Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2021/00240

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00240

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2021/00093/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрхэт овогт Цогбадрахын Оюунтуяа /РД:СЖ98060107/, Эрхэт овогт Цогбадрахын Цэрэнпунцаг /РД:СЖ00322719/ нарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Биндэр сум, 2 дугаар багт оршин суух, Эрхэт овогт Гончигийн Цогбадрах /РД:СЖ74062119/-д холбогдох, сургалтын төлбөр 5 276 765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг, хариуцагч Г.Цогбадрах, түүний өмгөөлөгч Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунтуяа, Ц.Цэрэнпунцаг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний эцэг Г.Цогбадрах нь эх Г.Ариунаагаас 2010 онд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 671 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Өмнөдэлгэр сумын харъяат эмэгтэйтэй хамтран амьдарч, ээж минь 4 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн өрх толгойлж өдий хүрсэн. Одоо бид дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна. Бидний ээж Г.Ариунаа нь сумынхаа Төрийн банк тооцооны төвд гэрээт үйлчлэгчээр ажилладаг, цалин хөлс нь олон ам бүлд хүрэлцдэггүй, амь зуулганы цөөхөн малтай, өөр орлогогүй байгаагаас шалтгаалж 2020 оны эхний улирлын сургалтын төлбөрөө төлж чадалгүй өдий хүрсэн. Хүү Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Багшийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 1-р курс, Ц.Оюунтуяа би Анагаахын ухааны их сургуулийн 5-р курсэд суралцдаг. Ц.Оюунтуяагийн төлбөрийн байдал: 1-р курсэд 3 150 000 төгрөг, 2-р курсэд 2 998 800 төгрөг, 3-р курсэд 3 240 000 төгрөг, 4-р курсэд 2 925 000 төгрөг, 5-р курсэд 4 050 000 төгрөгийн төлбөртэй байсан. 1, 3, 4-д курсэд зээл авах болон аав Цогбадрахаас адуу авч борлуулаад нэмэрлэх зэргээр төлсөн. 5-р курсийн төлбөрөөс 50% буюу 2 025 000 төгрөгийг /тэтгэлгийн 1 500 000+зээлийн 525 000 төгрөг/ төлөөд, үлдэгдэл 2 025 000 төгрөгийг төлөх чадваргүй байна. 2-р курсийн төлбөрийг ээж Ариунаа бүрэн төлсөн. Ц.Цэрэнпунцагийн төлбөрийн байдал: Одоо 1-р курсийн нийт төлбөр 3 000 000 төгрөг, үүнийг сумынхаа Сүлдэт Өндөр ХЗХ-ноос 1 500 000 төгрөг, хувь хүнээс 500 000 төгрөг зээлж төлсөн. Үүнийг төлөх гэж эх Г.Ариунаа, эгч Ц.Нарантуяа нар тус бүр 1 500 000 төгрөгийг жилийн хугацаатай, сард 2,7 хувийн хүүтэй зээлдэж, гэрээ байгуулсан. Хоёр зээлийн гэрээний нийт төлөх хүү 252 764,52*2=505 529.04 төгрөг болж байгаа. 5-р курсийн төлбөрийг тэтгэлэг авах байдлаар 1 500 000 төгрөгийг хөнгөлөөд байгаа ч 2 оюутантай, өрх толгойлсон ээждээ төлбөрийн зардал дангаар нь хариуцуулахад бидний амьжиргаанд хүнд тусч байна. Иймд ирээдүйн амьдралдаа бэлтгэж боловсрол мэргэжил эзэмшихээр их сургуульд суралцаж байгаа бид өөрсдөө ажил хийж төлбөрөө олох боломжгүй, гарсан зардал төлбөрийг эцгийн хувьд тэнцүү хариуцах учиртай гэж үзэн, Охин Ц.Оюунтуяагийн 2-р курсэд төлсөн 2 998 800:2=1 499 000 төгрөг, 5-р курсын төлбөрийн тал 2 025 000 төгрөг, нийт 3 524 000 төгрөг,

Хүү Ц.Цэрэнпунцагийн 1-р курсийн төлбөр 3 000 000 төгрөгийн тал 1 500 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 18-нд хадгаламж зээлийн хоршооноос ээж Ариунаа, эгч Нарантуяа нар хүүтэй зээл авсан тул хүүний зардлын тал мөнгө 252 765 төгрөгийг тус тус өөрийн эцэг Г.Цогбадрахаас гаргуулахаар бид хамтран нэхэмжилж байна гэжээ.

 

 Хариуцагч Г.Цогбадрах нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ариунаа бид 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Бидэнд 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр том охин Нарантуяа, 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин Оюунтуяа, 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Цэрэнпунцаг, 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин Отгонтуяа хүүхдүүд маань байдаг юм. Бидний гэрлэлт цуцлагдахад хүүхдүүд маань ээж дээрээ үлдэж, би хүүхдүүддээ тэтгэлэг төлж байхаар шийдвэрлэгдсэн. Одоо том охин Нарантуяа 2 настай, охин Оюунтуяа 22 настай, хүү Цэрэнпунцаг 20 настай, Отгонтуяа 13 настай болоод байгаа. Би хүүхдүүддээ тухай бүрт нь тэтгэлгийг нь төлөөд явдаг байсан. Ингээд том хүүхдүүдийнхээ тэтгэлгийг төлөөд дууссан. Одоо миний бие охин Оюунтуяадаа хүүхдийн тэтгэлгийг цаг тухай бүрд төлж байгаа. Би бүрэн бус дунд боловсролтой, дээд мэргэжил эзэмшээгүй болохоор айл айлын мал харж өөрийн хэдэн малтай болсон. Ариунаатай хамт амьдарч байх хугацаандаа өөрийн гэсэн 300-аад толгой малтай болсон байсан. Харин Ариунаа бид 2 салахдаа гэр, хашаа байшин, газар болон үхэр, хонь, ямаа нийлсэн 300 гаруй толгой малыг бүгдийг үлдээж өөрөө гэрээсээ гарсан. Тухайн үед Ариунаа нь надад солих хувцсыг маань ч өгөөгүй бөгөөд гэрээсээ өмсөж байсан хувцастайгаа л гарч байсан. Тэгсэн хэдий ч 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш би эцгийн үүргээ биелүүлж, хүүхдүүддээ өөрийн чадлын хэрээр харж хандаж мөн тэтгэлгийг ч гэсэн төлсөөр ирсэн. Би гэр бүл цуцлагдсанаас хойш айлын мал түрээсээр маллаж байсан. Мөн нэг эмэгтэйтэй хэсэг хугацаанд хамтран амьдарсан боловч хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Бид дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд одоо хүүхэд маань 7 настай надтай хамт байдаг. Би хүүхэдтэйгээ өөрийн гэсэн гэр оронгүй айлд амьдардаг. Миний бие 3 том хүүхдийнхээ тэтгэлгийг төлөөд шийдвэр гүйцэтгэл дээр материал хаагдсан байгаа. Би өөрийн гэсэн 20 гаруй тооны хэдэн адуутай байсан. Үүнийгээ хүүхдүүддээ өгөөд тэд сургалтын төлбөртөө гээд урьдчилж авсан. Мөн охин Оюунтуяагийн сургалтын төлбөрийг байгууллагаас гаргаж өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа, хариуцагч Г.Цогбадрах нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа би сургалтын төлбөр 5 276 765 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 1 376 765 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Г.Цогбадрах нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор хязаалан насны 3 тооны адууг / үнэлгээ 1 адуу 130кг*10000=1.300.000 төгрөг, 3*1.300.000=3.900.000 төгрөг/ нэхэмжлэгч нарт шилжүүлэхээр, Г.Ариунаа, Ц.Оюунтуяа, Ц.Цэрэнпунцаг нар нь цаашид сургалтын төлбөр нэхэмжлэхгүй, Г.Цогбадрахын хүлээлгэн өгөх 3 адуу зах зээлд үнэ хүрэлцэхүйц сайн чанарын адуу байна гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунтуяа, Ц.Цэрэнпунцаг нар нь хариуцагч Г.Цогбадрахад холбогдуулан сургалтын төлбөр 5 276 765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа нь сургалтын төлбөр 5 276 765 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 1 376 765 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.Цогбадрах нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор хязаалан насны 3 тооны адууг хүлээлгэн өгөхөөр талууд тохирсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 328 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 77 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.Оюунтуяа, Ц.Цэрэнпунцаг нарын нэхэмжлэлтэй, Г.Цогбадрахад холбогдох сургалтын төлбөр 5 276 765 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 328 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 77 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ