Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

орчуулагч А.А,

улсын яллагч Я.Д,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Т,

шүүгдэгч А.Б, С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Агийн Б, Т овогт Сгийн Ж нарт холбогдох 2413000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд Баян- Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овогт Аийн Б, регистрийн дугаар ..

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т ургийн овогт Сйн Ж, регистрийн дугаар ....;

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

         Шүүгдэгч А.Б, С.Ж нар нь бүлэглэж 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 05 дугаар  багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Хын малын хашаанаас 1 тооны гунан үхрийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 400000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг хийх санаа, санаачилгыг хоёулаа гаргасан. Буруу зүйл хийсэн гэж ойлгож байгаа.” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.Ж мэдүүлэхдээ: “...Авсан мөнгөөр машиндаа шатахуун хийж, үлдсэн мөнгөөр покер тоглосон. Өөрөө ганцаараа зарцуулсан. Тухайн “Уаз-469” загварын тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.

2. 2413000000099 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Б.Хаас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сагсай сумын 5 дугаар багт байрлах Б.Хын малын хашаа байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

2.3. Хохирогч Б.Хын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын хуулбар /хавтаст хэргийн 10 дахь тал/,

        2.4. Эд зүйл /мал/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

2.5. Иргэн С.Жы өмчлөлийн 8682 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд буюу  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэрийн 18-22 дахь тал/,

2.6. №03638195 дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 24 дэх тал/,

2.7. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 160 дахь тал/,

2.8. Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Сагсай сумын 5 дугаар багт байдаг өөрийн гэртээ малын хашаандаа 5 тооны үхрээ оруулаад эхнэр, хүүхдүүдийн хамт сумын төвд байдаг гэртээ ирээд тэр чигээрээ хөдөө байдаг гэр лүүгээ очиж чадахгүй хоноод маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08 цагт очих үед малын хашаанд оруулсан байсан 5 тооны үхрээс 1 тооны бор алаг зүсмийн гунан үхэр алга болсон байсан. Иймд 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 цагийн хооронд хөдөө байдаг манайд хулгай орсон байх гэж бодож байна. Алга болсон гэх бор зүсмийн 2 настай гунан үхрийг олж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

2.9. Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сагсай сумын 5 дугаар багт байдаг малын хашаанаас 1 тооны 2 настай бор зүсмийн гунан үхэр хулгайд алдагдсан гэж гомдол гаргасан ба уг гомдлын дагуу цагдаагийн байгууллага хурдан шуурхай шалгаж тус сумын 4 дүгээр багийн иргэд болох С.Ж, А.Б нар хулгайлан аймгийн төв рүү С.Жы 86-82 БӨА улсын дугаартай Уаз-469 загварын тээврийн хэрэгслээр аваачаад худалдсаныг илрүүлж миний 1 тооны бор зүсмийн гунан үхрийг олж өгсөн болно. С.Ж болон А.Б нар миний үхрийг гэрт авч ирж өгсөн ба одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 40 дэх тал/,

2.10.Иргэний нэхэмжлэгч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний эхнэр болох Н.Бердигүлийн 95687051 дугаарын утас руу 88383142 дугаараас залгаж үхэр авах уу? гэж хэлсэн байсан ба миний эхнэр уг хүний дугаарыг над руу явуулсан. Би уг хүн рүү залгаж ярихад эрэгтэй хүн байсан. Уг хүн руу би өөрийн Аятхан улы Т гэх фейсбүүк хаягаа явуулсан болно. Тэгээд миний Аятхан улы Т гэх фейсбүүк хаяг руу "Serikbol Sekuu" гэх фейсбүүк хаягаас уг үхрийн зургийг явуулж энэ үхрийг хэдэн төгрөгөөр авах вэ? гэхээр нь би 400,000 төгрөгөөр авна гэхэд 5188236582 дугаарын данс явуулсан ба би уг данс руу 400,000 төгрөг явуулсан. Уг дансны эзэмшигч нь С.Ж гэх хүн байсан. Би уг хүнд хандан одоо хөдөө явж байна маргааш аймаг руу очиж мал ачих болно, тэр үед авчирч өг гэхэд уг залуу 95934717 утасны дугаар өгч энэ дугаартай хүн тань руу холбогдож байгаад авчирч өгөх болно, би өөрөө Улаанхус сум руу гараад явлаа гэж мессеж бичсэн байна...

 ...2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5188236582 дугаарын эзэмшигч С.Ж руу шилжүүлсэн гэх 400,000 төгрөгөө С.Ж гэх залуугаас бэлнээр бүрэн бүтэн авлаа одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48, 53-54 дэх тал/,

 

2.11. Гэрч Б.Гкийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сагсай суманд байдаг миний найз болох С.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 23 цагийн үед миний 95934717 дугаарын утас руу 89383142 дугаарын утсаар залгаж танай хашаанд нэг үхэр тавья маргааш зарах үхэр байгаа юм аа гэхээр нь би аав, ээжээсээ асуусан ба за гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед хажуудаа Б гэдэг залуугийн хамт цагаан өнгийн Уаз-469 загварын машинаар ачаад аваад ирсэн юм. Тэгээд тэр хоёр уг үхрийг манай хашаанд буулгаж тавиад ахынхаа гэрт хононо гэж яваад өгсөн. Миний бие уг үхрийг ямар учиртай хаанаас авсан эсэхийг асуухад миний өөрийн үхэр энэ үхрийг зарж тэжээл авна гэж хэлж байсан болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

2.12. Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  "... 2024 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед Сагсай сумаас миний хүү болох Б.Гасырбекийн хоёр найз цагаан өнгийн” Уаз-469” загварын тээврийн хэрэгслээр ачиж ирээд манай хашаанд буулгасан ба буулгах үед би харж байсан. Манай хүү хэлэхдээ Сагсай суманд байдаг Ж болон Б гэдэг хоёр найз маань хөдөөнөөс 1 үхэр ачиж ирж байгаа юм байна манай хашаанд байлгаж байгаад маргааш өглөө авна гэж хэлсэн. Тухайн үед миний бие янз бүрийн юм бодоогүй ба 2024 оны 02 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед цагдаа нарын хамт хэдэн хүмүүс ирээд энэ миний хулгайд алдсан үхэр байна гэж хэлээд аваад явсан. Уг үхэр нь бор зүсмийн даавуун нэмнээтэй үхэр байсан ба ямар им тамгатай эсэхийг нь хараагүй...

...Ж болон Б нар цагаан өнгийн Уаз-469 загварын тээврийн хэрэглэсээр ачиж ирж манай хашаанд буулгасан ба машины дугаарыг нь анзаарч хараагүй болно. Миний хүү хэлэхдээ Жы машин гэж хэлж байсан болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

2.13. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-24-0058 дугаартай “2 настай Монгол үхэр 400000 төгрөгийн үнэтэй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/

2.14. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-24-0075 дугаартай “УАЗ-31512 загварын тээврийн хэрэгсэл 4500000 төгрөгийн үнэтэй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 86-89 дэх тал/,

2.15. Яллагдагч С.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 22 цагийн үед байсан байх найз болох А.Бтай бүлэглэн Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Б.Х гэх хүний малын хашаанаас бор алаг зүсмийн 2 настай 1 тооны гунан үхрийг хулгайлж, уг үхрийг миний эзэмшлийн 8685БӨА улсын дугаартай “Уаз-31512” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, тухайн газраас зөөвөрлөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд хүргэж Т гэх малын ченж хүнд 400,000 төгрөгөөр худалдаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь үнэн...

...Тэр үед надтай хамт хулгай хийсэн А.Бын гэрт дагуулж очсон ба бид хоёр хохирогчоос уучлалт гуйсан. Тэр үед хохирогч бид нарт хулгайлж авсан үхрийг авч ирж өгөх юм бол гомдолгүй гэхээр нь тэр доор нь аймгийн төвд ирж, өмнө үхэр худалдсан хүнээс үхрийг буцааж аваад, хохирогчийн гэрт хүргэж өгсөн. Миний бие өөрийн найз болох А.Бтай бүлэглэн бусдын нэг тооны үхрийг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.  Үхрийг 400000 төгрөгөөр худалдсан. Үүнээс 70000 төгрөгөөр тээврийн хэрэгсэлд бензин авсан. Үлдсэн мөнгийг хувааж аваад өөр өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/,

2.16. Яллагдагч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Миний бие өөрийн найз болох С.Жы хамт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 22 цагийн үед Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Б.Х гэх хүний малын хашаанаас бор алаг зүсмийн 2 настай 1 тооны үхрийг хулгайлж гэмт хэрэг үйлдсэн. Бид хоёр тухайн үхрийг С.Жы машинаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд авч ирж Т гэх малын ченж хүнд 400,000 төгрөгөөр худалдаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь үнэн.

...Тухайн үед мөнгө хэрэгтэй болсон Тэгээд мал хулгайлж худалдах талаар санаа төрсөн. Тэр үед А.Б бид хоёрт мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд энэ талаар ярилцаж сууж байгаад мал хулгайлж зарах юм бол хэн ч мэдэхгүй байх гэж бодсон. ...Тухайн үед  ашигласан тээврийн хэрэгсэл  С.Жы эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

2.17. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-С.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 129 дэх тал/,

-С.Жы иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 130 дахь тал/,

- С.Жы  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хавтаст хэргийн 131 дэх тал/,

-С.Жы авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа / хавтаст хэргийн 133 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 121 дэх тал/

-А.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 135 дахь тал/,

-А.Бын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 136 дахь тал/,

- А.Бын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хавтаст хэргийн 137 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 122,125-127 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

2.18. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

-Эд зүйл /мал/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

-Иргэн С.Жы эзэмшлийн 8682 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, №03638195 дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэрийн 18-22, 24 дэх тал/,

-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08 цагт очих үед малын хашаанд оруулсан байсан 5 тооны үхрээс 1 тооны бор алаг зүсмийн гунан үхэр алга болсон байсан. ...Тус сумын 4 дүгээр багийн иргэд болох С.Ж, А.Б нар хулгайлан аймгийн төв рүү С.Жы 86-82 БӨА улсын дугаартай Уаз-469 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж бусдад худалдсаныг илрүүлж миний 1 тооны бор зүсмийн гунан үхрийг олж өгсөн болно....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 40 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Уг дансны эзэмшигч нь С.Ж гэх хүн байсан. Би уг хүнд хандан одоо хөдөө явж байна маргааш аймаг руу очиж мал ачих болно, тэр үед авчирч өг гэхэд уг залуу 95934717 утасны дугаар өгч энэ дугаартай хүн тань руу холбогдож байгаад авчирч өгөх болно, би өөрөө Улаанхус сум руу гараад явлаа гэж мессеж бичсэн байна....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48, 53-54 дэх тал/,

-Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед хажуудаа Б гэдэг залуугийн хамт цагаан өнгийн Уаз-469 загварын машинаар ачаад аваад ирсэн юм. Тэгээд тэр хоёр уг үхрийг манай хашаанд буулгаж тавиад ахынхаа гэрт хононо гэж яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

-Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  "... 2024 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед Сагсай сумаас миний хүү болох Б.Гийн хоёр найз цагаан өнгийн “Уаз-469” загварын тээврийн хэрэгслээр ачиж ирээд манай хашаанд буулгасан ба буулгах үед би харж байсан. Манай хүү хэлэхдээ Сагсай суманд байдаг Ж болон Б гэдэг хоёр найз маань хөдөөнөөс 1 үхэр ачиж ирж байгаа юм байна манай хашаанд байлгаж байгаад маргааш өглөө авна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

-Яллагдагч С.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 22 цагийн үед байсан байх найз болох А.Бтай бүлэглэн Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Б.Х гэх хүний малын хашаанаас бор алаг зүсмийн 2 настай 1 тооны гунан үхрийг хулгайлж, уг үхрийг миний эзэмшлийн 8685БӨА улсын дугаартай “Уаз-31512” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, тухайн газраас зөөвөрлөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд хүргэж Т гэх малын ченж хүнд 400,000 төгрөгөөр худалдаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь үнэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/,

-Яллагдагч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Тухайн үед мөнгө хэрэгтэй болсон Тэгээд мал хулгайлж худалдах талаар санаа төрсөн. Тэр үед А.Б бид хоёрт мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд энэ талаар ярилцаж сууж байгаад мал хулгайлж зарах юм бол хэн ч мэдэхгүй байх гэж бодсон.....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч А.Б, С.Ж нар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 05 дугаар  багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Хын малын хашаанаас бор алаг зүсмийн 1 тооны гунан үхрийг нууцаар, хууль бусаар авч, улмаар шүүгдэгч С.Ж эзэмшлийн 8685 БӨА улсын дугаартай, “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж аймгийн төвд авчирч  үхэр худалдаж авч байсан иргэн А.Тэд 400000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, мөнгийг нь С.Ж Хаан банкны 5188236582 тоот дансаар шилжүүлэн авсан зэрэг үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч А.Б, С.Ж нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Ж, А.Б нарын хохирогч Б.Хын малын хашаанаас 1 тооны үхрийг  нууцаар, хууль бусаар авч хохирогчид хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай үйлдэл юм. 

4.2. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад “бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг  хуульчилжээ.

4.3. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлахдаа “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.” гэж тайлбарлажээ.

4.4. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 2 настай гунан үхрийн  зах зээлийн  үнэлгээг 400000 төгрөгөөр тогтоосон байна. (хавтаст хэргийн 40-74 дэх тал),

4.5. Шүүгдэгч С.Ж, К.Б нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг, хонжоо олох зорилгоор хохирогчийн малын хашаанаас 1 тооны үхэр буюу бод малыг нууцаар, хууль бусаар авч бусдад худалдаж, хохирогч Б.Хд 400000 төгрөг хохирол учруулсан  нь нотлогдон тогтоогдсон тул тэднийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

4.6. Шүүгдэгч нар үхэр хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар хохирогчийн эзгүй үед нь малын хашаанаас дээрх байдлаар 1 тооны бод малыг хулгайлж, тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багаас аймгийн төв буюу Өлгий сум хүртэл шүүгдэгч С.Жы өмчлөлийн “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нөхцөл байдал  тогтоогдсон тул тэднийг бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. 

4.7. Шүүгдэгчийн нарын үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл төдийгүй өөрсдийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулсан учраас тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.8. Шүүгдэгч С.Ж, К.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.9. Иймд шүүгдэгч С.Ж, К.Б нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын 1 тооны бод малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Шүүгдэгч С.Ж, К.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хд 400000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч нар нь хохирогч Б.Хд үхрийг нь биет байдлаар буцаан өгч, иргэний нэхэмжлэгч  А.Тэд 400000 төгрөгийг төлж өгсөн нь хохирогчийн “үхрээ авсан гомдол, саналгүй” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн “С.Ж руу шилжүүлсэн гэх 400000 төгрөгөө бэлнээр, бүрэн бүтэн авлаа, одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно...” гэсэн /хавтаст хэргийн 40,  53-54 дэх тал/ мэдүүлгээр тогтоогдож байна.

5.3. Мөн шүүгдэгч нар нь хулгайлсан үхрийг иргэний нэхэмжлэгч А.Тэд зарж 400000 төгрөгийн орлого олсон боловч уг 400000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид буцаан төлсөн учраас тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж орлого олсон гэж үзээгүй болно. Иймээс шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч А.Б, С.Ж нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хувийн байдлын хувьд шүүгдэгч А.Б нь 22 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баян- Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, шүүгдэгч С.Ж нь 22 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. / хавтаст хэргийн 127-153 дахь тал/,

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Б, С.Ж нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх дэх заалтад зааснаар тус бүрийг нь 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нар хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэгдэх ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай” гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс  “шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж  өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.  

2.5. Шүүх шүүгдэгч С.Ж, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бүлэглэж бусдын малыг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

2.7. Шүүх шүүгдэгч С.Ж, А.Б нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1.  Шүүгдэгч С.Ж, А.Б нар нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

3.2. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч С.Жы өмчлөлийн тээврийн хэрэгслийн ашигласан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4500000 төгрөгийн үнэтэй “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэв.

3.3. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй,  шүүгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Жы эзэмшлийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Тургийн овгийн Сийн Ж, Б ургийн овгийн Аийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ж, А.Б нарыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж, А.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, шүүгдэгч С.Жы өмчлөлийн 4500000 төгрөгийн үнэтэй “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

          5. Шүүгдэгч С.Ж, А.Б нар нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч А.Т нарын хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Жы өмчлөлийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК