Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Б.Алтансүх

Улсын яллагч                                                        Н.Амаржаргал

Хохирогч                                                                Ц.Амгалантөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Харчин овогт Бямбасүрэнгийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 201710010077 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  Барилгын өрлөгчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багт  оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Бямбасүрэнгийн Ууганбаяр  РД/ЕЮ91120315/

Яллагдагчаар татах тогтоолоор:   2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сум 1 дүгээр баг Улаан худаг гэх газарт Ц.Амгалантөр, Ууганбаяр нар хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Амгалантөрийн эрх чөлөөнд халдаж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим гэрээсээ өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг бариад Батчулуун ахынд очиход Ц.Амгалантөр, Чинзориг нар нилээн согтчихсон харагдаж байсан. Би Батчулуун ахын Бонго-3 маркийн машиныг нь жолоодоод Очирбаатар ахынд очсон юм. Очирбаатар ахын дээр очоод байж байхад 30-аад минутын ар дээр Амгалантөр өөрийн Соната-5 маркийн машинтай ирсэн ба удаагүй гэрлүүгээ явлаа гээд согтуу өөрийнхөө машиныг бариад явсан. Батчулуун ахын машиныг бариад Батчулуун ахыг эхнэр хүүхэдтэй нь гэрлүү нь хүргэж өгөх гээд явж байхад замд Амгалантөр машин бензингүй болчихлоо гээд зогсож байхаар нь би Амгалантөрийн машиных нь ард байсан 5 литрийн савтай бензинийг машинд хийж өгсөн ба машинаа Амгалантөр согтуу байж барина гээд байхаар нь хүүхдээ Батчулуун ахын машинд суулгачих гэсэн чинь үгүй гээд байхаар нь би машинаас нь татаж буулгаад 2 удаа нүүрлүү нь цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Амгалантөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим манай найз Чинзориг Сайншандаас эхнэртэйгээ хамт ирэхээр нь найзыгаа Цагаан сараар ирээгүй гээд 0.5 литрийн Соёрхол архи задлаад Чинзориг бид 2 дээрээс жижиг аягаар хоёр, хоёр татчихаад хонь эргүүлэхээр Даюун маркийн мотоцикльтойгоо явж байхад Батчулуун замд таараад нилээн хэд хоногийн өмнө Батчулуунаас 50000 төгрөг зээлсэн байсан юм. Батчулуун, Очирбаатар ахыруу явна гэж байсан болохоор би араас нь өөрийнхөө Соната-5 маркийн машинтай Очир ахын дээр очоод удаагүй цай уучихаад тэднийхээс хөдлөөд гэрлүүгээ явж байхад миний Соната-5 маркийн машин бензингүй болоод зогсож байхад Батчулууны машиныг Ууганбаяр жолоодоод явж байсан ба Ууганбаяр миний машины ард 5 литрийн савтай бензин байсныг хийж өгсөн гэсэн би санахгүй байна. Тэгээд Ууганбаяр бид 2 муудалцсан юм шиг байна лээ, сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг нэг хүн зодоод байх байгааг хальт санаж байна. Ууганбаяр миний 3 үүдэн шүдийг булга цохьсон. Баруун нүд хөхөрсөн, дээд уруул дотроо язарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргасан. Одоо надад Бямбасүрэнгийн Ууганбаярт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Согтуурлын зэрэг тогтоох тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/

- 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ц.Амгалантөрийн биед дээд үүдэн 3 шүдний булгаралт, баруун нүдний зовхи болон дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд тогтоогдлоо.
  2.  Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3.  Дээрхи гэмтлүүдийн дээд үүдэн 3 шүдний булгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.51.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 10%- аар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний зовхи болон дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдсан байна.
  5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэжээ.
  • Гэрэл зураг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 59-60  тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Б.Ууганбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг Улаан худаг гэх газарт  Ц.Амгалантөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж дээд үүдэн 3 шүдийг булгалан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Ууганбаяр, хохирогч Ц.Амгалантөр нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ууганбаяр, хохирогч Ц.Амгалантөр  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ц.Амгалантөр нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд  энэ хэрэг эд мөрийн болон иргэний баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Бямбасүрэнгийн Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ууганбаярт авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаяр, хохирогч Ц.Амгалантөр нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ