Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Э.Болор, 

Шүүгдэгч Н.Зоригсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Зэлмэ овогт Наммандахыг Зоригсайханд холбогдох эрүүгийн 201710010085 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн  Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 22-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Зэлмэ овогт Наммандахыг Зоригсайхан /ЖЮ8005133/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Н.Зоригсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын гудамжны 14-17 тоотод иргэн Ж.Аминзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Ж.Аминзулыг нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Зоригсайхан хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Аминзул миний шилэн хүзүүнээс бариад намайг дагуулж гарсан. Би гадаа гарангуутаа хүзүүн дээрээсээ түүний гарыг буулгаад, нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл Аминзул миний өөдөөс сарваганахаар нь дахин нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

- Шүүгдэгч Н.Зоригсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баасанжав бид 2 нэг шил архи аваад Мөнхбаатарын гэрт очиход гэрт нь 2 танихгүй залуу болон Ж.Аминзул, Мөнхбаатар нар архи уугаад сууж байсан. Эхний шил архинаас ганц татаж байтал өмнө нь болсон зүйлийг ярьж Ж.Аминзул над руу агсам тавьсан. Би уучлалт гуйгаад одоо тэр зүйлийг март гээд байхад байнга өчигдөр нь болсон асуудлыг яриад агсам тавиад байхаар нь эхлээд гадаа гараад эвлэрээд орж ирсэн. Тэгээд сууж байхад дахиад миний нүүрэн дээр салаавч өгөөд элдвээр хэлээд байхаар нь гадаа авч гараад 2 цохиод түлхэж унагасан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан гэсэн мэдүүлэг,

   - Хохирогч Ж.Аминзул хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…Би түрүүлж гараад Зоригсайхан руу эргээд хартал Зоригсайхан миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод, намайг тонгойх үед дахин нэг удаа цохисон. Тэгээд байж байтал гэрээс Мөнхбаатар, Баасанжав нар гарч ирээд Зоригсайханыг аваад гэр рүү орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

-Гэрч Б.Мөнхбаатар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “… Тэгээд сууж байтал Аминзул дахиад “чи муу намайг хаяж явсан. Чамаас би айхгүй шүү” гээд өдөөд байсан. Сүүлдээ Аминзул нь Зоригсайхан руу салаавч өгөөд “би чамаас айхгүй шүү. Чи муу намайг айж байна гэж бодоод байна уу? Гарч үзье” гээд агсраад Зоригсайханыг дагуулаад гаргасан. Хэсэг хугацааны дараа намайг араас нь гараад очтол Аминзулын нүүр нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч Н.Баасанжавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Аминзул өөрөө хэрүүл гуйж, өдсөөр байгаад Зоригсайханыг авч гарсан. Өмнө нь эвлэрчихээд орж ирсэн болохоор би тэр хоёрыг бас эвлэрчих байх гэж бодоод араас нь гараагүй. Хэсэг хугацааны дараа Мөнхбаатар бид хоёр араас нь гарч очтол Аминзулын нүүрнээс цус гарчихсан газарт уначихсан байсан. Тэгээд гэрлүү оруулсан. Удалгүй Аминзул эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 112 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Аминзулын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгаралт, баруун дээд зовхины шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хурсан, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд зулгаралт, зүүн мөр орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдийн зүүн дээд үүдэн 1-р шүдний булгаралт, баруун дээд зовхины шарх, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хурсан, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд зулгаралт, зүүн мөр орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19/,

- Н.Зоригсайханы иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-35/ зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Н.Зоригсайханы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Н.Зоригсайханы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Ж.Аминзулын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Н.Зоригсайханы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Н.Зоригсайханы гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Зоригсайханд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндүүлэх нөхцөлд, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Шүүгдэгч Н.Зоригсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зэлмэ овогт Наммандахыг Зоригсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Зэлмэ овогт Наммандахыг Зоригсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Н.Зоригсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Н.Зоригсайханд авсан оршин суух газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ