| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2425000000166 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус 11 маркийн **** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.65 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, орчуулагч иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүлээлгэх хариуцлагыг зөвшөөрч байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р тал/
2. Согтуурал шалгасан баримт /хх-ийн 8-р тал/
3. Хяналтын камерын бичлэгт үзэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/
4. Гэрч Б.Б-н “2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 00 минутаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөөний 08 цаг хүртэл Орхон аймгийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүл, хяналт шалгалтаар ажилласан. Тухайн өдөр эргүүл, хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд Цагдаагийн газрын 7035102 дугаарын утаснаас Булаг багийн нутаг дэвсгэрт согтуу жолооч машин мөргөсөн гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад О-н Б гэх иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн **** ОРА улсын дугаартай тоёота приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ приус-20 загварын тээврийн хэрэгслийг зогсож байх үед нь мөргөсөн зөрчил гаргасан байсан. Энэ үед О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2023 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгаж үзэхэд 1.65% согтолтын зэрэгтэй ажил руу явж байна гэх тайлбар хэлсэн. Ингээд тээврийн хэрэгслийг түр саатуулж тухайн иргэнийг цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/
5. Гэрч Б.Б-н “Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булаг багийн 9 дүгээр гудамжны үзүүрт байх автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн **** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа сууж байтал Булаг багийн 9 дүгээр гудамжнаас приус-11 загварын тээврийн хэрэгсэл гарч ирээд миний машины баруун талын урд гупер хэсэг рүү мөргөснөө буцаж ухраад замын хажуу тал руу гараад зогсчихсон. Энэ үед би уг тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод та яагаад машин мөргөчхөөд буцаад ухарч байгаа юм бэ гэсэн чинь замаа чөлөөлж зогсож байна гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч машин дотроо ганцаараа байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь би машиныг нь унтраагаад түлхүүрийг аваад цагдаа дуудсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг нь шалгаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж цагдаагийн алба хаагч нар хэлсэн. Ингээд тухайн иргэний тээврийн хэрэгслийг ачуулж жолоочийг нь цагдаагийн газар луу авч явсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал /
6. О.Б-н зөрчлийн хэргээр шийтгэл оногдуулсан материалын хуулбар. /хх-ийн 27-36-р тал/
7. Стандарт хэмжил зүйн газрын Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын №ФХ 0325 гэрчилгээ /хх-ийн 40-р тал/
8. Яллагдагч О.Б-н “Би тогтоолтой танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булаг баг, **** тоот хаягт ганцаараа амьдардаг. Би Уурхайчин багийн “Б ” СӨХ-нд гадна талбайн үйлчлэгчийн ажил хийдэг. Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өглөө 07 цагийн үед ажилдаа яваад орой 17 цагийн үед ажлаа тараад гэр лүүгээ харьсан юм. Ингээд гэртээ очоод унтаж амрах юм чинь гэж бодоод гэрт байсан 0,33 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг ганцаараа уусан. Гэртээ байж байх үедээ ажил дээрээс очиж түлээний мод авах зорилгоор өөрийн эзэмшлиин **** ОРА улсын дугаартай приус-11 загварын тээврийн хэрэгслээ унаад гэрээсээ гараад явсан. Ингээд гудамжны төгсгөлд ирээд засмал зам руу орохдоо гулгаж замын эсрэг талын автобусны буудал дээр зогсож байсан тээврийн хэрэгслийн урд хэсэг рүү мөргөсөн. Ингээд би буцаж ухраад замын хажуу талд гараад зогссон юм. Энэ үед уг тээврийн хэрэгслийн жолооч залуу бууж ирээд миний машины түлхүүрийг аваад цагдаа дуудсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд миний бичиг баримтыг шалгаж намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэмжигч багажаар шалгаж үзэхэд 1.65% согтолттой гарсан. Ингээд миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд оруулж мамайг цагдаагийн газар луу авч явсан. Би В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Миний бие 2023 оны 06 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн алба хаагч нарт баригдаж тухайн үед 400,000 төгрөгөөр торгуулж 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан юм. Би гэртээ ганцаараа архи уусан. Би эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо гэмшиж байна. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус 11 маркийн **** ОРА улсын дугаартай тэврийн хэрэгслийг 1.65 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан баримт, хяналтын камерын бичлэгт үзэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Б-н “Энэ үед О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2023 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгаж үзэхэд 1.65% согтолтын зэрэгтэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Булаг багийн 9 дүгээр гудамжнаас приус-11 загварын тээврийн хэрэгсэл гарч ирээд миний машины баруун талын урд гупер хэсэг рүү мөргөснөө буцаж ухраад замын хажуу тал руу гараад зогсчихсон. Энэ үед би уг тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод та яагаад машин мөргөчхөөд буцаад ухарч байгаа юм бэ гэсэн чинь замаа чөлөөлж зогсож байна гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч машин дотроо ганцаараа байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь би машиныг нь унтраагаад түлхүүрийг аваад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, О.Б-н зөрчлийн хэргээр шийтгэл оногдуулсан материалын хуулбар, Стандарт хэмжил зүйн газрын Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын №ФХ 0325 гэрчилгээ, яллагдагч О.Б-н “0,33 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг ганцаараа уусан. Гэртээ байж байх үедээ ажил дээрээс очиж түлээний мод авах зорилгоор өөрийн эзэмшлиин **** ОРА улсын дугаартай приус-11 загварын тээврийн хэрэгслээ унаад гэрээсээ гараад явсан. Ингээд гудамжны төгсгөлд ирээд засмал зам руу орохдоо гулгаж замын эсрэг талын автобусны буудал дээр зогсож байсан тээврийн хэрэгслийн урд хэсэг рүү мөргөсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус 11 маркийн **** ОРА улсын дугаартай тэврийн хэрэгслийг 1.65 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Тоёота Приус 11 маркийн **** ОРА улсын дугаартай тэврийн хэрэгслийг 1.65 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн О-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 2 800 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС