Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-т холбогдох эрүүгийн 2425000000154 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Н.С

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.С нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн *  дугаартай утаснаас хохирогч С.Ч-ны  эзэмшлийн *****  дугаарын утас руу залгаж, Б  байна гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч гэж, мөн өөрийн ***  дугаарын утаснаас Б гийн дүү нь байна гэж холбогдон зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хуурч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Smart сүлжээ ломбардад 200 000 төгрөгийн барьцаанд тавиулан 310 000 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.С-г хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ “Ээжийгээ сард нэг удаа эмчид үзүүлдэг. Тэгээд мөнгө хэрэг болоод тэр ах руу залгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Хохирогчийн гар утсыг авч өгсөн” гэв.

 

Хохирогч С.Ч “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.Ч-ны  “2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагаас 14 цагийн хооронд миний гар утас руу *  дугаарын утаснаас залгаад Б  байна, та таньж байна уу, та надад гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч гэж хэлэхээр нь төрөх гээд дикритээ авчихсан мөнгө төгрөг хэрэг болсон юм байх гэж бодоод тэгье тэгье гэж хэлсэн чинь удалгүй ***  гэсэн утаснаас залгаад Б гийн дүү нь байна гээд над руу залгаад төв Хаан банкны урд уулзалдаад цаашаа яваад пирамид төвийн ломбардад ороод тэр хүүхэн 200 000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Б  руу залгаад ахынхаа гар утсыг гялс авч өгөөрэй гэж хэлсэн чинь, та юу яриад байгаа юм бэ огт тийм юм хийгээгүй гэхээр нь хүнд залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм. С  гэж байсан, гар утас барьцаанд тавьсан газарт очиж асуухад нэрийг нь надад хэлж өгсөн. Б  бид хоёр хамт нэг газар ажилладаг. Би 2018 оны Очир увидас эмнэлэгт ажилд ороход ажиллаж байсан юм. Тэгээд анх таньдаг болсон залуу хүүхэд болохоор нь тус болно биз гэж бодоод л уг нь гар утсаа барьцаанд тавьж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-н 9-10-р тал/

2. Мэргэшсэн үнэлгээчин Д.О-ны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Самсунг А-14 загварын гар утсыг 310.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт. /хх-н 18-21-р тал/

3. Яллагдагч Н.С ийн “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг Б  гэж дуудаад байсан болохоор би өөрийгөө Б гийн дүү гэж хэлээд гар утсыг нь ломбардад тавьчихсан. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас худлаа хэлээд өөрийгөө Б гийн дүү байна гээд хэлчихсэн юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-н 33-34-р тал/

4. Smart сүлжээ ломбардын барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ, /хх-н 69-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.С нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн *  дугаартай утаснаас хохирогч С.Ч-ны  эзэмшлийн *****  дугаарын утас руу залгаж Б  байна гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч гэж холбогдсоны дараа мөн өөрийн ***  дугаарын утаснаас Б гийн дүү нь байна гэж холбогдон зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, хуурч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Smart3 сүлжээ ломбардад 200 000 төгрөгийн барьцаанд тавиулан 310 000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Ч-ны  “2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагаас 14 цагийн хооронд миний гар утас руу *  дугаарын утаснаас залгаад Б  байна, та таньж байна уу, та надад гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч гэж хэлэхээр нь төрөх гээд дикритээ авчихсан мөнгө төгрөг хэрэг болсон юм байх гэж бодоод тэгье тэгье гэж хэлсэн чинь удалгүй ***  гэсэн утаснаас залгаад Б гийн дүү нь байна гээд над руу залгаад төв Хаан банкны урд уулзалдаад цаашаа яваад пирамид төвийн ломбардад ороод тэр хүүхэн 200 000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Д.О-ны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт, яллагдагч Н.С ийн “би өөрийгөө Б гийн дүү гэж хэлээд гар утсыг нь ломбардад тавьчихсан. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас худлаа хэлээд өөрийгөө Б гийн дүү байна гээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг, “Smart” сүлжээ ломбардын барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.С нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн *  дугаартай утаснаас хохирогч С.Ч-ны  эзэмшлийн *****  дугаарын утас руу залгаж Б  байна гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч гэж, мөн өөрийн ***  дугаарын утаснаас Б гийн дүү нь байна гэж холбогдон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Smart” сүлжээ ломбардад С.Ч-ны  гар утсыг 200 000 төгрөгийн барьцаанд тавиулж, 310 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.С ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.С-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Н.С ийн үйлдлийн улмаас хохирогч Н.Чулуунсайханд 310.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас авч хохирогчид хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Шүүгдэгч Н.С-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдад харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Н-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС