Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106 

 

                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох 2430000900089 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ********** оны ****** дугаар сарын ******-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн ************ галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 ач хүүгийн хамт ******** аймгийн ******* сумын 5 дугаар багийн ************ 215 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,

******* ургийн овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ********** аймгийн ******* сумын 5 дугаар багийн Мандал хорооллын орчмоос *******гийн эзэмшлийн Самсунг галакси А8 маркийн гар утас, Хаан банкны виза карт, бэлэн 190,000 төгрөг зэрэг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, хувьдаа ашиглан завшиж, хохирогч *******д бага хэмжээнээс дээш буюу 393,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд өгсөн “Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа явах гээд гэрээсээ гараад "ЧДУ” хүнсний дэлгүүрээр орчхоод "Түмэнцагаан” хоршооны урд талаар явж байгаад шороон зам дээрээс хар өнгийн хавтастай, нимгэн хавтгай гар утас олсон юм. Тухайн гар утасны хавтасны нүүр болон дотор талын хэсэгт 20.000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг нийт бэлэн 190.000 төгрөг, мөн Хаан банкны 1 ширхэг виза карт байсан. Тэгээд би ажил дээрээ ажлынхаа хувцасны шкабд хийж орхичихоод маргааш өглөө нь буухдаа аваад гэр рүүгээ явсан. Би тухайн гар утасны хавтсанд байсан 190.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ ашигласан. Тухайн үед цагаан сар болох гэж байсан учраас ахуйн хэрэглээндээ ашиглаж хэрэглэсэн. Би тухайн гар утсыг 5 дугаар ангийн ач хүүдээ өгч бариулсан. Гар утсанд сим картыг нь авч хаяад хүүдээ бариулсан байсан. Сүүлд 2024 оны 03 дугаар сарын дундуур над руу танихгүй дугаараас залгаад “******* сумын төлөөлөгч байна, та хүний гар утас олсон байна аймгийн төв дээр цагдаагийн газарт ирж уулзах” талаар хэлсэн. Би тухайн цагдаагийн алба хаагчтай уулзаад үнэн учраа хэлээд гар утсыг нь эргүүлэн өгсөн. ******* сумын төлөөлөгч гар утасны эзэнд нь гар утсыг нь хүлээлгэн өгнө гэж хэлсэн. Мөн би гар утасны эзэнтэй холбогдож бэлэн мөнгийг нь төлж хохирлыг нь барагдуулсан. ******* дугаар нь манай ач хүү Б.Дөлгөөнөөгийн утасны дугаар юм. Энэ дугаарыг манай ач хүү миний олж өгсөн байсан гар утсанд хийж ашиглаж байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 46-47-р хуудас/,

хохирогч *******гийн “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг засварын газар руугаа явж байхдаа, куртикний кармад байсан самсунг А8 загварын гар утас, хаан банкны виза карт, хавтсанд нь байсан бэлэн 190.000 төгрөгөө гээгдүүлсэн юм. Гэтэл миний гар утасны мобикомын аппликейшнг ашиглаж 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1000-р 3 удаа ******* дугаарын утас руу нэгж гарсан байсан. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг 57 минутад 2500 нэгж ******* дугаар руу авсан байна. Би уг дугаар руу өөрийн утаснаас залгахад, утсаа авахгүй байсан ба мессеж бичихэд хариу өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би гар утасны имэй кодоо мэдэхгүй. Миний гар утас хар өнгийн дэлгэдэг хавтастай хар өнгөтэй байсан. Би 2023 оны хавар Мөнгөн зуузай худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний Самсунг А8 загварын гар утасны хавтсанд 190,000 төгрөг, хаан банкны виза карт байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2402043 дугаартай “Самсунг А8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 203,000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 25-36-р хуудас/,

Мобиком ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/2101 дугаартай ******* дугаарын эзэмшигчийн талаарх мэдээлэл, албан бичиг /хэргийн 4-5-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-р хуудас/,

*******оос Самсунг А8 маркийн гар утас, бэлэн 60,000 төгрөг зэргийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-12-р хуудас/,

*******д Самсунг А8 маркийн гар утас, 60,000 төгрөг зэрэг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13-р хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно.

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******д учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ******* “Самсунг галакси А8” маркийн гар утасны зах зээлийн үнийг 393.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч *******, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна. 

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

            3. Прокуророос шүүгдэгч *******ийн бусдын гээгдэл эд хөрөнгө болох Самсунг галакси А8” загварын гар утас, бэлэн мөнгө 190.000 төгрөгийг завшсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. “Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

 

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

Иргэний хуулийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан ба шүүгдэгч *******ийн хувьд дээрх үүргээ биелүүлэлгүй *******гийн “Самсунг галакси А8” загварын гар утас, хаан банкны виза карт, гар утасны хавтсанд байх 190.000 төгрөг нь бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө завшсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ийн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсанаас учирсан 393.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хамаарч байгааг дурдъя.

 

 

5. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******гийн гээгдүүлсэн “Самсунг галакси” загварын гар утас, бэлэн мөнгө 193,000 төгрөгийг завшиж бусдад 393.000 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлд зааснаар яллаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч *******гийн эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүний гээгдүүлсэн гар утас, бэлэн мөнгийг завшсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

7. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангахаар хохирогч *******гийн гээгдүүлсэн Самсунг галакси гар утас, хаан банкны виза карт, гар утасны хавтсанд байх 193.000 төгрөгийг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д 393.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс “Самсунг галакси А8” загварын гар утас, хаан банкны виза карт, гар утасны хавтсанд байсан 193.000 төгрөг зэргийг биет байдлаар буцаан өгсөн буюу хохирол нөхөн төлөгдсөн болох нь Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдох тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Прокуророос *******ид холбогдох Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600,000 төгрөгөөр торгож, уг ялаас чөлөөлөх саналыг ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан болно.

 

Бусад:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч *******д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН