Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2021/00225

 

 

 

 

 

156/ШШ2021/00225

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг Булаг 13-17 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Нисэх 13-04 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******1/-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны  02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 156/2021/00106/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.******* нь 2012 оны 6 дугаар сард Б.*******тай танилцаж, 2013 оны 7 дугаар сараас хамт амьдарч, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү А.Төгсцогт мэндэлсэн. Зан харилцааны таарамжгүй байдал, араар тавилт зэргээс болж 2018 оны 8 дугаар сараас эхлэн бид тусдаа амьдрах болсон бөгөөд би хүүгийн хамт өөрийн аавын хашаанд амьдарч байгаад 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод шилжин ирж ажилласан. Одоо бид цаашид хамт амьдрах хүсэлгүй, тийм боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна, харин гэрлэлт цуцлуулах, хүү А.Төгсцогтыг өөрийн асрамжинд авах шаардлагаа дэмжиж байна. Би одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон, 8 сартай жирэмсэнтул гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байна гэв.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.*******тай 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү А.Төгсцогт төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оны 08 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Н.******* нь 2019 оноос Улаанбаатар хот руу шилжин ажиллаж, тэр цагаас эхлэн хүү Б.Төгсцогт нь миний асрамжид одоог хүртэл байдаг. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү А.Төгсцогт нь биднийг 2019 оноос тусдаа амьдрах үеэс эхлэн миний асрамжид байгаа учир хүүгээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 01 дүгээр сарын 19ий өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №2301000004 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2015 оны 02 дугаар сарын 23ы өдөр хүү А.Төгсцогт төрсөн болох нь №2301000108 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. 

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б.******* нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч Н.Болоруянга нь өөр гэр бүлийн харилцаатай болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь хүү А.Төгсцогтыг одоогоор авга өвөө, эмээтэйгээ байгаа гэж тайлбарлаж байх ба хүүгийн асрамжийн асуудалд талууд маргадаг боловч хариуцагч нь шүүх хуралдааны товийг мэдэгдсээр байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь түүнийг хариу тайлбараа дэмжихгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү А.Төгсцогтыг эх Н.Болор-Уянгын асрамжид үлдээж шийдвэрлэв. Хүүхдийн асрамжийг нэхэмжлэгчид тогтоож байгаа хэдий ч хүүхдийн өсөж төрж, ээнэгшин дассан байдлыг харгалзан өөрийн эцэг болон авга эмээ, өвөөтэй нь чөлөөтэй уулзуулж байхыг нэхэмжлэгчид сануулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү А.Төгсцогтыг  эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.*******гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.******* Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд эх Н.******* саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Н.******* нь шүүх хуралдаан дээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан ба гэрлэгчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар  ******* овогт ******* ******* /*******1/, ******* овогт ******* ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 23ы өдөр төрсөн хүү *******гийн Төгсцогтыг эх ******* Болор-Уянгын асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Н.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Н.*******д тус тус даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Б.*******гаас 140 400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид 70 200 төгрөг олгож, улсын орлогод 70 200 төгрөгийг оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ