| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/152 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/152
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2425000000165 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
С.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч С.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамым * тоотод А.Э-г бусадтай хардаж маргалдан, үсдэж нүүр тус газарт гараараа цохиж, паар мөргүүлэн зодож эрүүл мэндэд доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн тохой, нуруу, баруун ташаа, зүүн хөмсөг, цээж, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үс халцрал, цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи ууснаас хэрэг үйлдсэн. Цаашид архи уухгүй” гэв.
Хохирогч А.Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч А.Э-н “2024 оны 02 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Б над руу залгаад ярих юм байна түр гараад ир гэхээр нь гарч ирээд уулзаад түүний машинд сууж байсан чинь найз М нь эрүүлжүүлэх байранд саатуулагдчихсан байгаа гэхээр нь бид хоёр такси дуудаад таксигаар цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрнаас М-ыг аваад буцаад таксигаар хүргүүлээд машин дээр ирээд машинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2024 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад М-ын гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын * тоотод ороод цаг эрт байсан болохоор жаахан амарч байгаад гэртээ харья гэж бодож байгаад том өрөөнийх нь орон дээр сууж байгаад унтчихсан байсан. Тэгсэн М-ын эхнэр нь 08 цагийн үед гэртээ орж ирээд утсаар ярьж байхад нь сэрээд жижиг өрөө рүү нь орсон чинь Б хэвтэж байсан тэгэхээр нь би хажууд нь очоод намайг сэрээхгүй яасан юм бэ гээд сэрээсэн чинь чи хүнтэй унтаж байгаа биз дээ гэж хэлээд ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг үсдэж байгаад нүүр рүү олон удаа цохиод тэгээд үүдний хэсэгт байх паар луу миний нүүрийг мөргүүлээд уруул язарчихсан. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгөөд бид нар ирсэн. Би айлд байсан байж юу гээд л эхнэрийнх нь дэргэд нөхөртэй нь унтаж байхав дээ. Ер нь бол яагаад надад гар хүрч зодсон шалтгааныг бол ойлгохгүй байгаа. 2022 онд намайг машинд зодож машинаас түлхэж унагааж байсан. Ер нь гадуур гараад явж байхад хүн хажуугаар хурдтай өнгөрөх үйлдэл хийхэд нь намайг цохих гэж байгаа юм шиг санагдаад цочоод байдаг болчихсон. Би Шүүх эмнэлгийн байгууллагаар үзүүлье. Харин Шүүх эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр надад ямар нэгэн хор уршиг учраагүй байна гэх юм бол надад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8-р тал/
2. Гэрч Т.Т-ны “2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 05 цаг 30 минутад Б , нөхөр, Э гаднаас орж ирсэн. Тэгээд гэрт орж ирэхээр нь том өрөөнд тэр гуравт ор засаад өгсөн чинь М, Э хоёр хөл хөлрүүгээ хараад унтаж байхаар нь Б-ыг энэ хоёртой цуг унтчих гэсэн чинь би энэ хоёртой цуг унтахгүй гээд жижиг өрөөнд унтахаар орсон. Тэгээд би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гараад бага хүүхдийг маань цэцэрлэг ханиадтай байна гээд цэцэрлэг нь авахгүй болохоор нь бага хүүхдээ аваад гэртээ 08 цаг өнгөрч байхад орж ирсэн чинь тэр гурав унтаж л байсан Намайг утсаар ярьж байхад Э сэрээд Б-н унтаж байсан жижиг өрөө рүү ороод удалгүй тэр хоёр маргалдаж гарч ирэхээр нь би салгаад зогсож байхад хүүхэд хүрээд ирэхээр нь хүүхдийг маань цохичих байх гэж бодоод хүүхдээ аваад орц руу гарсан харин Б, Э хоёр хаалганы хэсэгт хоорондоо зодолдож байгаад сүүлдээ жижиг өрөө рүү ороод Б Э-ыг цохиод л байсан. Хүүхэд айчих байх гэж бодоод нөхрийг салгачих гэж хэлсэн. Тэгээд орцны айлууд цагдаа дуудсан. Шалтгааныг нь бол ойлгоогүй Э сэрээд Б-н унтаж байсан өрөө рүү ороод удалгүй хэрэлдээд, маргалдаад гарч ирээд Б Эыг цохиж зодоод эхэлсэн. Тэр гурав гаднаас архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэчихсэн орж ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р тал/
3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай “А.Э-н биед доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн тохой, нуруу, баруун ташаа, зүүн хөмсөг, цээж, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үс халцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтпийн зэрэг тогтоох журмын 7 4 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 20-21-р тал/
4. Яллагдагч С.Б-н “А.Э, М.М бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би согтчихсон байсан. Нэг ухаан орсон чинь цагдаагийн газар ирээд согтолтын зэрэг шалгахад ямар ч байсан согтолтын зэрэг өндөр гарч байсан. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Миний хэргийг хяпбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамым * тоотод А.Э-г Н.М тай хардаж улмаар түүнийг үсдэж нүүр хэсэгт гараараа цохиж, паар мөргүүлэн зодож эрүүл мэндэд доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн тохой, нуруу, баруун ташаа, зүүн хөмсөг, цээж, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үс халцрал, цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Э-н “ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг үсдэж байгаад нүүр рүү олон удаа цохиод тэгээд үүдний хэсэгт байх паар луу миний нүүрийг мөргүүлээд уруул язарчихсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Т-ны “Б , Э хоёр хаалганы хэсэгт хоорондоо зодолдож байгаад сүүлдээ жижиг өрөө рүү ороод Б Эыг цохиод л байсан.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт, яллагдагч С.Б-н “А.Э, М.М т бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би согтчихсон байсан. Нэг ухаан орсон чинь цагдаагийн газар ирээд согтолтын зэрэг шалгахад ямар ч байсан согтолтын зэрэг өндөр гарч байсан. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамым * тоотод А.Этай маргалдаж, үсдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, паар мөргүүлэн зодож эрүүл мэндэд доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн тохой, нуруу, баруун ташаа, зүүн хөмсөг, цээж, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үс халцрал, цус хуралт бүхий хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч С.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас А.Э-н биед доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн тохой, нуруу, баруун ташаа, зүүн хөмсөг, цээж, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үс халцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС