Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 845

 

                                                                                      

Ж.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/499 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрдалайн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.Нт холбогдох эрүүгийн 2008009020281 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Ж.Н нь 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед 35-87 УНИ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 15 дугаар гудамжинд явж байхдаа зорчигч З.Оюунжаргалын тус тээврийн хэрэгслийн арын суудалд гээсэн эд хөрөнгө болох 750.000 төгрөгийн үнэтэй “Huawei Р-30” загварын гар утас нэг ширхэгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Ж.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008009020281 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Нт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Нт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсэхийг тусгаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Б.Дэлгэрдалай бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Н нь уг гар утсыг олоод ашиглан шамшигдуулаагүй, өөрийн дураар захиран зарцуулж завшаагүй, автомашиндаа хадгалж байгаад олсон өдрөөс хойш нэг хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн алба хаагчид бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн;

- Гар утас өөрөө унтрах боломжгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар
нотлоогүй, зөвхөн хохирогч тэгж мэдүүлдэг. Гэтэл хохирогчийн гар утас шалавч
руу унах үед унтрах боломжгүй, эсхүл өөрөө унтардаг техникийн асуудалтай эсэхийг шалгасан ямар нэгэн нотлогоо хэрэгт авагдаагүй атал прокурор
цагдаагийн алба хаагч гар утсыг хураан авч, үзлэг хийх үед цэнэгтэй байсан
учраас зориудаар унтраасан, завших гэж байсан хэмээн яллаж байгаа нь хууль
ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн;

- Гэмт санаа зорилгын хувьд шүүгдэгч Ж.Н нь шунахайн сэдэлттэй,
гээгдэл гар утсыг ашиглан шамшигдуулах зорилготой байсан эсэх нь хэргийн
нөхцөл байдлаас эргэлзээтэй байна. Таксигаар үйлчлүүлсэн З.Оюунжаргал нь
үйлчилгээний төлбөрөө мобайл банкаар шүүгдэгч Ж.Нын Хаан банк дахь
5090271138 дугаарын дансаар шилжүүлсэн байх бөгөөд түүнд дансны дугаар болон данс эзэмшигчийн нэр тодорхой байжээ. Мөн шүүгдэгч Ж.Н тухайн гээгдэл эд хөрөнгийг захиран зарцуулалгүй бүрэн бүтэн хадгалж байсны зэрэгцээ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олдсон гар утсыг нэг хоногийн дараа буюу 12-ны өдөр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байгаагаас үзвэл шүүгдэгч Ж.Нт гээгдэл хөрөнгөний эзэмшигчийг хайгаад явах хангалттай хугацаа байгаагүй гэж шүүх дүгнэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Хохирогч З.Оюунжаргалын өгсөн “...Гар утсаараа тооцоогоо төлчихөөд куртикныхээ халаасанд хийгээд буусан юм. Тэгээд машинаас буучихаад гараа халаасандаа хийтэл гар утас алга байхаар нь гайхаад цүнхэндээ шалгаж үзтэл байгаагүй. Уг сууж ирсэн автомашин гудамжинд буцаж эргэх гэж байхаар нь би гараараа даллаад араас нь гүйгээд гүйцээгүй, намайг сонсоогүй юм уу цааш хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод нээх удаагүй 5 минутын дараа өөрийнхөө 89780977, 89987817 дугаар руу залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан бөгөөд дугаар хадгалах үйлчилгээнд бүртгэгдсэн. Миний гар утасны цэнэг 62 хувьтай, унтрах ямар ч боломжгүй. Тэгээд би найз Отгонбилэг рүү чи 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой суулгаж өгсөн таксины номер дугаарыг нь харсан уу гэж асуутал аан би зургийг нь дараад авчихсан байгаа гэж хэлсэн. Би тэгвэл чи над руу фэйсбүүкээр зургийг нь явуулчих гээд чатаар авсан зургаа хартал 35-87 УНИ дугаартай приус 20 маркийн цэнхэр өнгийн автомашин байсныг мэдэж цагдаагийн байгууллагад шууд мэдэгдсэн юм. ...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ж.Нын шүүх хуралдаанд өгсөн “...Тэр зорчигч Баянхошууны эцэс дээр нэг гудамж руу эргээд буусан. Би тэр зорчигчийг буулгачихаад Зурагтын замаар уруудаад явж байхдаа бие засах гэж гудамж руу орсон, буцаж ирээд хойд хаалгаа нээж үзтэл машины шалавч дээр нэг утас хэвтэж байсан. Тэр утас унтраалттай байсан бөгөөд асаах гэж үзсэн боловч асаагүй. Би буцаад явах гэсэн боловч гар утасны эзний буусан гудамжийг мэдэхээс гэрийг нь яг сайн мэдэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би буулгачихаад хотын төв рүү таксиндаа явах бодолтой ирсэн замаараа буцаад явсан юм. Тэгээд Хөтлийн зам дагуу явж байгаад шээс хүрэхээр нь бууж бие засчихаад хойд хаалгаа татаж хог юу байна гэж үзтэл гар утас арын суудлын шалавч дээр уначихсан байхаар нь аваад үзсэн чинь Нuawei маркийн цэнхэр өнгийн шилэн гадартай утас байсан бөгөөд цэнэг нь дуусаад унтарсан, асахгүй байсан юм. Би тухайн үедээ сая буусан эмэгтэйн утас байна гэж бодсон” гэх мэдүүлэг,

эд зүйлийг хураан авсан тэмдэглэл зэргээр гээгдсэн эд зүйл болох гар утсыг Ж.Н нь машины ар талын суудлын доор унасан байхыг зорчигчийг буусны дараа бие засах зорилгоор машинаас буухдаа олсон, хохирогчийн утас болохыг тэр даруй мэдсэн, түүний “утас асахгүй байсан” гэж мэдүүлсэн нь хохирогчийн “...Миний гар утасны цэнэг 62 хувьтай унтрах ямар ч боломжгүй.” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан “утсыг асаахад цэнэгтэй байна” гэх тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан бөгөөд хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “..худал мэдүүлэг өгсөн бол....бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед ...зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол ...торгох, ...нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалтыг сануулж мэдүүлэг авснаар яллагдагчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа учир техникийн шинжээч томилж, утас унтрах боломжтой эсэхийг тодруулах шаардлагагүй, гар утсаа 62 хувьтай талаараа дахин мэдүүлэг өгөхдөө ч тодорхой мэдүүлсэн, гар утсаа хүлээн авсны дараа хохирогч утас нь унтрах ямар ч боломжгүй талаараа мэдүүлсэн, уг гар утас эдэлгээ, чанар байдлын хувьд ч 750,000 төгрөгөөр үнэлэгдсэн, хүний оролцоогүйгээр хохирогчийн өөрийнх нь гар утас унтрах нөхцөл байхгүй талаар мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар Ж.Н нь гар утсыг шууд өөрийн эзэмшилд авсан нь тогтоогдож байна.

Иймд гээгдэл эд хөрөнгө буюу гар утсыг Ж.Н олж, унтраан автомашины урд хайрцгандаа хадгалснаар гар утас түүний мэдэлд орж, захиран зарцуулах эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Ж.Н нь бусдын гээсэн гар утсыг завшсан гэмт хэрэг төгссөн байх тул Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 499 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд тохирсон гэж үзэж байна. Гар утсыг унтраасан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй. Утас унтарсан ямарч шалтгаан байж болно шүү дээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж болох утсыг авч ашигласан идэвхтэй үйлдэл байхгүй. Мөн субъектив талын шинжийг хангахгүй байна. Шүүгдэгч Ж.Н нь өөрт ямар нэгэн ашиг хонжоо олоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокуророос Ж.Ныг 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед 35-87 УНИ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 15 дугаар гудамжинд явж байхдаа зорчигч З.Оюунжаргалын тус тээврийн хэрэгслийн арын суудалд гээсэн эд хөрөнгө болох 750.000 төгрөгийн үнэтэй “Huawei Р-30” загварын гар утас нэг ширхэгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн Ж.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төлий агуулсан боловч  ...үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгттооцохгүй. ...” гэсэн шинжийг агуулсан гэж үзэж, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ныг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байх тул “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” талаархи прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Ж.Н нь хувийн 35-87 УНИ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслээрээ иргэдийг очих газар нь хүргэх үйлчилгээг эрхэлдэг ба 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед үйлчлүүлсэн иргэн З.Оюунжаргал түүний машинд гар утсаа орхиж буусныг маргааш нь буюу 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагын дуудсанаар хүрч ирэн сим карттай нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн /хх 5/ байна.

 

Ж.Н тус гар утсыг унтраасан болохыг хэрэгт шалгаж тогтоогоогүй байх ба цэнэгтэй гар утсыг унтраасан гэж таамаглаж, Ж.Ныг гээгдэл гар утсыг завших гэсэн шунахайн сэдэлттэй, ашиглан шамшигдуулах зорилготой байсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/499 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрдалайн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ