Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Я.Д,

хохирогчийн өмгөөлөгч С.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н ургийн овгийн Нын Нд холбогдох 2413000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, ам бүл 4, эцэг эх, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 62-608 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Н ургийн овогт Нын Н, регистрийн дугаар ,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “МХ Стар” гэх нэртэй бэлэг дурсгалын дэлгүүрийн үнэт эдлэлийн тасгаар үйлчлүүлэхдээ алтан гинж, алтан ээмэг, алтан бөгж, мөнгөн зүүлт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, хохирогч А.Ад нийт 14181000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “Казахстан Улсад машин гаргахаар болж А.Ттай хамт явж байсан. Замд явж байхдаа тухайн машиныг А.Турар онхолдуулсан. А.Турар намайг аймагт дагуулж ирээд машины засварын мөнгө 12,000,000 төгрөгийг олж өгнө гэж хэлсэн. 3 хоногийн дараа зээл авах гэхээр болохгүй байна. Чи өөрөө аргалж машинаа засварт оруулаарай гэж хэлсэн. Тухайн машиныг засварт оруулах гэсэн боловч мөнгө байхгүй тул ийм зүйл болсон ” гэв.

2. 2413000000035 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МХ стар” нэртэй дэлгүүр байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

2.2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Дээрх бичлэгүүдээс харахад яллагдагч Н.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 4 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 ширхэг зүүлт, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгж  нийтдээ 6 ширхэг зүүлт, 2 ширхэг бөгж хулгайлсан болох нь дүрс бичлэгээр харагдаж байна...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 6-11 дахь тал),

2.3. Иргэн Н.Нгаас гаргаж өгсөн хүзүүний зүүлт, бөгж зэрэг эд зүйлсийг хүлээж авч, үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-26 дахь тал),

2.4. Яллагдагч Н.Нгаас гаргаж өгсөн эд зүйлийг  хүлээн авч, эзэмшигч нь болох А.Ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт өгсөн (хавтаст хэргийн 27 дахь тал),

2.5. Дуу, дүрс бичлэгийг хуулбарласан СД дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай  мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 35 дахь тал),

2.6. Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 замын уулзвар дээр “МХ Стар” худалдааны төвийн бэлэг дурсгал, үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг юм. Манай дэлгүүр 5 худалдагчтай үйл ажиллагаагаа явуулдаг юм. Манай дэлгүүрийн ажилтан Х.Аякөз нь өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14-15 цагийн хооронд над руу залгаж “...дэлгүүрээс эмэгтэй хүн нэг ширхэг бөгж авчхаад, би аваагүй гээд өгөхгүй байна, цагдаа дуудах уу?” гэж надаас асуухаар нь би цагдаа дуудчих гэж хэлсэн. Тухайн үед би ганцхан ширхэг бөгж авчхаад өгөхгүй байгаа байх, цагдаа дуудсан юм чинь гайгүй байлгүй гэж бодоод орой 20 цагийн үед дэлгүүрт очтол цагдаа нар ирж хяналтын камер шүүж байсан. Тэгээд би алт, мөнгөн эдлэлийн бараануудад тулгалт хийж хямдарсан үнээр нь бодоход одоогийн байдлаар 14,181,000 төгрөгийн алт болон мөнгөн эдлэл алга болсон болох нь тогтоогдсон. Нэг бүрчлэн тулгалт хийж дуусаагүй байна. Манай дэлгүүр алт, мөнгөн эдлэл нь 50% хямдралттайгаар зарагдаж байгаа юм. Зөвхөн мөнгөн ээмэг, бөгж, кулон нь үндсэн үнээр, бусад нь хямдрал зарласан үнээр байгаа. Манай дэлгүүрээс одоогийн байдлаар алтан гинж ...нийт 6,430,000 төгрөг, алтан эмэг ...нийт 3,120,00 төгрөг, алтан бөгж ...нийт 3,020,000 төгрөг, мөнгөн зүүлт ...нийт 1,611,000 төгрөгийн үнэ бүхий бараа хулгайд алдагдсан байна.

...Манай ажилчдын яриагаар одоогоос 2-3 сарын өмнө бас л манай дэлгүүрээр орж гараад бараа авч байсан юм шиг байна лээ. Би өөрөө урьд нь харж байгаагүй. Өнөөдөр баригдахдаа өөрийгөө Баянхонгор аймгаас явж байгаа гэж хэлсэн. Баригдах үедээ надад “би 11000000 төгрөг одоо данс руу чинь шилжүүлье, цагдаа сэргийлэх гэхгүй намайг явуулчих” гэж хэлээд миний дансыг авч өөрийнхөө ээж гэх хүнтэй ярьж байхад цагдаа нар орж ирсэн...

...Таны үзүүлж байгаа 6 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгжийг үзэж, харж шалгалаа. Эдгээр бөгж, зүүлтүүд миний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлс мөн байна. Надад нийтдээ 14,181,000 төгрөгийн хохирол учирсан талаар мэдүүлсэн.

...Н.Н нь надаас уучлалт гуйж 9,800,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Мөн Н.Н нь 6 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгжийг гаргаж өгсөн байсан. Тиймээс миний бие тухайн бөгж зүүлтүүдийг танаас хүлээж авбал одоо Н.Нгаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 39, 41 дэх тал),

2.7. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дэлгүүрт өдрийн 15 цаг өнгөрч байхад ирэхэд худалдагч Е.Р надад хандаж “хяналтын камер үзэх шаардлагатай байна, 1 ширхэг бөгж хулгайд алдагдсан юм шиг байна” гэж хэлсэн. Улмаар бид хоёр подвалд очиж хяналтын камерыг шүүж үзэхэд “уг саарал ноосон малгайтай, хар өмдтэй, саарал алаг өнгийн куртиктэй, нүдний шилтэй 25-30 орчим насны таргандуу эмэгтэй 1 ширхэг бөгжийг хулгайлсан үйлдэл нь гарч ирсэн. Би ч удалгүй дээш гарч тухайн газарт очиход тухайн эмэгтэйтэй хамт ирсэн Турар гэх ах “энэ эмэгтэй аваагүй гэнэ, цагдаа дуудахгүй бол болохгүй байх” хэмээн хэлсэн. Би манай дэлгүүрийн эзэн А.А ахад залгаад “манай дэлгүүрээс 1 ширхэг бөгж хулгайд алдагдсан байна, уг хулгайлсан хүн нь энд байгаа бөгөөд өөрт нь хэлхээр мэдэхгүй гээд байна, яах уу” гэхэд “цагдаа дуудаарай” хэмээн хэлсэн. Улмаар удалгүй цагдаа ирсэн бөгөөд би тухайн цагдааг дагуулаад хяналтын камерыг үзүүлсэн. Бид нар өмнөх буюу 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдийн бичлэгийг үзэхэд уг эмэгтэй хүн тухайн өдрүүдэд ирээд худалдагч нарыг анхааралгүй байх үед нь нэлээн хэдэн зүүлт, бөгж хулгайлсан байсан... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

2.8. Гэрч Е.Рийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Турар гэх ах орж ирээд “манай найз зүүлт авах гэж явж байгаа юм, 600,000-700,000 төгрөгийн үнэтэй зүүлт сонирхуулаач” гэсэн юм. Уг эмэгтэй гар утсаараа ямар нэгэн хүнтэй яриад “фейсбүүкт ороод ирээрэй, зүүлтийн зураг харуулна” гэж байсан. Уг эмэгтэй гар утсаараа ярьж дуусаад надад “350,000 төгрөгийн ээмэг, 250,000 төгрөгийн бөгж байвал сонирхуулаач” гэсэн юм. Уг эмэгтэй хүн бараг 30-аад минут ээмэг, бөгж, зүүлт сонирхоод зогсож байтал Турар гэх ах “би бас өөр ажилтай яараад байна, болохгүй бол орой ирээд авахгүй юу” хэмээн уг эмэгтэйд хандаж хэлсэн юм. Тухайн үед гаднаас Нуржан гэх эгч ирээд тооцоо хийгээрэй гэсэн бөгөөд би тооцоо хийхээр тухайн газраас гарч орондоо заалны өрөөнд ажиллаж байсан Б.Манер гэх хүнийг үлдээсэн. Намайг буцаж ирэхэд хамт ажилладаг худалдагч Б.Манер нь “энд байсан 190,000 төгрөгийн үнэтэй бөгж алга байна” гэж байсан. Тухайн үед бид уг эмэгтэйг сэжиглэхэд Турар ах “бид нар энд байгаа үед хяналтын камер байвал шүүж үзээрэй, энэ хүн явах юм бол олдохгүй шүү” гэж хэлсэн.Тухайн газарт Манер үлдсэн бөгөөд би Аякөз эгчийн хамт подвалд буугаад хяналтын камерыг шүүж үзэхэд уг ноосон малгайтай, хар өмдтэй, саарал алаг өнгийн куртиктэй, нүдний шилтэй 25-30 орчим насны таргандуу эмэгтэй хүн 1 ширхэг бөгж, 1 ширхэг зүүлтийг хулгайлсан байсан. Мөн өмнөх 2 өдрийн хяналтын бичлэгийг үзэхэд нэлээн хэдэн зүүлт, ээмэг, бөгж хулгайлан авч гарсан нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

2.9. Гэрч Б.Манерын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид нар хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних  эмэгтэйн зүгээс эхний 2 өдөрт нь бөгж, ээмэг, зүүлт сонирхож байгаад худалдагч нарт мэдэгдэхгүйгээр хос хосоор нь ээмэг, бөгж, зүүлт зэргийг нэлээн хулгайлсан байна. Миний хувьд камерыг сайтаар нягталж үзээгүй. ...Бид нарын тооцоолсноор нийтдээ 14 гаруй сая төгрөгийн ээмэг, бөгж, зүүлтийг хулгайлсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

2.10. Гэрч Т.Турарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н бид хоёр Өлгийд манай гэрт 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр оройн цагаар “би дэлгүүрээс чихэвч авах гэсэн юм, надад машинаа өгч байгаач” гэхээр нь хүнд машинаа өгөхөөс санаа зовоод Н.Нг машиндаа суулгаж “МХ Стар” гэх дэлгүүрийн гадаа ирсэн. Би машин дотор Н.Нг хүлээж байсан бөгөөд Н.Н тухайн дэлгүүрт ороод 20-30 минутын дараа ирсэн. Манай гэрт очиход Н.Н халааснаасаа мөнгөн зүүлт болон цаг гаргаж ирээд манай эхнэрт харуулж байсан юм. Би ч тухайн үед тоогоогүй. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...19:00 цагийн үед байх би “Махсум” зочид буудалд Н.Н руу очиход “миний өчигдөр дэлгүүрээс авсан зүүлт тасарчихсан байна, тэрнийг сольж авах хэрэгтэй байна, намайг хүргээд өгөөч” гэсэн бөгөөд би Н.Нг “МХ Стар” дэлгүүрт хүргэж өгөөд гадна талд машин дотроо сууж байсан. Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг дахин дуудсан бөгөөд бид хоёр гадуур явж байсан юм. Тухайн үед Н.Н нь “алтан эд зүйл зардаг газар байна уу?” гэхээр нь би “МХ Стар” дэлгүүрт байгаа шүү дээ” хэмээн хэлээд тухайн дэлгүүрт очсон. Н.Н тухайн газарт баахан эд зүйл үзэж харж байсан юм. Тухайн үед нэг худалдагч охин “энд байсан 1 ширхэг бөгж алга байна" гэж хэлсэн. Би тухайн үед “хяналтын камераа хараарай, эсхүл цагдаа дуудаарай” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

2.11. Гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр билүү 24-ний өдөр билүү Н нь гадуур явж байгаад ирсэн. Тэгээд гаднаас ирэхдээ гартаа 1 ширхэг бугуйн цаг зүүж ирсэн ба мөн 1 ширхэг мөнгөн зүүлт харуулж энэ хоёрыг худалдаад авлаа гэж надад харуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

2.12. “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн БӨА-24-0045 дугаартай “...2,02 г монет зүүлт, 2,84 г монет зүүлт, 1.44 г монет зүүлт, 2,04 г монет зүүлт, 1,05 г монет зүүлт 3,14 г монет зүүлт, 2,24 г бөгжний зах зээлийн үнэлгээ нь нийт 2450000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-74 дэх тал),

2.13. Яллагдагч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Анх 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн. Баян-Өлгий аймагт ирсэн шалтгаан маань миний бие Улаанбаатар хотоос 1 машин аваад Турар гэх залуугаар жолоодуулаад Казахстан улс руу гаргах гээд ирж байх замдаа буюу Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт миний машиныг Турар жолоодож явж байгаад онхолдуулсан юм. Тэгээд Турар бид хоёр ярилцаад тухайн машиныг Улаанбаатар хот руу ачуулж явуулаад өөрсдөө хамтаа явж байсан Казахстан улс руу машин гаргах гээд явж байсан хүмүүсийн машинд суугаад Баян-Өлгий аймагт ирсэн юм. Тухайн үед би тухайн машинаа аваад Улаанбаатар хот руу буцаж яваагүй шалтгаан нь нэгэнт гаргаад ирсэн юм чинь Улаанбаатар хотоос авч гарсан хэдэн монгол хувцаснуудаа Кос-Агашт гаргаж худалдаад цагаан сарын юмнуудаа аваад буцах санаатай байсан юм. Гэтэл би Баян-Өлгийд ирээд байх хугацаанд нөгөө аваарт орсон машиныг засуулах мөнгө хэрэг болоод байсан тул тухайн машинаа засуулах мөнгө олох гээд л аргагүй эрхэнд хулгай хийсэн юм.

Би урьд нь цагдан хорих байранд байхдаа анх мэдүүлэг өгөхдөө 2023 оны 12 дугаар сарын үед тухайн дэлгүүрээс 2 бөгж, 1 ширхэг зүүлт хулгайлсан гэж айж сандраад худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би энэ удаагийнхаас өөр өдрүүдэд ямар нэгэн байдлаар хулгай хийж байгаагүй.

Миний бие тухайн дэлгүүрийн эзэн нь болох А гэх хүнтэй уулзаад хоорондоо ярилцаж тохиролцсон би тэр хүнд 9.800.000 төгрөгийг өөрийн 5232063969 дугаартай данснаас Агийн 5196001515 дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Мөн түүнд нэмээд танд гаргаж өгсөн 6 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгжийг Ад буцаад өгөхөөр болж тохиролцсон. А нь одоо надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэдгийг хэлсэн байгаа.

Миний бие эхний өдөр буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр бугуйн цаг 1 ширхэг, мөнгөн зүүлт, 1 ширхэг, ээмэг, бөгжний жижиг хайрцаг /сав/ 1 ширхэг худалдаж авсан. Түүний дараагийн өдөр буюу 24-ний өдөр өөрийн гар утсанд 1 ширхэг цэнэглэгч, 1 ширхэг мөнгөн кулон худалдаж авсан. Өөр ямар нэгэн зүйл худалдаж аваагүй. Би тус дэлгүүрээс 23-ны өдөр худалдаж авсан 1 ширхэг зүүлт нь гэмтэлтэй буюу тасархайтай байсныг анзаараагүй авсан байсан тул 24-ний өдөр очихдоо түүнийгээ солиулж авсан байсан.

Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, хэрэгт хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон. Тиймээс өөрийн холбогдсон хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргах болно...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 118-119 дэх тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд: 

-Иргэний оршин суугаа газрын хаягийн  бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дахь тал),

-Иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 126, 130 дахь тал),

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай  өрхийн тодорхойлолт  (хавтаст хэргийн 122 дахь тал),

-Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт  (хавтаст хэргийн 123 дахь тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120 дахь тал),

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн эмчлүүлэгчийн карт зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэж, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 6-11 дахь тал),

-Иргэн Н.Нгаас гаргаж өгсөн хүзүүний зүүлт, бөгж зэрэг эд зүйлсийг хүлээж авч үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-26 дахь тал),

-Эд зүйлийг эзэмшигч нь болох А.Ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27 дахь тал),

-Дуу, дүрс бичлэгийг хуулбарласан СД дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай  мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 35 дахь тал),

-Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд би алт,  мөнгөн эдлэлийн бараануудад тулгалт хийж хямдарсан үнээр нь бодоход одоогийн байдлаар 14,181,000 төгрөгийн алт болон мөнгөн эдлэл алга болсон болох нь тогтоогдсон. ... Манай дэлгүүрээс одоогийн байдлаар алтан гинж ...нийт 6,430,000 төгрөг, алтан эмэг ...нийт 3,120,00 төгрөг, алтан бөгж ...нийт 3,020,000 төгрөг, мөнгөн зүүлт ...нийт 1,611,000 төгрөгийн үнэ бүхий бараа хулгайд алдагдсан байна. ...Н.Н нь надаас уучлалт гуйж 9,800,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Мөн Н.Н нь 6 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгжийг гаргаж өгсөн байсан. Тиймээс миний бие тухайн бөгж зүүлтүүдийг танаас хүлээж авбал одоо Н.Нгаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 39, 41 дэх тал),

-Гэрч Х.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улмаар бид хоёр подвалд очиж хяналтын камерыг шүүж үзэхэд “уг саарал ноосон малгайтай, хар өмдтэй, саарал алаг өнгийн куртиктэй, нүдний шилтэй 25-30 орчим насны таргандуу эмэгтэй 1 ширхэг бөгжийг хулгайлсан үйлдэл нь гарч ирсэн.... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

-Гэрч Е.Розагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн газарт Манер үлдсэн бөгөөд би Аякөз эгчийн хамт подвалд буугаад хяналтын камерыг шүүж үзэхэд уг ноосон малгайтай, хар өмдтэй, саарал алаг өнгийн куртиктэй, нүдний шилтэй 25-30 орчим насны таргандуу эмэгтэй 1 ширхэг бөгж, 1 ширхэг зүүлтийг хулгайлсан байсан. Мөн өмнөх 2 өдрийн хяналтын бичлэгийг үзэхэд нэлээн хэдэн зүүлт, ээмэг, бөгж хулгайлан авч гарсан нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

-Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид нар хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних  эмэгтэйн зүгээс эхний 2 өдөрт нь бөгж, ээмэг, зүүлт сонирхож байгаад худалдагч нарт мэдэгдэхгүйгээр хос хосоор нь ээмэг, бөгж, зүүлт зэргийг нэлээн хулгайлсан байна. ...Бид нарын тооцоолсноор нийтдээ 14 гаруй сая төгрөгийн ээмэг, бөгж, зүүлтийг хулгайлсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

-Гэрч Т.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг дахин дуудсан бөгөөд бид хоёр гадуур явж байсан юм. ...Н.Н тухайн газарт баахан эд зүйл үзэж харж байсан юм. Тухайн үед нэг худалдагч охин “энд байсан 1 ширхэг бөгж алга байна" гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

 -“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн БӨА-24-0045 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 70-74 дэх тал),

-Яллагдагч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэтэл би Баян-Өлгийд ирээд байх хугацаанд нөгөө аваарт орсон машиныг засуулах мөнгө хэрэг болоод байсан тул тухайн машинаа засуулах мөнгө олох гээд л аргагүй эрхэнд хулгай хийсэн юм. Миний бие тухайн дэлгүүрийн эзэн нь болох А гэх хүнтэй уулзаад хоорондоо ярилцаж тохиролцсон. Би тэр хүнд 9.800.000 төгрөгийг өөрийн 5232063969 дугаартай данснаас Агийн 5196001515 дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Мөн түүнд нэмээд танд гаргаж өгсөн 6 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгжийг Ад буцаад өгөхөөр болж тохиролцсон. А нь одоо надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэдгийг хэлсэн байгаа.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 118-119 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч А.Агийн эзэмшлийн “МХ Стар” гэх нэртэй бэлэг дурсгалын дэлгүүрийн үнэт эдлэлийн тасгаар үйлчлүүлж байхдаа барааны Г-86, Г-93, Г-95, Г-116, Г-118, Г-119, Г-122, Г-125, Г-127 кодтой нийт 6430000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг алтан гинж, барааны А-63, А-79, А-169, А-202, А-242, А-310 кодтой нийт 312000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг алтан ээмэг, барааны Е-115, Е-124, Е-133, Е-135, Е- 104, Е-98, Е-88, Е-69 кодтой нийт 3020000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг алтан бөгж, барааны С-38, С-126, С-267, С-287, С-315, С-331, С-344, С-360, С-384, С-479, С-511, С554, С-561, С-582, С-583, С-610, С-617, С-623, С-644, С-685, С-627, С-638, С-640, С-642 кодтой нийт 1611000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг мөнгөн зүүлт зэрэг үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Ад нийт 14181000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь хохирогч А.Агийн эзэмшлийн “МХ Стар” гэх нэртэй дэлгүүрээс  3 удаагийн үйлдлээр алтан гинж, бөгж, мөнгөн зүүлт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  хохирогчид нийт 14181000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

4.2. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан гэм буруутай үйлдэл бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн “өмчлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” гэх шинжийг хангасан байна.

4.3. Тодруулбал, шүүгдэгч Н.Н нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авах эрхгүй гэдгийг мэдсээр байж, үнэт эдлэлийн тасгаар үйлчлүүлэхдээ үнэт эдлэл сонирхож байгаа мэт дүр эсгэж худалдагч нарын анхаарлыг сарниулж, улмаар 3 удаагийн үйлдлээр алтан гинж, бөгж, мөнгөн зүүлт зэргийг нууцаар, хууль бусаар өөрийнхөө эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэн авч, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 14181000 төгрөгийн хохирол учруулсан учраас түүнийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.4. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан ойлгож, мэдсээр байж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч, хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Шүүгдэгч Н.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.6. Иймд шүүгдэгч Н.Нг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад нийт 14181000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлэг, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.3. Шүүгдэгч Н.Н нь 6 ширхэг зүүлт, 1 ширхэг бөгж зэрэг нийт 2450000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг биет байдлаар хохирогч А.Ад буцаан өгч, 9800000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн болох нь  эд зүйлсийг хүлээж авч үзлэг хийж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-26 дахь тал), хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

5.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн сэтгэл санааны хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Н.Нг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь хувийн байдлын хувьд 29 настай, ам бүл 4, оюутан, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 62-608 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 118-125 дахь тал),

2.4. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон учраас түүнийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахгүй байх үүрэг хүлээлгэх, шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох саналтай” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан учраас түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч гэм буруугийн талаар мараагүй, хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, осолд орсны улмаас хүнд хагалгаанд орж байсан, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тэнсэх боломжгүй бол 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Шүүгдэгч Н.Нгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.7.  Учир нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан хэдий ч  амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор удаа дараагийн үйлдлээр хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан учраас түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх”-ийг хүссэн дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

2.8. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг, суралцдаг гэх хувийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай захирамжаар шүүгдэгч Н.Нгийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас нь хасаж тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид 14181000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус  дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 3 ширхгийг хэргийн хамт хадгалж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ургийн овгийн Нын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Н.Нд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Нд сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 2  (хоёр) хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд урьд авсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч А.Ад учирсан 14181000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 3 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б