Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.Ж***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О***,

Хариуцагч: Монголбанк,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Төв банкны эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.О***, Санхүү бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Б,

Хариуцагч: Татварын ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Б.Э***, Ч.О*** нарын хоорондын Монголбанканд тушаасан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсантай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О***, хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, Б.Б, хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О***, иргэдийн төлөөлөгч О.Эн***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Ж*** нь Монголбанканд холбогдуулан “Монголбанканд худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар суутган авч буй Монголбанкны үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Монголбанкны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан 2,346,409 төгрөгийн хохиролыг гаргуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Д.Ж*** нь анх 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголбанкинд 210,97 гр алтыг /нэгжийн үнэ 111,182 төгрөг/ нийт 23,456,066.54 төгрөгөөр, 13,14 гр мөнгийг /нэгжийн үнэ 1221,54 төгрөг/ нийт 16,051.04 төгрөгөөр тус тус худалдсан.

                 Монголбанк тухайн худалдан авсан алт болон мөнгөний нийт үнийн дүн болох 23,472,117.58 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь /1,173,605.88 төгрөг/, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарсан өсөн нэмэгдэх төлбөрт алтны үнийн дүн болох 23,456,066.54 төгрөгөөс 5 хувь буюу 1,172,803.33 төгрөгийг, нийт 2,346,409.21 төгрөгийг тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутгасан авч үлдэх төлбөрийг нэхэмжлэгч Д.Ж***-д өгсөн.

           3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Ж***-ээс Монголбанканд хандан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болон 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус тус өргөдөл, гомдол гаргасныг Монголбанкнаас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б-10/987 дугаар албан бичгээр “... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээс үл хамааран алт тушаагч нь нөөц ашигласны татварыг төлөх үүрэгтэй” гэсэн агуулга бүхий татгалзсан хариуг өгснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

.           4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

            “...Миний бие ашиг олох зорилготойгоор иргэдийн гар дээрх алтыг хямд байх үед нь худалдан авч цуглуулж байгаад үнэд орсон үед буюу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголбанкнаас зарласан ханш 1гр алт 111,182 төгрөгөөр тус банканд алтаа худалдсан боловч Монголбанк миний худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөг, нийт 2,346,409.21 төгрөг суутган авсан.

            Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх нэр томъёог энэ хуулийн 4 дүгээр зүийн 4.1.21-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ” гэжээ.

            Өөрөөр хэлбэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд улсын төсөвт төлөхөөр зохицуулсан харилцаа байна.

            Гэтэл миний ашиг олох зорилготойгоор иргэдийн гар дээрх алтыг хямд байх үед нь худалдан авч цуглуулж байгаад үнэд орсон үед Монголбанканд тушааж байгаа ажил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хамаарах хуулийн зохицуулалт биш байхад худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр 1,173,605 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803 төгрөгийг суутган авсан Монголбанкны үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус үйлдэл байна.

            Алтыг хэн хэнээс, хэзээ, хэрхэн авсан тухайд миний бие тухайн үед Урт цагааны гудамжны зүүн жигүүр талаас урагш харсан 3, 4 дэх хаалгаар орж хувь хүнээс авсан ба хаалганы дээд талд “Хөм” гэсэн бичиг байсан санагдаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх нэр томъёог энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ” гэжээ. Энэ нь тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байгаа хуулийн этгээд байхаар хуульчилжээ. Өөрөө хэлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд улсын төсөвт төлөхөөр зохицуулсан харилцаа байна. Гэтэл иргэн Д.Ж*** ашиг олох зорилгоор иргэдийн гар дээрх алтыг зах зээлийн ханш хямд байх үед нь худалдан авч цуглуулаад, зах зээлийн ханш үнэтэй болох үед нь Монголбанканд тушааж байгаа ажил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хамаарах этгээд биш байхад худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803 төгрөгийг суутган авсан Монголбанкны үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна.

Бид Татварын албанд холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Захиргааны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлоо Монголбанкнаас нэхэмжилж байна” гэв.

  1. Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалын 3.3 “Монголбанк болон арилжааны банк, иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсөвт төлнө гэсэн зохицуулалтын хүрээнд Монголбанк нь тус банканд алт худалдсан иргэд, хуулийн этгээдээс холбогдох татварыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тооцон суутгаж Татварын ерөнхий газрын улсын төсвийн дансанд шилжүүлдэг болно.

                 Иймд Монголбанк хариуцагчаар оролцох үндэслэлгүй, тус иргэний худалдсан алтнаас                 суутгасан татварыг Татварын ерөнхий газарт шилжүүлдэг тул тус хэрэгт Татварын ерөнхий газар хариуцагчаар оролцоод явж байна” гэв.

  1. Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орныг хамгаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байна. Маргааны үйл баримтад холбогдох хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдхаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэх заалт нь ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах аливаа тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй иргэнд хамааралгүй, харин “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах” харилцааг тусгайлан зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоол нь “Монголбанк болон арилжааны банканд алт тушаасан” иргэнд хамааралтай, маргааны үйл баримтад холбогдох цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгасан гэж үзэж байна.

              Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн Газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн Газраас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.3-т “Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ” гэж заасан. Уг журмын дагуу Монголбанк болон түүнээс эрх олгосон банканд тушаасан мөнгөн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутган авсан нь хуульд нийцсэн.

              Татварын ерөнхий хууль /2008/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д “төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлийгээс эрдэс баялаг..-ийн нөөц ашиглуулсны ... төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж заасан бөгөөд энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс буюу газрын хэвлийгээс гаргаж ирсэн эрдэс баялгийн нөөцийг аливаа байдлаар ашигласан этгээд нь нөөц ашигласны төлбөр төлөх ерөнхий агуулгатай бөгөөд Д.Ж*** нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, өөрөө алтыг олборлоогүй нь уг төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

              Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

  1. Иргэдийн төлөөлөгчөөс “Аливаа татвар тусгай зориулалттай байдаг. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар гэх мэт орлого олсон үед татвар төлдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол газраас ашигт малтмал ухаад, түүнийг ашигласны төлбөр гэх ойлгож байна.

                 Хэрэв нэхэмжлэгч тал Монголбанканд биш өөр газар алтаа зарсан бол хувь хүний орлогын албан татвар л төлөх байсан” гэх дүгнэлтийг гаргав.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх бүхэлдэхүүн, нэхэмжлэгч Д.Ж***-ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Монголбанканд худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар суутган авч буй Монголбанкны үйлдэл нь илт хууль бус хэмээн маргасан. Үүнд:

                 1. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд төлөх үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу үндсэн нөөцийн төлбөр, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг суутган авсан нь илт хууль бус,

               2. Иргэн Д.Ж*** нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд байх боломжгүй ба түүний хамаарал бүхий “Х” ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй,

                 3. хариуцагчийн илт хууль бус үйл ажиллагааны улмаас ашигт малтмалын нөөцийн ашигласны төлбөр 1,173,605 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр /алт/ 1,172,803 төгрөг суутгуулан алдагдалд орсон зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

                 Нэхэмжлэгч Д.Ж*** нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголбанкны Эрдэнэсийн санд 210,97 грамм алтыг 23,456,066.54 төгрөгийн үнээр худалдсан, 13,14 грамм мөнгийг 16.051,04 төгрөгөөр тус тус худалдсан.

                 Үүнтэй холбогдуулан хариуцагч Монголбанк нь нэхэмжлэгчийн худалдсан алт болон мөнгөний үнийн дүнгээс ашигт малтмалын нөөцийн ашигласны төлбөрийг 5 хувиар тооцон 1,173,605.88 төгрөгийг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт алтны үнийн дүнгээс 5 хувиар тооцон 1,172,803.33 төгрөгийг тус тус суутган авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан  2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн огноо бүхий Алтан гулдмай хүлээн авсан акт, Лабораторийн сорилтын дүн, нэхэмжлэх, 13585422 дахь Алтны тооцоо, Монголбанкны 01J1903270813 дугаар болон 01J1903270815 дугаартай Мемориалын ордер холбогдох бусад баримтаар,

                 Нэхэмжлэгч Д.Ж*** нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд биш, түүний хамаарал бүхий “Х” ХХК-ийн эзэмшилд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй:

                 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 646 дугаар магадлалд “...нэхэмжлэгч нь ... хаанаас авснаа хэлж чадна ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласантай холбогдуулан тухайн алтыг хэнээс худалдан авсан, тухайн этгээд нь ... төлбөрийг төлсөн эсэхтэй холбоотой баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой” хэмээн заасан дагуу шүүхээс нэхэмжлэгчийн хамт алтыг худалдан авсан гэх Нийслэлийн өмчийн II байр буюу олны нэрлэдэгээр “Урт цагаан”-ы “ХӨМ” гэсэн хаяг бүхий тус бүр 2 давхар бүхий 3 хаалгаар орж үзлэг хийхэд тухайн объектод үйл ажиллагаа явуулж буй газар байхгүй, нэхэмжлэгчид алт худалдсан гэх этгээдийг тогтоох боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсийн 2019 оны 7/3711 дүгээр албан бичиг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар,

                 Маргаан бүхий үйл баримт болсон цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмал ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэх хэсгийг Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” хэмээн өөрчлөн найруулсан.

                 Улмаар тухайн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн №13/1066/ дугаарт албан ёсоор нийтэлдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №13/1066 дугаар, Монголбанкны 2019 оны Б-5/394  болон Б-10/987 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно хэмээн,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”,

100 дугаар зүйлийн 100.1-д ”Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй

101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” хэмээн тус тус заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар тус шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанчилан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

  1. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч Д.Ж***-ээс 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголбанканд алт, мөнгө худалдсан үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан ч албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ашигт малтмалын нөөцийн ашигласны болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсан хариуцагч Монголбанкны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, мөн  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг газраас ашигт малтмал ухаад, түүнийг ашигласны төлбөр хэмээн ойлгож байгаа тухай иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэл бүхий байна хэмээн үзэж, нэхэмжлэгчийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутган авсан 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт суутган авсан 1,172,803.33 төгрөг, нийт 2,346,409 төгрөгийг хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хэмээн тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

                 Мөн энэ шийдвэртэй холбогдуулан тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан Татварын ерөнхий газрыг хамтран хариуцагчаас хасаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай /2006/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 101 дүгээр зүйлийн 101.2- дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Ж***-ээс 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголбанканд худалдсан алт, мөнгөний үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсан хариуцагч Монголбанкны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 2,346,409 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж***-д олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

                                           ШҮҮГЧ                                      М.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН