| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/874/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2021/01011 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2021/01011
| 2021 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2021/01011 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....................тоотод оршин суух Н овогт Ө-ийн Б /РД:............./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суух Н овогт Б-ийн Т /РД:................../-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ө.-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Б.Т-гийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Тодруулбал, 9.000.000 төгрөгөөс 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүү болох Ө.Б-ын Хаан банкны ............... дугаартай дансаар дамжуулан хариуцагч Б.*****гийн Хаан банкны .......... дугаартай дансанд Zeel bambaa гэсэн утгатайгаар шилжүүлж, үлдэгдэл 500.000 төгрөгийг тухайн өдрөө бэлнээр өгсөн. Хариуцагч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны дотор 9.000.000 төгрөгийн зээлээ төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч Б.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т миний бие 2014 оноос 2018 оныг хүртэл Нийслэлийн Замын цагдаагийн албаны Хан-Ул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар ажиллаж байгаад биеийн байдал муудсаны улмаас ажил үүргээсээ өөрийн хүсэлтээр гарсан. Иргэн Ө.Б нь нэхэмжлэлд дурдсан 9.000.000 төгрөгийн 8.500.000 төгрөгийг миний эзэмшдэг Хаан банкны ................. тоот данс руу буцаан авахгүй нөхцөлөөр хийсэн. Харин 500.000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, би аваагүй болно. Буцаан авахгүй нөхцөл гэдэг нь Ө.Б нь Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг С ХХК-ийн ТС-10 ачигч автомашинууд болон журмын хашааг гэр бүлээрээ эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг болно. Үүгээрээ миний албан тушаалыг ашиглаж байсан бөгөөд тухайн үед надад мөнгө амлаж, Солонгос улсаас эхнэр А.С-раа дамжуулан Хьюндай соната-6 автомашин хүртэл амлаж байсан. Би амласан зүйлийг нь аваагүй ажил үүргээ гүйцэтгэж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчилтэй автомашиныг ачиж зөөж шилжүүлдэг байсан. Ө.Б нь би энэ мөнгийг авахгүй, харин надад ачсан машин болгоноос 10000 төгрөгийг өгнө гэсэн ч би тухайн үед ажлаа хийж байсан болохоор тоогоогүй баярлаад өнгөрсөн. Харин дараа нь мөнгөний хэрэг гараад 8.500.000 төгрөг зээлсэн байсныг машин ачуулаад тэрнээс урамшуулал тооцоод хасуулъя гэж тохирсон. Өөрийнх нь хүсэж ярьж хэлснээр биелүүлсэн, би хийх ёстой зүйлээ хийчихсэн учир одоо ямар нэгэн тооцоо, өр төлбөр байхгүй бөгөөд 2014 оноос хойш хойш миний журамлаж ачиж өгсөн автомашинууд бараг 1000 шахам байгаа болох нь архивын баримт шүүхэд тодорхой харагдана. Миний бие ажлаасаа гарснаар өөрт нь цаашид ашиггүй гэж үзэн надад өгсөн мөнгөө нэхэж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Бнь хариуцагч Б.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 8.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй боолгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч Ө.Б-аас 9.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлдэхээр харилцан тохиролцжээ.
Гэвч нэхэмжлэгч Ө.Б-аас зээлдэгч Б.Т-гийн Хаан банкны ............. тоот дансанд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн дүү Ө.Базаржаргалын дансаар дамжуулан 8.500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ө.Б-аас 500.000 төгрөгийг тухайн өдрөө бэлнээр өгсөн гэх боловч хариуцагч Б.Т-гээс хүлээн зөвшөөрөхгүй байх ба 500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй болно.
Иймд зохигчдын хооронд 8.500.000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх бөгөөд дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ө.Б-аас хариуцагч Б.Т-д 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 8.500.000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ө.Б нь дээрх зээлсэн 8.500.000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон нэг жилийн хугацаандаа төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хариуцагч Б.Т-гээс гаргуулахаар шаардсан бол хариуцагч Б.Т нь өөрийн 2014-2018 оны хооронд эрхэлж байсан Нийслэлийн Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст мэдээлэл технологийн оператор, зохицуулагч гэсэн албан тушаалын хүрээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашинуудыг хариуцагч Ө.Б-ын гэр бүлээрээ эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг Сидней констракшн ХХК-ийн ТС-10 ачигч автомашинуудаар тээвэрлүүлэн журмын хашаанд нь байрлуулж, уг зээлдэн авсан 8.500.000 төгрөгийг буцаан төлөхгүй байхаар тохиролцсон, энэ тохиролцооны дагуу 1000 шахам орчим автомашиныг түүний ТС-10 ачигч автомашинуудаар зөөлгөж үүргээ биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь хариуцагч Б.Т-гийн нэхэмжлэгч Ө.Б-аас мөнгө зээлдэн авахдаа бичсэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтэд болон нэхэмжлэгч Ө.-аас хариуцагч Б.Т-гийн дансанд 8.500.000 төгрөгийг шилжүүлэхдээ төлбөрийн зориулалтыг zeel bymbaa гэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Ө.Б нь 8.500.000 төгрөгийг хариуцагч Б.Т-д
зээлдүүлсэн гэх агуулгатай байх тул энэхүү мөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Т-гийн зээлдэн авсан 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн компанийн ТС-10 ачигч автомашинуудаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашинуудыг зөөлгөж үүргээ биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа хүлээн авах боломжгүй.
Учир нь хариуцагч Б.Т-гээс өөрийн эрхэлсэн ажил үүргээ гүйцэтгэсний хариуд бусдаас авсан зээлийн төлбөрийг буцаан төлөхгүй байх, ийнхүү байдлаар тохиролцох нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-гээс 8.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бямбажаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 150.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-гээс 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 150.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР