| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
2024/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Гын Бөд холбогдох эрүүгийн 2412.................. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........... аймгийн ...........сум ............ баг ...............гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн ял хойшлуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Гын Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар ................. аймгийн .............. сумын ........... багийн ................... гэх газраас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.35 метр куб хуурай шинэс, хуш модыг хууль бусаар бэлтгэж, 87-76 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 266,717 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн өгсөн: “...харин Архангай аймгийн Булган сумын Тамир баг Жаргалантын ам Хөвсгөлийн ар гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл тогтоогдсон тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч Г.Гын өгсөн: “...Намайг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед гэртээ байж байхад Г.Б залгаад Тамир багийн Жаргалантын аманд мод бэлтгэсэн байна. Ирээд машинд ачилцаад бэлтгэсэн модыг цагаалахад туслаач гэсэн тэгэхээр нь би өөрийн машинтайгаа Г.Бийн зааж өгсөн газар 19 цагийн үед очиход Жаргалантын ам Хөвсгөлийн ар гэх газраас 18 ширхэг шинэс, хуш мод хөрөөдөөд байхаар нь зөөж ачилцаж баглаж өгөөд түрүүлээд хөдөлсөн юм. Тэгтэл Б араас залгаад цасанд суугаад гулгаад явахгүй байна гэхээр нь би буцаж очоод татах газар нь татаж, чирэх газар нь чирч явсаар байраад 3 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд гэртээ хоол унда идчихээд буцаж Бтэй уулзаад бэлтгэсэн модийг нь Боргиот мандал ХХК-ийн хуучин үйл ажиллагаа явуулж байсан байшингийн ард буулгачихаад байж байхад экологийн цагдаа ирж шалгасан. Надад мод бэлтгэсэн асуудал байхгүй, харин Бийн бэлтгэсэн байсан модыг би ачилцаж өгсөн. Бийн бэлтгэсэн мод нь шинэс хуш холилдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/, гэрч С.Цгийн өгсөн:“... Би Архангай аймгийн Булган сумын засаг даргын тамгын газарт Зуун мод багийн байгаль хамгаалагч ажилтай одоо 2014 оноос хойш 10 жил уг байгаль хамгаалагч ажлыг тасралтгүй хийж байна. Тухайн үед Г.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай яриагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг бичиж байгаа мод бичих эрхийн бичиг бичихгүй хаасан зүйл байхгүй. Уг Хөвсгөлийн ар гэх газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байгаа, улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/, яллагдагч Г.Бийн өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр тал/, шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай хуш мод нь 6 ширхэг буюу 0.75 м3 шоометр ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 64932,3 төгрөг, шууд бус үр ашгийн 83243,7 төгрөг нийт экологи эдийн сангийн үнэлгээг 148176 төгрөг, шинэс мод нь 7 ширхэг буюу 0.6 м3 шоометр Ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 51946 төгрөг, шууд бус үр ашгийн 66595 төгрөг, нийт экологи эдийн засгийн үнэлгээг 118541 төгрөг, нийт 13 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг 2667171 төгрөгөөр тогтоогдлоо. Хуш 6 ширхэг хуурай шинэс 7 ширхэг хуурай нийт 13 ширхэг хуурай хэрэглээний бөөрөнхий мод байна. Дээрх модны хөрөөдсөн хэрчимээс үзэхэд бэлтгээд удаагүй шинэ хэрчим гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Г.Бийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 266,717 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /266.717*3=800.151 /найман зуун мянга нэг зуун тавин нэг/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 800.151 /найман зуун мянга нэг зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Иймд шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8776 АРХ улсын дугаартай Бонго мазда маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 800.151 /найман зуун мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.699.849 /нэг сая зургаан зуун ерөн есөн мянга найман зуун дөчин ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 148.600 /нэг зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.37 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Гын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бөөс 800.151 /найман зуун мянга нэг зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 87-76 АРХ улсын дугаартай Бонго мазда маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 800.151 /найман зуун мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.699.849 /нэг сая зургаан зуун ерөн есөн мянга найман зуун дөчин ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 148.600 /нэг зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.37 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР