ХААН банкаар битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийг тус тус дансанд нь байршуулуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, бусад заалтын хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч “Хаан банк”-наас 2.061.839.952 /хоёр тэрбум жаран нэгэн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Базармаа /РД: ЦВ74032964/-д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Хаан банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансанд 312,600 /гурван зуун арван хоёр мянга зургаан зуу/ ам.доллар, төгрөгийн 5007623466 тоот дансанд 1,440,931,950 /нэг тэрбум дөрвөн зуун дөчин сая есөн зуун гучин нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг байршуулахыг иргэний хариуцагч Хаан банкинд даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ