| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2425000000200 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.О
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.О нь 2024 оны 02 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аялгуу” нэртэй караокед хохирогч Ц.Л-тай тамхи харамлалаа гэсэн шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал, 3 шүдний сулрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүлээлгэх хариуцлагыг зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч Ц.Л “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Л-н “Би караоке хаах дөхөх үед эхнэрт хандаж хоёулаа явах уу, би ганц тамхи татчихаад ирье гээд дахиж бие засах өрөө рүү явсан. Бие засчихаад бие засах өрөөн дотор тамхи татаад зогсож байтал өмнө нь надаас 2 удаа тамхи гуйж авсан эрэгтэй хөөе писда минь нэг тамхи өгчих гэхээр нь би тамхи гаргаж өгөөгүй ба чи хэдэн настай вэ, намайг яагаад чи гээд байгаа юм бэ гэхэд би 1990 оных гэж хариулсан. Тэгэхээр нь би уурлаад чи миний том ахын хүүхэдтэй чацуу л юм байна шүү дээ гөлөг минь гэж хэлсэн. Тэгтэл уг эрэгтэй бие засах өрөөний хаалга дотроос нь татаж хаагаад хамт явж байсан залуудаа хандаж энэ писда, 3 хүүхэнтэй цуг суучхаад дугарч цөхөөд байна, харамлаад байна гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Энэ үед гаднаас караокены эрэгтэй ажилчин орж ирээд юу болоод байгаа юм бэ больцгоо гэхээр нь би гарч өөрийн сууж байсан ширээ рүүгээ очсон. Яг сандал дээрээ суух гэж байдал надтай маргалдсан эрэгтэй араас хүрч ирээд хөлөөрөө шүд рүү өшиглөсөн. Уг нь би 170 см өндөртэй ба дээрээс нь зогсож байсан, тэр эрэгтэй маш өндөр өшиглөдөг юм байна лээ. Өшиглүүлсний дараа аман дотор нэг зүйл хөдлөөд байхаар нь шүд хугарсан ч гэж бодолгүй түй гээд нулимсан ба амнаас цус гараад байсан. Тэгэхээр нь би заалан доторх толинд нь шүдээ хартал миний амнаас маш их цус гарч байсан ба дээд талын 1 ширхэг үүдэн шүд сууриараа хугарч унасан байсан. Үүний дараа би цагдаа дуудсан. Цагдаа дуудсан чинь миний шүд рүү өшиглөсөн эрэгтэй гараад зугтаачихсан ба би хамт явсан эрэгэйг нь барьж аваад чамайг явуулахгүй. Чи хамт явсан залуугаа дууд гэж хэлээд утсаар яриулж караоке руу оруулж ирсэн. Өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний шүдийг өшиглөж хугалсан эрэгтэй болох О гэдэг залуу надтай өөрийн биеэр уулзаж уучлалт гуйгаад таны хохирлыг барагдуулах болно гэж хэлсэн. Ингээд О гэх эрэгтэй надад ойрын хугацаанд 1 500 000 төгрөг өгөхөөр болсон бөгөөд хэрэв дээрх эмчилгээний мөнгийг өгчих юм бол надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2024 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Аялгуу” баар, караокед байхад О гэдэг залуу миний шүд рүү нэг удаа өшиглөж улмаар 1 шүдний булгарал, 3 шүдний сулрал гэмтлийг учруулсан. Мөн шүд рүүгээ өшиглүүлчхээд О гэх залууг чи яаж байгаа юм бэ гээд хувцаснаас нь барьж автал миний цээж руу түлхэж надаас холдож хэсэг зогсож байгаад гараад гүйчихсэн. Тухайн үед миний цээжинд цус хуралт үүссэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 11, 13 дахь тал/
2. Гэрч С.Э-ны “Пиво ууж байхад хажуугийн ширээн дээр сууж байсан 30 гаран настай, өндөр шар залуу манай нөхрөөс 1-2 удаа тамхи асууж ирсэн Баар хаахын өмнөхөн 00 цагийн үед нөхөр надад хандаж хоёулаа явах уу гэхээр нь би удахгүй явъя гэж хариулсан. Тэгтэл нөхөр бие засах өрөө рүү тамхи татах гээд явсан ба хэсэг хугацааны дараа буцаад ирсэн. Нөхөр ширээн дээр ирээд суух гэж байтал араас нь нөхрөөс тамхи гуйж авч татаад байсан өндөр биетэй шар залуу ирээд нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед Д болон түүний найз эмэгтэй бид гурав шар царайтай залууг болиоч гээд түлхэж нөхрөөсөө холдуулсан. Тэгтэл уг эрэгтэй караокеноос шууд гүйгээд гарчихсан. Эргээд нөхөр рүүгээ хартал миний шүд уначихсан байна гээд гартаа өөрийнхөө унасан шүдийг барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дахь тал/
3. Гэрч С.Т-н “2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим гаднаас хоёр эрэгтэй орж ирээд зааланд сууж пиво уусан. Мөн 22 цагийн орчим нэг эрэгтэй, 3 эмэгтэй орж ирээд зааланд суусан. Ингээд шөнө 23 цаг нэлээн өнгөрсөн байх үед 30 гаран настай, өндөр шар залуу 40 гаран настай, бор царайтай ахтай бие засах өрөөнд маргалдаж байхаар нь би голоор нь орж больцгоо гэж хэлээд гаргасан. Үүний дараа уг хоёр эрэгтэй хоорондоо хэрүүл хийгээд суудал руугаа явсан. Үүний дараа нээх удалгүй заалнаас эрэгтэй хүн шүд уначихлаа гэж чанга дуугарсан. Тэгэхээр нь яваад очтол бие засах өрөөнд 30 гаран настай, шар царайтай залуутай маргалдаж байсан 40 гаран настай, бор царайтай ах амаа дарчихсан, миний шүдийг өшиглөөд хугалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл шүд рүү нь өшиглөсөн шар царайтай залуу ганцаараа караокеноос гүйгээд гарчихсан ба хамт явж байсан эрэгтэй нь үлдсэн. Үүний дараа хамт явж байсан залуугаар нь шар царайтай залууг дуудуулж оруулж ирсэн ба цагдаа нар шүд рүүгээ өшиглүүлсэн, өшиглөсөн хоёр эрэгтэйг авч явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дахь тал/
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 243 дугаартай “Ц.Л-н биед 1 шүдний булгарал, 3 шүдний сулрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-25 дахь тал/
5. Яллагдагч Б.О ын “Яллагдагчаар татсан прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба маргалдаж байх үедээ уурласан. Ингээд би уураа барьж чадалгүй Ц.Л гэдэг ахыг зогсож байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид шаардлагатай эмчилгээний мөнгийг төлж барагдуулах болно Би Баян-Өлгий аймгаас гэр бүлийн хамт Орхон аймагт нүүж ирээд 2 сар гаран болж байгаа бөгөөд эндээ цаашид амьдрах сонирхолтой байгаа. Мөн цаашид гэмт хэрэгт холбогдохгүй болно гэдгээ амлаж байна. Би ойрын хугацаанд Ц.Л гэх эрэгтэйн хохирлыг барагдуулах болно. Хийсэн буруу үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2024 оны 02 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Аялгуу нэртэй караокед хохирогч Ц.Л-тай тамхи харамлалаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал, 3 шүдний сулрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Л-н “надтай маргалдсан эрэгтэй араас хүрч ирээд хөлөөрөө шүд рүү өшиглөсөн. Өшиглүүлсний дараа аман дотор нэг зүйл хөдлөөд байхаар нь шүд хугарсан ч гэж бодолгүй түй гээд нулимсан ба амнаас цус гараад байсан. Тэгэхээр нь би заалан доторх толинд нь шүдээ хартал миний амнаас маш их цус гарч байсан ба дээд талын 1 ширхэг үүдэн шүд сууриараа хугарч унасан байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Э-ны “нөхрөөс тамхи гуйж авч татаад байсан өндөр биетэй шар залуу ирээд нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Эргээд нөхөр рүүгээ хартал миний шүд уначихсан байна гээд гартаа өөрийнхөө унасан шүдийг барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Т-н “40 гаран настай, бор царайтай ах амаа дарчихсан, миний шүдийг өшиглөөд хугалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл шүд рүү нь өшиглөсөн шар царайтай залуу ганцаараа караокеноос гүйгээд гарчихсан ба хамт явж байсан эрэгтэй нь үлдсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 243 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.О ын “Ц.Л гэдэг ахыг зогсож байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2024 оны 02 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аялгуу” нэртэй караокед хохирогч Ц.Л-тай маргалдаж, нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал, 3 шүдний сулрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Б.О ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Ц.Л-ын биед 1 шүдний булгарал, 3 шүдний сулрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Б-ны О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС