Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2022/0026

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Л.Б

            Хариуцагч: ОАНДХ нарын хоорондын

            Нэхэмжлэлийн шаардлага: ОАНДХ-т иргэн Л.Б надад тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргахыг даалгах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

              ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Л.Б нь ОАНДХ-т холбогдуулан ОАНДХ-т иргэн Л.Б надад тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргахыг даалгах шийдвэр гаргуулахаар маргаж байна.

            2. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ОАНДХ-т өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтээ гаргасан боловч НДХ 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1049 дугаар албан бичгээр ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан насны болзлыг хангаагүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй... гэсэн хариу өгчээ.

            2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            1) Л.Б миний бие нь нийт 33 жил 11 сар нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн ба прокуророор 28 жил ажилласан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж тус тус хуульчилсан байна.

            ...Прокурорын тухай хуулийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн насыг 55, 60 гэж зөрүүтэй заасан ч эдгээр нь хуулийн шаардлагаар 25 жил ажилласан прокурор тэтгэвэр тогтоолгон авах эрх нээлттэй байх зохицуулалттай юм.

            ОАНДХ-ийн даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1049 дугаар албан бичгээр Л.Б намайг тэтгэвэр тогтоох боломжгүй, 60 нас хүрч байж тогтоолгох талаар хариу өгснийг хууль бус гэж үзэж байна. гэжээ.

            4. Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие нийтдээ улсад 34 жил ажилласан. Үүнээс прокуророор 28 жил, шүүгчээр 2 жил, өмгөөлөгчөөр 2 жил ажилласан. Ингээд 2021 оны 12 сард Улсын ерөнхий прокурорт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын ерөнхий прокуророос ажлаас чөлөөлж, тэтгэвэрт гаргах шийдвэр тушаал гарсан. Энэ тушаалын дагуу аймгийн НДХ-т 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тэтгэвэр тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргаж бүртгүүлсэн байдаг. Аймгийн НДХ-ээс тэтгэвэрт гарах 60 насанд хүрээгүй байна гэж татгалзсан хариу өгсөн. Ингээд Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд НДХ-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1049 дугаартай актыг хүчингүй болгож, тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү. гэв.

            5. Хариуцагч ОАНДХ-ийн дарга Б.А хариу тайлбартаа: ...Л.Б-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийн дагуу хянаж үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоох үндэслэлгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан болзол хангаагүй, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт прокурорыг тусгайлан заагаагүй, 3. Прокурорын цэрэг, цагдаагийн байгууллагатай адилтгах төрийн тусгай албан хаагчид хамаарах хууль эрх зүйн зохицуулалтгүй учир төрийн жинхэнэ албан хаагчийн статустай нэгэн адилтган үзэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзол нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд тэтгэврийг тогтоох тул иргэн Л.Б-ийн өндөр насны тэтгэвэрийг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. гэжээ.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б-ийн асуудалд Прокурорын тухай хуулийн 60.3-р зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-р заалт хоёр хоорондоо зөрчилдөөд байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-т заавал 60 нас хүрсэн, 20 жилээс дээш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэсэн заалт байгаа. Энэ хоёр заалт зөрчигдөөд байгаа болохоор бид шийдвэрлэх боломжгүй байгаа. гэв.    

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

            2. Л.Б нь Өндөр насны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргуулахыг НДХ-т даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ОАНДХ-т холбогдуулан гаргасан ба шүүх хуралдаанд НДХ-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1049 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

            3. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д ...тавин таван насанд хүрсэн эрэгтэй ...өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болох-оор заасан атлаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар уг асуудлыг нарийвчлан зохицуулаагүйгээс уг маргаан үүсчээ. 

            4. Нэхэмжлэгч Л.Б нь прокурорын албан байгууллагад 28 жил ажилласан ба Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй ...өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. гэж заасныг үндэслэн өөрийн хүсэлтээр прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын прокурорын газарт хүргүүлсэн байна.

            5. Дээрх хүсэлтийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий прокурорын Б/310 дугаар тушаалаар Л.Б-ийг ОАПГ-ын ЕП-ын албан тушаалаас чөлөөлжээ.

            Улмаар Л.Б нь ОАНДХ-т хандаж, Прокурорын тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох тухай хүсэлтийг холбогдох материалын хамт гаргасан байна.

            6. Л.Б-ийн гаргасан дээрх хүсэлтэд нь ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан насны болзлыг хангаагүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй... гэсэн хариуг ОАНДХ 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1049 дугаар албан бичгээр өгсөн байна.

            7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.

            8. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, 6 дахь хэсэгт ...даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх, түүнтэй холбогдох харилцааг нарийвчлан зохицуулсан хууль мөн байна.

            9. Прокурорын тухай хууль нь прокурорын албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан материаллаг хууль бөгөөд уг хуулиар ...тавин таван насанд хүрсэн прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох субьектив эрхийг баталгаажуулсан, уг хуулийн заалт хүчин төгөлдөр байна.

           10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан процессийн шинжтэй хууль бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг 60 насаар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 50 нас, 55 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр хуульчилжээ.

            11. Тухайлбал, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр..., 3-т газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ ... тэтгэвэр тогтоолгох авахаар, 6-д гоцлол дуучин, бүжигчин хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахаар тус тус заасан байна.

            12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан ...60 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан, даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 50 нас, 55 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

            13. Өөрөөр хэлбэл, хариуцагч ОАНДХ нэхэмжлэгч Л.Б-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг ...хуульд дурдаагүй гэх үндэслэлээр эдлүүлэхээс татгалзах биш, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан ... /онцгой тохиолдолд/ нийтдээ 20-иос доошгүй жил ... тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол /өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй/ гэж заасныг баримтлан өндөр насны тэтгэвэрийг тогтоон олгох боломжтой, энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиар нэгэнт олгогдсон иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 хэсэгт заасан заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн ОАНДХ-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1049 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, иргэн Л.Б-д тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА