Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 23

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: О.Мөнхдэлгэрэх

Улсын яллагч: Э.Нямбилэгт

Шүүгдэгч Э.Эрдэнэтогтох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг,

Иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Энхбаярын Эрдэнэтогтоход холбогдох 201608000194 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Уулзварын 1-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 02А Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сараар тогтоосон боловч Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 сарын 06-ны өдрийн 61 тоот магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Зээтэг овогт Энхбаярын Эрдэнэтогтох, /ЕЙ91110238/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Э.Эрдэнэтогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 41 дүгээр байрны өргөтгөлийн хүнсний дэлгүүрийн гадна талд Соната 6 маркийн 08-54 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5, 2.7, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчин иргэн Ш.Энхцэцэгийн эзэмшлийн TOYOTA WISH маркийн 22-64 ГСА улсын дугаартай автомашиныг мөргөж 250.000 төгрөгний хохирол учруулсан, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэлгүй осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудын талаар:

 

1. Шүүгдэгч Э.Эрдэнэтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай найзууд болох Төөгий, Мөнхзул, Батмөнх 3 надруу залгаж 1 шил архи аваад хүрээд ирээч шартаж үхлээ гэж хэлсэн. Би машинаа унаад 1 шил архи аваад 3 найз дээрээ очиж 1 шил архийг цуг хувааж ууж дуусаад гэрлүүгээ харих гээд явж байтал манай найз Олонбат утасдаад Төмөр замын 5 давхарын хажууд хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд би Олонбат дээр очих гээд явж байгаад Төмөр замд байдаг дэлгүүрийн хажууд байсан Тоёота маркийн авто машиныг зогсох гэж байгаад ар талаас нь мөргөсөн.  Тэгэхэд Ш.Энхцэцэг эгч гарч ирээд цагдаа дуудах гэж байхад нь эгчээ 2-лаа тохироё битгий цагдаа дуудаач гэхэд Ш.Энхцэцэг эгч цагдаа дуудна гээд байсан. Тэгээд би айгаад зугтаагаад яваад өгсөн гэсэн мэдүүлэг

 

2. Иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 41 дүгээр байрны өргөтгөлийн гадаа машинаа тавьчаад дэлгүүрлүү дөнгөж орчихоод байж байтал түс хийх чимээ гарсан. Тэгээд гүйгээд гараад иртэл миний машины араас Э.Эрдэнэтогтох гэдэг энэ залуу машинаараа мөргөөд ухарч байсан. Би тухайн үед шинэ машин аваад 7 хоног болж байсан. Тэгэхэд Э.Эрдэнэтогтох согтуу хөл дээрээ тогтож чадахгүй бууж ирсэн. Хажуу талд нь шар куртиктэй залуу байсан. Э.Эрдэнэтогтох эгчээ би таны машиныг янзлаад өгье 2-лаа тохирчихое гэж байсан. Би тохирохгүй тийм зүйл байхгүй би одоо цагдаа дуудна гээд 102-т дуудлага өгөх гэж байхад машиндаа сууж байсан. Би машиндаа суугаад хүлээх гэж байгаа юм болов уу? гэж бодсон чинь шууд хөдлөөд яваад өгсөн  гэсэн мэдүүлэг

 

3. Гэрч  Э.Олонбат мэдүүлэхдээ: 

Би Эрдэнэтогтохтой найзууд байгаа юм. Эрдэнэтогтох Соната-6 маркийн хувийн машинаараа Чойр дотор таксинд явдаг байсан. Би Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажилд орсон учир Эрдэнэтогтохоор хүргүүлье гэж урд өдөр нь ярьсан. Тэгээд хүргүүлэх санаатай Эрдэнэтогтохруу утсаар яриад ТЗ-ын 5 давхарт хүрээд ир гэж дуудсан. Би гэрээсээ гараад Эрдэнэтогтохыг хүлээж байхад Эрдэнэтогтох өөрийн Соната-6 маркын автомашинтайгаа ирээд ТЗ-ын 41 дүгээр байрны өргөтгөлийн хүнс барааны дэлгүүрийн гадаа зогсож байсан автомашины араас мөргөсөн. Эрдэнэтогтохын машины дугуй нь хээгүй байсан уу тормоз гишгээд гулгаж ирээд тэр автомашины араас мөргөсөн. Тэгээд Эрдэнэтогтох ухарч зогсоод машинаасаа бууж ирсэн. Тэр үед дэлгүүийн гадаа зогсож байсан машины жолооч эгч дэлгүүрээс гүйгээд гараад ирсэн. Эрдэнэтогтох тэр эгчтэй хохирлоо тохиролцоё гэсэн чинь Эрдэнэтогтохыг чи согтуу байна. Тохиролцохгүй гэж хэлээд утсаа аваад цагдаа дуудсан. Тэгсэн Эрдэнэтогтох машинаа өөрөө жолоодоод цагдаа ирлээ гэж айгаад зугатаасан. Би машинд нь суугаад Эрдэнэтогтохтой хамт явсан....гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 дугаар хуудас/

 

4. Гэрч М.Батмөнх мэдүүлэхдээ:

Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төөгийгийн гэрт байхад Эрдэнэтогтох өөрийнхөө 08-54 ГСА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Соната-6 маркийн машинтайгаа 1 шил архи авчирсан. Тэрийг Эрдэнэтогтох, Төөгий, Мөнхзул бид 4 хувааж уусан. Тэгээд Эрдэнэтогтох шууд харина гээд өөрийнхөө машиныг жолоодоод ганцаараа явсан. Явахдаа их согтуу байгаагүй. Тэр үед өдрийн 13 цаг өнгөрч байсан. Тэгээд би эргэж уулзаагүй. Өнөөдөр харин Эрдэнэтогтох надруу утасдаад өчигдөр осол гаргасан одоо цагдаа дээр байна ирээд батлан даалтанд аваач гэхээр нь ирлээ гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 дүгээр хуудас/

 

5. Гэрч Г.Мөнхзул мэдүүлэхдээ:   

2016 оны 12 дугаар арын 14-ний өдөр Төөгийгийн гэрт Эрдэнэтогтох, Батмөнх, Төөгий бид 4 Эрдэнэтогтохын авчирсан 0.5 литрийн Ерөөл архи уусан. Тэгээд Эрдэнэтогтох харина гээд өөрийнхөө 08-54 ГСА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Соната-6 маркийн машинтайгаа явсан. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа Эрдэнэтогтох машинаа жолоодон Олонбатыг суулгаад Төөгийгийнд ирсэн. Эрдэнэтогтох хүний машин мөргөсөн талаараа хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ явсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 дугаар хуудас/

6. Гэрч Д.Энхбаяр мэдүүлэхдээ:

Манай хүү Э.Эрдэнэтогтох иргэний болон жолооны үнэмлэхээ хаячихсан юм. Сүүлд Эрдэнэтогтох Улаанбаатар хотоос автомашин авна гээд миний бичиг баримт байсан тул бид 2 хамт явж Соната-6 маркийн автомашин авсан. Уг автомашиныг Эрдэнэтогтох 3 сая төгрөгөөр худалдаж авсан өөрийнх нь боловч бичиг баримт байхгүй учраас миний нэр дээр авсан юм гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 дүгээр хуудас/

7. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Р.Одбаярын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ¹16 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- Соната-6 маркийн 08-54 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Эрдэнэтогтох нь МУ-ын ЗХД-ийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийн хориглоно:

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

б/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг ирэхийг хүлээх,

в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэсэн дүгнэлт, / хх-ийн 36 дугаар хуудас/

8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-7хуудас/

9.  "Ашид билгүүн" ХХК-ний автомашины хохирол үнэлсэн тайлан /х.х-ийн 44-45 дугаар хуудас/

10. Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/а дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар, Говьсүмбэр , Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай магадлалын хуулбар,

11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 73-47 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Эрдэнэтогтох нь 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 41 дүгээр байрны өргөтгөлийн хүнсний дэлгүүрийн гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Соната 6 маркын 08-54 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэгийн жолоодож явсан TOYOTA WISH маркын 22-64 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:

Иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэгийн “...Тэгэхээр нь гараад очсон чинь 08-54 ГСА улсын дугаартай Саната-6 маркын мөнгөлөг өнгөтэй автомашин миний 22-64 ГСА улсын дугаартай ар хэсгээс мөргөчихөөд ухарч байсан... Хүүхэд мөргөчихсөн бол яах байсан гэж хэлээд гар утсаараа цагдаа дуудаж байх хооронд тэр согтуу жолооч автомашинаа жолоодоод зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч  Э.Олонбатын “...Би гэрээсээ гараад Эрдэнэтогтохыг хүлээж байхад Эрдэнэтогтох өөрийн Соната-6 маркын автомашинтайгаа ирээд ТЗ-ын 41 дүгээр байрны өргөтгөлийн хүнс барааны дэлгүүрийн гадаа зогсож байсан автомашины араас мөргөсөн. Эрдэнэтогтохын машины дугуй нь хээгүй байсан уу тормоз гишгээд гулгаж ирээд тэр автомашины араас мөргөсөн. Тэгээд Эрдэнэтогтох ухарч зогсоод машинаасаа бууж ирсэн. Тэр үед дэлгүүийн гадаа зогсож байсан машины жолооч эгч дэлгүүрээс гүйгээд гараад ирсэн. Эрдэнэтогтох тэр эгчтэй хохирлоо тохиролцоё гэсэн чинь Эрдэнэтогтохыг чи согтуу байна. Тохиролцохгүй гэж хэлээд утсаа аваад цагдаа дуудсан. Тэгсэн Эрдэнэтогтох машинаа өөрөө жолоодоод цагдаа ирлээ гэж айгаад зугатаасан....” гэх мэдүүлэг /х.х-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч Г.Мөнхзул “...Тэгээд Эрдэнэтогтох харина гээд өөрийнхөө 08-54 ГСА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Соната-6 маркийн машинтайгаа явсан. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа Эрдэнэтогтох машинаа жолоодон Олонбатыг суулгаад Төөгийгийнд ирсэн. Эрдэнэтогтох хүний машин мөргөсөн талаараа хэлсэн. ...” гэх мэдүүлэг /х.х-ийн 32 дугаар хуудас/

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Р.Одбаярын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ¹16 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 36 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-7хуудас/

"Ашид билгүүн" ХХК-ний автомашины хохирол үнэлсэн тайлан /х.х-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэтогтохыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэг нь хохирол төлбөрт 550.000 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан Ашид–билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 250.000 төгрөгийг шүүгдэгч Э.Эрдэнэтогтох нь төлж барагдуулсан байна.

Иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэг нь Улаанбаатар хотод Вьетнам кузов засварын газар янзлуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, “Ашид Билгүүн” ХХК-ны 22-64 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлс  24000 /хорин дөрвөн мянга/ төгрөг, бензины зардал 35000 /гучин таван мянга/ төгрөг, зам ашигласны төлбөр 2000 /хоёр мянга/ төгрөг, нотариатын зардал 4000 /дөрвөн мянга/ төгрөг нэхэмжилсэнээс Улаанбаатар хотод Вьетнам кузов засварын газар янзлуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/, нотариатын зардал 4000 /дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжилсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан баримт нь тухайн засварын газрын албан ёсны нэр байхгүй, тэмдэг дарагдаагүй, мөн хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан Бадмаагийн Батсүх гэдэг хүний гаргасан тодорхойлолтын дагуу уг этгээдийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаагаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Харин иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэг нь уг зардлаа нотлох баримтаа дахин бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Э.Эрдэнэтогтохоос “Ашид Билгүүн” ХХК-аас 22-64 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний хөлс  24000 /хорин дөрвөн мянга/ төгрөг, бензины зардал 35000 /гучин таван мянга/ төгрөг, зам ашигласны төлбөр 2000 /хоёр мянга/ төгрөг буюу нийт 61000 /жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Эрдэнэтогтох нь Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 02А Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сараар тогтоосон боловч Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 сарын 06-ны өдрийн 61 тоот магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Э.Эрдэнэтогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлахын ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламет байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасны дагуу ялгүй болох үлдсэн хугацаа нь хамрагдаж байх тул түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэтогтохыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Э.Эрдэнэтогтоход баривчлах ял оногдуулах нь  зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зээтэг овогт Энхбаярын Эрдэнэтогтохыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэтогтоход 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэтогтоход оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Эрдэнэтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Эрдэнэтогтохоос  “Ашид Билгүүн” ХХК-аас 22-64 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг үнэлэсэн үнэлгээний хөлс 24000 /хорин дөрвөн мянга/ төгрөг, бензины зардал 35000 /гучин таван мянга/ төгрөг, зам ашигласны төлбөр 2000 /хоёр мянга/ төгрөг буюу нийт 61000 /жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 126-10 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэгт олгосугай.

6. Иргэний нэхэмжлэгч Ш.Энхцэцэг нь өөрт учирсан бусад хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эрдэнэтогтохын баривчлах ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эрдэнэтогтоход авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ