| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2020/00420/и |
| Дугаар | 133/ШШ2020/00859 |
| Огноо | 2020-12-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 133/ШШ2020/00859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Тэмүүлэл хотхон 0-р байр, 0 тоотод оршин суух, С овогт С-ын М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хөгжил хороолол, 8-р байр, а тоотод оршин суух, Б овогт С-ийн Г-т холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М, хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.М миний бие иргэн С.Г-тай 1998 онд гэр бүл болсон. 1999 онд хүү Г-ын Ш, 2007 оны охин Г-ын С нар төрсөн. Одоо эрүүл саруул өсч хүмүүжиж, суралцаж байна. Амьдралын эрхээр миний бие 2016 оноос Улаанбаатар хотод Монгол шуудан ХХК-д салбарын эрхлэгчээр ажиллаж, нөхөр С.Г нь Говь-Алтай аймагт Мандал Голомт ХХК-ны Тоосгоны үйлдвэрийн захирлаар ажиллаж хоёр газарт амьдарч ажиллаж, харилцан ирж очиж байсан боловч С.Г нь 2018 оноос эхлэн тус аймгийн харьяат Отгоо гэгч эмэгтэйтэй нууцаар хамтран амьдарч эхэлсэн, бидний хооронд эхнэр, нөхөр гэр бүлийн харилцаа тасраад 2 жил гаран болж байгаа болно. Энэ хооронд С.Г нь хүү Г-ын Ш-ын нэр дээрх Хас банк дахь хадгаламжид байсан 3.000.000 төгрөг, охин Г.С-ын нэр дээрх Хас банк дахь хадгаламжид байсан 2.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг надад хэлэлгүйгээр дур мэдэн авч Жи-Тайм сүлжээнний луйварт алдсан байсан боловч уг 5.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй бидний хооронд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болно. Харин хүү Г.Ш-ын магистрт суралцах зардлыг С.Г хариуцна. Нэгэнт С.Г нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, бидний хооронд гэр бүлийн ямарч харилцаагүй болж, эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрээгүй, С.Г нь итгэл эвдэж, сэтгэл нь хөрсөн, цаашид энэ хүнтэй хамт амьдрахгүй нь тодорхой болсон тул миний бие С.Гт холбогдуулан доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн С.Гаас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй охин Г-ын Сын асран хамгаалагчаар С.М намайг тогтоох, охин Г.С-ыг 18 насанд хүртэлх хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргж байна. Корона өвчин гарсантай холбогдуулан хойшлогдсон хүү Г.Ш-ын магистрт суралцах зардлыг С.Г-аар тухайн үед шийдвэрлүүлнэ. Нэхэмжлэлийг хүлээн авч хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Энэ хүн өөр хүнтэй хамтран амьдарч байгаа учир цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймээс шүүхэд салах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нэхэмжилсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хариуцагч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэмжийг гаргаж өгнө. Г.Ш-ын магистрын зардлыг тухайн үед нь өгнө. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч С.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.М, хариуцагч С.Г нар нь 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ... гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 134 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2018 оноос хойш тусдаа амьдарсан, хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гэрлэгчдийн дундаас 1999 онд Г-ын Ш, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Г-ын С нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн №0092098 дугаар гэрчилгээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь хүүхдээ асрамжидаа авах шаардлага гаргасан, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Г-ын С нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог, хүүхдийн санал зэргийг үндэслэн охин Г-ын С-ыг эх С.М-ийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Г-ын С-т хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож эцэг Б овогт С-ийн Г-аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь С.М нь эд хөрөнгийн маргаангүй, хүү Г.Ш-ын магистарт суралцах зардлыг тусад нь тухайн үед нь нэхэмжилнэ гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 199.510 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 199.510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт С-ийн Г, С овогт С-ын М нарын Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, охин Г-ын С-ыг эх С овогт С-ын М-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, охин Г-ын С-ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б овогт С-ийн Г-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч нь С.М нь эд хөрөнгийн маргаангүй, хүү Г.Ш-ын магистарт суралцах зардлыг тусад нь тухайн үед нь нэхэмжилнэ гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.М-т даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч С.Г нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.Г-ыг эцэгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 199.510 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 199.510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М-т олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Халиунаад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ