| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/1007/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2021/0987 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2021/0987
| 2021 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2021/00987 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух Ба овогт Ц-ийн Н /РД:........./-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух Б овогт Т-рын Т /РД:..........-т холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н миний бие 2013 онд Т.Т-тай танилцаж, 2015 оны намраас хамтран амьдарсан. Бид 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэсэгт гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2016 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр охин Т.Т төрсөн. Бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдал, гэр бүлийн маргаантай амьдарч байсны улмаас сүүлийн 2 жил тусдаа амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Т.Т-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцлан, охин Т.Т-ныг миний асрамжид үлдээн, эцгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Т.Т шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2013 онд танилцан хамт амьдарч байгаад 2016 оны 0 дүгээр сарын 0-нд охинтой болсон. Бид манай ээж, охин, эхнэрийн хамт амьдардаг байсан. Хамт амьдарч байхдаа байнга хэрүүл маргаантай, таагүй уур амьсгалтай байсан учраас тохирохгүй юм байна гэж үзээд 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Т.Т нар нь 2013 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2016 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр охин Т.Т төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдал болон байнгын хэрүүл маргааны улмаас 2019 оноос хойш тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбарыг харгалзан охин Т.Т-ыг эх Ц.Н-гийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин Т.Т-ыг эцэг Т.Т нь тэжээн тэтгэх үндэслэлтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Ц-ийн Н, Б овогт Т-ын Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр төрсөн охин Т.Т-ыг эх Ц.Н-гийн асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Т.Т-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Тнь тэжээн тэтгэсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжинд 37.865 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР