Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

 

     2024          04         22                                      2024/ШЦТ/315

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,

хохирогч О.Б-, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

иргэний нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Б-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр * аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт ** дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Г овогт Б-н С /регистрийн дугаар */.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.С- 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт О.Б-г “3 сарын хугацаанд төлбөрийг нь бүрэн төлж барагдуулна” гэж хуурч “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр халхавчлан түүний өмчлөлийн 106.700.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** байрны ** тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны улмаас 106.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С- мэдүүлэхдээ: “...Би О.Б-тай Ковидын хорио цээрийн өмнө буюу 2020 онд С- зах дээр уулзсан. Тухайн үед Г- надад байр зарах гэж байгаа хүн байна гэж хэлж байсан юм. Бид нар О.Б-д төслийн бичиг баримтаа үзүүлсэн ба О.Б- миний нэр дээр байраа шилжүүлсэн. О.Б-д байрыг нь зарж мөнгө болгоод гаалийн мөнгөө тушааж тоног төхөөрөмж авах гэж байгаа талаар хэлж тохиролцож байрыг нь авсан. О.Б-г надад байраа шилжүүлсний дараа Ковидын 2 дугаар дэгдэлт гарсан. Би 2020 оны 12 дугаар сард Г.Г-т тухайн байрыг зарсан. Ингээд 35.000.000 төгрөгийг Нано төслийн тоног төхөөрөмжийн тээвэр зуучийн хөлс гэж төлсөн. Мөн Г- 10.000.000 төгрөг зээлж, 5.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэрнээс хойш 20.000.000 төгрөгийг гаалийн татварт төлсөн. Нийт 75.000.000 төгрөгийг “Л” компанид өгсөн. 25.000.000 төгрөгөөр газар доор холболт дулаантай холбоотой зүйлүүд Дарханд хийгдсэн. “Л” компанийн ажил О.Б-гаас авсан байрны мөнгөөр хийгдсэн. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт 2 сард Хөгжлийн банкнаас хийгдэх байсан юм. Гэтэл Хөгжлийн банкны 8 тэрбумын хөрөнгө оруулалт орж ирээгүй тул О.Б-д өгөх мөнгөний хугацаанд өөрчлөлт орсон. Би мөрдөн байцаалтад энэ тухай хэлж байсан. Би энэ мөнгийг О.Б-тай тохирсон зориулалтаар нь ашиглаж дуусгасан. Төлбөрийн асуудал хойшлогдохоор нь би 7 сард мөнгө цуглуулаад О.Б-гийн мөнгийг өгөх гээд М гурилын үйлдвэрээс 150.000.000 төгрөгийн гурил авна гэж тохиролцсон. Милл хаус гурилын үйлдвэрийн эзний нөхөрт урьдчилгаа 30.000.000 төгрөгийг бэлнээр 2 хувааж өгсөн. Гэтэл надад гурилаа гаргаж өгөөгүй, шалтаг хэлж явсаар байгаад 2021 оныг дуусгасан. 2022 онд энэ асуудлын талаар хөөцөлдөөд мөнгөө авч чадаагүй. Одоо ч гэсэн мөнгөө авч чадаагүй байгаа. 2023 онд Сэлэнгэ рүү тэжээл оруулах санал ирж, 6-7 тонн тэжээл авна гэж тохирсон. Тэгээд О.Б-гийн мөнгө асуудалгүй төлөгдөнө гэж бодсон боловч дайны байдлаас болоод үнэ нь өөрчлөгдөөд авах боломжгүй болсон. Ингээд 2 дугаар шатны зээл бүтэхээргүй болсон. Икомпани 150.000.000 төгрөгийн төлбөрийн өрөнд орсон байсан. Ийм шалтгаануудаас О.Б-гийн мөнгийг өгөх боломжгүй болсон. Би О.Б-тай тохиролцсон мөнгөө төлөх хэвээрээ байгаа, мөнгө төлөхөөс зайлсхийсэн зүйлгүй. 2023 онд сахарын өвчнөөс болоод цус өтгөрч нэг удаа би хагас саажилтанд орсон. 2023 оны 7 дугаар сард Сэлэнгэд ажил авахаар ярьсан байсан чинь үерээс болоод ажил бас боломжгүй болсон. Манай дүүгийн ажил 2023 онд зогссон, харин одоо ажил хэвийн болсон тул төлбөр төлөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй. Надад хуурах, мэхлэх санаа байгаагүй. Би О.Б-г хохиролгүй болгоно...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б- мэдүүлэхдээ “...Тухайн үед З.Г- гэх хүнээр дамжуулж Б.Б, Б.С- нартай танилцсан юм. Б.С- Х-н гарын үсэгтэй бичиг баримт үзүүлээд 8 тэрбумын хөрөнгө оруулалттай компанийн захирлууд гэж өөрсдийгөө хэлсэн. Ах нь яаралтай байрыг чинь аваад маргааш, нөгөөдөргүй, бүр үгүй дээ гэхэд сарын дотор мөнгө өгнө гэж хэлсэн. Ингээд өөрсдийн таньдаг нотариач дээр намайг дагуулж очсон. Байрыг шилжүүлж авснаас хойш сар гаруй хүлээсэн. Мөнгөө өгөөч, би орох оронгүй болчихлоо, байрны түрээс нэхэгдээд 2 хүүхэдтэйгээ гудамжинд гарах гээд байна гэж гуйсан. Жилийн хугацаа өнгөрөхөөр нь шүүх цагдаад хандъя, би удаан тэвчиж чадахгүй гэж хэлсэн... Анх гэрээ байгуулаад 110.000.000 төгрөгөөр байраа зарсан. Алдангийг сарын 1 хувиар тогтоосон. Цаг хугацаа өөрчлөгдсөн учраас 110.000.000 төгрөгөөр хүүхдийнхээ сургуультай ойр 3 өрөө байр авч чадахгүй. Би 3 өрөө байраа буцааж авах хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Г- мэдүүлэхдээ “...Манайх 2020 онд байр авах гээд хайж байсан. Үнэгүй.мн дээр 90 саяар байр зарна гэсэн зар байхаар нь холбогдож ярьсан. Эхлээд байрыг очиж үзэхэд айлд түрээслэсэн байсан. Тэгээд байранд нь засвар хийх юм байна гэж ярилцаад үнээ буулгаад 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.С-тай уулзаад Баянгол дүүргийн ТҮЦ машинаар лавлагаа авахуулахад Б.С- хууль ёсны өмчлөгч байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ Б.С-ын нэр дээр байсан. Иймээс нотариатч орж худалдах худалдан авах гэрээ хийгээд тэр өдрөө төлбөр мөнгөө төлсөн. Гэрээгээ хийж дуусаад байрны хууль ёсны өмчлөгч нь би болсон. Ам бүл 5, 0-13 насны 3 хүүхэдтэй. Би хууль ёсны өмчлөгч тул байраа буцааж өгөх боломжгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-гийн хохирогчоор өгсөн: “...Би 2020 оны сүүлээр танил эгч З.Г-бадам эгчид хандаж өөрийн орон сууцаа зарах талаар хэлэхэд надтай Б.Б гэх хүнийг танилцуулж байсан. Б.Б нь тухайн үед өөрийгөө “И” ХХК-ийн захирлын албан тушаал хашдаг, мөн өөрийнхөө төрсөн ах Б.С- гэх хүний хамт Дарханд нэг модны үйлдвэр ажиллуулдаг, модны үйлдвэр нь Засгийн газраас 8 тэрбумын санхүүжилт авах гэж байгаа гэж хэлж байсан бөгөөд тухайн модны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд Тээвэр зуучлалын газарт хадгалаатай байгаа гэж хэлсэн. Улмаар би Б.С- болон Б.Б гэх 2 хүнтэй тохиролцсон. Энэ үед Б.Б би О.Б-гийн байрыг өөрийн нэр дээр авах боломжгүй, модны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд Б.С- ахын нэр дээр байгаа болохоор би авч чадахгүй, харин байрыг чинь тээвэр зуучлалын байгууллагад өгөөд тоног төхөөрөмжөө аваад дараа нь Засгийн газраас санхүүжилтээ авчихаад чамд байрны мөнгийг чинь эргүүлээд өгнө гэж хэлээд надад тухайн үеийн  Х-н гарын үсэгтэй модны үйлдвэрийн бичиг баримтууд үзүүлсэн. Тэгээд Б.С- гэх хүнтэй 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн орон сууц болох Баянгол дүүргийн  6 дугаар хороо, 14а байрны 64 тоотод байх 40 мкв 3 өрөө, хуучны орон сууцаа 110.000.000 төгрөгөөр зарж борлуулахаар тохирсон. Тухайн гэрээг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийж улмаар миний зарах Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14а байрын 64 тоот хаягийн гэрчилгээг тухайн газраа шууд Б.Бын хамт явж байхдаа авсан. Б.С- болон Б.Б нар бид хоёрын модны үйлдвэрийн тоног төхөөрөмж гадаад улсаас ирж байгаа бөгөөд тухайн тоног төхөөрөмжийн тээврийн хөлсийг төлөх мөнгө хэрэгтэй байгаа, байрыг бид тээвэр зуучлалын байгууллагадаа өгч тээврийн хөлсөө төлчихөөд тухайн газраас тоног төхөөрөмжөө аваад Засгийн газраас 8 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авчихаад дараа нь чиний байрны 110.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж өгнө гэж хэлж байсан. ...Манай байрыг 106.700.000 төгрөгөөр үнэлсэн байна. Тухайн үеийн байрны үнэлгээний ханштай санал нэг байна. Одоо 2023 онд байрны үнэ өссөн. Би мөнгөө авахгүй байраа авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-49, 51 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г-ийн иргэний нэхэмжлэгч өгсөн: “...2020 оны 11 дүгээр сард манайх байр авах болоод Үнэгүй.мн зарын сайт ороод байр үзэж байтал Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоот 3 өрөө, 40мкв байрыг 90.000.000 төгрөгөөр зарна гэж байхаар нь тухайн зар дээр тавигдсан гар утас руу залгаж холбогдоод уг байрыг очиж үзсэн. Надад байр үзүүлсэн хүн байрны өрөө тус бүрийг түрээслэсэн байсан. Засвар хийх шаардлагатай, хуучны байр байсан боловч таалагдсан тул тохиролцоод 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ингээд 2020 оны 12  дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэгт байх ТҮЦ машинаас Б.С- үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахад уг байр нь Б.С-ын хууль ёсны өмч мөн байхаар нь өөрийнх нь байр мөн гэж бодсон. Тухайн үед манай байранд түрээслэгч нар байхаар нь 2021 оны 3 дугаар сар хүртэл байраа түрээслэж байгаад 4 дүгээр сараас түрээслэгч нарыг гаргаад байрандаа засвар хийхээр болж нийт 35.000.000 төгрөгийн бүрэн засвар хийгээд тухайн оныхоо 5 дугаар сарын сүүлээр байрандаа орж амьдарсан. Уг байранд амьдрах хугацаанд надтай болон манай гэрийнхэнтэй хэн ч ирж уулзаагүй. 2023 оны 08 дугаар сарын 1-ний өдөр зар тавиад хүнд байраа түрээслэхээр болж наториатч ороход манай байрыг түдгэлзүүлсэн байна гээд гэрээ хийж чадаагүй. Ингээд байраа түрээслэхээ больсон. Би ам бүл тавуулаа, нөхөр 0-13 насны 3 хүүхдийн хамт уг байранд амьдарч байна. Иймд дээрх байрыг хууль ёсны дагуу худалдаж авсан хууль ёсны өмчлөгч тул уг байрыг буцааж өгөх боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн: “... О.Б-тай С- захад уулзсан. Тухайн үед Г- эгч болон ах бид хэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14а байрны 64 тоот 3 өрөөг харж сонирхож үзээд Б.С- болон О.Б- нар хоорондоо гэрээ байгуулсан. Б.С- ах 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр тус байрыг өөр хүнд 83.000.000 төгрөгөөр зарсан байсан. Би тус байрыг зарах үед нь ах Б.С-аас та надад 35.000.000 төгрөг зээлчих, би хүүтэй нь хамт танд эргүүлээд өгнө гэж хэлээд би ахаас зээлж авсан. Би 28.000.000 төгрөгийг “Л” ХХК-д өгсөн. Харин 5.507.000 төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн. Үлдсэн мөнгийг нь байгууллагынхаа урсгал зардалд зарцуулсан. Ах Б.С-ыг үлдсэн мөнгөө юунд зарцуулсан талаар би сайн мэдэхгүй байна. Би Б.С-аас 35.000.000 төгрөгийг зээлж авахдаа өөрийн “И” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж тодорхой хугацаагүйгээр зээлж авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Г-бадамын гэрчээр өгсөн: “...Тухайн үед Б.С- манай байранд оршин суудаг байсан. Энэ үед Б.С-тай танилцаж найз нөхдийн холбоо хамааралтай болсон. Б.С- нь барилга барих ажил хийдэг байсан. Түүний төрсөн дүү Б.Бтай 2019 оны 06 дугаар сард танилцаж байсан бөгөөд Б.Б “И” ХХК-ийн захирал байсан. Харин О.Б- гэх эмэгтэйтэй 2000 оноос хойш худалдагч хийдэг байх цаг үеэс нь хойш танилцаж улмаар эгч дүүгийн холбоо хамааралтай болсон. Би тухайн үед О.Б-гийн дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан юм. 2020 оны 04 дүгээр сард О.Б- би өөрийнхөө эзэмшлийн орон сууцаа зармаар байна, та худалдаж авах хүн сураглаад өгөөч гэж хэлсэн. Би тэр явдлаас хойш удалгүй Б.Бт манай нэг танил дүү байраа зарах гэж байгаа юм, чи зарахад нь туслаад өгөөч гэж хэлээд Б.Б, Б.С- нарыг О.Б-тай танилцуулж байсан. 2020 оны 11 дүгээр сард байх тэд уулзалдсан, Б.С-, О.Б- нар хоорондоо хэдэн төгрөгөөр тохиролцсон талаар би сайн мэдэхгүй. Энэ үйл явдлаас хойш О.Б- нэг өдөр залгаад “та Б.С-тай нийлж намайг залилсан Б.С- миний мөнгийг өгөхгүй байна” гэх зэргээр над руу ярих болсон. Ингээд би О.Б-гийн орон сууцны мөнгийг Б.С- өгөөгүй талаар анх мэдсэн. ...Би Б.С-аас ажилд нь тус болсон гэх шалтгаанаар ямар ч мөнгө авч байгаагүй. Би тус байрыг хэдээр, хэзээ, ямар хүнд зарсан талаар огт мэдэхгүй байна. Харин 2020 оны 11 дүгээр сард Б.С- надад хандаж би обой их хэмжээгээр худалдаж авч байгаа “чи тээвэрлэх машин болон буулгах газар”-ыг олоодох гэж хэлээд надад 10.000.000 төгрөг миний охины данс руу шилжүүлж байсан. Түүний дараа удаагүй Б.С- өөрөө обой тээвэрлэх буулгах газраа олчихсон байхаар нь би 4.700.000 төгрөг буцаагаад шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь өгч чадаагүй, Б.С-т өртэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний “...3 өрөө байрыг 106.700.000 төгрөг...” гэх тайлан /1-р хавтаст хэргийн 82-100 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 116-119 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Батсайханы гэрчээр өгсөн: “...2020 оноос эхлэн тоног төхөөрөмжөө зөөж авчирсан боловч одоогоор ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Манай агуулахад байгаа тоног төхөөрөмжүүд модон эдлэлийн болон мод зүсдэг, мод наадаг, модоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх төхөөрөмжүүд...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 120-122 дахь тал/,

 

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хавтаст хэргийн 141 дэх тал/, Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, ** байрны ** тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө байрны гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 28-30 дахь тал/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 210 дахь тал/, Б.С-, Г.Г- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 226-227 дахь тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1-р хавтаст хэргийн 241 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.С-ын яллагдагчаар өгсөн: “...Би Г-ийг таньдаг байсан. Г-тэй олон жил уулзаагүй байж байгаад 2020 онд уулзаад гааль, тээвэр зуулчлалын мөнгө төлөх гэсэн чинь мөнгө олдохгүй байна гэхэд хүнтэй уулзуулж өгье гээд О.Б-тай уулзуулсан. О.Б-тай уулзаад мөнгө хэрэг болоод байна гэхэд надад мөнгө байхгүй манайх байртай, энэ байрыг зараад мөнгө болгоод 110.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа өгөх юм бол тохиролцож болно гэж хэлсэн тул би О.Б-гийн байрыг авахаар болж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нотариатч орж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийж байрыг авсан. Тухайн үед байрыг нь шууд зарж чадаагүй. Ковидын халдварт өвчин гараад дүүргийн дэргэдэх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрууд карентинд ороод түр ажиллахаа больсон. 2020 оны сүүлээр буюу 12 дугаар сард Г.Г- байрыг худалдан авахаар болж, очиж үзээд үнэ хаялцсан. 100.000.000 төгрөгөөр зарах гэсэн боловч цаг хугацаанд баригдаж тээврийн зардал нэхэгдээд 85.000.000 төгрөгөөр худалдахаар болсон. Уг мөнгөнөөс тээвэр зуучлалын “Л” компанид 35.000.000 төгрөгийг өгөхөөр болж Б.Бын данс руу шилжүүлж, буцааж авахаар зээлсэн юм. 10.000.000 төгрөгийг Г- гуйгаад байхаар нь Г-т зээлж жилийн дараа 5.000.000 төгрөгийг буцааж авсан. Г-ээс 5.000.000 төгрөгийн авлагатай. Үлдсэн мөнгийг нь би өөрийнхөө хувийн бизнесийн ажилд зарцуулсан. 3 сарын дараа О.Б-д мөнгийг нь өгөх гэсэн боловч төлөвлөж байсан ажлууд хойшлогдсон. Б.Б Хөгжлийн банк”-наас 13 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолтой байсан тул эхний ээлжинд 5 тэрбум төгрөг өгөөд уг мөнгөөр төслөө хэрэгжүүлээд явж байсан. Дараа нь 2 дахь ээлжийн зээлээ авах гээд хүлээж байтал Ковид 19 халдварт өвчин гарч банкны эх үүсвэр дууссан, дараагийн зээлийг өгөх боломжгүй гэж хойшлуулж хүлээлгэсэн. Хөгжлийн банк”-д шалгалтын ажиллагаа явуулж уг шалгалт 2 жил үргэлжилж “И” ХХК шалгагдаж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хувь хүнийг 25.000.000 төгрөгөөр, компанийг 125.000.000 төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Ингээд О.Б-гийн мөнгийг өгч чадаагүй юм. 2024 оны хавраас төслийн үйл ажиллагаа жигдрэхээр эхний орлогоос О.Б-гийн мөнгийг хүү алдангитай нь байрыг нь одоо үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож хохиролгүй болгоно. Энэ хугацаанд дүү Б.Бын 100 хувийн эзэмшлийн “И” ХХК-ийн хувьцааны 10 хувийг баталгаа болгож О.Б- руу шилжүүлэх хүсэлтэй байна. Манай дүү энэ асуудлыг зөвшөөрсөн. Төлбөр төлсөн тохиолдолд О.Б- 10 хувийн хувьцаагаа шилжүүлээд компаниас гарна гэж тохиролцох хүсэлтэй байна. ...Манай дүү Б.Бын “И” ХХК нь модон барилгын төсөл Дархан-Уул аймагт хэрэгжүүлдэг. Уг төслийн орлогоос мөнгийг нь төлнө гэж О.Б-тай гэрээ хийсэн, залилах санаа бодол байгаагүй. Төслийн ажил хэвийн явагдаж байсан учир мөнгийг төлнө гэсэн бодолтой байсан. О.Б-гийн хохирлыг бүрэн барагдуулна...”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 112-113 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 239 дэх тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж захилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч О.Б-гийн “...Баянгол дүүргийн ***дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө байраа худалдахаар болж өөрийн танил З.Г-бадам эгчид хэлэхэд Б.С-, Б.Б нарыг танилцуулж, уг байрыг худалдах гэрээ хийж, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлбөрөө 100 хувь төлөхөөр тохирсон. Б.С- байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн аваад 2021 оны 03 дугаар сард өөр хүнд зарчихсан байсан. Энэ тухай өөрөө надад хэлсэн... Б.С- болон Б.Б нар модны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд гадаад улсаас ирж байгаа бөгөөд тухайн тоног төхөөрөмжийн тээврийн хөлсийг төлөх мөнгө хэрэгтэй байна, байрыг тээвэр зуучлалын байгууллагад өгч тээврийн хөлсөө төлчихөөд тухайн газраас тоног төхөөрөмжөө аваад Засгийн газраас 8 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авчихаад чиний байрны 110.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөөгүй байна ...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Үнэгүй.мн зарын сайт ороод байрнууд үзэж байтал тус байрыг 90.000.000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь худалдаж авахаар тохиролцоод 85.000.000 төгрөгөөр Б.С- гэх хүнээс худалдан авсан...” гэх мэдүүлэг,   Б.Бын гэрчээр өгсөн “...Тухайн үед бид байрыг сонирхож үзээд ах Б.С- болон О.Б- нар хоорондоо гэрээ байгуулсан. Улмаар Б.С- ах 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр тус байрыг өөр хүнд зарсан байсан...” гэх мэдүүлэг, З.Г- гэрчээр өгсөн “...2020 оны 4 дүгээр сард О.Б- нь би өөрийнхөө эзэмшлийн орон сууц болох байраа зармаар байна, та худалдаж авах хүн сураглаад өгөөч гэж хэлсэн. Би тэр явдлаас хойш удалгүй Б.Бт манай нэг танил дүү байраа зарах гэж байгаа юм, чи зарахад туслаад өгөөч гэж хэлээд Б.Б, Б.С- нарыг О.Б-тай танилцуулж байсан... 2020 оны 11 дүгээр сард тэд нар уулзалдаж байрыг авахаар Б.С- нь худалдах худалдан авах гэрээ хийж байсан...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан авч үздэг.

Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж, тус гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ. 

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд  үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

 

“Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхийг,

 

“Бусдад их хэмжээний хохирол учруулж” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсныг тус тус ойлгоно. 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.С- хохирогч О.Б-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ****** дугаар хороо, * дугаар хороолол, ** байрны *** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийг “3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна” гэж хуурч, “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр халхавчлан түүний өмчлөлийн 106.700.000 төгрөгийн үнэ бүхий дээр дурдсан 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар иргэний нэхэмжлэгч Г.Г-т буюу өөр хүний өмчлөлд шилжүүлэн худалдаж, худалдсан үнийг хохирогч О.Б-д төлөөгүй өөр зүйлд захиран зарцуулсан байна.

 

Шүүгдэгч Б.С- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.С-ыг  “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт хохирогч О.Б-гийн “...Манай байрыг 106.700.000 төгрөгөөр үнэлсэн байна. Тухайн үеийн байрны үнэлгээний ханштай санал нэг байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.С-аас 106.700.000 /нэг зуун зургаан сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж, хохирогч О.Б-д олгох нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч О.Б-гийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1-р хавтаст хэргийн 241 дэх тал/ авагдсан байх боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байна.

 

Харин Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр баталсан байх тул хэрэгт авагдсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар хохирогч О.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хавтаст хэрэгт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө байрны гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 228 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 210 дахь тал/, Б.С-, Г.Г- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 226-227 дахь тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.Г-  Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байх тул Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.С- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Б-н С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-т 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С-аас 106.700.000 /нэг зуун сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж, хохирогч О.Б-д олгосугай.

 

6. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө байрныХөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч Б.С- цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ