Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 24

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр

улсын яллагч Э.Нямбилэгт

шүүгдэгч Т.Төгссайхан, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Баатар Бэйс овгийн Төмөрхүүгийн Төгссайханд холбогдох 201708000042 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1996 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 21 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, BBOG зоогийн газарт зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэл сум, 2 дугаар баг, Төгрөгийн 2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баатар Бэйс овгийн Төмөрхүүгийн Төгссайхан РД:ЕЙ96062709

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллагдагчаар татсан тогтоолд/

 

  Яллагдагч Т.Төгссайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-р байшингийн 24-4 тоот хашаанд иргэн Э.Одонцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т.Төгссайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-р байшингийн 24-4 тоот хашаанд иргэн Э.Одонцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

      

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтын талаар. Үүнд: 

 

1. Шүүгдэгч Т.Төгссайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай ангийнхан орой 22 цагийн үед уулзсан. Бүгдээрээ уулзаад Сэргэлэнбаярыг дуудсан. Ангиараа ангийнхаа нэг хүүхдийн гэрт очсон. Ойрд уулзаагүй гээд ангийнхан архи уусан. Мөнхбаярын ээж нь ирээд бид нарыг загнахаар нь бид нар гараад шар давхарт ангийнхаа охины гэрт ирцгээсэн. Сэргэлэнбаяр бид хоёр үүрийн 4 цагийн үед гэрлүүгээ хамт явъя гээд гарсан. Гэтэл Сэргэлэнбаяр намайг татаад, оролдсон. Би Сэргэлэнбаяраас зугтаагаад эргэж очсон. Баасантогтох, Цэдэн-Иш, Мөнх-Эрдэнэ гурав намайг хүргэж өгөхөөр явсан. Замдаа Сэргэлэнбаярын гэр 6 байшинд байдаг учраас Сэргэлэнбаяртай уулзах гэж бүгдээрээ очсон. Хаалгыг нь тогштол Э.Одонцэцэг гарч ирээд яах гэж байгаа юм бэ гэхээр нь Сэргэлэнбаяр байна уу уулзах гэсэн юм гэтэл байгаа би өөрөө гаргаад ирье гээд хаалгаа хаагаад орсон. Гарч ирэхгүй байхаар нь бид нар дахиж хаалгыг нь тогшсон чинь Э.Одонцэцэг гарч ирээд Сэргэлэнбаяр байхгүй, та нар яах гээд байгаа юм бэ гээд элдвээр хараагаад, загнаад байсан. Тэгээд бид хоёр жаахан маргалдсан. Би танай нөхөртэй уулзах гэсэн юм, танай нөхөр намайг сая оролдсон гэж хэлсэн чинь та нарын тэр асуудал надад хамаагүй гээд бид хоёр маргалдаад, нэг нэгийгээ барьж авсан. Э.Одонцэцэг бид хоёр нэг нэгийгээ цохиод, үсдээд байж байтал цаад өрөөнөөс хүүхэд нь уйлаад бид хоёр салцгаасан. Цэдэн-Иш намайг татаж авсан. Одонцэцэгийг Мөнх-Эрдэнэ барьж салгасан. Тэгээд бид нар явцгаасан. Э.Одонцэцэгийн биед үс зулгаралт, гуяны хөхрөлтүүд үүссэн байсан гэв.

2.  Хохирогч Э.Одонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд шүүгдэгчид холбогдуулж ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв

3. Гэрч Мөнх-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөө гэрээсээ Чойрын төвд ирсэн юм. Тэгээд ангийн хэдэн хүүхэд найз нарруугаа утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд 23 цагийн үед “Өгөөж” захын гадаа Цэдэн-Иш, Мөнхтөр, Мөнхбаяр, Сэргэлэнбаяр, Төгссайхан, Баасантогтох, Тэмүүлэн, Мөнхмандах бид нар уулзсан. Тэгээд “Дэлгэрэх” дэлгүүрлүү очоод 1 шил 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи, 2 литрийн ундаа авсан. Мөн Тэмүүлэн, Мөнхмандах, Цэдэн-Иш нар 2 шил 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи, “Нийслэл” нэртэй 2 литрийн 1 ширхэг пиво авчирсан. Тэгээд Мөнхбаярын гэрт очоод 1 шил “Улаанбаатар” архи, 1 пиво ууцгаасан. Пивийг нь Цэдэн-Иш, Тэмүүлэн нар хувааж уусан. Бусад хэд нь архи уусан. Мөнхбаярын гэрт нэг бүтэн “Улаанбаатар” архийг ууж дуусгаад нэг Улаанбаатар архиа уугаад талдаа орж байсан чинь Мөнхбаярын ээж гаднаас орж ирээд бид хэдийг архи уулаа гээд загнасан. Бид хэд Мөнхбаярын гэрээс гарсан. Мөнхбаяр гэртээ үлдсэн. Мөнхбаярын гэрээс гараад Тэмүүлэн гэртээ харилаа гээд явсан. Сэргэлэнбаяр, Төгссайхан, Мөнхтөр, Мөнхмандах, Баасантогтох, Цэдэн-Иш бид хэд Мөнхбаярын гэрээс гараад хаана очих уу гэж ярьж байхдаа үлдсэн тал “Улаанбаатар” архиа уусан. Тэгээд Баасантогтохын гэрт очихоор болсон. Тухайн үед цаг хэд болж байсан талаар мэдэхгүй. Нилээн орой болсон байсан. Үлдсэн “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн архиа Баасантогтохын гэрт хувааж ууцгаасан. Би нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Намайг сэрэхэд Төгссайхан уйлаад сууж байсан. Баасантогтох надад Төгссайханыг Сэргэлэнбаяр хүчиндэх гэж байсан байна гэж хэлсэн. Тэгээд Төгссайханыг гэрт хүргэж өгөхөөр явсан. Сэргэлэнбаярын гэр нь замд байхаар гэртээ ирсэн байх ороод уулзаад гаръя гэж Баасантогтох, Төгссайхан нар хэлээд сангийн аж ахуйн зургаан байшинд очсон. Сэргэлэнбаярын хашааруу орсон чинь хоёр гэр нэг байшин байсан. Нэг гэр цоожтой, нөгөө гэр цоожгүй байхаар хаалгыг тогшсон хаалгаа нээгээгүй хэн бэ? гэхээр нь Сэргэлэнбаярыг асуусан чинь хажуу байшингаас асуу гэхээр нь хажуу талын зүүн тийш харсан байшингийн хаалгыг Баасантогтох, Төгссайхан хоёр очоод нүдсэн. Сэргэлэнбаярын эхнэр гэрийнхээ хаалгаа нээсэн. Сэргэлэнбаяр байна уу? гэсэн чинь байгаа би дуудаад ирье гээд буцаад орсон. Бид хэд гэрийнх нь таамбарт орж зогсоод хүлээж байсан чинь гарч ирэхгүй байхаар нь дотор талын хаалгыг нүдсэн чинь Сэргэлэнбаярын эхнэр гарч ирээд байхгүй гээд байх чинь яах гээд байгаа юм бэ? хүүхэд унтаж байна зайлаач гэсэн. Тэгэхээр нь бид хэд Сэргэлэнбаярыг байгааг мэдэж байна Сэргэлэнбаяртай уулзчихаад явлаа гэсэн. Сэргэлэнбаярын эхнэр та хэд хамт архи уучихаад нэг нэгийгээ зодож нүдээд байхдаа яадаг юм бэ? гэсэн. Төгссайхан Сэргэлэнбаяр сая намайг хүчиндэх гэж оролдсон гэж эхнэрт нь хэлсэн. Тэгээд би цаад өрөөрүү шагайгаад харсан чинь ар талд түжигнэлдээд эхлэхээр нь эргээд харсан чинь Төгссайхан, Сэргэлэнбаярын эхнэр нар хоорондоо бие биенийхээ үснээс бариад зууралдсан байсан. Би Төгссайханы араас татаад, Цэдэн-Иш Сэргэлэнбаярын эхнэрийн араас татаад салгасан. Тэгсэн Сэргэлэнбаярын эхнэр араас гарч ирээд хажуу айлынхаа залууг дуудаж гаргаж ирээд цагдаа дууд гээд орилоод байсан. Нөгөө айлын залуу ирээд та нар хүн амьтан явуулахгүй яах гээд байгаа юм бэ гээд тоосго бариад ирэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь “би 4 хүний эсрэг яах ёстой юм бэ?” гэхээр нь би чамтай муудах гэж ирээгүй Сэргэлэнбаяртай уулзах гэж ирсэн юм гэсэн чинь тоосгоо хаяад Сэргэлэнбаярын эхнэрийг аваад явсан. Тэгээд бид явъя гээд Төгссайханыг гэрт хүргэж өгчихөөд Баасантогтохын гэрт эргээд очсон. Өглөө үүр цайгаад 06 цаг болж байхад Сэргэлэнбаяр Баасантогтохын гэрт ирсэн. Сэргэлэнбаяр надтай уулзъя гээд байсан. Намайг гараад ир гээд байхаар нь гадаа орцонд гараад уулзсан чинь өчигдөр юу болсон юм бэ? гээд Сэргэлэнбаяр надаас асуухаар нь чи Төгссайханыг оролдсон юм уу гэсэн чинь мэдэхгүй хөгшөөн юу ч санахгүй байна. Манай эхнэрийг яасан юм бэ гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Би Төгссайханаас уучлалт гуйгаад наад асуудлаа шийдье гэж хэлсэн чинь за за гээд явсан гэсэн мэдүүлэг...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

4. Гэрч Цэдэн-Ишийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Баасантогтох, Мөнхтөр, Мөнхбаяр, Сэргэлэнбаяр, Төгссайхан, Мөнх-Эрдэнэ, Тэмүүлэн, Мөнхмандах бид нар Өгөөж захын гадаа уулзсан. Тэгээд “Дэлгэрэх” дэлгүүрлүү очоод 2 шил 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи, “Цагаан архи” гэсэн нэртэй 0,5 литрийн архи 1 шил архи, Нийслэл нэртэй 2 литрийн пиво авсан. Тэгээд Мөнхбаярын гэрт очоод 1 шил Улаанбаатар архиа, 1 пивоны хамт уугаад 00 цаг өнгөрч байхад тэндний гэрээс гарсан. Мөнхбаяр гэртээ үлдсэн. Тэмүүлэн гэртээ харилаа гээд явсан. Сэргэлэнбаяр, Төгссайхан, Мөнхтөр, Мөнхмандах, Мөнх-Эрдэнэ, Баасантоггох бид хэд холбоо шар гэх 2 давхар байранд Баасантогтохын гэрт очсон. Үлдсэн “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн архиа хувааж ууцгаасан. Мөнхтөр харилаа гээд явсан. Мөнхтөрийг явсны дараа “Цагаан архи” нэртэй архиа задлаад уусан. Мөнх-Эрдэнэ, Мөнхмандах нар архиндаа согтоод унтаад өгсөн. Тэмүүлэн бид хоёр архи уугаагүй пивоноос нь уусан. 04 цагийн үед Сэргэлэнбаяр, Төгссайхан нар гэр нэг зүгт байдаг гээд хамт харихаар гарсан. Удаагүй 10 орчим минутын дараа гадаа хүн хашгирсан. Тухайн үед Баасантогтохын цонх онгорхой байсан. Цонхоор харсан чинь юм харагдахгүй байсан. Тэгээд жоохон байж байгаад Ток, Улаанаа гээд эмэгтэй хүн хашгирсан. Баасантогтохыг Ток, Улаанаа гэж хоёр янзаар найзууд дууддаг юм. Баасантогтох гэрээс гүйгээд гарсан. Баасантогтохын гэрээс гарахад Төгссайхан уйлсан орцонд зогсож байсан. Би орцоор гараад харсан чинь Сэргэлэнбаяр орцны гадаа сандал дээр сууж байхаар чи яагаад байгаа юм бэ гээд заамдаад авсан чинь миний гарын тавиулаад зугтаасан. Тухайн үед мөн Баасантогтох миний араас гараад ирсэн. Би буцаад орцруу орсон. Баасантогтох орж ирээд Сэргэлэнбаяр чаддаг юм бол цагдаа дуудахгүй юу гээд зугтаачихлаа гэж байсан. Төгссайханаас юу болсон талаар нь асуусан чинь Сэргэлэнбаяр намайг эмийн сантай шар байрны урд талын амбааруудын хажууд аваачаад буланд шахаад эрүүрүү цохисон гэж хэлсэн. Төгссайхан би утсаа хаясан байна гээд байхаар нь Баасантогтохын утсыг аваад Төгссайханы утасруу залгаад Сэргэлэнбаяр, Төгсайханыг зодсон гэх газрлуу явж үзсэн чинь эмийн сантай 2 давхар шар байрны урд талын амбаар, граж хоёр завсар утсных нь гэрэл асаж байсан. Сэргэлэнбаярын хашааруу орсон чинь хоёр гэр нэг байшин байсан. Нэг гэр цоожтой нөгөө гэр цоожгүй байхаар хаалгыг тогшсон хаалгаа нээгээгүй хэн бэ гэхээр нь Сэргэлэнбаярыг асуусан чинь хойд талын байшингаас асуу гэхээр нь хойд талын байшингийн хаалгыг Баасантогтох, Төгссайхан нар очоод нүдсэн. Сэргэлэнбаярын эхнэр хаалгаа нээсэн. Сэргэлэнбаяр байна уу гаргаад ир гэсэн чинь за байж бай би өөрөө дуудъя гэсэн. Тэгээд хаалгаа хаах гээд байсан тэгэхээр нь бид хэд хаалгыг хаалгуулахгүй зогсоод байсан чинь өөдөөс уурлаад чанга чанга хашгираад байсан. Төгссайхан танай нөхөр намайг оролдсон гаргаад ир гэсэн. Сүүлдээ Сэргэлэнбаяр байхгүй гээд Сэргэлэнбаярын эхнэр хогийн шүүр бариад далайгаад байсан. Тэгэхээр нь бид хэд ороод шалгачихъя гэсэн чинь жоохон хүүхэдтэй оруулахгүй гээд байсан. Сүүлдээ Төгссайхан, Сэргэлэнбаярын эхнэр нар бие биерүүгээ хашгираад хэн юу гээд хэлээд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Төгссайхан хаалгаар дөнгөж үүдэн дээр нь орсон. Тэгсэн Сэргэлэнбаярын эхнэр Төгсайхан хоёр бие биенээ үсдээд бие биенээ доошоо дараад тонгойсон. Би Сэргэлэнбаярын эхнэр, Төгссайхан нарыг салгах гээд дундуур нь орсон салахгүй байсан. Тэгэхээр нь би Сэргэлэнбаярын эхнэрийн араас нь татаад Мөнх-Эрдэнэ Төгссайханы араас татаад салахгүй байсан. Тэгсэн нөгөө өрөөнд хүүхэд уйлсан өөрсдөө салсан гэсэн мэдүүлэг...” /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

5.  Гэрч Э.Баасантогтохын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...Архи ууж байхад Мөнх-Эрдэнэ, Мөнхмандах нар тасраад унтаад өгсөн. Төгссайхан найз нь харилаа өглөө дүүгээ харахгүй бол болохгүй гэсэн. Төгссайхан Сэргэлэнбаярыг хаачих юм бэ? зургаан байшинруугаа харина биз дээ гээд гарсан. Тухайн үед 04 цаг өнгөрч байсан. Сэргэлэнбаяр, Төгссайхан нар гараад 10-15 орчим минутын дараа гадаа хүн хашгирсан. Тухайн үед манай гэрийн цонх онгорхой байсан. Цонхоор харсан чинь юм харагдахгүй байсан. Цэдэн-Иш бид хоёр унтаагүй юм яриад сууж байсан юм. Тэгээд жоохон байж байгаад Ток, Улаанаа гээд эмэгтэй хүн хашгирсан. Намайг Ток, Улаанаа гэж хоёр янзаар найзууд дууддаг юм. Би эхлээд гэрээс гүйгээд гарсан. Миний араас Цэдэн-Иш гарч ирсэн. Намайг гэрээс гарахад Төгссайхан уйлсан газар цементэн дээр орцны гадаа сууж байсан. Би Төгссайханаас яасан талаар нь асуусан чинь та нар Сэргэлэнбаярыг ямрыг мэдэхгүй байна намайг сая зодоод хүчиндэх гэж оролдсон гэж хэлсэн. Цэдэн-Иш Сэргэлэнбаярыг барьсан зогсож байхаар нь би очоод яаж байгаа юм бэ гээд гараараа цохих гэсэн чинь Сэргэлэнбаяр зугтаасан. Зугтааж байхдаа маргааш цагдаагаа дуудаарай гэж байсан. Төгссайхан миний утас алга болсон байна гэхээр нь Төгссайханаар Сэргэлэнбаяртай ноцолдсон гэх газрыг заалгуулахад манай байрны зүүн талын 98 дугаар байрны урд талд байдаг граж, амбаарын хойд талын хэсгийг заасан. Тэнд очоод Цэдэн-Иш миний гар утсаар Төгссайханы утасруу залгасан чинь амбаар, гражуудын хойд талын завсарт гар утасных нь гэрэл асаж байсан… Сэргэлэнбаярын хашааруу орсон чинь хоёр гэр нэг байшин байсан. Нэг гэр цоожтой, нөгөө гэр цоожгүй байхаар хаалгыг тогшсон хаалгаа нээгээгүй хэн бэ? гэхээр нь Сэргэлэнбаярыг асуусан чинь хажуу байшингаас асуу гэхээр нь хойд талын байшингийн хаалгыг Баасантогтох, Төгссайхан бид хоёр очоод хаалгыг нь нэлээн чанга нүдсэн. Тухайн үед Сэргэлэнбаяр нэг ангийн хүүхэд байж Төгссайханы оролдсон гэхээр нь уур хүрсэн байсан. Сэргэлэнбаярын эхнэр хаалгаа нээсэн. Сэргэлэнбаяр байна уу гэсэн чинь байгаа би дуудаад ирье гээд буцаад орсон. Бид хэд гэрийнх нь таамбарт орж зогсоод хүлээж байсан чинь гарч ирэхгүй байхаар нь дотор талын хаалгыг нүдсэн чинь Сэргэлэнбаярын эхнэр гарч ирээд байхгүй гээд байхад чинь яах гээд байгаа юм бэ хүүхэд унтаж байна яваач гэсэн. Төгссайхан чи сая байгаа гэсэн биз дээ чи нөхрөө ямарыг нь мэдэж байна уу? Сээгий сая намайг хүчиндэх гэж оролдсон гэж хэлсэн. Тэгсэн Сэргэлэнбаярын эхнэр нь гичий минь зайл гэсэн. Тэгэхээр нь ороод өөрсдөө Сэргэлэнбаяр байгаа эсэхийг үзье гэсэн чинь оруулахгүй гээд бид хэдийн өөдөөс түмпэн, хогийн шүүр зэрэг зүйл бариад цохиод байсан гэсэн мэдүүлэг...” /хх-ийн 26-27 дүгээр хуудас/,

6. Гэрч Р.Янжингийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөдөөнөөс охин Одонцэцэгийг эргэхээр Чойрын төв дээр гэртээ ирсэн Одонцэцэгийн нүүр нь нил шарх болсон үс зулгарсан толгой нь хавдсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар нь охиноосоо асуусан чинь хүн гэрт орж ирээд зодсон гэж хэлсэн. Төгссайхан гэдэг хүүхэн 3 хүний хамт ирээд зодсон гэж хэлсэн. Тэгээд би Төгссайхантай нь утсаар яриад хүрээд ирээч чи яагаад манай охиныг зодчихвоо гэсэн. Тэгээд Төгссайхан гэх эмэгтэй ганцаараа ирээд би согтуу байсан би ямар тэнэг юм бэ? охиныг чинь зодсон байна, уучлаарай гэсэн. Тэгээд цагдаа дээр тэр охиныг дагуулж ирээд цагдаад өгсөн. Тэр охин нилээн зан суртахууны хувьд доголдолтой хүнтэй харьцаж чаддаггүй хүүхэд байсан. Ер нь хүн зодоод гэмшсэн шинжгүй байсан. Тийм учраас цагдаад өгсөн. Мөн хамт явсан гэх өндөр охин цагдаа дээр ирэхээр нь та нар яагаад дөрвүүлээ нийлээд нялх биетэй хүүхэд зодчихвоо гэсэн чинь мөн тоохгүй байсан. Тэгээд тэр хоёрыг цагдаа дээр үлдээгээд явсан  Миний охиныг зодсон 4 хүүхдэд гомдолтой байна гэсэн мэдүүлэг...” /хх-ийн 28 дүгээр хуудас/,

7.  Гэрч Х.Мөнхзулын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...Төгссайхан миний төрсөн охин байгаа юм. Сэргэлэнбаяр Төгссайханы 10 жилийн нэг ангийн хүүхэд байгаа юм. Би өдрийг нь сайн санахгүй байна. Төгссайхан 4 дэх өдрийн орой гараад 5 дахь өдрийн үүрээр шөнө орж ирсэн. Төгссайхан тухайн өдөр ангийнхаа хүүхэд Баасантогтохтой уулзана гээд гарсан. Уг бол гэртээ оройтож ирдэггүй юм. Би маргааш өглөө эрт босоод ажилдаа явсан. Төгссайхан унтаж байсан. Тухайн өдөр би ажилдаа 24 цагаар гараад маргааш өглөө нь буюу хагас сайн өдрийн өглөө 09 цагийн үед гэртээ ирээд Төгссайханыг харсан чинь нүүр нь маажуулсан, хоёр хацар хөхөрсөн байгаа харагдсан. Би Төгссайханаас яасан юм бэ гээд асуусан чинь эхлээд чимээгүй байж байгаад сүүлдээ “Баасантогтохын гэрээс Сэргэлэнбаярын хамт гараад гэрлүүгээ явж байсан чинь Сэргэлэнбаяр намайг газар унагаад дараад цохиж зодсон” гэж хэлсэн. Намайг хүчиндэх гээд байсан юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгээд Сэргэлэнбаярын араас гэрлүү очсон чинь эхнэр нь өөдөөс элдэв янзаар доромжилоод байхаар нь эхнэртэй муудалдцсан. Сэргэлэнбаярын эхнэр нь миний нүүрийг маажсан гэж хэлсэн. Сэргэлэнбаярын хадам ээж гэх эмэгтэй цагдаад өргөдөл бичээд өгсөн юм байна лээ. Би ажлаас бууж ирсэн өдрөө Төгссайхантай яриад сууж байхад утас байн байн дуугараад байсан. Төгссайхан нэг утсаа аваад та ганцаараа бөө юм уу гэж байгаад утсаа чанга дээр нь тавьсан чинь утасны цаанаас Сэргэлэнбаярын хадам ээж гэх эмэгтэй Төгссайханыг янхан гичий минь чи цагдаа дээр шөнийн 12 цаг хүртэл сайхан байна уу. Ирж хүүхдийн даавуу угаа хүүхдийн хоол хийж өг гээд загнаад байсан. Чи бөө хүн ямар байдгийг үзнэ гэх зэргээр элдвээр дарамтлаад байсан. Сэргэлэнбаярын хадам ээж гэх эмэгтэй 5 дахь өдөр цагдаа дээр Төгссайханыг дагуулж ирээд нүүрлүү нь нулимаад давс цацаад элдвээр хэлсэн гэсэн. Энэ асуудалд би ээж хүний хувьд гомдолтой байгаа. Сэргэлэнбаярын эхнэр Төгссайханы нүүрийг маажаад юу ч үгүй болгосон байсан гэсэн мэдүүлэг...” / хх-ийн 29-30 дугаар хуудас/

8.  Гэрч Т.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 21-ний үүрээр 04 цаг өнгөрч байхад гэрийн хаалга хүн учиргүй чанга балбахаар нь хэн бэ гэсэн чинь Янжин эгч байгаа юу гэхээр нь байхгүй хөдөө явсан мөд ирэхгүй байхаа гэж хэлсэн. Тэгсэн Сэргэлэнбаярынх аль юм бэ гэхээр хажуу талын байшин гэж хэлсэн. Тэгээд жоохон байж байгаад гадаа хүмүүс хэрэлдээд шуугилдахаар нь гараад очсон чинь 2 эмэгтэй, 1 эрэгтэй Сэргэлэнбаярын гэрлүү орно гээд ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь би харанхуй шөнө та нар чинь ямар сонин юм бэ хүн амьтан амараахгүй та нар яв гэж хэлсэн чинь ахаа танд хамаагүй ээ Сэргэлэнбаяртай уулзах гэсэн сая бид хэдтэй муудчихаад зугтаасан юм гэж хэлэхээр нь тэр асуудлаа өглөө ирж шийд, үгүй бол цагдаад хэлээд учраа ол гэж хэлсэн. Тэр хэдэн залуучууд хашаанаас гарахгүй байсан. Тэр жижигхэн биетэй охин нь орилоод цагдаагаа дуудчих новшнууд гэх зэргээр элдэв бусаар хараагаад байсан. Тэгээд би Одонцэцэгийг цаашаа гэрлүүгээ ор хүүхэд чинь айчихлаа гэж хэлээд оруулсан. Тэр хэд хашаанаас гарахгүй байхаар нь айлгах санаатай чулуу бариад очсон чинь жижиг биетэй залуу ах уучлаарай гээд нөгөө хэдийгээ аваад гараад явсан гэсэн мэдүүлэг...” / хх-ийн 31 дугаар хуудас/

9.  Гэрч Ц.Цэцэгмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 21-ний үүрээр 05 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Хэн бэ гэсэн чинь Янжин гуайх аль вэ гэхээр нь хөдөө байгаа гэсэн. Араас нь нэг хүүхэн Сэргэлэнбаярыг асуусан хойд талын байшин гэж хэлсэн. Тэгээд удаагүй 5-10 минутын дараа манай гэрийн гадаа хашаанд хүмүүс муудаад байгаа чимээ сонсогдсон. Тэгсэн Сэргэлэнбаярын эхнэр манай гэрт орж ирээд намайг цагдаа дуудаад өгөөч гэсэн. Би цагдааруу залгаад нялх хүүхэдтэй хүүхнийг 2 хүүхэн зодоод байна гэж хэлсэн чинь цагдаа худлаа яриад байгаа юм уу гэсэн. Үгүй би худлаа хэлээгүй гэсэн чинь миний овог нэр регистрийн дугаарыг асуугаад утсаа салгасан. Тэгээд 20 орчим минутын дараа цагдаа манай утасруу залгаад манай нөхөртэй яриад байсан. Гадаа хүмүүс орилоод байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би гараагүй гэсэн мэдүүлэг...” /хх-ийн 32 дугаар хуудас/,

10.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаартай дүгнэлтэнд:

“...Т.Төгссайханы биед тархи доргилт, дух, хамрын нурууны зулгаралтууд, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, уруулын зүүн булан орчимын зулгаралт, эрүүний зүүн талын цус хуралт, баруун гуяны цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь “ГЭМТЛИЙН ЗЭРЭГ ТОГТОО ЖУРАМ”-ын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 59 дүгээр хуудас/

11.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 349 дугаартай дүгнэлтэнд:

“...Э.Одонцэцэгийн биед тархи доргилт, зүүн зулай хэсгийн хуйхны цус хуралт болон үс зулгаралт, зүүн чамархай хэсгийн хуйхны цус хуралт болон үс зулгаагдалт, хүзүүний зулгаралтууд, баруун гуяны цус хуралт, зүүн гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь “ГЭМТЛИЙН ЗЭРЭГ ТОГТООХ ЖУРМЫН”-ын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-51-52-р тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Төгссайхан нь 2016 оны 10 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6 дугаар байшингийн 24-4 тоот хашаанд хохирогч Э.Одонцэцэгтэй маргалдаж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

 

          Хохирогч Э.Одонцэцэгийн “Төгссайхан танай нөхөр намайг хүчиндчихлээ надруу хашгираад гэрт ороод ирэхээр нь гэртээ оруулахгүй гээд гараа алдлаад зогссон чинь Төгссайнахн намайг үсдэж аваад доош нь дараад хөлрүү өшиглөөд, гуяны дотор, хүзүүнээс маажсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 105–р хуудас/

 

          Гэрч Мөнх-Эрдэнийн “...Тэгээд би цаад өрөөрүү шагайгаад харсан чинь ар талд түжигнэлдээд эхлэхээр нь эргээд харсан чинь Төгссайхан, Сэргэлэнбаярын эхнэр нар хоорондоо бие биенийхээ үснээс бариад зууралдсан байсан. Би Төгссайханы араас татаад, Цэдэн-Иш Сэргэлэнбаярын эхнэрийн араас татаад салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

          Гэрч Цэдэн-Ишийн “...Сэргэлэнбаярын эхнэр хаалгаа нээсэн. Сэргэлэнбаяр байна уу гаргаад ир гэсэн чинь за байж бай би өөрөө дуудъя гэсэн. Тэгээд хаалгаа хаах гээд байсан чинь тэгэхээр нь бид хэд хаалгыг хаалгуулахгүй зогсоод байсан чинь өөдөөс уурлаад чанга чанга хашгираад байсан. Төгссайхан танай нөхөр намайг оролдсон гаргаад ир гэсэн. Сүүлдээ Сэргэлэнбаяр байхгүй гээд Сэргэлэнбаярын эхнэр хогийн шүүр бариад далайгаад байсан. Тэгэхээр нь бид хэд ороод шалгачихъя гэсэн чинь жоохон хүүхэдтэй оруулахгүй гээд байсан. Сүүлдээ Төгссайхан, Сэргэлэнбаярын эхнэр нар бие биерүүгээ хашгираад хэн юу гээд хэлээд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Төгссайхан хаалгаар дөнгөж үүдэн дээр нь орсон. Тэгсэн Сэргэлэнбаярын эхнэр Төгсайхан хоёр бие биенээ үсдээд бие биенээ доошоо дараад тонгойсон. Би Сэргэлэнбаярын эхнэр, Төгссайхан нарыг салгах гээд дундуур нь орсон салахгүй байсан....”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

          Гэрч Э.Баасантогтохын “...Төгссайхан бид хоёр очоод хаалгыг нь нэлээн чанга нүдсэн. Тухайн үед Сэргэлэнбаяр нэг ангийн хүүхэд байж Төгссайханы оролдсон гэхээр нь уур хүрсэн байсан. Сэргэлэнбаярын эхнэр хаалгаа нээсэн. Сэргэлэнбаяр байна уу гэсэн чинь байгаа би дуудаад ирье гээд буцаад орсон. Бид хэд гэрийнх нь таамбарт орж зогсоод хүлээж байсан чинь гарч ирэхгүй байхаар нь дотор талын хаалгыг нүдсэн чинь Сэргэлэнбаярын эхнэр гарч ирээд байхгүй гээд байхад чинь яах гээд байгаа юм бэ хүүхэд унтаж байна яваач гэсэн. Төгссайхан чи сая байгаа гэсэн биз дээ чи нөхрөө ямарыг нь мэдэж байна уу? Сээгий сая намайг хүчиндэх гэж оролдсон гэж хэлсэн. Тэгсэн Сэргэлэнбаярын эхнэр нь гичий минь зайл гэсэн. Тэгэхээр нь ороод өөрсдөө Сэргэлэнбаяр байгаа эсэхийг үзье гэсэн чинь оруулахгүй гээд бид хэдийн өөдөөс түмпэн, хогийн шүүр зэрэг зүйл бариад цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дүгээр хуудас/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 349 дугаартай дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

 Иймд шүүгдэгч Т.Төгссайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Одонцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Одонцэцэг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэг маргаангүй, хойшид Төгссайханд хандан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төгссайханд ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баатар Бэйс овгийн Төмөрхүүгийн Төгссайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Баатар Бэйс овгийн Төмөрхүүгийн Төгссайханд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Т.Төгссайхан нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Баатар Бэйс овгийн Төмөрхүүгийн Төгссайханы таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ