| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 102/2021/00723/И |
| Дугаар | 101/ШШ2021/01020 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01020
| 2021 03 31 | 101/ШШ2021/01020 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Донхор овогт Алгаагийн Бэлэгмаа /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 давхарт оршин байрлах, “Хүннү шүйс” ХХК -д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Бэлэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Хүннү шүйс” ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уллагаачнаар ажилд орсон ба тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ингээд 2018.06.01-ний өдөр “Хүннү шүйс” ХХК-тай албан ёсоор хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж уллагаачин албан тушаалд томилогдон ажилласан. Ажил олгогч байгууллагын зүгээс 2019.10.18-ны өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Энэ талаар миний бие ажлаас үндэслэлгүй халагдсаныг тоггоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын албан ёсны хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.09-ний өдрийн 102/ШШ2020/00186 дугаартай шүүхийн шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, Хүннү шүйс ХХК-д уллагаачины ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан ч гомдлыг хэрэгсэхүй болгож намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг 3 шатны шүүхээр тоггоосон. Гэтэл хариуцагч байгууллага болох “Хүннү шүйс” ХХК нь өнөөдрийг хүртэл намайг ажилд эргүүлж аваагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгөөгүй өдийг хүрч байна. Улсын дээд шүүхийн 2020.12.09-ний өдрийн 001/ХТ2020/00790 дугаартай тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 3 сарын дунджаар бодож өөрчлөлт оруулсан. Тухайлбал 2019 оны 03 сард 244,000 төгрөг, 2019 оны 01 сард 898,100, 2018 оны 12 сард 237,000, нийт 1.379.100 төгрөг гэж үзсэн. Үүнийг гуравт хуваахаар 459.700 төгрөг, 2020.01.09-ний өдрөөс 13 сарын хугацаанд нийт 5,976,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагын зүгээс одоог хүртэл намайг ажилд эгүүлэн аваагүй 3 шатны шүүхээр нэгэнт намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 6,435,800 төгрөгийн цалинг хариуцагч байгууллагаас гаргуулж, мөн хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх хуудас бичүүлж, өөрийн хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан гэв.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрийг биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаасан. Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалинг нэхээд байх шиг байна. 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хэрэг эцэслэн шийдэгдээгүй. Нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа ажилдаа оръё гэж нэг ч удаа ирээгүй. Төлбөрөө авах гэж л нэг удаа ирсэн. Ингэхдээ ажилдаа орох талаар ямар ч асуудал хөндөөгүй. Компанийн захирал ажилд орох юм уу гэхэд нэхэмжлэгч дугараагүй. А.Бэлэгмаа нь дэлгүүр ажиллуулдаг, ажлаа 2-3 хоног, заримдаа 7 хоногоор таслаад явдаг. Гэсэн хэдий ч бид нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгсөн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Өмнөх шүүхийн шийдвэр биелэгдсэн тул одоо дахин биелүүлэх боломжгүй. Нийгмийн даатгал тодорхой орлогоос бодогддог. А.Бэлэгмаа нь 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарахад л ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бол асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Одооны хүмүүс ажил хийх тун дургүй. Шүүхээр яваад ажилгүй байсан хугацааны мөнгө аваад явдаг гэх ойлголттой болсон. Анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нь л захирал түүнтэй яриад ажилдаа ор гэхэд нэхэмжлэгч ороогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бэлэгмаа нь хариуцагч “Хүннү шүйс” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00186 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-нй өдрийн 589 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 002/ХТ2020/00790 дүгээр тогтоолоор А.Бэлэгмааг “Хүннү шүйс” ХХК-ийн уллагаачний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1,165,800 төгрөгийг “Хүннү шүйс” ХХК-иас гаргуулж А.Бэлэгмаад олгож, А.Бэлэгмаагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж дэвтэрт бичилт хийхийг “Хүннү шүйс” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч “Хүннү шүйс” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт А.Бэлэгмаагаас гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, дуусгавар болгох бичгийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох журамтай.
Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсанаас хойш 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь нийт 13 сар ажилгүй байсан байх ба Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 002/ХТ2020/00790 дүгээр тогтоолоор ажилтан А.Бэлэгмаагийн 1 сарын дундаж цалин хөлсийг 388,600 төгрөг болохыг тогтоосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Иймд хариуцагч “Хүннү шүйс” ХХК-иас 5,051,800 /388,600 х 13 сар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бэлэгмаад олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Харин нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэл бус ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл байна. Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаах тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байх тул шүүх уг өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг өөрөө биелүүлээгүй гэх байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Нөгөө талаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь хариуцагч “Хүннү шүйс” ХХК-ийн үүрэг юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажил олгогч нь ажилтаны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт сар шимтгэл хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй. Иймд ажилтан А.Бэлэгмаад олгох 5,051,800 төгрөгийн цалин хөлснөөс холбогдох шимтгэлийг тооцож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Хүнүү шүйс” ХХК-д даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хүннү шүйс” ХХК-иас 5,051,800 төгрөг гаргуулж А.Бэлэгмаад олгож, А.Бэлэгмаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Хүннү шүйс” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,384,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,778 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ