| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-04-12 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Хохирогч Ч.*******,
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох эрүүгийн 2430000130019 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... туслах ажилтан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “....”-ын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Ч-ын Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.******* нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ажлаасаа ирээд гэртээ байж байхад эгч орж ирсэн. Тэгээд намайг “чи хүүхдийг минь утсаар загналаа” гээд хэлсэн. Тэгээд надтай хэрэлдэж муудаж байгаад гэр лүүгээ орохоор нь би араас нь ороод “та дандаа хүүхдээ өмөөрөх юм” гэж хэлээд баруун орон дээр сууж байхад нь хөлөөс нь татсан. Тэгээд гэрээс нь гараад буцаж гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод буцаж орж ирэхэд эгч баруун орныхоо доор ухаан алдсан байхаар нь би түргэн дуудаад эгчийг аваад явсан.” гэв.
Хохирогч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ч.Энхтулга миний охиныг утасны цаанаас загнасан байсан. Тэгэхээр нь би “чи дүүгээ яагаад загнасан байсан бэ?” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод байж байхад дүү араас орж ирээд намайг “та дандаа хүүхдээ өмөөрөх юм” гээд бид хоорондоо ойлголцоогүй. Намайг баруун орон дээрээ сууж байхад ******* миний хөлөөс татаж унагаасан. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн. Намайг Хэнтий аймагт очиж үзүүл гэж бичиг өгсөн. Дүү бид хэд Хэнтий аймаг руу хамт явсан. Эмнэлэгт үзүүлсэн, эмчлүүлсэн зардлыг дүү минь даасан. Түүнээс хойш 14 хоног эм уусан. Одоо би зүгээр болсон. Одоо дүүдээ гомдохгүй байна. Анхнаасаа миний буруу байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.******* нь миний отгон дүү юм. Би дүүгээ энэ хэргээс суллаж авмаар байна.” гэв.
Эрүүгийн 2430000130019 дугаартай хэргээс:
- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай “1. Ч.*******гийн биед дагз ясанд хугарал, тархи доргилт, доод уруулд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 18-19 дүгээр хуудас),
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах нь амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Ч.******* нь гэр бүлийн харилцааны хүрээнд төрсөн эгч Ч.*******тай ялимгүй зүйлээс болж маргалдан, түүнийг орон дээр сууж байхад нь хөлөөс нь татаж унаган, хохирогчийн эрүүл мэндэд “хүнд” гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч Ч.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ч.*******гийн биед халдаж эрүүл мэндэд нь “дагз ясанд хугарал, тархи доргилт, доод уруулд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Прокуророос шүүгдэгч Ч.Эрдэнэтулгын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Шүүхээс шүүгдэгч Ч.Эрдэнэтулгыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Эрдэнэтулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
3.2. Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
3.2.1. Улсын яллагч “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Хэрэгт хохирогч Ч.******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 138,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосныг шүүгдэгч нөхөн төлсөн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх санал, дүгнэлтийг,
3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Ч.******* нь төрсөн эгч *******тай таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нь түүний төрсөн эгч Ч.*******гийн охин 11 дүгээр ангид сурдаг бөгөөд түүнийг “орой үдшийн цагаар гэртээ ирэхгүй байна. Ээждээ туслахгүй гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар охиныг утсаар загнасан. Энэ асуудал нь гэмт хэрэг болох гол шалтгаан болсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь торгох, хорих санкцитай байдаг. Улсын яллагчийн зүгээс 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар санал тавьж байна. Үүнийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж Хэнтий аймагт өөрөө авч явж үзүүлсэн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ******* нь .... ажилладаг. Торгох шийтгэлийг эдлэх боломжтой юм” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
3.3. Шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүнд” ангиллын гэмт хэрэгт холбогдсон, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Ч.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, “миний бие шаардлагатай эмчилгээ хийлгэсэн. Одоо надад гаргах гомдол санал, эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх төлбөр байхгүй. Энэ хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй.” (хх 7) гэснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
4.2. Хохирогч Ч.******* нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгээс 138,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ч.******* нь уг төлбөрийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд нөхөн төлсөн (хх 65) болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ч-ын Э-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтулгыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******д оногдуулсан торгох ялыг 24 (хорин дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.*******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 138,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ч.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Хохирогч Ч.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ