Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 08

 

П.Ою-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгч П.Ою- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.******* Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Д.Алт- Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Д.Алт-ын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ою- нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 10 сарын 25-ны өдрийн Шилүүстэй сумын Засаг даргын Б/06 тоот захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан боловч хууль зүйн үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл миний бие нь урьд өмнө эдгээр зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж Явуухулан тэмдэг болон бусад шагнал урамшуулал, баярын бичгээр шагнагдаж байсан. Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй болон мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авах боломжтой байтал хамгийн хүнд шийтгэл буюу ажлаас халах шийтгэлийг хууль зүйн үндэслэлгүй оногдуулж бусдын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан юм. Иймд Шилүүстэй сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Шилүүстэй сумын Засаг дарга Д.Алт- анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.Ою- нь 10 сарын 09-ний өдрийн 1430 цаг орчим ажлын байран дээр байгууллагын ажилчид, гадны хүмүүстэй согтууруулах ундаа хэрэглэн ажлын байрны урд хаалгыг түгжсэн байсныг ЗДТГ-ын дарга Г.******* арын хаалгаар орж шаардлага тавьж хэсгийн цагдаа д мэдэгдэн арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байсан. Хэсгийн цагдаа дуудлагын дагуу очиж бичлэг хийснээ ирж танилцуулсан. Мөн П.Ою-ийг 7 хоногийн өмнө согтуугаар машин жолоодож арга хэмжээ авагдсан тухай танилцуулсан. Би Ою-тэй 2-3 удаа уулзаж миний буруу гэдэг зүйл хэлэх байх гэж найдаж байсан. Өөр ч саналыг тавьж байсан. Өөрийн буруугаа хүлээхийн оронд би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй гэж хэлсэн. Үүнээс харахад буруугаа мэдэж чадахгүй нь засрахгүй гэдгийн илэрхийлэл гэж үзэж арга хэмжээг ноогдуулсан болно. Ард иргэдийг соён гэгээрүүлэх, үлгэрлэн дуурайлгах, төрийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, төлөвшилгүй байгааг харгалзан ажлаас халсан болно гэжээ.

Нэхэмжлэгч П.Ою- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 25-ны өдрийн Б/06 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг захирамж нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримталсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Засаг дарга Алт- нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2017 оны 10 сарын 09-ний өдөр цайны цагаар хөзөр тоглох тухай саналыг ажилчид надад тавьсан учраас би тэр саналыг нь хүлээж аваад бид цайны цагаар хөзөр тоглох гэж байхад хөгжмийн багш, номын санч нар 1 ширхэг пиво аваад ирсэн байсан. Тэр пиво авчирсныг би мэдээгүй. Тэгээд тэр пиво гаргаж ирээд нэг юм авсан юм гэхээр нь би ажлын цаг учраас ажлын цаг дууссаны дараа наад асуудлыг чинь яръя гээд тэр пиво-ийг нь аваад сандал дээр тавьсан байсан. Тэгээд цайны цаг дуусаад бид ажилдаа орох гэж байхад Тамгын газрын дарга ******* орж ирсэн. Гадаа үүдэнд ямар 2 мотоцикль байсан бэ гэхээр нь 1 нь манай найз залуугийн мотоцикль байсан. Нөгөө нь манай найз залуугийн эгчийнх нь нөхөр байсан. Бид архидан согтуурсан зүйл байгаагүй. Бүгд эрүүл байсан. Тэгээд ******* дарга орж ирээд гарсны дараа хэсгийн цагдаа орж ирээд дуудлагын дагуу ирлээ гэхээр нь би ямар нэгэн онц сүртэй юм болоогүй шүү дээ гэхэд Тамгын газрын дарга намайг явууллаа гэж хэлсэн. Тэгээд би учир байдлаа танилцуулахад цагдаагийн ажилтан буцаад гараад явсан. Ийм л үйл явдал болсон юм. Зөрчил гаргасан гэдэг асуудлаа бүрэн дүүрэн нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Сард би Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд 502.000 төгрөг авдаг. Ажилгүй байсан хугацаа нь 60 хоног байгаа 1.777.740 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Шилүүстэй сумын Засаг даргын 2017.10.25-ны өдрийн Б/06 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1 дүгээрт хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Соёлын төвийн эрхлэгчийн хэрэглэх эрх зүйн актыг сумын Засаг дарга хэрэглэж эрхлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Соёлын төвийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөх асуудал нь өөр эрх зүйн актаар зохицуулагдах ёстой. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн заалтыг баримталсан нь хэлбэрийн төдий заалтууд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан заалтууд нь ажлаас чөлөөлөх заалт мөн боловч Засаг дарга Алт- нь Ою- гэдэг хүнтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн үү гэдэг асуудал байгаа. Ою-ийг ажилд авсан тушаал байгаа учраас хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй. Харин тухайн ажилд томилсноос хойш ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл харагдахгүй байна. Хэрвээ Ою- гэдэг хүн зөрчил дутагдал гаргах юм бол ямар арга хэмжээ авах талаар заасан ямар нэгэн баримт байхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил дутагдал гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судалж үзэхэд нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил дутагдал гаргасан гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч талаас удаа дараа зөрчил дутагдал гаргасан гэж байгаа боловч энэ нь хариуцагчийн гаргаж байгаа тайлбар болон өөр бусад баримтаар нотлогдохгүй байна. Архи пивоны асуудал яригдаж байна. Миний харж байгаагаар пивоны зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа боловч тэр пиво-ийг уусан, уугаагүй талаар би хэлж мэдэхгүй байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор хувь хүний нууцтай холбоотой асуудал үүссэн. Тэр нь юу вэ гэхээр нууцаар бичлэг хийсэн асуудал юм. Энэ нь өөрөө гэмт хэрэг юм. Эрх мэдэлтэй хүн болохоороо хүний яриаг нууцаар бичлэг хийж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс CD-ний бичлэгийг нотлох баримтаар үнэлж үзэх боломжгүй. Ою-ийг зөрчил дутагдал гаргасан гэдгийг нотолж чадаагүй байж Ою-т ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тиймээс Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хуучин ажилд нь эгүүлэн тогтоож мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 1.777.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг дэмжиж байна. Энэ мөнгийг буруутай албан тушаалтнаас нь гаргуулах хүсэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэжээ.

Хариуцагч Шилүүстэй сумын Засаг дарга Д.Алт- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ою- нь 2017 оны 10 сарын 09-нд ажлын цагаар, ажлын байран дээрээ байгууллагын ажилчид болон гадны хүмүүстэй согтууруулах ундаа хэрэглэн ажлын байрны урд хаалгыг түгжсэн байсан. Ингээд байж байхад нь Тамгын газрын дарга ******* орж шаардлага тавьж сумын цагдаагийн ажилтан д энэ талаар мэдэгдэж арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байсан. Ингээд Цагдаагийн ажилтан дуудлагын дагуу очиж бичлэг хийж ирснээ надад танилцуулсан. Тэгж танилцуулахдаа Ою- нь 7 хоногийн өмнө согтуугаар машин барьж явж байгаад жолооны үнэмлэхээ хураалгасан гэж танилцуулсан. Ою- нь ажлын байран дээрээ архи уудаг, ер нь Соёлын төвийн ажилчид ажлын байран дээрээ архи уудаг, арга хэмжээ авагдсан асуудал байгаа. Ажлын хариуцлага гэж байх ёстой, бүхэл бүтэн соёлын байгууллагын дарга хүн, ард иргэдээ соён гэгээрүүлж архины хор хөнөөлийн талаар иргэдэд сурталчлах, мэдээлэх ёстой хүн өөрөө ийм асуудал гаргасан учраас ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан гэдгээ тайлбар дээрээ тодорхой бичсэн байгаа учраас өөр тайлбар байхгүй. Тамгын газрын дарга ******* хэсгийн цагдааг Соёлын төв рүү явуулсан байсан. Сумын цагдаа очоод бичлэг хийж ирсэн байна. Тэр бичлэг дээр 2-3 пиво уугаад тавьчихсан байсан. Тэд нар уугаад хөзөр тоглоод сууж байна. Ою- миний урдаас янз бүрийн юм хэлж байна. Би тэгж болохгүй талаар нь хэллээ. Би тэр талаар нь бичлэг хийгээд ирлээ гээд хийсэн бичлэгээ танилцуулаад байж байхад ******* дарга орж ирсэн. Ер нь Ою- 2-3 жилийн өмнө согтуугаар машин барьж яваад айлын хашааны төмөр машин дээр нь унасан гэнэ гэсэн асуудал яригдаж байсан. Мөн өнгөрсөн жил намайг ажлын байран дээрээ байхад над руу нэг хүн залгаад гадаа талбайд олс таталтын тэмцээн болох гэж байхад танай Соёлын төвийн эрхлэгч чинь хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтуу явж байна. Энэ хүн дээрээ арга хэмжээ ав, энэ хүнийхээ зургийг нь ав гэж ярьсан. Тэгэхэд нь би ажил ихтэй байна. Наад асуудлынхаа талаар цагдаад хэл гэж хэлж байсан. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд архигүй хамт олон болох талаар заасан байгаа гэдгийг байгууллагын дарга нарын хурал дээр танилцуулж, Ою-т энэ талаар нь хэлж танилцуулж байсан. Би өөрийн гаргасан захирамжаа хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Харчин овогт Пэрэнлэйлхүндэвийн Ою-ийг Завхан аймгийн Шилүүстэй сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийнШилүүстэй сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч П.Ою-ийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25ны өдрийг хүртэл хугацааны цалин 1.777.740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ою-т олгож, 41 үгээ 41.1.5- зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 㿿 байгууллагаас 113.594 улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Шилүүстэй сумын Засаг дарга Д.Алт- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шуудангаар хүлээн авлаа.

П.Ою- нь 2017 оны 10 сарын 09-ний өдөр 14:30 цагт ажлын цагаар ажлын байр буюу Соёлын төвийн зааланд ажилчид *******, *******, *******үү, ******* нар болон гадны хүмүүс *******, *******, ******* нартай хөзөр тоглон пиво уугаад сууж байх үед тамгын газрын дарга Г.******* орж уг байдлыг зохицуулах талаар тус сумын цагдаа д дуудлага өгч явуулсан байдаг. цагдаа Соёлын төвд очоод бичлэг хийн ирж надад уг асуудлыг танилцуулсан. Мөн цагдаа хэлэхдээ энэ П.Ою- нь өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан удаадараагийн зөрчил гаргаж байсан талаар танилцуулж байсан...

Мөн шүүх гэрчийн мэдүүлэг авахдаа хүсэлт гаргасан хариуцагчийг гэрч асуухада байлцах талаар асууж, хэрэв манай тал байлцана гэвэл гэрч асуухдаа оролцуулдаг журамтай байх гэж бодож байна. Гэтэл хүсэлт шийдвэрлэсэн эсэх талаар хариуцагч надад мэдэгдээгүй атлаа гэрчээр асуух гэж буйгаа ч хэлээгүй нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна...

П.Ою- нь төрийн албан хаагч тэр тусмаа Соёлын төвд архи согтууруулах ундааны хор холбогдлыг сурталчилан таниулах ёстой байгууллагын дарга хүн архи согтууруулах ундааг ажлын байран дээрээ ажлын цагт өөрөө хэрэглэн хийх ёстой ажлаа хийхгүй хариуцлагагүй ажиллаж байгаа нь төрийн албаны нэр хүндийг унагааж байгаа ёс зүйгүй үйлдэл гэж үзэн...Хөдөлмөрийн тухай хууль хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан ажлаас халах шийдвэрийг гаргасанаа зөв зүйтэй гэж үзэж байгаа болно.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Шилүүстэй сумын Засаг дарга Д.Алт- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдол гарсан шалтгаан нь цагдаа нь худал мэдүүлэг өгсөн байна. Анх надад үзүүлэхдээ бичлэгийг бүрэн эхээр үзүүлж байсан миний зүгээс чи наад бичлэгээ бүрэн эхээр хувилаад өг гэдэг шаардлага тавихад би хэрэгтэй газар нь хэрэгтэй цагт нь гаргаж тавина гээд өгөөгүй. Дараа нь бичлэг устсан талаар мэдээлэл аваад уулзахад гэнэт л миний бичлэг алга болсон байсан гэсэн. Үүний дараа би ийг санаатай бичлэг устгасан талаар мэдээд өөрсдөө бичлэг хийсэн Гэтэл анхан шатны шүүх тухайн бичлэгийг нотлох баримтаар үнэлж үзээгүй учраас хэргийн бодит байдлыг тогтоолгохоор гомдол гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч П.Ою- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед болсон үйл явдлыг танилцуулья гээд 2017 оны 10 сарын 25-ны өдөр цайны цагаар манай ажилчдаас хөзөр тоглох санал гаргасан. Тэгээд хөзөр тоглох гээд зааланд орж ирээд байж байтал манай хамт олон орж ирсэн тэгээд хөзрөө тоглоод сууж байтал Манай ахмад ажилтан ******* гэж хүн Төрийн дээд одонгоор шагнуулсан байсан учраас пиво авсан юм даргаа гээд гаргаад ирэхээр би наад асуудлыг чинь ажлын цаг дууссаны дараа больё гээд сандал дээр тавьсан тэнд байсан хүмүүсээ хэн ч уугаагүй байсан. Гэтэл тамгын дарга ******* дарга орж ирээд намайг өрөөнд орж ирж уулз гэсэн 5 минутын дараа явах гээд байж байтал дуудлагын дагуу ирлээ гээд хэсгийн цагдаа орж ирсэн тэгээд цагдаа д учир байдлыг тайлбарлахад за гээд гараад явсан. Тэгээд би тамгын даргын өрөөнд очиж уулзаад манай хамт олон архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байгаа талаар хэлэхэд тэр нь ч тийм байна гэдэг хариу өгч байсан. Тэр өдөр намайг эрүүл байсан талаар нотлох хүмүүс байгаа, Засаг дарга ч өөрөө надтай кордорт таарч байсан ч яалт ч үгүй архи уусан болгох гээд байгаад гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар маргахгүй байна. Хамгийн гол нь гэрч асуухдаа хариуцагч талыг оролцуулаагүй талаар ярьж байна. тухайн гэрчийг асуухад байлцах талаар хүсэлт гаргаагүй байна. Ёс зүйгүй асуудал гаргасан талаар нотлох баримт гаргаагүй байна. Хэрвээ П.Ою- зөрчил гаргаж байсан бол эхлээд өөртэй нь уулзаад дараа нь хурлаар оролцуулж хэлэлцүүлээд шийдвэр гаргах асуудлыг ярилцах ёстой байсан ч энэ тухай нотлох баримт гарч ирэхгүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хувь хүний дүгнэлт болохоос байгууллагаас гаргасан дүгнэлт биш. Сахилгын арга хэмжээ авч байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг баримтласан гэвч 40.1.4 дэх заалт нь 2 үндсэн асуудлыг шаардаж байж ажлаас халахыг шаарддаг. Зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан. Гэтэл аль зөрчлийг гаргасан гэдэг тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй. Энэ талаар нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тийм учраас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч П.Ою- хариуцагч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийы удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.1,8 дахь заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн П.Ою-ийг Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг үндэслэлийг удирдлага болгох ёстой. Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг удирдлага болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэл тогтоогдсон байх ёстой.

Ажил олгогч нь тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа П.Ою- нь ажлын цагаар, ажлын байранд ажилчид болон гадны хүмүүстэй согтууруулах ундаа хэрэглэж төрийн албан хаагчийн манлайлал, нэр хүндийг унагаж ёс зүйгүй, хариуцлагагүй байдал гаргасан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажлаас чөлөөлсөн гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар П.Ою- нь ажлын цагаар, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй, нөгөө талаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх асуудал нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байх ба талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд П.Ою-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь нотлох баримтанд үндэслэгдээгүй хууль бус шийдвэр байх ба хариуцагч хариу тайлбараа шүүхэд баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Д.Алт-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР