| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/154 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/154
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2425000000180 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт М.А-н гэрт насанд хүрээгүй хохирогч Х.М-г яриа чинь таалагдахгүй байна, золбин гичий гэж доромжлон хэрүүл маргаан үүсгэж, шилэн аяга шидэж, нүүрийг нь онож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 250 000 төгрөг төлсөн. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Х.М , түүний хууль ёсны төлөөлөгч Х.С нар “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Х.М гийн “2024 оны 02 дугаар сарын 17-ны 19-20 цагийн үед найз А-тэй Төгөл худалдааны төвийн гадаа уулзсан. А-н найз Б гэдэг залуу ганцаар ирсэн. Үүний дараа А , Б бид гурав А-н гэрт очсон. А-н гэр Шанд багт байдаг, тоотыг нь мэдэхгүй байна. Б пиво уух уу гэхээр нь А бид хоёр дэлгүүрээс 2 сав пиво авчраад А , Б бид гурав хувааж уусан. Б-ний найз Ө гэх залуу орж ирсэн. Шөнө 01 цагийн орчимд Б , Ө хоёр гарч яваад удалгүй 0,5 л хэмжээтэй 1 шил архи авчирсан. Архи ууж байгаад Б нь “чиний байгаа байдал чинь надад таалагдахгүй байна, гичий шиг золбин” гэж доромжилсон. Би юу гээд байгаа юм гээд маргалдсан. Гэнэт Б бараашиг хийж байсан шилэн аягыг аваад над руу шидсэн. Шилэн аяга нь миний хамар, зүүн нүд орчмыг оносон” гэх мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/
2. Гэрч М.А-н “дэлгүүрээс 2 сав пиво авчирч М , Б бид гурав хувааж уусан. Гаднаас Б-н найз Ө орж ирсэн. Хамт байх үед Б , Ө хоёр хэрэлдчих гээд байсан. Б д М-д чиний яриа таалагдахгүй байна гэж хэлсэн. М чи сонин залуу, зайлаач гэж хэлсэн. Б , Ө хоёр жижиг шилтэй архи барьчихсан орж ирсэн. Ө авчирсан архиа хундгалаж хүмүүст өгсөн. Архиа больё гээд унтаж амрахаар болсон. Гэнэт Б ширээн дээр байсан бор өнгийн шилэн зузаан аягыг авч буйдан дээр сууж байсан М руу шидсэн. Шилэн аяга Мгийн нүдийг оносон” гэх мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/
3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 226 дугаартай “Х.М гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хэргийн 24-25 дугаар хуудас/
4. Яллагдагч Г.Б-ний “А-н гэрт байхад М гэдэг хүүхэд намайг “гөлөг писда” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан учир ширээн дээр байсан шилэн аяга авч М руу шидтэл нүүрийг нь оносон. Мгийн нүүр миний шидсэн аяганд цохигдоод шууд хөхөрч хавдсан” гэх мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт М.А-н гэрт насанд хүрээгүй хохирогч Х.М-г яриа чинь таалагдахгүй байна, золбин гичий гэж доромжлон хэрүүл маргаан үүсгэж, шилэн аяга шидэж, нүүрийг нь онож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Х.М гийн “Б бараашиг хийж байсан шилэн аягыг аваад над руу шидсэн. Шилэн аяга нь миний хамар, зүүн нүд орчмыг оносон” гэх мэдүүлэг, гэрч М.А-н “Б ширээн дээр байсан бор өнгийн шилэн зузаан аягыг авч буйдан дээр сууж байсан М руу шидсэн. Шилэн аяга Мгийн нүдийг оносон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Б-ний “ширээн дээр байсан шилэн аяга авч М руу шидтэл нүүрийг нь оносон. Мгийн нүүр миний шидсэн аяганд цохигдоод шууд хөхөрч хавдсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт М.А-н гэрт насанд хүрээгүй хохирогч Х.М-г хэрүүл маргаан үүсгэж, шилэн аяга шидэж, нүүрийг нь онож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Г.Б-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Х.М гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС