Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч Б.Жамъяндорж,

хохирогч *******,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330003650030 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн ****** оны *** дугаар сарын ***-ны өдөр ******** аймгийн ********* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт ********* аймгийн ******* сумын ***** дугаар баг “*********” гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******, ********** овогт ******************  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” гэх газар *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлийг хавирч өшиглөн, дарж унан эрүүл мэндэд нь “ баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 05 дугаар сарын 18-ны  өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” гэх газар морины сунгаа болж, тараад бид архи уусан. Бид хоёр маргалдаад би хавирч унагаахдаа би өөрөө унасан. Унахдаа найзынхаа хөлийг нь гэмтээсэн, найзынхаа хөлийг бэртээсэндээ уучлалт гуйж байна. Би согтуурсан үедээ ийм алдаа гаргасан маш их харамсаж байна. Бид хоёр уяачийн холбоо гээд найзалдаг. Надад 2022 онд улсын наадамд айрагдсан азарга байсан. Тэр азарганд гүү тавьж, азарга гишгэж байсан үеийн зургийг нь би чатаар явуулж байсан. Тэр гүү нь сувайрснаас болоод надад уурлаад өс санаад яваад байсан.  *******ын биед би л халдсан, өөр халдсан хүн байхгүй. Тухайн үед хөл бэртсэн тул сум руу аваад явсан. Би халамцуу байсан, тэнд байсан хүмүүс “чи архи уусан байгаа юм чинь хэрэггүй гэхээр” нь би хүний машинд морио ачсан байсан тул гэр рүүгээ явсан. Гэртээ очоод ярих гээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд эмнэлэг рүү залгахад аймаг аваад явсан гэж хэлсэн. Би эхнэр хүүхдээ аваад аймгийн төвд очиход өвчин намдаах хийлгэчихсэн эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд надад “найз нь гайгүй байна,би хэл ам гаргахгүй, чамайг ямар ч байсан ял шийтгэл эдлүүлэхгүй”  гэж хэлсэн. Тэр үед надад сайхан санагдаж байсан. Өглөө нь очиход “ тэнгэр муухай гэсэн чи одоо ажил төрлөө бод” гэсэн. Би нэг сая төгрөг оруулж өгөөд эмчилгээндээ хэрэглээрэй гээд үлдээсэн. 10 хоногийн дараа сумын төвд ирээд “шөлний хонь өгье” гэсэн чинь би “хоолтой болсон миний байсан айл руу явуулчих” гэж хэлсэн. Тэгээд би хоёр гүүг нь нөгөө азаргандаа тавья гээд азаргандаа тавьсан байгаа. Мөн би “чиний хөлийг ийм болгосон юм чинь чиний  хоёр морийг өөрөө уяж өгье” гэж хэлсэн. 6 дугаар сарын 2-ны өдөр над руу залгаад зээлийн асуудал байна 500,000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэр мөнгийг нь би хийсэн. Түүнээс хойш сарын дараа Бямбажаргал үзүүлнэ гэж байсан болохоор нь би өөрөө авч явъя гэж бодож байтал тухайн үед манай туслах залууг аймгийн төвөөс түр цэрэг гэж татаад би амжихгүй болоод түүнийг аймаг руу такси 250,000 төгрөг хөлслөөд явуулсан. Тэр жолоочид 750,000 төгрөг бэлнээр өгч явуулсан. Түүний дараа Улаанбаатар хот руу явж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5 сая төгрөг өгсөн. Тэгээд намайг цалингийн зээл, эмчилгээний зардал төлчих найз нь гомдолгүй гэсэн. Миний хувьд наадмын дараа үлдэгдэл мөнгийг өгнө гэсэн боловч боломж болоогүй. Хохирогчид 5 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр 1,495,000 төгрөг, зээлийн 500,000 төгрөг, машин хөлсөлсөн 250,000 төгрөг нийт 7,250,000 төгрөг өгсөн. Найздаа ийм хүндрэл учруулсандаа гэмшиж байна. Намайг “миний хөл болохгүй байна. Чамайг хоёроос найман жил шоронд суулгана, хөлөө Солонгос улсад очиж эмчлүүлнэ” гэх мэтээр дарамталж байгаа. Би гэм буруугаа ойлгож байгаа, учирсан зардлыг төлнө. Гэхдээ хохирогч өөрөө шорон оронд явж байсан энэ тухайгаа яриад хүмүүсийг айлгаж дарамталдаг. Энэ үйлдлээрээ хүмүүсийг дарамталдаг. Би хохирогчид гарсан зардлыг бүрэн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр  морины сунгаа болсон. Би машинаасаа бууж очиход *******тэй хамт байсан хүмүүс нэлээн согтуу байсан. Би эрүүл байсан. Тэгээд олон хүний дэргэд “ би чиний гүүг гишгэх байсан юм уу” гэх мэт үгээр доромжлоод байхаар нь олон юм яриагүй. Би харин 3 морьтой ирээд гурван түрүү авсан талаараа хэлсэн. Тэгэхэд чи 5 нас уралдахад яахаараа чи гурвыг нь авдаг юм, би гурвыг нь авсан гэж хэлсэн. Тэгээд хажуугаас гэнэт цохисон. Би цохиулчхаад зүгээр байж чадахгүй маргалдаад зууралдсан. Намайг цохихоор нь би ойчоод босож ирэхэд хавираад унагаасан. Тэр үед хүмүүс салгасан. Буцаж барьцалдаж аваад намайг хавирч унагаасан. Унахадаа миний дээрээс унасан. Би эрүүл шахуу байсан, миний хөл хугарах шиг болсон. Би “миний хөл хугарчихлаа” гэж хэлсэн чинь босож ирээд нуруу руу өшиглөөд яваад өгсөн. Надад анхны тусламж үзүүлээгүй. Тэнд байсан хүмүүс намайг эмнэлэг рүү аваад явсан. Аймагт эмнэлэгт байхад араас ирээд  надад “би морь мал уядаг хүн чиний морьдыг бүгдийг нь татаж авъя, би чамайг ажил төрөлгүй болгочихлоо, чиний цалинг бүгдийг төлье, сар бүр өгье” гэж хэлсэн. Зээлийн тухайн яриагүй. Би анх машин авахдаа 10 сая төгрөг зээл авсан байсан, сард 500,000 төгрөг төлдөг. Надад 500,000 төгрөг өгсөн гэж ярьж байгаа нь зээлээ төлөх гэж би 500,000 төгрөг авсан. Мөн 750,000 төгрөг өгсөн гэж хэлж байгаа нь 250,000 төгрөгийг замын хөлс, 500,000 нь зээлээ төл гэж өгсөн. Би анх өвдчихөөд мөнгө төгрөг авахгүй гэж бодож байсан. Анхнаасаа *******өд ч хэлсэн. Эр хүмүүсийн хооронд иймэрхүү зүйл болдог юм чинь чи бид хоёрын гай юм байлгүй. Би чамайг хэрэг төвөгт явуулахгүй, би зовлон үзсэн хүн гэж хэлсэн. Тэгээд би өөрөө худал мэдүүлэг өгөөд салгасан. Надад 8 сая төгрөгийн зээл байна. Үүнийг хаачих тэгээд хоёулаа салъя гэж хэлсэн. ******* “8 сая төгрөг байхгүй 5 сая төгрөг чамд өгье би чамд унага бэлгэлсэн юм чинь болно биз дээ” гэхээр нь би “чи эхнэрт битгий ингэж хэлээрэй. Эхнэр мэдвэл юун адуу мал гээд бөөн уур болно” гэж хэлсэн. Эхнэр минь явдаг газраар нь явна гэж уурлаад байсан. Тэгээд намайг гомдолгүй гэж хэлсний дараа над руу яриагүй. Түүнээс хойш олон хүн цугласан газар “Соёлын хүүхдийг ганц өшиглөсний төлөө 10, 20 сая төгрөг өгсөн” гээд томроод нэр хүндэд минь халдаад байгаад нь би гомдол гаргасан. Одоо би хоёр жилийн цалингаа нэхэмжилнэ. Би ажлаасаа халагдсан. Учир нь 24 цагийн ээлжтэй,түргэн шуурхай ажиллах хүн хэрэгтэй тул намайг хоёр суга таягтай гээд намайг ажлаас халсан. Би 2023 оны 9 сард ажлаасаа халагдсан. Тушаал байхгүй, гаргаж авчраагүй. Нийгмийн даатгалын баримт байгаа. *******өөс би 7,250,000 авсан...гэв.

 

Эрүүгийн 2330003650030 дугаартай хэргээс:   

 

- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын 6 дугаар багийн нутаг "*******" гэх газарт 5 насны хурдан морины сунгаан болсон тухайн сунгаан дуусан дөхөж байх үед тухайн сумын *******, *******, нарын хамт архи уугаад сууж байхад манай сумын Бямбажаргал нэлээн халамцуу ирсэн Гэгээд бид нар 1 шил архи тойруулаад ууцгаагаад сууж байхад Бямбажаргал хэлэхдээ "танай эрлийз азарганд тавьсан миний гүү сувайрсан, чи хүний азарга харж Хүний барлаг хийлээ" гэсэн тэгэхээр нь би "чамд ямар хамаатай юм бэ" гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл Бямбажаргал "би 4 морьтой ирсэн 4-үүлээ айрагдлаа" гэхээр нь "би 3 морьтой ирээд 3-лаа түрүүллээ" гэсэн чинь "чи юм болвол томордог гээд намайг барьж аваад унагахаар нь би босч ирээд Бямбажаргалыг хавираад унахдаа дээр нь дараад унасан. Тэгээд босоод ирсэн чинь хөл нь гишгэж чадахгүй байхаар нь харахад баруун хөл нь шилбээрээ муруйгаад хугарчихсан юм шиг байсан. Бямбажаргал руу залгахад сумын эмнэлэгт үзүүлчихээд аймаг явсан гэж сумын эмнэлэг хэлсэн. Би тухайн үед шууд аймаг руу ирж Бямбажаргал эмнэлэгт хэвтчихсэн хөл нь хугарчихсан эмчилгээ хийлгэж байсан, тэгээд өөрөө "чи явж ажлаа бодоо, 2-3 хоногоос хөлөө хадуулна, би янз бүрийн асуудал үүсгэхгүй, хоёулаа согтуу байсан" гэхээр нь би хагалгаандаа хэрэглээрэй гээд 1,000,000 төгрөг өгсөн. Тэгээд би ер нь холбоотой биеийг нь асуугаад байж байсан, тэгээд би 2 морийг уяж өгье гээд аваад уяж өгсөн. Мөн 2 гүүг нь өөрийнхөө цэвэр азарганд хураалгасан. Тэгтэл аав нь цагдаад гомдол гаргасан байсан тэгтэл Бямбажаргал "чи миний эмчилгээний зардал, нийгмийн даатгалын төлбөр, цалингийн зээлийг төлчихөө, би чамд гомдолгүй гээд мэдүүлэг өгье" гэсэн тэгэхээр нь би нийт цалингийн зээл, эмчилгээний зардал гээд 7,500,000 төгрөг өгсөн. Тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 15-ны үед Бямбажаргал нь "чи хүнд 10 гаран сая төгрөг өгсөн гэж ярьсан байна. би чамд гомдол гаргана, чамаас 30-40 сая төгрөг нэхэмжилнэ, чиний амьдралыг дампууруулна, 2-8 жил хорих ял өгүүлнэ гэж гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хэргийн 106-107 дугаар хуудас/

 

- Хохирогч *******ын: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын 6 дугаар багийн нутаг Эргэцгийн хөндий гэх газар хурдан морины сунгалт болсон юм. Уг сунгалт дээр байсан хүмүүстэй хамт нэг шил архи ууцгаасан. Хамт  архи уугаад цуг сууж байсан ******* нь морины сунгалтын талаар ярьж байсан. ******* нь “3 морьтой ирээд 3-н түрүү авлаа” гэхээр нь би өөдөөс нь “ би бас 3-н морьтой ирээд 3-лаа 4-т орлоо” гэж хэлсэн. Тэгтэл ******* нь “ 5 насны морь сунгаж би 3-ийг авчхаад байхад чи яахаараа 3-ийг нь авдаг юм бэ” гэж миний хэлсэн үгийг түрүүлсэн гэж буруу ойлгоод миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Бид хоёр хоорондоо маргалдаад боссон юм. Тэгтэл ******* нь хөлөөрөө хавираад намайг газар унагахаар нь тэнд байсан хүмүүс түүнийг салгасан. Тэгтэл дахиж ирээд хоёр дахиа хавирсан бөгөөд энэ үед миний хөл шилбээрээ хоёр хугарсан. Тэгээд би хөл хугарчихлаа дээрээс бос гээд хэлсэн чинь миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн юм. Үүнд нүүр лүү нэг, нуруу руу нэг удаа өшиглөчхөөд яваад өгсөн юм. Тэгээд би сумны төвд эмнэлэгт ирээд үзүүлсэн чинь аймаг явж үзүүл гэхээр нь аймагт очиж үзүүлсэн чинь баруун хөлийн шилбэний хоёр яс хугарсан байна гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/,

 

- Гэрч А.*******ын: 2023 оны 05 сарын 18-ны өдөр ******* сумын 6-р багийн нутаг гэх газар хурдан морины сунгаан болсон юм. *******, ******* нар машины хажууд хоёулаа архи уугаад байж байсан. Би морио ачиж дуусаад *******, ******* хоёр дээр очиход хоорондоо маргалдсан бололтой ******* миний хөл эвгүй болчихлоо гэсэн. Би хөлийг нь барьж үзэхэд баруун талын хөлийн шилбэ яс хугарсан байсан учраас сумаас түргэн дуудах гэхэд төв рүү цагаан өнгийн жийп машин явж байхаар нь арын суудал дээр хэвтүүлж суулгаад сумын эмнэлэгт хүргэж өгсөн... гэх /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

 

- Гэрч Р.Булганхайнгайгийн: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус багийн нутаг ******* гэх газар манай тэр хавийн хүмүүс цуглаад 5-н насны морьдын сунгаан хийсэн. Сунгаан дуусаад би морио аваад явах гэж байхад ******* нь намайг дуудаад цуг хөдөлье хүлээж бай гэхээр нь очиход *******, *******  хоёр нь 2 хүнтэй архи ууж байсан. ******* нь  надад нэг шил 0.5 литрийн шилтэй архи өгөөд энийг тойруулчих гэхээр нь би уг архийг тойруулсан. Тэгсэн *******, ******* нар морь ярьж байгаад маргалдаад ******* нь *******ыг нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр босож ирээд зууралдаж авахад ******* нь *******ыг хавираад унагасан. Тэр хоёр салаад суух гэж байснаа дахин маргалдаад С.******* нь *******ыг хавираад газар унагаагаад өөрөө дээр нь дараад унасан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад *******ийг татаад босгоход ******* нь хөл хугарчихлаа гээд бахираад байсан. Би *******ыг хажууд зогсож байхад нэг цагаан өнгийн Жийп машинтай хүн ирээд ийшээ суулгачих гэхээр нь би түшээд машинд суулгаад өрөөр цуг суугаад ******* суманд ирээд эмнэлэгт хүргэж өгчхөөд буцаад хөдөө гэр лүгээ явсан. Тухайн үед тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *******ын баруун хөл хугарсан, санжганасан байсан. Харин өөр ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна... гэх /хавтаст хэргийн 46-47-р хуудас/ мэдүүлгүүд,

 

- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №449 дугаартай “1. *******ын биед баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 111-113-р хуудас/,

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 121-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21/16 дугаартай “ Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,49,100 төгрөгийн зардал гарсан...” гэх албан бичиг / хавтаст хэргийн 123-124-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024.01.04-ний өдрийн 06/05 дугаартай тодорхойлолт / хавтаст хэргийн 126 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” гэх газарт согтуурсан үедээ *******тай морь сунгааны асуудлаас маргаан үүсгэн барьцалдан түүний баруун хөлийг хавирч өшиглөн, дээр нь дарж унан эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ 2023 оны 05 дугаар сарын 18-ны  өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” гэх газар морины сунгаа болж, тараад бид архи уусан. Бид хоёр маргалдаад би хавирч унагаахдаа өөрөө унахдаа найзынхаа хөлийг нь гэмтээсэн. найзынхаа хөлийг бэртээсэндээ уучлалт гуйж байна. Би согтуурсан үедээ ийм алдаа гаргасан маш их харамсаж байна. Эмнэлэгт байхад нь би эмчилгээндээ хэрэглээрэй гээд нэг сая төгрөг үлдээсэн. 10 хоногийн дараа сумын төвд ирээд “шөлний хонь өгье” гэсэн чинь би “хоолтой болсон миний байсан айл руу явуулчих” гэж хэлсэн. Тэгээд би хоёр гүүг нь нөгөө азаргандаа тавья гээд азаргандаа тавьсан байгаа. Мөн би “чиний хөлийг ийм болгосон юм чинь чиний  хоёр морийг өөрөө уяж өгье” гэж хэлсэн. 6 дугаар сарын 2-ны өдөр над руу залгаад зээлийн асуудал байна 500,000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэр мөнгийг нь би хийсэн. Түүнийг аймаг руу такси 250,000 төгрөг хөлслөөд явуулсан. Тэр жолоочид 750,000 төгрөг бэлнээр өгч явуулсан. Түүний дараа Улаанбаатар хот руу явж үзүүлэх шаардлагатай гэхээр нь би 5 сая төгрөг өгсөн. Тэгээд намайг цалингийн зээл, эмчилгээний зардал төлчих найз нь гомдолгүй гэсэн. Миний хувьд наадмын дараа үлдэгдэл мөнгийг өгнө гэсэн боловч боломж болоогүй. Хохирогчид 5 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр 1,495,000 төгрөг, зээлийн 500,000 төгрөг, машин хөлсөлсөн 250,000 төгрөг нийт 7,250,000 төгрөг өгсөн” гэх,

хохирогч *******ын хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ Тухайн өдөр  морины сунгаа болсон. Би машинаасаа бууж очиход *******тэй хамт байсан хүмүүс нэлээн согтуу байсан. Олон хүний дэргэд “ би чиний гүүг гишгэх байсан юм уу” гэх мэт үгээр доромжлоод байсан. Би харин 3 морьтой ирээд гурван түрүү авсан талаараа хэлсэн. Тэгэхэд “5 нас уралдахад яахаараа чи гурвыг нь авдаг юм, би гурвыг нь авсан” гэж хэлсэн. Тэгээд хажуугаас гэнэт цохисон. Би цохиулчхаад зүгээр байж чадахгүй маргалдаад зууралдсан. Намайг цохихоор нь би ойчоод босож ирэхэд хавираад унагаасан. Тэр үед хүмүүс салгасан. Буцаж барьцалдаж аваад намайг хавирч унагаасан. Унахадаа миний дээрээс унасан. Би эрүүл шахуу байсан, миний хөл хугарах шиг болсон. Би “миний хөл хугарчихлаа” гэж хэлсэн чинь босож ирээд нуруу руу өшиглөөд яваад өгсөн. Аймагт очиж үзүүлсэн чинь баруун хөлийн шилбэний хоёр яс хугарсан байна гэсэн. Одоо би хоёр жилийн цалингаа нэхэмжилнэ. Учир нь 24 сарын зээлтэй. Түргэн шуурхай ажиллах хэрэгтэй тул намайг хоёр суга таягтай гээд намайг ажлаас халсан. Би 2023 оны 9 сард ажлаасаа халагдсан. *******өөс би 7,250,000 авсан” гэх,

гэрч А.*******ын “...2023 оны 05 сарын 18-ны өдөр ******* сумын 6-р багийн нутаг “” гэх газар хурдан морины сунгаан болсон. *******, ******* нар машины хажууд хоёулаа архи уугаад байж байсан. Би морио ачиж дуусаад *******, ******* хоёр дээр очиход хоорондоо маргалдсан бололтой ******* “миний хөл эвгүй болчихлоо” гэхээр нь хөлийг нь барьж үзэхэд баруун талын хөлийн шилбэ яс хугарсан байсан учраас сумаас төв рүү цагаан өнгийн жийп машин явж байхаар нь зогсоогоод *******ыг арын суудал дээр хэвтүүлж суулгаад сумын эмнэлэгт хүргэж өгсөн” гэх,

гэрч Р.Булганхайнгайгийн “ 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус багийн ******* гэх газарт манай тэр хавийн хүмүүс цуглаад 5-н насны морьдын сунгаан хийсэн. *******, ******* нар морь ярьж байгаад маргалдаад ******* нь *******ын нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэр хоёр босож ирээд зууралдаж авахад ******* нь *******ыг хавираад унагасан. Тэгээд салаад суух гэж байснаа дахин маргалдаад С.******* нь *******ыг хавираад газар унагаагаад, өөрөө дээр нь дараад унасан. Хүмүүс тэр хоёрыг салгаад *******ийг татаад босгоход ******* нь хөл хугарчихлаа гээд бахираад байсан. Тухайн үед тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.Тухайн үед *******ын баруун хөл хугарсан санжганасан байсан” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 449 дугаартай “1. *******ын биед баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

*******ын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 449 дугаартай “...1. *******ын биед баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******ын баруун хөлийг хавирч өшиглөн, дээр нь дарж унан эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” гэх газар *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлийг хавирч өшиглөн, дээр нь дарж унан эрүүл мэндэд нь “ баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Шүүгдэгч бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүнийг *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нараас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

5. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******, хохирогч ******* нар морь сунгасны дараа хамт согтууруулах ундаа хэрэглэх явцдаа морь сунгасан асуудлаас маргалдан, улмаар ******* нь *******ыг хөлөөрөө хавирч, дээрээс дарж унан эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг хавирах, дарж унагаснаар эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж тэдгээрийн хооронд тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогч *******ыг хавирч дарж унан биед нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг хөлөөрөө хавирч дарж унан зодсон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу түүний уг үйлдлийн улмаас хохирогч *******ын биед “баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал ” бүхий гэмтэл учирсан болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчээс хохирогчид 7,250,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдоно.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,495,100 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21/16 дугаартай “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,495,100 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх / хавтаст хэргийн 123-124-р хуудас/ зэргээр нотлогдох бөгөөд шүүгдэгч *******өөс Эрүүл мэндийн даатгалын төрийн санд учруулсан дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдно.

 

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******аас тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол, хор уршгийг нэхэмжилж, “ аймаг, Улаанбаатар хотод эмчилгээнд явсан шатахууны зардал, эм, эмчилгээний зүйл худалдсан авсан талаарх 32 ширхэг И-баримтын тасалбар, Сувд эмийн сангийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай 327,000 төгрөгийн Зарлагын баримт зэргийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хохирогчийн дээрх баримтаар нэхэмжилж буй нэхэмжлэлийг энэ тогтоолоор шууд хангах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч *******өөс, хохирогч *******ын эрүүл мэндэд учруулсан шууд болон шууд бус хохиролд  7,250,000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн байх бөгөөд харин хохирогч *******аас мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан хохиролтой холбоотойгоор ямар хэмжээний зардал гарсныг нотлох баримтыг гаргаагүй, *******өөс хохиролд өгсөн 7,250,000 төгрөгийг ямар хохирол, зардалд тооцож байгааг шүүхэд нотлох баримтаар нотлоогүй, шүүх хохирлын талаар тодорхой тооцоог гаргах боломжгүй байх тул түүнээс 32 ширхэг И-баримтын тасалбар, Сувд эмийн сангийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай 327,000 төгрөгийн Зарлагын баримтаар нэхэмжилж буй хохирлыг шүүгдэгч *******өөс хохиролд өгсөн 7,250,000 төгрөгөнд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь Иргэний хуульд зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлуудыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүх дээрх хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн гаргах бөгөөд шүүх нотлох баримтгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийг хангах нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн үйл ажиллагаа болох юм.

 

Тодруулбал, *******аас шүүх хуралдаан “ Эр хүмүүсийн хооронд иймэрхүү зүйл болдог юм чинь чи бид хоёрын гай юм байлгүй. Би чамайг хэрэг төвөгт явуулахгүй, би зовлон үзсэн хүн гэж хэлсэн. Тэгээд би өөрөө худал мэдүүлэг өгөөд салгасан. Надад 8 сая төгрөгийн зээл байна. Үүнийг хаачих тэгээд хоёулаа салъя гэж хэлсэн. ******* “8 сая төгрөг байхгүй 5 сая төгрөг чамд өгье би чамд унага бэлгэлсэн юм чинь болно биз дээ” гэхээр нь би “чи эхнэрт битгий ингэж хэлээрэй. Эхнэр мэдвэл юун адуу мал гээд бөөн уур болно” гэж хэлсэн” гэх мэдүүлгийг үндэслэвэл, тэдгээрийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй буюу шүүгдэгч *******өөс хохиролд 5,000,000 төгрөгийг нотлох баримтгүйгээр сайн дураараа нэмж төлсөн нь дээрх тохиролцооны дагуу хийгдсэн хэлцэл гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, мөн хохирогч *******ын “ тухайн гэмтлийн улмаас  ажлаас халадгдсаны хоёр жилийн цалинг гаргуулах тухай” нэхэмжлэлийн тодорхой тооцоог шууд гаргах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь түүний зүгээс хэрэгт дээрх нэхэмжлэлтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн ******* сумын ШТС-122-ын эрхлэгч М.Наранбаярын “Соёл овогтой Бямбажаргал /лм88081313/ Магнай трейд ХХК-н ШТС-122-т салбарт Харуул хамгаалалтын албаны ажилтнаар 2016 оноос тасралтгүй 7 жил ажиллаж байсан. 2023 оны 5 сарын 18-нд гэмтэл авсны улмаас 2023 оны 9 сар хүртэл Эмнэлгийн хуудасны 90хоногоо эдэлж байгаад Цаашид хөлийн гэмтэл эдгээгүй бүрэн эдгээгүйн улмаас удаан зогсож ажиллах боломжгүй тул ажлаас халагдсан болно. ” гэх болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолтыг тус тус шүүхэд ирүүлсэн хийгээд зөвхөн дээрх нотлох баримтыг үндэслэн түүний нэхэжмлэлийг хангах боломжгүй юм.

 

Тодруулбал, хохирогч ******* тухайн байгууллагад ажилд орсон, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн талаарх албан ёсны тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй бөгөөд Сүхбаатар аймгийн ******* сумын ШТС-122-ын эрхлэгч М.Наранбаяр тухайн байгууллагыг төлөөлөх, тодорхойлолт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, түүний зүгээс ямар үндэслэлээр хоёр жилийн” цалинг гаргуулах шаардлага гаргаж байгаа, ямар хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж нотлоогүй бөгөөд дээрх нотлох баримтууд нь тухайн иргэний нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэхэд хүрэлцэхгүй юм.

 

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Иймд хохирогч ******* нь түүнд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “ Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон.Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг өөрийн бололцоогоороо төлсөн. Мөн хохирогчоос уучлалт гуйж цаашид гарах зардлыг төлнө гэсэн. ******* нь ам бүл тавуулаа амьдардаг. Том охин нь Улаанбаатар хотод оюутан, дараах хүүхэд нь сумын төвд дотуур байранд байрлаж сурдаг. Шүүгдэгч бага хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Өмгөөлөгчийн зүгээс 600,000 төгрөгөөр торгож, түүнд оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү”  гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна ” гэх саналыг тус тус гаргав

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 7,250,000 төгрөгийг нотлох баримтгүйгээр сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоолоо.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлсон болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс гаргасан “ *******өд оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү”  гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

 

Учир нь шүүгдэгч ******* нь мал маллан амьдардаг, орлого олох боломжтой хувийн аж ахуй эрхэлдэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу төлүүлэх хууль зүйн үндэслэл үүсээгүй, дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд нотлох баримтаар нотлоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.  

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг шүүгдэгч *******өд анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор гарсан хохирол, гэм хорын асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгчээс хохирогч *******д 7,250,000 төгрөгийг, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 1,495,100 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН