Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч би,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн 2330003440293 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг .... гэх газар оршин суух хаягтай,

одоо Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг .... гэх газар оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт С-ын Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.******* нь “олон тооны мал хулгайлж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт  холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. би нэгээс долоон насны гурван нялх хүүхэдтэй, эхнэр минь хийсэн ажилгүй сумандаа байдаг. Би хөдөө хэдэн мал хараад байдаг. Шүүх бүрэлдэхүүнээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Манай адуу биш гэдгийг мэдэж байсан. Би махлаад махыг нь зарсан. Банкны зээл төлөх гээд махалсан.”  гэв.

Эрүүгийн 2330003440293 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Тухайн үед би адуу махлахдаа ганцаараа байсан. Мөн халууны улирал байсан болохоор 2 адууг зэрэг махлахаар муудах гээд байсан юм. Тэгээд нэг нэгээр нь махалсан. Тэгээд *******г эхний өдөр манайд ирэхэд нь би эхний адуугаа унагаасан байсан. Тухайн үед би *******д “ахад нь мөнгөний хэрэг гараад өөрийнхөө адуунаас борлуулж байгаа юм. Ахдаа Хэнтий аймаг руу хамт яваад өгөх үү” гэж гуйсан. Тэгээд *******гийн 75-82 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр адууны махаа авч явсан. Би өөрийнхөө зээлийг төлөх зорилгоор махалсан. Тэгээд эхний мах борлуулсан мөнгө зээлд хүрэхгүй болохоор нь би дахиж хоёр дахь адуугаа борлуулахаар шийдээд маргааш өглөө эрт *******д хоёр дахь адуугаа махлаад “ах нь энд ажилтай байна, миний дүү Хэнтий аймаг руу яваад борлуулаад өгөх үү?” гээд *******д хоёр дахь адууны махаа өгч явуулсан. Тухайн хоёр адууг дүү ******* хулгайн адуу гэдгийг мэдээгүй байсан.” гэх (2-р хх 3-4 дүгээр хуудас),
  • Хохирогч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Сүхбаатар аймгийн ******* сумын .. дугаар багийн нутаг “...” гэх газраас 2023 оны 05 дугаар сарын дундуур цасан шуурганаар хээр зүсмийн хязаалан насны морь алдаад олохгүй байгаа. Тухайн морийг алдсанаас хойш 05 дугаар сарын    22-нд адуугаа хайж яваад ******* сумын хойд талд “*******” ууланд тухайн зээрд морь манай адууны дөрвөн морьтойгоо цуг байсан. Тэрэнд би бусад адуугаа хайх гээд урагшаа яваад буцаад ирэхэд тухайн адуунууд байхгүй байсан. Тэгээд тэрнээс хойш сураг гарахгүй байж байгаад 2023 оны 08 дугаар 12-ны өдөр ******* сумын зүүн хойно нүдэн тойром гэдэг газар сураг гарахаар яваад очиход миний гурван адуу байсан. Зээрд хязаалан морь, хээр хязаалан үрээ нь байхгүй байсан. Тэгээд би зээрд морио олдохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Миний зээрд морь бусад мориноосоо салах ёсгүй адуу байгаа юм.” гэх (1-р хх 9-10 дугаар хуудас),

“Намайг цагдаад гомдол гаргаснаас хойш С.******* “би чиний адууг мөнгөний хэрэг гараад маханд зарсан, хохирлыг барагдуулна” гэхээр нь би “өөрийнхөө морийг 4,000,000 төгрөгөөр үнэлнэ” гэхэд “би эхлээд чамд 1,500,000 төгрөгийг өгье” гээд миний данс руу шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь “мал өгөөд өгье” гээд сүүлд надад бэлнээр өгсөн.” гэх (1-р хх 13 дугаар хуудас),

Миний хээр зүсмийн зүсмийн хязаалан насны зөв талын гуяндаа хөндөлтэй гурван нүдний чандмань тамгатай. Даага байхдаа 2021 онд Түвшинширээ сумандаа бага наадамд аман хүзүүдэж байсан. Тухайн бага наадмаас мөнгөн медаль авч байсан. Медаль нь одоо надад байгаа. 2023 оны хавар 3 дугаар сард бага наадамд тавт орж байсан. Тухайн бага наадамд өргөмжлөл, хүрэл медаль авч байсан. Хүрэл медаль, өргөмжлөл нь одоо надад байгаа. Тэгээд би тус морийг тэжээж байгаад алдсан учраас 4,000,000 төгрөгөөр үнэлж байгаа.

Би зээрд хязаалан морио 4,000,000 сая төгрөгөөр үнэлнэ. Анх мэдүүлэг өгөхдөө зээрд хязаалан морь, хээр хязаалан морио тус тусад 4,000,000 төгрөгөөр үнэлнэ гэж мэдүүлэг өгсөн шиг санаж байна. Би тухайн морьдыг тус бүр 4,000,000 төгрөгөөр үнэлж С.*******ээс 8,000,000 төгрөг авсан. Зээрд хязаалан морины эцэг тал нь Монгол Улсын алдарт уяач *******ийн *******гийн унаган адууны төл, эх тал нь миний өөрийн унаган гүү байдаг. Зээр хязаалан морь шүдлэн үрээ байхдаа буюу 2022 оны 07 дугаар сарын эхээр наадад болохоос өмнө нь 100,000 төгрөгийн бооцоотой уралдаанд гуравт орж байсан. 2022 оны 07 дугаар сарын   09-ний өдөр Түвшинширээ сумын наадамд арван нэгт орж байсан.” (1-р хх 202-203 дугаар хуудас),

  • Гэрч Э.*******гийн “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед манай ээжийн төрсөн дүү С.******* над руу залгаад “ах нь маргааш өглөө эрт Хэнтий аймагт адуу борлуулах гэсэн юм. Чи ахдаа машинтай яваад өг” гэхээр нь би 2023 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед С.******* ахын гэрийн гадаа очиход С.******* зээрд зүсмийн адуу унагасан ажиллах гэж байсан. Тэгээд би очоод тухайн адуунаас хамжиж нядлаад махыг нь миний 75-82 СҮА улсын дугаартай “Prius 20” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймаг руу очоод Хэнтий аймгийн баруун хойд талд байдаг бойнд очоод Шүрээ гэх малын ченжид өгсөн. Тэгээд тухайн үед С.******* ахын мобайл банкны эрх хаагдсан гээд миний тоот данс руу 830,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Хэнтий аймгаас ирэх явцдаа С.******* ах надад “чи маргааш дахиад Хэнтий аймаг руу яваад өг” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “хүнд мөнгөний өглөгтэй юм. Маргааш нэг адуу дахиад өгөх хэрэгтэй байна” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өглөө би С.******* ахын гэр лүү очиход нэг адуу унагасан ажиллаад дуусаж байсан. Тэгээд миний машинд махаа ачаад С.******* ахыг “явах уу” гэхэд “чи ганцаараа яваад ирээ, би малаа хараад байж байя” гээд үлдсэн. Би махыг аваад Хэнтий аймагт очоод урьд өдрийн мах өгсөн ченжид нь өгөөд мөнгийг нь өөрийнхөө дансаар авсан. Тэгээд би сумын төвд ирээд байж байхад С.******* ах “чи нэг адууныхаа мөнгийг нь манай эхнэрийн данс руу хийгээрэй” гээд ******* дугаарын дансанд 830,000 мянган төгрөгийг нь хийсэн. Тэгээд “үлдсэн мөнгөө хэрэг болохоор авъя” гэж байсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр С.******* ах миний данс руу “700,000 мянган төгрөг хийлээ, манай эхнэрийн мобайл банк болохгүй байна, чи энэ мөнгөн дээр нөгөө үлдсэн адууныхаа мөнгийг нэмээд шилжүүлчих” гээд ******* дугаарын дансыг өгсөн. Би тэр данс руу нь 2 адууны мөнгө болох 1,500,000 мянган төгрөг шилжүүлсэн. (1-р хх 25-27 дугаар хуудас)

Би тухайн 2 адууг *******ын адуу гэдгийг мэдээгүй. Харин сүүлд 2023 оны 11 дүгээр сард ******* ах хэлэхдээ “манай адуунд хавар шуурганаар 2 адуу ирснийг би зун нядлаад Хэнтий аймаг руу өгсөн. Тэгтэл *******ын адуунууд байсан байна” гэж хэлэхээр нь би тухайн үед Хэнтий аймаг руу махалж зарсан 2 адууг *******ын адуу гэдгийг мэдсэн.” (2-р хх 206-207 дугаар хуудас),

Гэрч Г.*******ийн “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд мал мах авдаг. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өглөө Хэрлэн сумын төвийн зүүн талд байдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газар байж байхад нэг хүн залгаад “та хаана байна, адууны махтай ирлээ” гэхээр нь би зүүн талын бойнд байна, хүрээд ир” гэж хэлээд удаагүй байхад жижиг машинтай Э.******* ирсэн. Би адууны махыг нь хиллээд авсан. Тухайн үед адууны мах нэг килограммыг нь 5,300 мянган төгрөгөөр бодож 169 килограмм мах авсан. Надад ХААН банкны дугаарын дансыг өгөхөөр нь 885,700 мянган төгрөг шилжүүлсэн.” (1-р хх 20-22 дугаар хуудас),

“2023 оны 08 дугаар сарын 13-ны өглөө Хэрлэн сумын төвийн зүүн талд байдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газар байж байхад С.******* залгаад “та хаана байна, адууны махтай ирлээ” гэхээр нь “би зүүн талын бойнд байна, хүрээд ир” гэж хэлээд удаагүй байхад С.******* саарал өнгийн жижиг машинтай ирсэн. Тэгээд авч ирсэн адууны махыг нь би хиллэж авсан. Тухайн үед адууны мах нь 164 килограмм болсон. Нэг килограммыг нь 5,000 төгрөгөөр бодож авсан. С.******* ХААН банкны дугаарын дансыг өгөөд 830,000 төгрөг шилжүүлж өгсөн.” (1-р хх 81-83 дугаар хуудас),  

  • Гэрч Г.гийн “2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр С.******* нь “маргааш ганц, нэг мал хийж мөнгө болгоно” гэж ярьж байсан. Тэгээд орой нь 1 тооны адуу бариад уясан байсан. Тэгээд өглөө нь босоод С.******* нөгөө адуугаа унагаад байж байхад Э.******* ганцаараа ирсэн. Тэр хоёр тухайн адууг махлаад мах болон арьс толгой ширийг нь машинд ачаад явсан. 16 цагийн үед ирэхдээ “махаа Хэнтий аймагт махны ченжид өглөө” гэж байсан. Орой нь С.******* ирээд адуунаасаа нэг адуу бариад уясан байсан. Надад яах гэж байгаа талаараа хэлээгүй. Намайг өглөө босоход тухайн адууг унагасан махлаад дуусаж байсан. Тэгээд махыг нь Э.*******д өгч явуулсан. Тэр өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр миний дансанд Э.*******гээс 830,000 мянган төгрөг орж ирсэн. Тэрийг нь би С.*******ээс асуухад “махалсан адууны мөнгө орж ирсэн” гэж байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 15-ны орой С.******* “нөгөө мөнгөнөөсөө 700,000 мянган төгрөгийг Э.*******гийн данс руу шилжүүлчих” гэж байсан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм” гэхэд “махалсан адуунууд хүний адуу байсан. Би мөнгийг нь Э.*******гийн данснаас нийлүүлээд явуулах гэж байгаа юм” гэж байсан.” гэх (1-р хх 16-17 дугаар хуудас) мэдүүлэг,  
  • Шүүгдэгч С.*******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх 120-121, 130 дугаар хуудас),
  • Шүүгдэгч С.*******ийн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого (1-р хх 126-127 дугаар хуудас),
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2402066 дугаартай “хээр морь 4,000,000 төгрөг, зээрд морь 4,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх 220-238 дугаар хуудас),  
  • Э.*******гийн ХААН банканд эзэмшдэг тоот дансны хуулга (1-р хх 146 дугаар хуудас),
  • Г.*******ийн мал мах авсан гар бүртгэлийн хуулбар (1-р хх 149-149 дугаар хуудас) зэрэг болно. 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч С.******* 2023 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “Дунд худаг” гэх газар хохирогч Э.*******ын өмчлөлийн 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад нийт 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.*******, гэрч Э.*******, Г.*******, Г. нарын мэдүүлэг, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2402066 дугаартай шинжээчийн дүгнэлт, Э.*******гийн ХААН банкны тоот дансны хуулга зэргээр нотлогдож байна.

1.2 Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг,

Олон тооны мал гэдэгт: найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд бог малыг бод малд шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч С.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор ижил сүргээсээ сарниж, түүний адуунд нийлсэн хохирогч Э.*******ын 2 тооны адуу буюу бод малыг бусдад мэдэгдэлгүй, нууцаар махалж, зарснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

1.2.2. Шүүгдэгч нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

1.2.3. Прокуророос шүүгдэгч С.*******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Шүүхээс шүүгдэгч С.*******ийг “олон тооны мал хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.2  Шүүгдэгч С.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.

Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:

          2.2.1. Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах.” гэх санал, дүгнэлтийг,

          2.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 1 сар хорих ял оногдуулах санал тавьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “ хоёроос найман жил хүртэлх хорих ял” оногдуулах санкцтай байдаг. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн уучлалт гуйсан зэргийг дурдсан байна. Ингээд улсын яллагчийн зүгээс 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр буюу 2/1-ээс багагүй ял оногдуулна гэсэн байгаа. Иймд 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн багийн Засаг даргын тодорхойлолт хавтаст хэргийн 128 дугаар хуудаст байгаа. Үүнд: 2, 4, 7 настай 3 хүүхэдтэй, ам бүл тавуулаа амьдардаг хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулна уу гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.

2.3 Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохиролд 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 10 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч Э.*******ын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч  нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар

4.1. Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С-ын Б-ийг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.*******ийг 1 (нэг) жил, 10 (арав)  хоногийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******т оногдуулсан 1 (нэг) жил, 10 (арав)  хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.*******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.*******ад учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ