| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-д холбогдох эрүүгийн 2325004480195 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ч.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч Ч.Э нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн **-**тоот хашааны гадна хохирогч П.Н-г түлхэж унагаан эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид анхааралтай байна” гэв.
Хохирогч П.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч П.Н-н “Н-н гэрийн гадаа Э тэр хоёр хамт байж байхаар нь би тэр хоёр дээр очоод би шууд Э рүү чи их хүний мууд дуртай юм бэ гэж хэлээд би барьцалдсан чинь Э намайг шууд түлхээд цас руу унагаагаад байсан. Энэ үйл явдал хэд хэдэн удаа болсон. Тэгээд босоод ирсэн чинь миний амнаас цус гоожчихсон байж байсан. Тэгээд би ардаас нь очсон чинь нэг жижиг машинд Н , Э хоёр суугаад зугтчихсан. Тэгээд би гэртээ ороод байж байсан чинь нөхөр гаднаас орж ирээд чи яасан юм бэ гэсэн чинь Э ийм болгочихлоо гэж хэлсэн чинь манай нөхөр Э гийн гэр рүү очоод чи яагаад манай эхнэрийг зодож байгаа юм бэ гэсэн чинь Э цагдаа дуудаад тэгээд цагдаа нар ирээд өргөдлөө өг гэхээр нь би нэг дэх өдөр цагдаа дээр очиж өргөдлөө гаргасан. Би өөр хэн нэгэнд зодуулж цохиулаагүй, би багахан цастай шороон гадаргуутай газар дээр барагцаагаар 5-6 удаа унасан юм. Би нүүрээрээ эгц дээшээ буюу биеийнхээ урд хэсгээр чанх доошоо харж унаж байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 15, 50-р тал/
2. Гэрч Д.А-н “Даваат баг Манханы 0**-**тоот буюу манай хашааны ард талд болсон. Манай хадам ах манайд байж байгаад нохойд уруулчихсан. Тэгтэл манай багийн хэсгийн ахлагч Э эгч хэсгийн байцаагч нар ирээд хадам ахыг аваад эмнэлэг рүү явсан. Би Э эгчтэй хамт нохойны эзнийг аваад хойноос нь явах гээд хашааны гадна байж байтал Н эгч нөхөр болох А-той хэрэлдэж маргалдаж байснаа гэнэт Э эгч бид хоёрыг харангуутаа шууд хүрч ирээд Э эгчийг чи хүний мууг үзлээ гээд шууд барьцалдаж аваад зууралдаад байхаар нь Э эгч чи согтуу байна гэртээ ор гээд 2-3 удаа газар түлхэж унагаасан. Тэгээд удалгүй нохойны эзэн ирээд би Э эгчийн хамт эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17, 52-р тал/
3. Сэжигтнээр Ч.Э гийн “2023.12.01-ний орой 17 цаг өнгөрч байхад Даваат баг манханы **-** тоотын хүн нохойд уруулсан байна гэхээр нь би дуудлагын дагуу гадаа очсон. Тэр үед хэсгийн байцаагч нохойд уруулсан хүнийг аваад эмнэлэг явсан. Харин би Н буюу А-н хамт нохойны эзнийг хойноос нь авч явахаар болсон. Тэгээд гадаа хүлээгээд зогсож байтал Н нөхөртэйгөө хэрэлдэж маргалдаад гадаа зогсож байснаа А бид хоёрыг харангуутаа шууд хүрч ирээд чи хүний муу үзлээ гэж хэлээд надтай зууралдаад орилж хашхираад байхаар нь би түлхэж унагаачихаад цас авч нүүр лүү нь шидсэн. Тэгсэн ч гэсэн эргэж босч ирээд надтай зууралдаад байхаар нь би 2-3 түлхэж газар унагаасан” гэх мэдүүлэг. /хх-иин 19-р тал/
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №16 дугаартай “П.Н-н биед уруулд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нүруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 23-24-р тал/
5. Гэрч Б.О-н “Тус өдрийн орой харанхуй болчихсон хойно барагцаагаар 19-20 цагийн үед манай хашаанд зүүн талын хөрш буюу найз Н орж ирээд намайг дуудсан. Тэгэхээр нь би гэрээс гартал Н ганцаараа байсан бөгөөд түүний уруул юм уу завжнаас цус гарч байсан бөгөөд би нойлын цаас гэрээсээ авч өгсөн. Тухайн үед түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. Би түүнээс юу болсон талаар асуугаагүй бөгөөд тэрээр ч өөрөө юм хэлээгүй юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55-р тал/
6. Гэрч Д.А-н “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би Хөвсгөлөөс гэртээ ирсэн бөгөөд тэгэхдээ би найз Э түүний эхнэр Э , Г мөн Д нарын хамт ирсэн юм. Тэгээд манайд бид нар 2 шил архи хувааж уусан. Архи дууссаны дараа бид нар нэмж архи уух гэтэл манай эхнэр Н нь ахиж уух гэлээ гээд уурласан бөгөөд тэгтэл найзууд маань яваад өгчихсөн юм. Тэгээд би ээжийнх рүү явна гэж уурлаад эхнэр явуулахгүй гэж уурлаад тэгж байгаад би гэрээсээ түрүүлж гарч ээжийнд очсон юм. Тэгэхэд эхнэр маань гэртээ унтаад үлдсэн. Би ээжийнхээс буцаад гэртээ иртэл эхнэр маань сэрчихсэн байсан бөгөөд гэхдээ архи нь гараагүй байсан. Тэгээд би буцаад гэрээсээ гарч Н-н гэрт орчхоод гараад иртэл Э нь Б-н нохой хүн урлаа гээд ирчихсэн байсан. Тэгээд би дэлгүүр орчихоод буцаад гэртээ очтол эхнэрийн маань уруулаас нь цус гарч байсан бөгөөд Э нь цохичихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э гийн гэрт очиж уурласан юм. Тэгээд би эргээд гэртээ очтол араас Э нь 2 цагдаатай манайд очсон юм. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед би эхнэрийгээ цохиж зодоогүй юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 57-р тал/
7. Гэрч Д.Э-н “Би яг огноог нь санахгүй байна. 2023 оны 12 дугаар сарын эхээр байсан шиг санагдаж байна. Тус өдрийн үдээс хойш би өөрийн машинтайгаа найз Ариунзориг, түүний эхнэр Н , зүс таних Г нарын хамт Хөвсгөл аймгаас Орхон аймагт ирж Ариунзоригийн гэрт очсон. Тэгээд Ариунзоригийнд 0,75 литрийн 1 шил архийг Ариунзориг, Г бид 3 хувааж уусан. Архи дуусахаар нь би ахин 1 шил архи аваад уух гэтэл Н нь архи нэмж уух гэлээ гээд уурлахаар нь би явсан юм. Намайг манай дүү Д ирж авсан юм. Би яг хэзээ явснаа санахгүй байна, харуй бүрий болж байсан санагдаж байна. Мөн чамайг явах үед Г бас гарч явсан бөгөөд гэхдээ надтай цуг яваагүй тусдаа өөр тийшээ явсан. Тухайн үед Н тэй хэн нэгэн маргалдаж муудалцаагүй бөгөөд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан юм. Тухайн үед манай эхнэр Э нь хамт байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 59-р тал/
8. Шинжээч Э.Б-н “Уруулд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох болон шүдтэй хавсарч нидрэгдэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг. /хх-ийн 65-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн **-**тоот хашааны гадна хохирогч П.Н-г түлхэж унагаан эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт. хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Н н “Н-н гэрийн гадаа Э тэр хоёр хамт байж байхаар нь би тэр хоёр дээр очоод би шууд Э рүү чи их хүний мууд дуртай юм бэ гэж хэлээд би барьцалдсан чинь Э намайг шууд түлхээд цас руу унагаагаад байсан. Тэгээд босоод ирсэн чинь миний амнаас цус гоожчихсон байж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “Э эгчийг чи мууг үзлээ гээд шууд барьцалдаж аваад зууралдаад байхаар нь Э эгч чи согтуу байна гэртээ ор гээд 2-3 удаа газар түлхэж унагаасан” гэх мэдүүлэг, сэжигтнээр Ч.Э гийн “хүний муу үзлээ гэж хэлээд надтай зууралдаад орилж хашхираад байхаар нь би түлхэж унагаачихаад цас авч нүүр лүү нь шидсэн. Тэгсэн ч гэсэн эргэж босч ирээд надтай зууралдаад байхаар нь би 2-3 түлхэж газар унагаасан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №16 дугаартай дүгнэлт, гэрч Б.О-н “Н ганцаараа байсан бөгөөд түүний уруул юм уу завжнаас цус гарч байсан бөгөөд би нойлын цаас гэрээсээ авч өгсөн. Тухайн үед түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “гэртээ очтол эхнэрийн маань уруулаас нь цус гарч байсан бөгөөд Э нь цохичихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-н Тухайн үед Н тэй хэн нэгэн маргалдаж муудалцаагүй бөгөөд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан юм. Тухайн үед манай эхнэр Э нь хамт байгаагүй” гэх мэдүүлэг, шинжээч Э.Б-н “Уруулд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох болон шүдтэй хавсарч нидрэгдэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн **-**тоот хашааны гадна хохирогч П.Н тэй маргалдаж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт. хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Ч.Э гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас П.Н н биед уруулд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт. хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч-ийн Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС