Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2425000000232 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Л.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны коридорт насанд хүрээгүй Б.У-г  фодволк урсан гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ “Хохирогчид 250 000 төгрөгийн хохирол төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.У , түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.У ийн нас тоолсон тухай тэмдэглэл. /хх-ийн 2-р тал/

2. Насанд хүрээгүй хохирогч Б.У ийн “2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед би хичээлээсээ гэртээ ирсэн юм. Тэгээд би гэртээ унтсан бөгөөд ээж маань гэрийн гадаа коридорт хүнтэй хэрэлдээд байхаар нь гартал зүс таних Б ах ээжтэй хэрэлдэж байсан. Тэгээд ээжийг болон намайг хэл амаар доромжлоод байхаар нь би боль гэсэн. Тэгээд ээж бид хоёр Б-тэй зууралдсан бөгөөд футболк нь урагдсан юм. Б ах барьж байсан 2,5 литрийн пивоор ээжийг 1 удаа цохисон бөгөөд ээж газарт унасан. Мөн Б нь миний нүүр лүү үснээс зулгааж байгаад гараараа 1 удаа цохисон бөгөөд тэгэхэд миний хамраас цус гарсан. Тэрээр мөн намайг 1 удаа өшиглөж паар руу унагаасан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд байрны эзэн М , оршин суугч А, Э  нар харсан. Манай байр нь нийтийн байр байгаа юм. Тухайн үед Б нь согтуу байсан юм. Б нь энэ оны цагаан сарын дараа намайг ээжтэйгээ хэрэлдлээ гэх шалтгаанаар 2 удаа алгадаж байсан, А эгч харсан. Мөн түүний дараа буюу 2024 оны 03 дугаар сарын эхээр бас миний өгзөг рүү 2 удаа өшиглөж байсан бөгөөд М , Х  эгч нар харж байсан юм. Тухайн үед Б согтуу байсан бөгөөд байнга согтуу орж ирдэг юм. Би Орхон аймгийн ШШХ-ийн шинжээч эмч Э.Б-н  2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 294 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байрны коридорт байхад Б ах гараараа 1 удаа цохиж учруулсан юм. Тэгэхэд миний хамраас цус гарч эхэлсэн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р тал/

3. Гэрч Т.Б-н  “2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад би байрныхаа гадаа Б, Б, Э болон танихгүй 2 залуу нартай таарсан бөгөөд тэд нар архи ууж байсан. Би тэд нар дээр очоод 2 хундага архи уучхаад 1 тамхи авч татчихаад гэр лүүгээ орсон юм. Тухайн үед Б намайг яв, яв гээд хөөгөөд байсан. Гэртээ орчихоод би хэсэг байж байгаад 3 номерын Т ороход Ө, А, М нар байсан бөгөөд би А-ын утсаар хүн рүү залгасан юм. Тэгээд байж байтал Б нь ганцаараа 2,5 литрийн 1 пиво барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би пивоноос нь ууя гэтэл Б намайг хөөгөөд байхаар нь би уурлаад түүнтэй хэрэлдсэн. Тэгээд би гэр лүүгээ ортол араас Б гэрт орж ирээд хэрэлдсэн. Тэгтэл манай охин У Б руу уурлахад тэрээр бас хэл амаар доромжилсон. Охин тэгээд өөдөөс нь хэрэлдэхэд Б цохих гээд хөөсөн. Б тэгээд хүүхдээс зуураад авахаар нь би түүнийг футболкноос татахад урагдсан. Тэгтэл Б нь намайг пивоороо толгой руу цохиход би газарт унасан. Мөн тэрээр охины нүүр рүү гараараа цохисон бөгөөд охины хамраас цус гарсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд Б согтуу байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/

4. Гэрч Г.Э ы “Би яг огноог нь санахгүй байна, одоогоос нэлээн хэд хоногийн өмнө л болсон юм. Тус өдрийн үдээс хойш би гэртээ байж байтал коридорт манай хөрш Б нь охин Утэй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би коридорт гарахад байрны эзэн М  ирчихсэн байсан бөгөөд Б, У нар нь хэрэлдэж байсан. Тэгтэл гаднаас Б нь согтуу гартаа пиво барьчихсан орж ирсэн бөгөөд Б, У нарыг болиулах гээд зөв юм хэлж байсан. Б тэгтэл Бд хандан чамд ямар хамаатай юм бэ, пязда минь гэтэл Б түүнийг цохисон бөгөөд тэгтэл Б нь газарт унасан юм. У тэгтэл ээжийгээ өмөөрч Б руу дайрсан бөгөөд Б уурандаа Уийн нүүр руу гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Уийн хамраас цус гарч эхэлсэн бөгөөд тэрээр доошоо хараад хэвтчихсэн юм. М  цагдаа дуудна гэсэн бөгөөд Б гараад явчихсан. Ийм л үйл явдал болсон. Би тухайн үед халамцуу, Б, Б нар согтуу байсан, М  эрүүл байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/

5. Гэрч Д.У-ын “Би Баянцагаан баг Тосгоны 3 дугаар бранк нийтийн байрыг бусдад түрээслүүлдэг юм. Тус байраа би өдөр болгон очиж эргэдэг. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12-13 цагийн үед би тус байранд очиход 3 тоотод амьдардаг Т-н  гэрт 7-8 тооны хүмүүс байсан бөгөөд Б нь пиво авчирчихсан байсан. Тэгээд би тэд нарыг тараасан бөгөөд хамгийн сүүлд Б надтай маргалдаж байгаад пиво аваад гарсан. Б гарах замдаа 2 тоотод байдаг Бийн охиныг хаалга нь онгорхой байхаар нь айлгах гэж байсан уу ямар ч байсан цочоосон юм. Тэгтэл Б охиныгоо өмөөрөөд гүйж ирээд хүүхэд яагаад айлгаад байгаа юм бэ гэж хэлсэн. Б тэгтэл гартаа барьж байсан 2,5 литрийн савтай пивоор Бийн толгой руу 1 удаа цохиход Б коридорын шалан дээр унасан юм. Бийн охин У  өмөөрөөд Бат-Эрдэний гарыг хориглотол Б нь Уийн нүүр лүү гараараа 1 удаа цохисон. У тэгтэл арагшаа савж унасан бөгөөд Уийн хамраас зөндөө цус гарч эхэлсэн. Би тэгээд утсаараа цагдаа дуудсан бөгөөд тэгтэл Б гараад явчихсан. Ийм л үйл явдал болсон бөгөөд тухайн үед Б согтуу, Б халамцуу байсан. Б нь сүүлийн үед манай нийтийн байранд байнга орж ирж архидах болсон бөгөөд би түүнийг боль гээд хөөхөөр намайг байнга ал, гичий гэж хэл амаар доромжилдог юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/

6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 294 дугаартай “Б.У ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 28-29-р тал/

7. Яллагдагч Л.Б-ний  “Би согтоод тасарчихсан бөгөөд нэг мэдсэн чинь дотроо пивотой саваар Б-г   цохиж байснаа санаж байна. Мөн Б-г  ийн охин У-г  гараараа нүүр рүү нь цохиж байснаас санаж байна. Би яагаад цохисноо мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн бранк байрны коридорт насанд хүрээгүй Б.У-г  фодволк урсан гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.У ийн нас тоолсон тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Б.У ийн “Б нь миний нүүр лүү үснээс зулгааж байгаад гараараа 1 удаа цохисон бөгөөд тэгэхэд миний хамраас цус гарсан. Тэрээр мөн намайг 1 удаа өшиглөж паар руу унагаасан юм” гэх мэдүүлэг, гэрч Т.Б-н  “тэрээр охины нүүр рүү гараараа цохисон бөгөөд охины хамраас цус гарсан юм” гэх мэдүүлэг, гэрч Г.Э ы “У ээжийгээ өмөөрч Б руу дайрсан бөгөөд Б тэгтэл уурандаа Уийн нүүр руу гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Уийн хамраас цус гарч эхэлсэн бөгөөд тэрээр доошоо хараад хэвтчихсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Д.УламМ ын “Б нь Уийн нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. У тэгтэл арагшаа савж унасан бөгөөд Уийн хамраас зөндөө цус гарч эхэлсэн. Би тэгээд утсаараа цагдаа дуудсан бөгөөд тэгтэл Б гараад явчихсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 294 дугаартай дүгнэлт, яллагдагч Л.Бат-Эрдэнийн “Би согтоод тасарчихсан бөгөөд нэг мэдсэн чинь би дотроо пивотой пивоны саваар Б-г   цохиж байснаа санаж байна. Мөн Б-г  ийн охин У-г  гараараа нүүр рүү нь цохиж байснаас санаж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн бранк байрны коридорт насанд хүрээгүй Б.У-г  фодволк урсан гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Б-ний  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Улсын яллагчаас шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, тохирсон, шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У ийн эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овгийн Л-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 900 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС