Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01043

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/01043

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ................ тоотод байрлах Р ХХК /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ................... байранд байрлах Т и ТӨҮГ-т холбогдох,

хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2021 оны 03 дугар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А , хариуцагчийн төлөөлөгч М.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ризинг санниХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, Нийслэл Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ныөдрийн ...... дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын ........... дугаар бүхий 5277 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдааны журмаар 58.026.012 төгрөгөөр худалдан авч гэрээний дагуу эзэмшиж байгаа юм. Гэтэл Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас тус компанийн газар дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн барилгыг барьж, энэхүү газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Манай компанийн зүгээс тус газрыг чөлөөлөхийг тус байгууллагад мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл бидний шаардлагыг үл тоон, өөрсдийн дур зоргоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Үүссэн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр газар чөлөөлөхгүй тохиолдолд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах тухай албан шаардлага хүргүүлэхэд бичгээр хариу ирүүлээгүй байна. Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/4498 дугаар албан бичгээр тухайн газарт баригдсан барилга байгууламжийг чөлөөлөх асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэх тул холбогдох байгууллагад хандана уу гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу өөрийн эзэмшлийн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглахад саад учруулж буй Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас дээрх газрыг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр сургуулийн урд баригдсан эрчим хүчний алдагдалгүй, амины орон сууцны загварын байрыг Оверсийс бестХХК нь 2013 оны 5 дугаар сард бусдын эзэмшлийн талбайд, аливаа зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд манай байгууллагад орон сууцыг худалдах талаар хэлцэл яригдаж байсан. Гэтэл орон сууцны доорх газар нь өөр эзэмшигчтэй, эрхийн зөрчилтэй барилга байсан учраас манайх худалдаж аваагүй, орон сууцны өмчлөл манай өмчлөлд шилжиж ирээгүй байдаг. О тХХК болон Ризинг санниХХК нар нь маргаантай газрын талаар дараах байдлаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ..... дугаартай О ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулж байсан бичиг дээр тухайн барилгыг тус компани нь барьж, ашиглалтад оруулж дуусах хүртэл нэг ч аж ахуйн нэгж, иргэн ирж байгаагүй тухай, мөн О ХХК нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд гаргаж байсан бөгөөд энэ үед газрын эзэмшил Ризинг санниХХК-ийн нэр дээр байдгийг мэдэж, компанийн удирдлагууд удаа дараалан уулзсанаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 34 дүгээр сургуулийн урд байрлах 3874.6 м.кв газраас тус барилгад 959.4 м.кв талбайг О ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөх талаар талууд тохиролцсон тухайгаа илэрхийлж, тус газрын эзэмшлийг сольж өгөхийг хүссэн байна. Мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ........ дугаартай Р ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж байсан хүсэлтээр тус газрыг О тХХК-д олгоход манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй гэж хүргүүлсэн албан бичгүүд байгаагаас үзэхэд тус газрын эзэмшлийг Оверсийс бестХХК-д шилжүүлсэн байх магадлалтай байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихэд бүртгэлийн газар бүртгүүлсэн байхыг шаарддаг бөгөөд тус барилгын өмчлөл манай байгууллагын нэр дээр шилжиж ирээгүй байна. О ХХК-тай манайх эвлэрлийн гэрээ байгуулж, уг амины орон сууцны төлбөрийг төлсөн боловч манай өмчлөлд шилжүүлээгүй. Манайх өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр хөөцөлдсөн боловч газар эзэмших эрх нь зөрчилтэй байсан учир болоогүй. Иймд тус хоёр орон сууцны хууль ёсны өмчлөгч манай байгууллага биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манайх Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Нийслэлийн Засаг даргаас мэдээлэл хүлээж байсан. Гэвч манай шаардсан баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн бөгөөд анх уг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр баригдсан маргаан бүхий барилгыг авч явах зориулалттай зөөврийн байдлаар бариулахаар О ХХК-д захиалсан боловч баригдахдаа суурийг газарт цутган хөдлөхгүйгээр барьсан байна. Иймд уг барилга байрлаж буй газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-нд холбогдуулан хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Засаг даргын 2014оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжаар нэхэмжлэгч Р ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамж, 34 дүгээр сургуулийн урд 5277 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 4.8 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас 00305207 тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ..... тоот захирамж, түүний хавсралт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь ОХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Р  ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4............... сургуулийн урд байрлах дээрх 5277 м.кв газрын 959.4 м.кв талбайд изораст системийн эрчим хүчний хэмнэлттэй 2 айлын 2 давхар амины орон сууцны загварын байрыг бариулсан болох нь зохигчдын тайлбар, Оверсийс бэстХХК-ийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Уг 2 айлын 2 давхар амины орон сууцны загварын байр байрлаж буй 959.4 газрыг Оверсийс бэстХХК болон хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нар тус тус эзэмшиж, ашиглах эрхгүй, уг эрхийг Ризинг санниХХК-аас шилжүүлэн аваагүй атлаа маргаан бүхий газарт 2 айлын 2 давхар амины орон сууц бариулсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасан газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг тус тус зөрчжээ.

Иймд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 2 давхар 2 айлын амины орон сууц барьсан нь бусдын газрыг хууль бусаар эзэмшиж, ашигласанд тооцогдох тул Ризинг санниХХК нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Р ХК-ийн эзэмшлийн газарт баригдсан 2 давхар, 2 айлын амины орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Хариуцагч Т ТӨҮГ-ын захиалгаар Оверсийс бестХХК нь Хан-Уул дүүргийн................дүгээр сургуулийн урд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр 2 давхар, 2 айлын амины орон сууцыг барьж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, О ХХК-аас ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх ба гэрээний зүйл болох орон сууцыг барьсан  О ХХК-ийг уг эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн ТЩ ТӨҮГ-аас маргаан бүхий газарт байрлах 2 давхар, 2 айлын амины орон сууцыг барьж гүйцэтгэсний хөлсийг гүйцэтгэгч О ХХК-нд төлж барагдуулсан зэргээс үзэхэд гүйцэтгэсэн ажлын үр дүн болох орон сууц нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ эзэмшлийн эд хөрөнгө байна.

Хариуцагч Т ТӨҮГ нь уг орон сууцыг өмчлөх эрхээ бүртгүүлээгүйгээс гадна, орон сууц байрлаж буй газрыг эзэмших эрхээ баталгаажуулаагүй, газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Ризинг санниХХК-иас шилжүүлэн авсан хууль ёсны хэлцэл байхгүй тул газар эзэмшил нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар үүсээгүй байна.

Хариуцагч Т ТӨҮГ нь Хан-Уул дүүргийн ........ гудамж, 34 дүгээр сургуулийн урд байрлах нэхэмжлэгч Р ХХК-ийн эзэмшлийн газарт изораст системийн эрчим хүчний хэмнэлттэй 2 айлын 2 давхар амины орон сууцыг авч явах зориулалттай зөөврийн байдалтайгаар бариулахаар О ХХК-д захиалсан боловч баригдахдаа суурийг газарт цутган, газраас салган авах боломжгүйгээр баригджээ.

Нэхэмжлэгч Р ХХК нь өөрийн эзэмшлийн газраас амины орон сууц баригдсан хэсгийг О ХХК-д шилжүүлэх талаар санал солилцож, энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандсан Р ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн .. тоот албан бичиг, О ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ...... тоот албан бичгийг тус тус үйлдэж байсан боловч уг албан бичгийн дагуу 959.4 м.кв газрын эзэмших эрх шилжиж бүртгэгдээгүй нь талуудын маргаан бүхий амины орон сууц байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаарх тохиролцоо хэрэгжээгүй, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэнээс шалтгаалжээ.

Иймд уг газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас нэхэмжлэгч Ризинг санниХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдсан Хан-Уул дүүргийн .................. изораст системийн эрчим хүчний хэмнэлттэй 2 айлын 2 давхар амины орон сууц байрлаж буй газрыг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 10 ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ............. сургуулийн урд, изораст системийн эрчим хүчний хэмнэлттэй 2 айлын 2 давхар амины орон сууц байрлаж буй газрыг хариуцагч Т ТӨҮГ-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР