| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0136/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2325003900091 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн *** тоотод И.И-с Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 112 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламжтай Өвс гэх нэршилтэй түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан түүхий эдийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт өөрийн шаргал нүүртэй хар өнгийн үүргэвчин дотроо хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “5 сарын 12-нд хотоос ирсэн. Итгэл надад өвс өгсөн, цүнхэндээ хийж яваад 16-ны өдөр баригдсан. Би 3 хоног цүнхэндээ авч явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх 2019 онд хэрэглэж үзсэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгын цагдаа зохицуулагч а/ч Б.Б-н илтгэх хуудас. /хх-н 4-р тал/
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 5-12-р тал/
3. Гэрч Б.Т-н “14-ний өглөө 06 цагийн орчим Орхон аймаг руу орж ирсэн чинь Н ганцаараа буудалд байгаа гээд барилгачдын талбай дээр буугаад үлдсэн. Бид нар төвөөр буудал хайсан боловч буудал олдоогүй учир гэр хороолол руу явж Чка буудалд очсон чинь нэг өрөө байсан. Тэр өрөөнд нь ороод авсан архи пиво ууж байгаад өдөр нь Х гэртээ харина гээд явсан. Түүнийг яваад удаагүй байхад Н С-тай ярьж байгаад бид нар дээр ирсэн. Н-г ирсний дараа Б гэж хүүхэн гэртээ харина гэж яваад Н , С бид гурав үлдсэн. Буудлаас гарахгүй архи, пиво уугаад урд шөнө нь мөн архи уучихсан байсан болохоор би 14-ний өдрийн орой ер нь согтоод унтсан. 15-ны өдрийн өглөө өглөө сэрсэн чинь би ганцаараа унтаж байсан. Н, С хоёр байхгүй байсан. Намайг буудлаас гарч байхад С , Б , Н гурав ирээд дахин архи уусан. Б гэж хүүхэн орой нь гэртээ харина гэж яваад С , Н бид гурав хоносон. Маргааш өдөр нь буюу 16-ны өдөр буудлаас гарахгүй архи, пиво уусан. Буудалд байхад хажуу талын өрөөнд миний танил Ц гэж залуу цэргээс халагдаж ирсэн гээд хоёр залуугийн хамт архи уугаад байж байсан. Ц г таньдаг болохоор түүнийг дуудаж өрөөндөө хамт архи уусан. Архи ууж байхад хэн ч ярьсан юм бэ мэдэхгүй гэнэт л мансууруулах төрлийн бодис агуулсан ургамал ярьсан. Гэтэл гэнэт Н надад байгаа шүү дээ гээд өөрийнхөө үүрч ирсэн цүнхнээс гялгар ууттай өвс гаргаад ирсэн. Тэгэхээр нь би бүгдээрээ татаж үзэх үү гэж ярьсан боловч тэр өвсийг татахад бонго гэж ундааны саваар хийсэн зүйл хэрэгтэй байдаг гэхээр нь бид нар татахаа больсон. Тэр үед С согтоод унтаж байсан. Удаагүй Ц гараад явсан. Түүнийг гарч явснаас хойш удаагүй цагдаа нар ирсэн юм. Н тэр өвсийг хэзээ, хаанаас, хэнээс авсан талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг. /хх-н 34- 36-р тал/
4. Гэрч У.С ын “Намайг Б хамт байхад шөнө Н утсаар ярьж ирж уулзаад эргээд гараад явсан. Маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө Хуримт буудалд байхад Б.Н ирж Б бид хоёрыг аваад “Чка” буудал руу Т дээр очсон. Бид нарыг очиход Т ганцаараа байсан. Буудалд очоод Б удаагүй гэртээ харина гээд явсан. Н , Т бид гурав үлдээд архи, пиво уугаад буудалд хоносон. Маргааш өдөр нь мөн босоод буудлын хажуу талын дэлгүүрээс архи, пиво авч уусан. Орой хажуу талын өрөөнд архи ууж байсан залуучуудын нэг нь буюу Т бид хоёрын танил Ц орж ирж байсан. Би архи уусан байсан болохоор хэсэг унтсан. Гэнэт л хүмүүс чанга чанга яриад байхаар нь сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн Б.Н-г хар тамхи татсан гээд авч явсан гээд байсан” гэх мэдүүлэг. /хх-н 39-40-р тал/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5063 дугаартай: “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт. /хх-н 48-49-р тал/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5060 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цүнхэн дотроос (задгай б/х) уутанд хийж ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт. /хх-н 54-55-р тал/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5066 дугаартай: “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Шалан дээрээс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт. /хх-н 60-61-р тал/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5062 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Орны хөнжил болон дэвсгэр даавуу” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт. /хх-н 66-67-р тал/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5065 дугаартай: “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ширээн дээрээс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт. /хх-н 72-73-р тал/
10 Гэрч Д.Тунгалагийн “Б-ний Н гэж эмэгтэйг танина. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөхөр бид хоёр гадаад улсаас гэртээ ирэхэд хүү И-тэй хамт манай гэрт байсан. Нөхөр бид хоёрыг гэртээ орсон чинь зөрөөд гараад явсан. Тухайн үед би нэрийг нь мэдээгүй. Гэтэл 10 дугаар сарын 14-ний шөнө намайг гэртээ дуудагдаж ирэхэд манай гэрт ногоотой шөл хийсэн байсан бөгөөд И.И-т манай найз Н манай гэрт ирж надад хоол хийж өгөөд явсан гэж хэлсэн. Ер нь И.И-т өндөг шарах, бэлэн гоймон чанах, бэлэн бууз жигнэх зэрэг бэлэн хоолыг нь болгож иддэг. Үүний дараа 2023 оны 12 дугаар сарын эхээр 07, 08-ны өдрийн орчим Б.Н Орхон аймагт ажил хийхээр ирсэн гээд цүнхтэй хувцас авч ирж манай гэрт Итгэлийн өрөөнд нэг хоноод маргааш өдөр нь хувцасаа аваад явсан. Тэгэхэд л энэ хүүхний нэрийг Н гэдэг юм байна гэдгийг мэдэх болсон. Үүнээс хойш манай гэрээр ирээгүй” гэх мэдүүлэг. /хх-н 117- 118-р тал/,
11. Яллагдагч Б.Н-ий “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тэр өвсийг И-с аваад өөрийнхөө шар алаг өнгийн үүргэвчинд хийгээд Чка буудлаас цагдаа нарт баригдах үе хүртэл хадгалсан” гэх мэдүүлэг, /хх-н 143-р тал/
12. Орхон аймаг дахь БОЭТөвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн: “Яллагдагч Б.Н нь мансууруулах бодисын донтолттой байна. Яллагдагч Б.Н нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. Яллагдагч Б.Н-д одоогоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх дүгнэлт. /хх-н 157-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн *** тоотод И.И-с Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 112 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламжтай Өвс гэх нэршилтэй түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр олж авсан “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан түүхий эдийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт өөрийн шаргал нүүртэй хар өнгийн үүргэвчин дотроо хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ургамлыг устгах нь зүйтэй.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчтай мэтгэлцэхгүй. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Ял шийтгэлийн зорилго нь цээрлүүлэхээс гадна, хүнийг хүмүүжүүлэх, ойлгож ухааруулах зорилготой байдаг. Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байгаа. Харин 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгын цагдаа зохицуулагч а/ч Б.Б-н илтгэх хуудас, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Б.Т-н “Н надад байгаа шүү дээ гээд өөрийнхөө үүрч ирсэн цүнхнээс гялгар ууттай өвс гаргаад ирсэн. Тэгэхээр нь би бүгдээрээ татаж үзэх үү гэж ярьсан боловч тэр өвсийг татахад бонго гэж ундааны саваар хийсэн зүйл хэрэгтэй байдаг гэхээр нь бид нар татахаа больсон. Н тэр өвсийг хэзээ, хаанаас, хэнээс авсан талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч У.С ын “хүмүүс чанга чанга яриад байхаар нь сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн Б.Н-г хар тамхи татсан гээд авч явсан гээд байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5063 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5060 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5066 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5062 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5065 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Н-ий “Би тэр өвсийг И-с аваад өөрийнхөө шар алаг өнгийн үүргэвчинд хийгээд Чка буудлаас цагдаа нарт баригдах үе хүртэл хадгалсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь БОЭТөвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн *** тоотод оршин суух И.И-с Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламжтай өвс гэх нэршилтэй түүхий эд нийт 112 граммыг олж авсан, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт өөрийн шаргал нүүртэй хар өнгийн үүргэвчин дотроо хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүй, хууль бусаар олж авсан, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар
Шүүгдэгч Б.Н-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг олж авсан, хадгалсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М нь дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусад төлөх хохиролгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан боловч шүүгдэгч нь гэмт хэргийн нийгмийн хор аюул, хуулиар хориглосон байдлыг мэдсээр байж санаатайгаар үйлдсэн тул түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн түүний олж авч, хадгалсан ургамлын хэмжээ болон шүүгдэгч мансууруулах бодисын донтолттой хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ий цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112 грамм жинтэй ургамал мэт зүйл нь Орхон аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын хадгалах байранд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Б-ний Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ий цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Н-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС