Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 10

 

Д.Эн-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасангийн даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Д.Эн-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эн- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангид жолооч, нярваар томилогдон ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш гэрээний дагуу ТҮ-3-1 зэрэглэлээр цалинжиж, сард 349,650 төгрөгийн цалин авч байгаад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шалтгаангүйгээр цалин хасагдаж 192,000 төгрөг болсон. Мөн энэ хугацаанд тус байгууллагад галчийн ажлыг цуг хийж байсан. Гэвч 2016 оны 10 дугаар сар хүртэл 192,000 төгрөгөөр цалинжиж, үүнээс хойш огт цалин олгогдоогүй. Энэ хооронд үүрэгт ажлаа тогтмол хийж байсан. Иймд дутуу олгогдсон цалингийн зөрүү 2,730,000 төгрөг, 9 сар цалингүй ажилласан хугацааны 3,776,000 төгрөг, нийт 6,506,000 төгрөгийг тус байгууллагаас нэхэмжилж байна. Одоогоор ямар үндэслэлээр халагдсан нь тодорхойгүй, халагдсан тушаал байхгүй. Төрийн банкинд цалингийн зээлтэй, цалингийн зээлээ төлж чадахгүй байна. Ойн ангийн дарга нь намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Та- нь анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн даргаар томилогдон ажиллаж байна. Намайг анх ажил авсан өдрөөс эхлэн Эн-ийн асуудал яригдаж эхэлсэн. Эн- нь сүүлийн 3 сар ажилдаа ирээгүй, цагаа бүртгүүлээгүй, цалин аваагүй гэж байсан. Би энэ талаар Эн-тэй ярилцаж, ажлаа сайн хийх талаар зөвлөсөн боловч Эн- үүнээс хойш ажилдаа ерөөсөө ирээгүй. Би өөртэй нь 2-3 удаа уулзаж Чи яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм, байгууллагын унаа машин хэрэгтэй байна, байгууллагын эд хогшил бүрэн бүтэн байдлыг хүлээн авч тооллого явуулах шаардлагатай байна гэж хэлсэн боловч ажилдаа ирэхгүй бүтэн 4 сар болсон. Энэ хугацаанд ахлах мэргэжилтэн ******* болон мэргэжилтэн Одгэрэл нар 4-5 удаа очиж уулзсан. Тэгээд амаар хэлээд болохгүй болохоор нь албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ажилдаа ирэхгүй байсан тул хамт олон Эн-ийн асуудлыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж надад үүрэг өгсний дагуу Эн-тэй уулзах гэсэн боловч ирэхгүй байхаар нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж дараагийн хүнийг ажилд нь оруулсан. Эн- нь байгууллагын машиныг гэрийнхээ гадаа хашаандаа тавьчхаад өгөхгүй хувийн хэрэгцээнд хэрэглээд байсан ба машинаа хүлээлгэн өг гэж хэлэхээр өгнө гэж худлаа хэлсээр 6 сар хүртэл машинаа хүлээлгэж өгөөгүй тул 2017 оны 6 дугаар сарын 12-нд сум дундын цагдаагийн хэлтэст хүсэлт өгч 8 дугаар сарын 09-ний өдөр машиныг хүлээн авсан. Энэ хугацаанд Эн- нь албаны машиныг хувийн хэрэгцээндээ хэрэглэж, машин явахаа больсон, эд ангиуд нь эвдэрсэн, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан. Байгууллагын эд хогшил ямар нэгэн бүртгэл тайлан байхгүй, эд хогшил дутсан байгаа. 2017 оны тайлан гарсны дараа дутсан эд хогшлыг төлүүлэхээр нэхэмжилнэ. Ажилдаа ирэлгүй бүтэн 7 сар болж, байгууллагын машиныг хувийн хэрэгцээндээ хэрэглэж байж эвдсэн, байгууллагын эд хогшлын бүрэн бүтэн байдал алдагдаж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул ажлаас нь халсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Эн- нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх миний тушаал гарахад цалинг 349,630 төгрөгөөр тогтоосон бөгөөд дараа нь 30 хувиар нэмэгдүүлсэн, гэтэл гэнэт 192,000 болгож бууруулсан. Иймд би 30 хувиар нэмэгдүүлснээс 192,000 төгрөгийг хасч зөрүүг 12 сараар тооцож гаргуулах хүсэлтэй байгаа. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал гарах хүртэл цалин олгоогүй учир уг хугацааны цалингаа гаргуулах хүсэлтэй байгаа гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Та- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаатай холбогдуулан ярих зүйл байхгүй. Харин цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухайд зарим хэсгийг нь зөвшөөрөх боломжтой. Д.Эн-ийг ажилд томилох тушаал гаргахдаа цалингийн хэмжээг 349630 төгрөгөөр тогтоосон байдаг. 30 хувиар нэмэгдүүлсэн гэх боловч энэ талаар тушаал шийдвэр гараагүй. Иймд энэ хүнийг хохироохгүйн тулд анх олгохоор тогтоосон цалингийн хэмжээнээс олгож байсан 192000 төгрөгийг хасч зөрүүг 12 сараар олгоход татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Харин түүнээс хойш Д.Эн- нь огт ажил хийгээгүй учир цалин олгох боломжгүй гэв.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангиас цалингийн зөрүү 1.891.560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эн-т олгож, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангиас 45.215 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Эн- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Д.Эн- нь Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх 50 тоот шийдвэрээ хариуцагч байгууллага болох Тосонцэнгэл сум дахь Ойн ангиас цалингийн зөрүү болох 1.891.560 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа бичиж өгсөн. Тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үнэн зөвөөр тогтоох боломжтой гэж үзэж байна. Мөн миний хариу тайлбартаа дурдсан асуудлаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь уг хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Эн- нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангид холбогдуулан тус ангийн жолооч, няравын ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй атлаа түүнд үндэслэн шийдвэрлэгдэх дагалдах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнийг маргааны үйл баримтыг тогтоогоогүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг буруу тайбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Эн- нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн жолооч, няравын ажилд ажиллаж байсан болох, тэрээр энэ ажлаас халагдсан нь үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн дүгнэж, тогтоосны эцэст түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэл бүрдэнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байгаа боловч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа татгалзаагүй учир түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар заавал дүгнэлт хийсэний үндсэн дээр шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлэх ёстой .

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан гэж нэхэмжлэгчийн тайлбарыг хийсвэр ойлгож, маргааны үйл баримтыг тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзалыг баталж, шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартайшийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Д.Эн-ийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР